ЭР ЗОРИГИЙН ШАЛГУУРТ Д.БОЛДБААТАР АЗИЙГ ТӨЛӨӨЛЛӨӨ
Дакар Ралли 2014 уралдаанд Доктор Авто Сүлжээ компанийн тамирчин #180 хувийн дугаартай Олон Улсын Хэмжээний Мастер Д.Болдбаатар 13 үеийг амжилттай туулж тэмцээнийг дуусгалаа. Мотоциклын төрөлд Ази тивээс цор ганцаараа оролцож, тэмцээнийг амжилттай дуусгасан бөгөөд нийлбэр цагаараа 60-р байрт бичигдлээ.
Энэ хүртэл бидэнтэй хамт байсан, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан нийт Монголчууддаа бидний зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Та бүхний сэтгэл зүрх Д.Болдбаатарт маань маш ихээр сэтгэлийн дэм, урам зориг боллоо. Баярлалаа. Монголын Авто Мото Спортын түүхийн нэгэн шинэ хуудсыг бид нээлээ.
Мөрөөдөл
Хүн бүр мөрөөддөг. Тэр ч гэсэн мөрөөдсөн. Харин одоо тэр мөрөөдлийнхөө эзэн нь. ОУХМ Д.Болдбаатар бол Монголын мото спортыг хөгжүүлэгч. Тэрээр 20 жилийн турш авто, мотоспортоор хичээллэхдээ дэлхийд алдартай, эр зориг, тэвчээр хатуужлын шалгуур “Дакар ралли” уралдааны гараанаас гарч үзэхийг мөрөөдсөн. Харин 20 жилийн дараа тэр мөрөөдөлдөө хүрсэн. 2013 оны Дакар раллид ОУХМ Н.Лхамаатай оролцож, гараанаас гарч үзсэн.
Хэдийгээр харамсалтайгаар тав дахь гараанаас тэмцээнийг орхисон ч, энэ нь түүний мөрөөдөл байсан. Гэхдээ тэр мөрөөдлөөсөө няцаж хойш суусангүй. Дахиад л мөрөөдсөн. Дэлхийн олон орны тамирчны амь насаараа дэнчин тавьж уралддаг саад бартаа, элсэн манхан, хадан хавцалтай Аргентини, Воливи, Чилийн үхлийн замаар дор хаяж өдөрт 600 гаруй км давхиж, 14 өдрийн уралдааны ард гарч Дакар ралли уралдааны барианд орох нь түүний дараагийн мөрөөдөл байв.
Түүнд эр зориг, итгэл найдвар, тэсвэр тэвчээр, бэлтгэл сургуулилт, 35 дахь удаагийн “Дакар ралли” уралдаан энэ мөрөөдлийг нь ч өглөө. ОУХМ Д.Болдбаатар “Дакар ралли 2014” уралдааны барианд орж, тэмцээнийг амжилттай өндөрлүүлэн нийт дүнгээрээ 60 дугаар байрт орлоо.
Мөрөөдлөөрөө жигүүрлэсэн Монголын хүү Ази тивийн нэрийг “Дакар ралли” уралдааны тэнгэр дор дуурсгаж, дэлхийн хүү боллоо. Учир нь, Ази тивийн тамирчин эхний 60-д орсон амжилт нь мотоцикль төрөлдөө хоёр дахь тохиол юм. “Дакар ралли”-гийн түүхэнд Ази тивээс ийнхүү Япон, Монгол гэсэн зөвхөн хоёр улс энэ зэрэгтэй амжилт үзүүлсэн нь Дакарын түрүү ойрхон байгаагийн илэрхийлэл гэлтэй.
35 дахь удаагийн мотоциклийн ангилалд тэргүүн байрыг хоёр дугаартай Испанийн тамирчин Marc Coma хүртэж, Дакарыг дөрөв дэх удаагаа тэргүүллээ. Хоёрдугаар байрт ч мөн адил испаничуудынх болсон бол гуравдугаар байрт Францын тамирчин оров.
“Дакар ралли”-гийн халуун тогооноос
Эхэлсэн цагаасаа л дэлхий дахины анхаарлын төвд байсан “Дакар ралли” талаар ерөнхий мэдээлэлтэй байсан уншигчиддаа тэмцээний халуун цэгээс хийсэн сурвалжилгыг хүргэж байна.
Өнгөрсөн жилийн “Дакар ралли” уралдааны долоо дахь өдөр ОУХМ Н.Лхамаатай амрах байранд нь очиж уулзсан, гэр бүлээрээ Аргентинийн Салта хотод амьдардаг сэтгүүлч Б.Батпүрэв энэ жил ч эхнэр, хүүгийн хамт тэмцээний зургаа дахь гарааны өдөр болон амралтын үеэр нь тамирчидтай очиж уулзжээ.
Уралдааны эргэн тойронд
Нэгдүгээр сарын 5-наас эхэлсэн энэ жилийн “Дакар ралли 2014” уралдааны хувьд бүхий л замын турш нийт баг тамирчин ганцхан Салта хотод гурван шөнө, дөрвөн өдөр өнжиж байна. Уралдааны тав болон зургаа дахь гараагаа Салта хотод хийсэн мотоцикльчид энэ сарын 11-нд амарсан юм. Тав дахь өдрийн уралдааны үеэр маш олон тамирчин наранд цохиулж, төөрч хасагдсаны дотор ОУХМ Н.Лхамаа багтав.
Түүний мотоцикль галд автсаныг унтраасан ч, төөрсний улмаас бензингүй болж уралдааныг өндөрлөсөн юм. Мөн гартаа хөнгөн гэмтэл авсан ч иймэрхүү бэртэл нь ердийн л зүйл аж. Энэ өдрийн уралдаанд нэг машин, нэг мотоцикль бүрэн шатаж, Белгийн тамирчин амь насаа алдсан харамсалтай явдал боллоо.
Харин манай тамирчин ОУХМ Д.Болдбаатар энэ гарааны үеэр халуунаас болж бие нь тавгүйтсэн ч давж гарч чадсан. Одоо тэмцээнээ амжилттай үргэлжлүүлсээр. ОУХМ Х.Батболдын хувьд мотоцикль нь эвдэрснээс болж хоёр гарааны дараа уралдааныг өндөрлөсөн.
Түүний шагайны бэртэл сэдэрснээс доголсон байдалтай засварын багтай тэмцээнийг үргэлжлүүлсээр байв. Түрүү жил манайхаас хоёр нисгэгч оролцож байснаа бодвол энэ жил Монголоос “Доктор” авто, “Nakata Motors” гэсэн хоёр багийн гурван нисгэгч, дөрвөн засварчин оролцож байна.
Уралдааны гадна талд
Нэгдүгээр сарын 11. Мотоцикльчдын амралтын өдөр. Анх удаа монгол дугаартай “Nakata Motors” багийн /Н.Лхамаагийн баг жийп машинтайгаа явсан/ машин Өмнөд Америкт хөл тавьж байна. Мөн Японы багийн “Hino” truck монгол дугаартай оролцож байгаа. Энэ нь, Японы машины дугаарт ханз орсон байдгийг Европ, Өмнөд Америкт хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой.
Салта хотод олон өдрийн турш хөрсөн дээр 35-40 градус хүртэл халж байтал тэмцээнийхэн шиврээ бороо дагуулан ирсэн юм. Салта хот дахь Дакарын баазын гадаа хөл гишгэх зайгүй хүн цуглажээ. Утсаар ярьсны дараа ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Х.Батболд, засварчин Эби нар бороон дунд төвөгшөөлгүй бид гурвыг /Батпүрэв, түүний эхнэр, хүү/ олоод ирлээ. Баярласан ч гэж жигтэйхэн. Гэтэл тэр гурвыг хүмүүс бүчин зургаа авахуулав. Харин би зургаа авахуулж байх үеэр нь аль болох хурдан ярьж байлаа. Туслах Эбигийн хоолой нь өвдөөд жаахан тавгүй байсан ч гялс Дакарын баазад орох зөвшөөрөл аваад ирлээ.
Ингээд л эхнэр, хүү бид гурав Дакарын одуудтай бааз руу орж үзлээ. Бидэнд олдсон нэвтрэх зөвшөөрлөөр тусгай эрхтэй сурвалжлагчид, гадаадын оролцогчдыг дагаж ирсэн гэр бүлийн гишүүд нь нэвтрэх эрхтэй аж. Бид цагдаагийн хамгаалалтын тойрог доторх шууд тушаал биелүүлдэг армийн хамгаалалт болон Дакарын өөрсдийн албаны шалгалтыг давж чадсан юм.
Бааз бол зохион байгуулалт, хамгаалалт маш сайтай юм билээ. Алхах зуураа тамирчидтайгаа олон зүйлийн талаар ярилцлаа. Манай гэр бүлийн тухай болон Дакарын тухай гээд л. “Доктор” авто багийнхан “Дакар ралли 2014” гэсэн албан ёсны багийн өмсгөлөөр жигдэрсэн нь их гоё харагдаж байсан.
Төрийн далбаа харагдав. Манай хэд буусан газар бүртээ далбаагаа мандуулдаг гэнэ. Цаанаасаа л сэтгэл гийгээд явчихлаа. Хэдийгээр дэлхийн олон орны тамирчин уралдаж байгаа ч хэдхэн нь л далбаагаа мандуулсан харагдсан. Манайхан Английн багийн бааз дээр байрладаг аж. Өдөржин уралдсан тамирчид маань бороо, шороотой, халуун, хүйтэнд ч гэсэн аяллын майханд унтана. Ихэнх оролцогч иймэрхүү ч зарим нь өөрсдийн аяллын “Luks truck”-тай массажисттай байдаг гэнэ.
Тамирчид маань тэмцээний турш уралдахын хажуугаар бүхий л зүйлээ өөрсдийн гараар хийнэ. Өдөр бүр 04:30 цагт гараатай, 700 км орчим замыг туулна. Зүгээр дагаад амраад явсан ч ядармаар.
Биднийг бааз руу ороход нөгөө багийнхан болох “Nakata Motors”-ийнхон эзгүй байлаа. Өнгөрсөн жил Н.Лхамаа, Д.Болдбаатар хоёртоо жаахан хуушуур хайраад ирснээ буудалд мартаж хоосон очсоноо санан энэ жил эхнэрээрээ нутгийнхаа хуушуурыг хайруулаад аваад очсон.
ОУХМ Д.Болдбаатартай нүүр тулж байгаагүй ч, энгийн яриатай, хээгүй залуу байна билээ. Х.Батболд мастер өөрийн “ориг” оймсоо надад бэлэглэв. Харин эхнэр, хүүд маань Чингис хааны медаль өгсөн юм. Удалгүй Саруул гээд хорь гарч яваа болов уу гэмээр залуу дотор зааланд хуралд суугаад ирлээ гэсээр орж ирэв. Тэрээр англи, испаниар чөлөөтэй ярьж байна. Харин Д.Болдбаатар мастер “Дакарт испани хэл чухал. Сурах санаатай” гэв.
Цаг ч хурдан явж, аль хэдийнэ 20:00 болчихож. Маргааш өглөө 04:30-д Д.Болдбаатар маань гараанд гарах учраас тэднийг амраахаар бид гурав эргэн харсаар явлаа. Дотроо бол ганц найдлага Д.Болдбаатарыг маань өршөө сүсэглэн залбирав. Уулзахаасаа өмнө түүнтэй тэмцээний талаар ярьж сэтгэлийг нь гэгэлзүүлэхгүй гэж бодож байсан юм.
Нэгдүгээр сарын 12
ОУХМ Н.Лхамаатай холбогдож чадалгүй байсаар фейсбүүк рүү нь ортол Лхамаа онлайнд байв. Сайн явна уу, яаж уулзах вэ гэтэл 16:00 цагт хүрээд ир гэлээ. Бид гурав баяртай гэгч нь яваад очив. Баазын үүдэнд иртэл Монголын дугаартай жийп гараад давхичихлаа. Н.Лхамаа мастер жолоодож явсныг эхнэр маань харжээ. Удалгүй буцаад ирэхэд нь “Лхамаа...” гээд л орилчихлоо. Тэр ч биднийг анзаарч машинаас буугаад ирлээ. Бүр хоёулаа. Энэ нь, түүний туслах Батболд аж. Тэднийг урьдын адил хүмүүс бүчээд л авлаа.
Бид хоорондоо монголоор ярьж байсан учраас хүмүүс намайг Дакарын оролцогч гээд ойлгочхож. Гэхдээ би “Энэ хоёр залуу Дакарынхан” гэв. Магадгүй, одоо энд ямар нэг байдлаар компьютерт миний зураг “Дакарынхан” гээд орсон байвал гайхах зүйлгүй болсон.
Бид гурав хоёр дахиа бааз руу ормоор байсан ч Н.Лхамаа мастер, туслах Батболд хоёр бага ч гэсэн хугацаанд Салта хотоор аялахыг санал болгосноор ОУХМ Х.Батболд нэмэгдэж, бид хотын богино аялалд гарлаа.
Салта бол хагас сая гаруй хүнтэй, 400-гаад жилийн түүхтэй хот. Аргентиндаа аялал жуулчлалын гол бүсдээ ордог. Н.Лхамаагийн дүгнэснээр Чили, Волив, Перугаас амьдрал ахуй арай дээр. Энд бүтэн сайны өдөр байсан болохоор бүх газар хаалттай, жуулчны бүсийн хэсэг газар л ажиллаж байв. Хотын төв талбай болон жуулчны худалдааны мухлагуудаар оров.
Тамирчид маань бага овортой сувинер авцгаалаа. Би орчуулах гэтэл Н.Лхамаа испаниар шууд ойлгодог аж. Хөгжилдөн алхсаар ойрхон хоол идэхээр болов. Дахиад л бөөн хүн шавчихлаа. Н.Лхамаа, Х.Батболд хоёр эхэндээ зураг авахуулахаар ирсэн хүмүүсийн гуйлтад зэрэг босч байсан ч сүүлдээ нэг нэгэн рүүгээ дохиж эхлэв. Бид хооллоод манайхаар бол Салта хотын Зайсан руу гарлаа. Биднийг уулзахын урьд орой Дакарын бааз дээр олон орны багийнхан үдэшлэг хийсэн гэнэ. Ер нь, бааздаа хоол унд сайтай, идэж уух зүйл үнэгүй гэсэн.
Ингээд орой 21:00 цаг болж манайхан бааз руу буцахаар болов. Баазын үүдэнд иртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэгэн эмэгтэй “Та бүхэн дагуулж ороод баазыг үзүүлээч” гээд гуйв. Бүртгэлийнхэн хаасан учраас ямар ч боломжгүй байлаа. Харин ОУХМ Х.Батболд маань тэдэнд монгол сувинер бэлэглэснээр тэд баяртай явцгаав.
Нэгдүгээр сарын 13-ны өглөө
Өнөөдөр бид гурав тамирчдаа гаргаж өгөхөөр тохиролцлоо. Бид гурвыг очтол бааз аль хэдийнэ эзгүйрчээ. Техник, үйлчилгээнийхэн өөрсдийн зүйлээ янзалж байв. Хамгаалалт буучихсан учраас бид шууд л яваад орлоо. “Nakata Motor” багийнхан маань ачаагаа янзалж байна. Нэг танихгүй залуу тэнд байсан нь туслах Бархас аж.
Хүү маань Н.Лхамаа мастерийн каскаар тоглож байтал, Лхамаа бэлэг болгон дурсгалаа. Дакарын албан ёсны брэнд касктай болсон бид гурав ханандаа залчихаад орж гарсан хүмүүст үзүүлнэ гээд л маш их баярлав.
Эндхийнхэн үүний төлөө юу ч хийхээс буцахгүй. Угаасаа, зам зуур цамц, фудвольк байна уу, Дакарын ямар нэг зүйл байвал өгөөч гээд л тамирчдыг шалчихдаг. Ер нь, Аргентинид хөлбөмбөгийн дараа авто спорт орно. Мөн туслах Батболд эхнэрт маань хайрцагтай зүйл өгснийг үзтэл монгол борц байв. Уулга алдмаар бэлэг байлаа.
Би ч сэтгэл хөдлөөд Аргентини Чилийн хил хүртэл хамт явахаар утас, мөнгөө бэлдээд эхнэртэйгээ тохирчихлоо. Салта хотоос хил хүртэл 400 орчим км. Гол нь хилээс буцахад байнгын тээврийн үйлчилгээ байхгүй. Гэсэн ч цаг тутамд холын тээврийн том тэрэгнүүд цувна. Уйтгарласан жолоочид ханьтай гэж бодтол Н.Лхамаа маань ч хамт явахыг санал болголоо. Гэхдээ тамирчдынхаа холын аяны тухыг бодож, буцахдаа санаа зовин болилоо. Хотын гудамж өнгөрөн хурдны замаар давхиж, дараагийн муж хүртэлх 100 км тамирчидтайгаа хамт аялахаар болов.
Жужуй муж их том суурин учир надад буцах унаа асуудалгүй олдоно хэмээн бодоод буулаа. Тамирчиддаа сайн явахыг ерөөж, дурсгалын зураг татуулав. Дахин уулзахын ерөөл дэвшүүлье.
Эх сурвалж: Б.Цэдэвсүрэн | www.assa.mn