INTERCOOLER ГЭЖ ЮУ ВЭ? №153
Дотоод шаталтын хөдөлгүүрт турбо компрессор хэрэглэж эхэлснээс хойш intercooler гэсэн нэгэн төхөөрөмж бий болжээ. Үүнийг шууд авто машинд хэрэглэсэн үү гэвэл үгүй юм. 1930-1940 оны үед нисэх онгоцны хөдөлгүүрт турбин үлээгч хийж карбюратор руу оруулахын өмнө хөргөх шаардлага бий болж агаар хөргөх төхөөрөмж хийжээ.
Үүнийг нисэхийнхэн Chargecooler гэж нэрлэдэг байжээ.
Харин усан онгоцныхон ийм төхөөрөмжийг Aftercooler гэж нэрлэдэг ажээ. Харин авто машинд тавьж эхэлсэн үеэс Intercooler гэж нэрлэх болсон юм. Inter гэдэг нь “хооронд”, Cooler гэдэг нь “хөргөх” гэсэн утгатай, өөрөөр хэлбэл уг хөргүүр нь хөдөлгүүр ба турбон хооронд байрлаж турбоноос шахагдсан агаарыг хөргөж байгаа учраас ингэж нэрлэсэн байна.
Intercooler нь агаарын болон шингэнээр хөргөх төрөл байдаг ба хөдөлгүүрийн усны хөргөлттэй адил зарчмаар радиатораар хөргөдөг.
Хөдөлгүүр хэвийн ажиллах температурт хүрсэн үед ажилласан хийн температур болон турбогоос шахагдаж ирсэн агаарын температурын ялгаа хэдий чинээ их байна төдий чинээ хөдөлгүүрийн агаарын урсгал хурдасч цилиндрийн дүүргэлт сайжирч илүү их түлшийг шатаах боломж олгодог учраас хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгддэг.
Иймд турбо компрессороос шахагдаж халсан агаарыг хөргөж хэвийн температурт оруулснаар нэгж эзлэхүүнд ноогдох агаарын хэмжээг нэмэгдүүлэх, нөгөө талаар агаарыг хөргөх үед үүсэх хүчил төрөгчийн молекулууд шаталтыг дэмждэг байна. Турбо хөдөлгүүрийн шахалтын зэрэг нь ижил эзлэхүүнтэй энгийн хөдөлгүүрээсээ бага шахах зэрэгтэй байдаг. Энэ нь шатах хөндийг илүү том хийж их агаараар албадан дүүргэж их хүч гаргаж байгаа явдал юм.
Intercooler нь ихэвчлэн салхин хөргөлттэй байдаг бөгөөд их эзэлхүүнтэй хөдөлгүүрт хэрэглэдэг байсан бол сүүлийн үед шатахуун зарцуулалтыг сайжруулах үүднээс бага эзлэхүүнтэй хөдөлгүүрт ч ашиглах болжээ. Мөн Intercooler-ийн хэмжээг багасгах үүднээс тусгай радиатор бүхий усан хөргөлт ашиглах болсон.
Салхин хөргөлттэй Intercooler нь нилээн урт хоолойгоор дамжиж байдаг ба үүнээс болоод хааз хасаад дахин нэмэх үед Турбоны хоцролт бий болж хүч алддаг. Энэ дутагдлыг засах үүднээс илүү үр ашигтай богино зайд агаарыг хөргөх усан хөргөлтийг Volkswagen-ын шууд цацалттай TSI хөдөлгүүрт анх суурилуулсан.
Intercooler-ийн радиаторыг салхиар хөргөх үүднээс капотны дээр нүх гаргах эсвэл урд нүүрийн харалдаа байрлуулдаг байна. Харин хойноо болон дунд байрлалтай хөдөлгүүрт ихэвчлэн хамгийн хойд талд хийдэг.
Эх сурвалж: www.cardoctor.mn