МОТОРЫН ТОСЫГ СОЛИХГҮЙ УДВАЛ ЯАДАГ ВЭ?

Хөдөлгүүрийн ажлын явцад тосны чанар байнга өөрчлөлтөд орж байдаг. Чанарын өөрчлөлт нь хөдөлгүүрт явагдах физик, химийн процесс бөгөөд энэ нь тосны хуучралтын ерөнхий ойлголтыг тодорхойлдог.

Тос хуучралтын улмаас чанарын үзүүлэлтүүд нь тодорхой хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс буурч тослогооны системийн бүх тосыг бүрэн солих шаардлага зайлшгүй гардаг. Бас металл хоорондын үрэлтийн үртэснээс муудна. Хөдөлгүүрийн тос солихгүй удаан явбал төмрийн үртэс цугларч, тостой холилдон тосны цэвэрлэх болон тослох процессыг муутгана, улмаар хүнд засвар хийх шаардлагатай болгоно.

Хөдөлгүүрийн тос ашиглалтын явцад хөөсрөлт ихээр үүссэнээр тос хуучирч чанараа алддаг учраас түүнийг тодорхой хугацаагаар ашиглан солих зайлшгүй шаардлагатай.

Манай орны нөхцөлд тос солих үечлэлийг багаар авах нь зүйтэй. Манай замын нөхцөл маш хүнд бартаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай учир энэ нь хөдөлгүүрийн тосны чанарын үзүүлэлтийг шууд бууруулдаг. Дизель хөдөлгүүрийн хувьд ачаа их ачдаг, их ачаалал авдаг хөдөлгүүрийн хувьд тосыг хугацаанаас нь өмнө сольж байх нь хөдөлгүүрийн наслалтыг уртасгаж өгдөг.