ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.ГАН-ӨЛЗИЙ: ХҮМҮҮСТ МОНГОЛ ОРОН ЯМАР ҮЗЭСГЭЛЭНТЭЙГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ

Хүмүүст Монгол орон ямар үзэсгэлэнтэйг мэдрүүлэхийг хүсдэг

Бид гадаадын зурагчдын олон, олон гайхалтай байгаль, ан амьтны зургийг харж нүд юугаа баясгаж, гадаадад аялж зугаалж явахыг мөрөөдөн суудаг байсан цаг ард өнгөрчээ.

Монголын чадварлаг зурагчдын ачаар монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтдын зургийг харж энэ МОНГОЛД УУ? гэж уулга алдмаар байгалийн сайхныг харах боломж олгож буй нийт зурагчиддаа юуны түрүүнд баярлах нь зүйтэй болов уу.

Ингээд та бүхэндээ байгаль, ан амьтан, түүх соёлын дурсгалт газрын зурагчин мөн аялагч Г.Ган-өлзий-тэй түүний ажил болон шинэхэн гаргасан аялагчийн гарын авлагийн талаар ярилцсан юм.

Г.Ган-өлзий нь 2007 оноос хойш гэрэл зураг сонирхон монголын үзэсгэлэнт байгалийн зураг, амьтны зураг авсаар монгол орныг аль хэдийн хэд хэд тойржээ. Түүнд одоо очиж үзээгүй 27 сум суурин байдаг тухай ярьсан юм.

- Та хэзээнээс эхлэн байгаль, ан амьтны зураг авах дуртай болсон юм бэ?

Би хүүхэд байхаасаа гэрэл зураг сонирхдог байлаа. Тэрнийхээ дагуу л өөрийгөө хөгжүүлж бэлдсээр байгаад гэрэл зураг авах дуртай болсон. Би ихэвчлэн гэрэл зураг буулгахаар явахдаа ганцаараа явчихдаг зантай.

Харин өөрийн үзсэн харсан байгалийн сайхныг ганцхан өөрөө хараад өнгөрөх биш гэрэл зурганд буулгаж бусад хүмүүстэй хуваалцахыг хүсдэг.

Тэр сайхан сайхан байгаль, ан амьтдыг харахыг хүссэн ч харж чадахгүй, амжихгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ тэдэнд монгол орон ямар үзэсгэлэнтэйг мэдрүүлэхийг хүсдэг.

- Та монгол орны олон үзэсгэлэнт байгалиар явж үзсэн хүний хувьд таны сэтгэлд хоногшиж үлдсэн газар орон гэж байдаг уу?

Энэ их хэцүү шүү... Баруун аймгуудаар зураг дарж явж явж ирээд л найздаа явсан газрын зураг үзүүлэхэд л өө чи тийшээ очоогүй юмуу чиний явсан газрын хажууханд тийм гоё газар байдаг юм ш дээ.

Чи тэрийг үзээгүй юмуу гээд л эхлэнэ дээ тэгээд л дахиад л өөр үзээгүй гоё гоё газрууд гараад ирдэг байхгүй юу тэгэхээр яг энэ их сайхан газар байсан гэхэд хэцүү. Гэхдээ хэд хэдэн газар байнаа очиж үзэх. Хархираа түргэний уулын хойно Олон нууруудын хотгор гэж байдаг тэр их гоё газар гэж сонссон тийшээ очиж үзэхийг хүсэж байна даа.

Зураг авсан газрын солбицлыг тэмдэглэж, мөн өөрөө төөрөхгүй байх үүднээс би байнга GPS-тэй аялдаг

- Таны саяхан гаргасан номд аялагч нарт зориулсан мэдлэг болохуйц олон олон зүйл харагдсан. Та гэрэл зураг авахдаа зураг авсан газрынхаа солбицлыг их нарийн тэмдэглэсэн байсан?

Аялал зугаалгаар явдаг хүмүүст хэрэг болох боловуу гэсэндээ өөрийн авсан гэрэл зургуудаа ашиглаад аялагчын гарын авлага гаргасан. Зураг авсан газрын солбицолыг тэмдэглэж авч, мөн өөрөө төөрөхгүй байх үүднээс би байнга GPS-тэй аяладаг юм.. Тэгээд 5 жил цуглуулсан зургаараа “Хөх тэнгэрийн орноор” гэдэг аялагч нарт зориулсан ном гаргасан юм.

Үзэсгэлэнт 100 байгалийн зургийг солбицолтой нь мөн Аймаг, Сумын төвүүдийн солбицолыг мөн тэмдэглэсэн байгаа. Хүмүүс зурган дээр байгаа газар очихыг хүсвэл GPS-дээ солбицолыг хийхэд асуудалгүй очих боломжтой болж байгаа юм.

Байгалийн зурагчин хүн Аялагч болчихдог

- Аялагч хүнд GPS их хэрэг болдог байхдаа?

GPS их хэрэг бололгүй яахав хамгийн их хэрэгтэй. Би ямар ч газар явсан бай машиныхаа байрлалыг GPS-дээ сануулаад явдаг. Уулнаас буухдаа машинаа олохгүй гэх зүйлгүй сэтгэл амар байдаг юм. Нэг болсон явдал ярихад би хэсэг нөхдийн хамт Хэнтийн Асралт хайрхан руу авираад буцаж явахад цасан шуурга шуураад машинаа олохоо болчихдог юм.

Авч явсан GPS маань баттерэй нь суугаад ажиллахаа болиод сандаргаад, нөгөө баттерэйг нь үсэндээ үрж үрж хийсэн чинь машины маань байрлалыг дөнгөж заагаад таг унтарчихдаг юм. Тэгтэл бид нар машинаасаа 200-хан метр зайтай төөрөөд байсан байгаа юм. GPS маань асаагүй бол тэгээд л өнгөрөхгүй юу.

- Таныг зурагчин гэхээс илүүтэй аялагч гэвэл тохиромжтой юм шиг?

Тийм шүү. Байгалийн зурагчин хүн Аялагч болчихдог байхгүй юу. Байгалийн зураг авахын тулд уул хад, ой мод гээд олон газраар явах хэрэг гардаг. Хүний харж байгаагүй үзэсгэлэнт газрын зургийг авахын тулд олон цаг уул хадаар алхах, цаг агаарын тохироог хүлээж хоноглох үе зөндөө гарна шүү дээ. Зураг авах гэж ууланд авирах ч үе байна.

Би овоо хэдэн уулын оргилд авирсан шүү. 4057 метрийн өндөрт байдаг Алтай таван богдын Малчин оргилд, Баянхонгорын Их богдын нуруу, Хэнтийн Асралт хайрхан руу 3 дахин гарсан шүү. Нэгхэн зурагны ард асар их хөлс хүч, сэтгэл шингэж байдаг юм шүү дээ.

- Та гэрэл зураг авахаар хол явахдаа хэрхэн бэлддэг вэ?

Хол уул усны зурганд явлаа гэхэд майхан сав, хөнжил гудас гээд аяллын бүхий л зүйлийг бэлдэх хэрэг гардаг. Би маш сайн төлөвлөж байж зургандаа явдаг. Явах газрын маань шавар шавхай нь хир их байна, гол ус гатлах эсэх, хэдэн хоногоор явах вэ гээд бүгдийг тооцож түүний дагуу эд зүйлсээ бэлддэг.

Бидний ажил нэг бодлын хэцүү шүү нэгхэн хоромыг хальсандаа буулгахын тулд өдөржин шөнөжин хүлээх хэрэг гардаг. Тэр ч утгаараа би өвөл зунгүй л аялж гэрэл зураг авдаг.

- Үнэтэй туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа.

За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.