FWD БОЛОН RWD ДУГУЙН ХӨТЛӨГЧИЙН АЛИЙГ СОНГОХ ВЭ? №183

Автомашин авахад мэдээжийн хэрэг урд хөтлөгчтэйг авах уу эсвэл хойд хөтлөгчтэйг авах уу гэсэн эргэлзээ төрдөг билээ. Бид өнгөрсөн үеэс авахуулан хойд хөтлөгчтэй (RWD) автомашиныг өргөн хэрэглэж байсан бөгөөд 1970-аад оны сүүлээр урд хөтлөгчтэй (FWD) автомашинууд түүнтэй хүчтэй өрсөлдөж эхэлсэн юм.

Одоогийн байдлаар ихэнх зорчигчийн автомашинууд урдаа хөтлөгчтэй байгаа бөгөөд хойд хөтлөгчтэй загварууд зах зээлд байр сууриа эргэн авахын тулд хүчтэй тэмцэж байгаа юм.

Жишээлбэл Инфинити компани G35 загвараас эхлээд RWD болгосон бол Кадиллак ч мөн адил шинэ CTS загвартаа RWD хөтөлгөөг ашиглаад байгаа юм. Тэгэхлээр эдгээр 2 хөтлөгчийн давуу болон сул тал юу юм бэ?

FWD

Хамгийн эхэнд нь урд хөтлөгчийн тухай ярилцъя. Өртгийг багасгасан: үйлдвэрийн дизайнчлал болон хийхэд хялбар болгосноор FWD нь өртгийг бууруулах боломжтой болсон бөгөөд RWD систем угсарснаас илүү хямд тусаж чаддаг байна. Түүнд кардан гол эсвэл хойд чулак хэрэггүй болсон бөгөөд хурдны хайрцаг болон дифференциалыг нэг гэрт байрлуулж сэлбэгийн хэмнэлтийг гаргах боломжийг бий болгосон. Улмаар түүнийг бусад эд ангитай загварчлахад илүү амар болсон бөгөөд үүнд тоормосны шингэний хоолой, шатахууны хоолой болон яндангийн систем зэргүүд багтах юм.

Бас нэг давуу тал нь жинг бууруулж чадсан. Мэдээжийн хэрэг хөнгөн жинтэй автомашин хурдатгал авахдаа илүү сайн мөн тоормосны зам богино, шатахуун зарцуулалт багатай байх бөгөөд урд хөтлөх тэнхлэг дээр хөдөлгүүр байрласнаар замтай барьцалдах чадвар сайжирч туулах чадварыг сайжруулсан.

FWD-ийн хамгийн гол давуу тал нь салоны зайг томсгосон. Шалан доогуур явсан механик эд анги үгүй болсон тул шал тэгшхэн болж чадсан бөгөөд тод жишээ нь Хонда Сивик загвар юм. Та түүний хойно суухад л учрыг нь мэдэх болно. Хэчнээн жижиг ч гэлээ түүний шал тэгшхэн тул хөдөлгөөн хязгаарлаад байхгүй давуу талыг бий болгож чадсан. Мөн хойд дифференциал FWD-д үгүй тул багаажны зай мэдэгдэхүйц томсдог юм.

FWD-ийн сул тал гэвэл автомашины жолоодлогыг тааруу болгодог. Урд талд автомашины бүх жин төвлөрч хойд тал маш хөнгөн болдог тул хойд дугуйны замтай барьцалдах чадвар буурч мөстэй замд амархан шарваж хальдаг байна. Гэхдээ энэхүү дутагдлыг дизайнерүүд засаж урд хойд тэнхлэгийн жингийн хуваарилалтыг 50/50 болгосон хэдий ч FWD автомашины хувьд ийм тохиолдол маш бага юм.

Өөр нэгэн дутагдал бол урд дугуйнуудад ачаалал ихээр очдог. Хурдатгал авах, эргэлт хийх, тоормослох гэх мэтэд замаас ирэх ачаалал түүнд их бөгөөд тийм ч учраас эргэлт хийхэд маш хязгаарлагдмал байдаг юм. Харин хойд дугуйнуудын хувьд байдал эсрэгээрээ түүнд маш бага хэмжээний ачаалал очдог, тэр зөвхөн чирэгдэх л үүрэгтэй.

RWD

FWD-ийн талаар ярьсан тул одоо RWD-г сонирхож үзье. Ихэнх урд байсан механик эд ангийг хойд талд нь суурилуулсан байдаг бөгөөд ингэснээр автомашины баланс болоод жолоодлого маш их хэмжээгээр сайжирдаг байна. Хойд дугуйг хөтлөгч болон ашигласнаар урд байсан хүнд ачааг авч хурдатгал авах нь сайжирдаг ба улмаар эргэлтийн үед жолооч хурдатгал авах боломжийг нэмж өгдөг байна. Ингэж хүчин чадлыг өсгөдөг давуу талтай тул RWD хөтлөгчийг дэлхийн бүхий л хурдан автомашинуудад ашигладаг ажээ.

Бас нэгэн RWD-ийн давуу тал нь засах өртөг хямдтай. Хэдийгээр загвараас хамаарч үнэ ондоо ч хэрвээ таны RWD системтэй автомашины хурдны хайрцаг эвдэрлээ гэж бодоход танаас дифференциалыг засах засварын илүү өртөг гарахгүй юм, харин FWD системд гарах магадлалтай. FWD автомашины найдвартай байдал хэдэн арван жил сайжирсан ч энэ нь түүний давуу тал болж чаддаггүй.

RWD-ийн сул тал гэвэл угсрах болон үйлдвэрлэх өртөг өндөр. Илүү их эд анги ашигладаг тул автомашины салоны зай багасдаг. Гэхдээ одоогийн ихэнх RWD автомашинуудыг инженерүүд зохиомжлохдоо кардан гол болон дифференциалыг кузов доогуур явуулдаг болсноор салоны зайг томсгож чадсан.

Мөн RWD автомашины замтай барьцалдах чадвар үргэлж асуудалтай байж ирсэн. Учир нь хойд хөтлөх тэнхлэгийн жин хөнгөн тул шарвах асуудалтай ихтэй, гэхдээ орчин үеийн электроникийн системүүд болох Traction control болоод VSC (Vehicle Stability System)-ийн туслалцаатай RWD нь FWD-тэй өрсөлдөхүйц хальтардаггүй болж байгаа. Үүнд дугуйны шинэ дизайнууд мөн адил тусалж байгаа билээ.

Хэдийгээр нарийн төвөгтэй механик эд ангиудын тоо нэмэгдэж зорчигчийн тав тухыг хангах зай талбай багасаж байгаа хэдий ч миний хувьд хойд хөтлөгчтэй автомашины фэн юм. Ялангуяа эргэлтийн үед маш гоё мэдрэмжийг мэдрүүлж чаддаг бөгөөд бусад жолооч нар ч мөн адил надтай санал нийлнэ гэж бодож байна.

Эцсийн хариулт юу вэ?

Эдгээр хоёроос гадна бүх дугуйн хөтлөгч систем гэж бий! Порше компани өөрийн Carrera загвараа замтай илүү сайн барьцалдуулж хүчин чадлыг ихэсгэхийн тулд AWD систем ашиглаж байгаа бол Subaru компани бүх дугуйн хөтлөгчтэй загвараараа хэд хэдэн удаа дэлхийн раллигийн тэмцээнд аварга болоод байгаа билээ.

Өнөөг хүртэл эдгээр системүүдийн аль нь шилдэг вэ гэсэн мэтгэлцээн эцэс төгсгөлгүй явагдаж ирсэн бөгөөд цаашид ч мөн адил явагдана гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүнд хэрэглэгч өөртөө тохирсон дугуйн хөтлөгчийг сонгох нь чухал билээ.