Л.БАЯРСАЙХАН: ХҮН ҮНЭХЭЭР ХҮСЭЭД, ЗОРИОД, ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭВЭЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ХЭН Ч ГАРНА.

Манай оронд уулын спорт үүсэж хөгжөөд хагас зуун жил өнгөрчээ. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богдын Хүйтний оргилд монгол хүн хөл тавьснаас хойш Монголын уулын спорт өнөөдөр эрчимтэй хөгжсөн нь харагдана. Монголын уулчид дэлхийн дээвэр болсон Эверэст, Гималай зэрэг уулсын оргилд Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсаар байна.

“Хүн үнэхээр хүсээд, зориод, зорилгынхоо төлөө зүтгэвэл Эверестийн оргилд хэн ч гарна. Би лав мундагтаа гараагүй юм” гэж энгийн даруухан хэлэх эмч, уулчин Л.Баярсайхан-тай ярилцсан юм. Тэрээр 2006 онд Монгол Хайкин клубийг үүсгэн байгуулж, 2012 онд Эверестийн оргилд гарсан юм. Эмч мэргэжилтэй тэрээр хэрхэн ууланд авирах болсон, яаж дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан тухай ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

2015 оны 7-р сарын 10 өдөр. Хорьдол Сарьдаг нурууны 3089м Дэлгэрхаан уулын оргилд 2 дахь удаагаа авирч гарахын өмнө.
2015 оны 7-р сарын 10 өдөр. Хорьдол Сарьдаг нурууны 3089м Дэлгэрхаан уулын оргилд 2 дахь удаагаа авирч гарахын өмнө.

Хүн үнэхээр хүсээд, зориод, зорилгынхоо төлөө зүтгэвэл Эверестийн оргилд хэн ч гарна

- Таныг “Жаргалан” эрүүл мэндийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан, эмч хүн гэдгээр тань олон хүн таньдаг. Хэзээнээс та ууланд аялж, авирдаг болчихвоо?

- Нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа хүмүүст хөдөлгөөн тэр дундаа идэвхтэй хөдөлгөөн, эрүүл агаар хэрэгтэй гэдгийг олон дахин ярьсан. Өөрөө ч зочин эмч нараас зөндөө сонсож байсан боловч идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байж. Тэгээд хүмүүст ярьж хэлээд л байдаг, эхлээд өөрөөсөө эхэлж хэрэгжүүлье гэж шийдээд Богд ууланд анх алхаж эхэлсэн.

Тэгээд удалгүй “Монгол Хайкин клуб” байгуулаад бүтэн сайн өдөр болгон өнжилгүй ууланд алхаж эрүүл агаар, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилж эхэлсэн. Манай клубийн зорилго ердөө бусдыг уул, эрүүл агаарт уриалан дуудах байсан, одоо ч хэвээрээ байгаа. Олон, олон залуусыг ууланд алхах дуртай болголоо.

Эрүүл агаар, идэвхтэй хөдөлгөөн өөрөө хүнд эм болдог. Одоо миний салшгүй нэг хэсэг хобби болсон. Тэгээд олон жил ойр хавийн уул хадаар алхаж авирч явсаар нэг өдөр жаахан өндөр ууланд авирч үзье гэж шийдээд 2011 оны 6 сард Алтай Таван Богдын Хүйтэн оргилд мөн оны 11 сард Гималайд 6000 метрийн өндөр ууланд тэгээд 2012 онд Эверестийн оргилд гарсан байдаг юм.

2013 оны 10-р сарын 2 өдөр. Дэлхийн 6 дахь өндөр 8201м Чо Оюу уулын оргил дээр. Гарсан оргил болгон дээр МУ-ын иргэнийхээ паспортыг авч гардаг уламжлалтай.
2013 оны 10-р сарын 2 өдөр. Дэлхийн 6 дахь өндөр 8201м Чо Оюу уулын оргил дээр. Гарсан оргил болгон дээр МУ-ын иргэнийхээ паспортыг авч гардаг уламжлалтай.

Эрүүл агаар, идэвхтэй хөдөлгөөн өөрөө хүнд эм болдог

- Нэг жил гаруй хугацаанд дэлхийн 11 өндөр оргилд гарсан байна. Таны энэ бүх амжилтын нууц юу вэ?

- Зарим хүмүүст итгэхийн аргагүй санагддаг байж магад. Зарим уулын спорт сонирхогчдын анхаарлыг бүр татсан, бараг сэрээж өгсөн байх. Төдөлгүй уулын өндрийн авиралтын спорт илүү хурдтай дэлгэрч эхэлсэндээ. 2011 оны зургадугаар сарын 22-нд 4374 м өндөрт орших Монгол Улсын хамгийн өндөр Хүйтний оргилд анх гарснаас хойш нэг жил дөрвөн сарын дотор 4000 метрээс өндөр оргилд 11 удаа гарсан байдаг.

Хамгийн өндөр нь Эверестийн оргил, далайн түвшнээс дээш 8848 м. Гэхдээ гол нь өндөртөө биш, уул болгон хэцүү, осолтой, амь насаа алдах эрсдэл хэдий ч бэлтгэл тооцоо зөв бол хэн ч явна. Нөхцөл байдалд эрүүл дүгнэлт хийж, хүч чадлаа дүгнэж, өртөө итгэж, алхалт, хөдөлгөөн болгондоо анхаарлаа төвлөрүүлж олон цаг алхаж авирч сурах л асуудал. Гэхдээ уул гаргахгүй гэвэл бас яаж ч бэлдсэн гарч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Байгалийг хүн дийлэхгүй шүү дээ.

2012 оны 5-р сарын 19 өдөр, 08:18 цаг. Дэлхийн дээвэр Эверест 8848м, Гималайн нуруу, Балба. Монгол овогт Лувсандоржийн Баярсайхан.
2012 оны 5-р сарын 19 өдөр, 08:18 цаг. Дэлхийн дээвэр Эверест 8848м, Гималайн нуруу, Балба. Монгол овогт Лувсандоржийн Баярсайхан.

- Эверэстийн оргилд хэрхэн гарсан бэ? Хир их хугацаанд бэлтгэв?

- 2012 оны 5 сард Эверестийн оргилд гарч байлаа. Авиралт хийхийн өмнө сар гаруй уулын бэлдээ байрлаж биеэ дасгадаг юм. Уул руугаа авиран дээш доош явж өндөрт биеэ дасгаж байж авирдаг. Тэгэхгүй бол гэнэт өндөрт гарвал биед өөрчлөлт орж оргилд гарах эргэлзээтэй болдог. Оргил өөд гарах гэж уулын хормойд 1 сар гаруй бэлдэхдээ өдөр бүр уул руу авирч, буцаж буух маягаар биеэ дасгадаг.

Тэгж авирахдаа хэдэн минутанд хэдэн метр газар авирсан, хэдэн метрийн өндөрт гарсан, дундаж авиралтын хурд, амарсан цаг зэргээ GPS-ээр хэмжинэ, тооцоолно. Ууланд авирч байхдаа байн байн цаг хараад байх ямар ч боломжгүй шүү дээ. Энэ бүгдийг GPS ашиглаад л хэмжээд мэдчихдэг.

Мөн яг авиралт хийх үедээ GPS Tracker буюу байрлал цацагч ашиглан өөрийн хаана явж байгаагаа ар гэр, найз нөхдөдөө шууд дамжуулж байлаа. Уулын спорт өөрөө үзэгчгүй спорт гэж явдаг. Тэр ууланд чамайг хэн ч харахгүй, хэн ч сонсохгүй зөвхөн чи л байгальтай, өөрөө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялж байж оргил өөдөө гарна. Оргилд гарсан гэсэн ганц баталгаа бол оргил дээр байх үедээ хийсэн бичлэг, зургаас гадна GPS тэмдэглэл болдог. Миний Эверестийн оргил дээр авч гарсан Garmin GPS дээр 8880 м гэсэн тэмдэглэлтэй болсон байсан.

8880м өндрийн заалттай Эверестийн оргил дээр авч гарсан Garmin GPS
8880м өндрийн заалттай Эверестийн оргил дээр авч гарсан Garmin GPS
Нийт явсан зам, явсан хурд, одоо байгаа өндрийг зааж буй байдал
Нийт явсан зам, явсан хурд, одоо байгаа өндрийг зааж буй байдал

- Эверестийн оргилд гарах бэлтгэлээ хэрхэн хангаж байв? Их зардал өндөртэй спорт шүү дээ?

- Миний тогтмол хийдэг ганц бэлтгэл гэвэл бүтэн сайн болгон уулаар алхдаг, авирдаг явдал. Уулаар хамгийн богинодоо 5-6 цаг уртдаа 15-16 цаг үүргэвчтэй алхана. Уулын оройгоор бартаат замаар аялах сайхан. Богд уулын орой дээр агаар цэвэр. Эрүүл агаарт ачаалалтай хөдлөх нь өөрөө сайн бэлтгэл.

Эверестээс өмнө 5 жил тасралтгүй иймэрхүү маягаар уулаар хүнд үүргэвчтэй явсан. Үүргэвчний хүндийг 25 кг-аас буулгадаггүй онцлогтой. Өөр тусгай жор схемээр бусад төрлийн тамирчид шиг бэлддэг юм байгаагүй. Уулчдын хувьд биеийн бэлтгэлээс сэтгэлийн бэлтгэл их чухал. Ямар ч үзэгч, хөгжөөн дэмжигчгүй орчинд өөрийгөө зорилгодоо хөтлөх гэдэг тэр зүгээр сэтгэл зүй.

1975 онд Эверестийн оргилд гарсан Японы анхны эмэгтэй уулчин байдаг. Тэр эмэгтэй хэлэхдээ: “Та ямар ч бэлтгэлтэй, ямар ч хэрэгсэлтэй байлаа гээд тэр бүхэн таныг уулын оргил дээр гаргачихгүй ээ, харин таны чин зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл сэтгэл тань л уулын орой дээр гаргана шүү” гэж хэлсэн байдаг.

Би үүнтэй их санал нийлдэг. Ууланд авирна гэдэг хувцас, хэрэглэлээс бас шууд хамаардаг. Тоноглол, хувцас, хэрэгсэл үнэтэй. 6000м, 7000м, 8000м –т өмсөх гутал, бээлий, өмсгөл, алх, бэхэлгээ гээд дээшлэх тусам үнэ нь нэмэгдэж, зардал ихэснэ. Үнэтэй чанартай брэнд хэрэглэх нь амь насаа хамгаалж байгаа хэрэг. Хямдхан чанаргүй хувцас хэрэглэл амь насанд аюултай. Ганц гутал гэхэд л 1000$ гээд л бодохоор өртөг өндөртэй спорт.

2012 оны 9-р сарын 10 өдөр. Альпын нурууны хамгийн осолтой 4478м өндөр Маттерхорны оргил Монголын далбаа анх удаа мандууллаа.
2012 оны 9-р сарын 10 өдөр. Альпын нурууны хамгийн осолтой 4478м өндөр Маттерхорны оргил Монголын далбаа анх удаа мандууллаа.

- Айх, шантрах үе олон биз?

- Үргэлж айдаг. Айхгүй авирна гэж байхгүй. Тэр айдсаа давах юм бол нөхцөл байдлыг бодитоор харж чаддаг болно. Уулын авиралт бол тооцоо, бас дахин тооцоо. Яаж авирах, хаана гишгэх, хаана амрах, хэрхэн хүч чадлаа сэргээх, хэнтэй, хэзээ явах гээд л байнга тооцоолох шаардлагатай болдог.

Буруу тооцвол буух хүч үлдэхгүй байх эрсдэлтэй. Түүний дараа өөрийнхөө сэтгэлийг хурцалж, ирлэж сэтгэл зүйгээрээ хүчтэй байж шантрахгүй байх хэрэгтэй. Хэрвээ шантрах л юм бол уулын оргилоос 100-хан метрийн наана л хөл урагшаа хөдлөхөө болино. Маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарчхаад ингэж буцсан олон уулчдыг мэднэ. Тийм учраас биеэ бэлдэхээс гадна айдсаа удирдах, сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй.

- Та хувийн эмнэлэгтэй, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй эмч хүн. Ууланд авирна гээд явчхаар байнгын өвчтөнүүд тань хэцүүдэхгүй юу?

- Манай “Даффодил” эмнэлэгт ганцхан Баярсайхан гэж эмч ажилладаггүй юм шүү дээ. Гэхдээ мэдээж хэрэг намайг яваад өгөхөөр үйлчлүүлэгчдэд хэцүү л дээ. Одоо бол өдөр болгон ажлаа хийгээд л, дараагийн уулаа бодоод л сууж байна.