ЗОРИУЛАЛТЫН ЧИРЭГЧ АВТОМАШИН АШИГЛАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ #92

Tа бүхэн шар өнгөөр тэмдэглэсэн хэсгүүдийг сайн уншаарай.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ээр хориглосон газарт хөдөлгөөнд саад учруулж зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин /цаашид "ачигч автомашин" гэх/ ашиглан тусгай хашаа, талбайд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг удирдлага болгоно.
 1.2. Замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгслийг ачигч автомашин ашиглан тусгай хашаа /талбай/-д зөөж шилжүүлнэ.
 1.3. Зам тээврийн осолд орсны улмаас, эсхүл жолоодлогын болон эд ангиуд нь эвдэрч гэмтсэн, түүнчлэн Замын хөдөлгөөний дүрэмд заасан "Зайлшгүй зогсолт"-ын улмаас энэ журмын 2-т заасан зөрчил гарган зогссон тээврийн хэрэгслийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-ийн нь хүсэлтээр ачигч автомашин ашиглан зөөж, шилжүүлж болно.
1.4. Ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн байгууллагын, гал унтраах албаны, эмнэлгийн түргэн тусламжийн, гэрээт хамгаалалтын, техникийн ослын, цахилгаан, холбоо, дулааны шугам сүлжээний дуудлагын тээврийн хэрэгсэлд энэ журам хамаарахгүй.

Хоёр. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг эрхлэх байгууллага, түүнд тавигдах шаардлага

2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба /цаашид "замын цагдаагийн алба" гэх/ нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт ХЗДХС-ын 2007 оны 3 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
2.2. Ачигч автомашиныг тусгай дуут болон гэрэл дохио, богино долгионы холбооны хэрэгслээр тоноглосон байна.
2.3. Ачигч автомашиныг "С", "Е" ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон хүн жолоодох бөгөөд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үед техникийн ажилтан заавал ажиллуулна.
2.4. Ачигч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажиллагааг Улаанбаатар хотод Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албаны хэлтсийн ерөнхий жижүүрийн, орон нутагт Цагдаагийн газарт, хэлтсийн ерөнхий жижүүр /цаашид "ерөнхий жижүүр" гэх/-ийн хяналтын дор явуулна.
2.5. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үед түүний эд ангийг эвдэж гэмтээхээс сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд эвдрэл, гэмтэл учирсан бол хохирлыг холбогдох байгууллага, албан хаагч хариуцна. /Энэ хэсэгт ХЗДХС-ын 2007 оны 3 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

Гурав. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх

3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны байцаагч, болон цагдаа замын хөдөлгөөнд хяналт тавих, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэх явцад энэ журмын 1.2-т заасан зөрчил илрүүлсэн бол энэ журмын 2.4-д заасан ерөнхий жижүүрүүдэд мэдээлнэ.
3.2. Цагдаагийн бусад алба хаагч, авто тээврийн байцаагч, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч, иргэн мэдээлэл өгч болно.
3.3. Энэ журмын 2.4-д заасан ерөнхий жижүүрүүд нь мэдээллийг хүлээн авмагц энэ тушаалын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тэмдэглэл хийж ачигч автомашин явуулна. 
3.4. Дуудлагаар очсон ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө, түүний гадна талд үзлэг хийж энэ тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу тэмдэглэл үйлдэнэ.
3.5. Энэ журмын 3.4-т заасны дагуу үзлэг хийх үед гэмтэл, сэв илэрвэл тэмдэглэлд тодорхой дурдаж, шаардлагатай бол фото аппарат, болон дүрс бичлэгийн хэрэгслээр бэхжүүлж болно.
3.6. Гар тормос, авцуулах холбоо нь салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөгч хэрэгслээр өргөн ачиж, харин салгагдсан бол тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлнэ.
3.7.  Тээврийн хэрэгслийг зөөж журамласан бол зогссон замынх нь ойр орчмын харагдахуйц газарт энэ тушаалын 4 дүгээр хавсралтад заасан мэдэгдэх хуудсыг нааж үлдээх бөгөөд энэ журмын 2.4-т заасан цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэнэ.

3.8. Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх явцад савж, гулсаж унахаас сэргийлж эвүүр, татлага, бэхэлгээ хэрэглэнэ.
3.9. Зөрчил гарган зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирсэн тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч зөрчлийг хянан зохих хууль тогтоомжийн дагуу газар дээр нь шийдвэрлэж болно.
3.10. Журамлагдсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-д хүргэх бөгөөд түүнийг хүлээн авах, буцаан олгохтой холбогдсон харилцааг Хууль зүйн сайд /хуучин нэрээр/-ын 1999 оны 73 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам"-ын дагуу зохицуулж гаргасан зөрчлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.
3.11. Тусгай хашаанд журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага хариуцан хохирол учирсан бол нөхөн төлнө. /Энэ хэсэгт ХЗДХС-ын 2007 оны 3 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

Дөрөв. Бусад зүйл

4.1. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, ачиж буулгах зардлын асуудлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ.
4.1.1 зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ, ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон авах бөгөөд зардлыг тооцох журмыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батлах; /Энэ хэсэгт ХЗДХС-ын 2007 оны 3 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
4.1.2. зардлыг дуудлагаар очих, журмын хашаанд хүргэх болон ачих, буулгах зардлын нийлбэрээр тогтоох;
4.1.3. зардлыг журамлагдсан тээврийн хэрэгслийн жолооч хариуцах бөгөөд тэрээр энэ журмын 4.1.2-т заасан зардлыг ачигч автомашин эзэмшигчид бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслээ буцаан авах эрхтэй.
4.2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх талаар гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг Улаанбаатар хотод Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, орон нутагт замын цагдаагийн тасаг, албаны дарга хүлээн авч хянан шийдвэрлэнэ.
4.3. Энэ журмын 4.2-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо дээд шатны албан тушаалтан болон шүүхэд хууль тогтоомжийн дагуу гаргана.