МОНОКОК ТЕХНОЛОГИ (MONOCOCUE BODY) №66

Автомашин үүссэн эхэн үеэс суудлын ч бай ачааны ч бай автомашин нь бөх бат гангаар хийсэн рам түүн дээр байрлах бүхээг, ачаа гэх мэт тусдаа хэсгүүдийг угсран нийлүүлдэг байсан. Ингээд 20-р зууны дундуур пуужингийн болон нисэх онгоцны технологи эрчимтэй хөгжин их биеийг нэг ганц бие даасан хэсгээс бүтээх монокок технологи нисэх хүчний үйлдвэрлэлд нэвтэрчээ.

Пуужин, нисэх онгоцны их бие өөртөө хөдөлгүүр зорчигч, ачаа гэх мэтийг авч явахын зэрэгцээ хөнгөн, бат бөх байх шаардлагатай байсан юм. Ийнхүү энэ шаардлагыг хангасан технологи бий болж улмаар автомашинд хэрэглэж болох уу үгүй юу гэдэг асуудал тулгарсан байна.

Гэвч автомашин нь нисэх онгоцыг бодвол хаалга, багаажны таг, капот зэрэг маш олон онгойдог хэсгүүдтэй байдаг нь бүрэн утгаар нь хэрэглэхэд боломжгүй байсан юм.

Монокок бүхээг
Монокок бүхээг
Рамгүй SUV автомашины монокок хийц
Рамгүй SUV автомашины монокок хийц

Тийм учраас үндсэн араг ясыг энэхүү технологийг ашиглан бүтээжээ. Энэ нь автомашин  үндсэн ган рамгүйгээр бүхээг нь дангаараа бүх ачаалал, мушгих эргэлзэлтэй хүчийг өөртөө хүлээн авч ямарваа нэгэн гажилтгүйгээр үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон юм.

Гэсэн хэдий ч явах эд анги хөдөлгүүрийг жижиг туслах рам буюу тэвш, хөнгөн хэлбэрийн тавцанд бэхлэн бүхээгтэй холбож байдаг. Ингэснээр автомашины жин бага болсон төдийгүй рам эзэлдэг байсан доод зай бүхээгийн доторх ашигтай зай болон хувирсан юм.

Учир нь тэвшгүй шууд кузов дээр явах эд анги болон хөдөлгүүр, хурдны хайрцагт бэхэлснээр кузов ханзрах үзэгдэл нийтлэг гарах болсон. Жин ихтэй эд ангиуд кузовыг доош татсанаар ханзрах үзэгдэл нийтлэг гарч байсан тул энэ асуудлыг тэвшээр шийдэж өгсөн байна. Тэвшин дээр дээрх эд ангиудыг бэхэлснээр кузовт ирэх ачаалал багасаж дээрх хүндрэлийг арилгасан байдаг.

Нийтэд нь дүгнэж үзвэл монокок технологийн зорилго нь:
  • Бүхээгийн нэгдмэл хөшүүн байдлыг нэмэгдүүлж, жинг хөнгөрүүлэх
  • Шалны байрлалыг доошлуулж салоны зайг нэмэгдүүлэх
  • Олон хэвлэмэл металл деталиудыг бөх бат барих цэгэн гагнуурыг хэрэглэснээр бөх бат чанарыг дээшлүүлэх

Хэдий дээрх давуу талууд бий болсон ч дутагдал бас байсаар байгаа юм. Үүнд хөдөлгүүрийн ажиллагааны доргион, замын чимээ дамжих нь амархан болсон учраас энэ бүхнийг багасгах нэмэлт материал, технологи шаардагдах болсон.

Нэгдмэл нэг салдаггүй болсноор ямар нэгэн засварын ажил хийхэд бэрхшээлтэй болсон. Үүнд хөдөлгүүр, хурдны хайрцаг солих, дагалдах тоноглолыг засах солих үед урд хэсгийн 2 талын шанаа нүүр салахгүй болсноос хөдөлгүүрийг бүтнээр нь дээш юм уу эсвэл доош нь гаргаж  авч байж янзлах, урд хэсгээр осолд орсон үед дотоод араг ясан хэсгийг сольж болохгүй бөгөөд сайтар засах эсвэл тайрч гэмтэлгүй хэсгийг залгаж гагнах, ийм боломжгүй тохиолдолд автомашин шууд хэрэгцээнээс гарах болсон. Энэ мэт засварын зардлыг нэмэгдүүлэх сул талтай.

Сүүлийн үед энэхүү монокок кузовыг бүтэн рамтай жийп төрлийн авто машинуудад хэрэглэх болсон. Ингэснээр бөх бат чанарыг нэмэгдүүлж гаднаас дамжих дуу чимээг дээд зэргээр бууруулж чаддаг болсон.

Рамтай монокок хийцтэй кузов
Рамтай монокок хийцтэй кузов

Гэхдээ энэ нь үнэ хямд Kluger, RAV4, Harrier, X-trail, Outlander, BMW X3, Freelander мэтийн жижиг болон дунд оврын жийпэнд биш туулах чадвар сайтай Landcruiser, Patrol, Sequoia, Lexus LX570, GX470, Toyota Hilux Surf , Nissan X-terra зэрэг голдуу японы жийпнүүдэд ч гэсэн бүтэн раман дээр суурилагдсан байдлаар хэрэглэгдэж байгаа.

Үүнд Тоёотагийн ихэнх SUV төрлийн машин, Jeep, Mercedes G-Class гэх мэт хэдхэн авто үйлдвэрлэгч мөн Ниссан-ийн пикап машинуудад бүтэн-рам кузовын бүтцийг ашиглаж байна.

Гол давуу тал нь:
  • Жийп төрлийн машинуудын жин ихтэй дамжуулах болон хөдөлгүүрийн эд ангиудыг бат найдвартай раман дээр тогтоосноор хүнд хэцүү замд кузов урагдахгүй
  • Хүнд хэцүү замд машины явах эд анги, кузов гарын ая даахуйц болсон
  • Жин ихтэй ачаа барааг ачих боломжтой болсон
  • Замаас ирэх дуу чимээ мэдэгдэхүйц багасдаг байна

Нэг үгээр хэлвэл хэцүү, хүнд бэрх замд зориулагдсан загварууд рам-кузов бүтэцтэйгээр харин засмал замд зориулагдсан нь монокок буюу дан кузовын бүтэцтэйгээр хийгдэж байна.

Range Rover, Pajero, Grand Cherokee, Mercedec-benz M болон ML class гэсэн үнэтэй загварууд рамтай монококоос татгалзаж дан монокок кузовтойгоор үйлдвэрлэгдэж байгаа. Ингэснээр салон болон замаас мэдрэгдэх доргион дуу чимээ рамтайг бодвол арай илүү байдаг.