ДИЗЕЛЬ МОТОРЫН ТОС ЯАГААД ХУРДАН ХАРЛАДАГ ВЭ? №150

Дизель түлш өндөр температурт, шахагдсан өндөр даралтад тэсэрдэг бодис юм. Тиймээс дизель хөдөлгүүрийн шахалт буюу поршен дээш шахсан үед маш их хэмжээний даралт үүсдэг. Дизель хөдөлгүүрийн шахалтын зэрэг хамгийн багадаа 29-32 кг/см2 байдаг бол бензинийх 9-10 кг/см2 хооронд байдаг.

Энэ нь бензин хөдөлгүүрээс 3 дахин их шахдаг гэсэн үг юм. Ийм хэмжээний өндөр даралт тодорхой хэмжээгээр поршен кольцны завсраар шатсан хийгээ үлээдэг. Ингэснээр хөдөлгүүрийн масло рүү шатсан угаар (хий) орж байдаг болохоор моторын тос нь хурдан харладаг.

Дизель хөдөлгүүрт дээрх процесс болж байдаг учраас тос нь хүртэл шатсан хийд тэсвэртэй, тосны үндсэн 5 шинж чанараа хурдан алдаад байхааргүй зэрэглэл ондоо хийгддэг.

Дизель хөдөлгүүр эргэлт цөөтэй ч (тахометрын заалт 5000 эрг/мин-ээс хэтрэхгүй) эргүүлэх хүч нь бензин хөдөлгүүрийг бодвол харьцангуй илүү байдаг. Энэхүү шинж чанарыг нь ашиглаад дизель моторыг ихэвчлэн хүнд даацын машин, ажлын машинуудад (жийп,трак) ашигладаг.

Дизель хөдөлгүүрүүдэд тохирсон C-үсгээр эхэлсэн категорт хамрагдах тосыг хэрэглэж байхыг зөвлөе. Зуны нөхцөлд 10W30 зууралдамтгай тос хэрэглэж, шүүрийг нь тогтмол сольж байгаарай.