Ж.СҮХ-ОЧИР: GPS Л МИНИЙ АМИНД ОРЖ БАЙЛАА

Зуны дэлгэр сайхан цаг ирж хүн бүр хөдөөг чиглэж аялж, амарч зугаалах тухай бодож байгаа байх. Энэ үед уншигч та бүхэндээ Геологийн салбарт 17 жил ажиллаж буй Ж.Сүх-Очир геологичтой  түүний ажлын онцлог болон геологич нар GPS-ийг яаж хэрэглэдэг талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

- Сайн байна уу? Таныг туршлагатай геологичийн хувиар, мөн GPS-ийн хэрэглэгчийн хувьд таниас хэдэн асуулт асуух гэсэн юм.

Сайн байна уу. За ямар асуулт юм бол доо. Чадахаараа санал бодлоо хуваалцъя

- Геологичид байнга хөдөө явж байдаг гэж сонссон юм байна? Ер нь хэр их хөдөө гадаа явдаг вэ?

Явалгүй яахав. Жилийн талыг хөдөө явж өнгөрөөнө шүү дэ. Миний мэргэжлийн онцлог болохоор байнга газар орон судалж ийш тийш явах юм даа. Геологичоор ажилласан 17 жилийн хугацаанд 21 аймаг, 300 гаруй сумдаар явж үзсэн.

- Байнга хөдөө гадаа явах хэцүү ажил байх шүү. Төөрөх тохиолдол гардаг уу?

- Геологич бид нар чинь халуун нар, өвлийн хүйтэнд ч хамаагүй уул хадаар судалгаа хийгээд алхаж байдаг улсууд шүү дээ. Газрын зураг, алхаа бариад чулуу, хадны судал дагаад судалгаагаа хийгээд л өдөржин явдаг байлаа. Залуу байхдаа газрын зургаа сайн харахгүй буруу тийшээ яваад төөрөх үе зөндөө гарч байсан.

Одоо үед Геологич хүн нэг гартаа алх, нөгөө гартаа GPS-ээ барьж явдаг болсон

- Геологич хүний хамгийн чухал багаж юу вэ?

- Геологич хүн баруун гартаа алх зүүн гартаа GPS-тэй явдаг. Энэ хоёргүйгээр бидний ажлыг төсөөлөх ямар ч боломжгүй л дээ. Алхгүй бол нүдгүй,  GPS бол хөлгүй л гэсэн үг юмуу даа.

- Та ямар GPS хэрэглэдэг вэ?

- Манай геологийнхон Garmin-ий батарейгаар ажилладаг гар GPS-ийг л ихэвчлэн хэрэглэдэг. Хамгийн гол нь Garmin-ны GPS үүд 3 хүртэлх метрийн нарийвчлалтай буюу хамгийн өндөр нарийвчлалтай заадаг, мөн гацдаггүй. Зарим GPS үүд  20, 30 метрийн зөрүүтэй заадаг юм. Тиймээс Garmin-ийг ашиглахыг илүүд үздэг.

- Томилолтоор явахдаа замын төлөвлөгөөгөө хэрхэн яаж гаргадаг вэ?

- Би явах газрынхаа зургийг харж байгаад координатыг нь урьдчилаад GPS-дээ суулгачихдаг юм. Тэгээд л тэмдэглэсэн координатын цэгээ дагаад л явчихдаг. Судалгааны үеэр газрын зураг хэрэглээд байдаггүй. Судалгаанд явах замдаа сорьц авсан газрын координатаа GPS-дээ тэмдэглээд л цааш явдаг.

Аялалд явахдаа цэнэглэдэг батарей авч явах хэрэггүй гэнэт цэнэггүй болчихдог юм

- Та одоо аяллын эксперт болсон байхаа. Ер нь холын аялалд гарахад юуг анхаарч бэлдэх ёстой байдаг юм бэ?

- Ямарч сайн туршлагатай хүн бай аялалд гарахаасаа өмнө тухайн газар нутгаа урьдчилан судлах хэрэгтэй.

Юуны түрүүнд газрын зураг дээрээс явах маршрутын дагуу худаг, ус байгаа газруудыг тэмдэглээд GPS-дээ сануулчихад гэмгүй.

Юмыг яаж мэдэхэв, хоол ундгүй хүн 7 хонож чадна, усгүй бол 2-3 хоногоос илүү байж чадахгүй шүү дээ.

Бас аялалд явахдаа GPS-дээ цэнэглэдэг баттерей авч явах хэрэггүй, нэг удаагийн алкалайнтай сайн батарей авч явбал зүгээр. Бас гар GPS-д нар мандах болон жаргах цагийг тооцоолох функц байдаг юм тэр функцыг ашиглахад зүгээр. Хол замд хоноглох газар, явах замаа тооцоолоод явахад их амар.

Суурин газар руу бүх зам нийлж ордог бол суурингаас гарахдаа маш олон салаад ийш тийш явдаг юм

- Хөдөө хээр GPS таны аминд орж байсан үе байдаг уу?

- Тийм үе байлгүй яахав. Геологич хүн хэдий туршлагатай ч GPS дээ найдахаас өөр аргагүй үе олон тохиолддог. Нэг удаа машины шатахуун дуусаад сумын төв рүү шатахуун авахаар явган явлаа. Очихдоо ч яахав зам дагасаар яваад оччихдог юм. Шатахуунаа авчихаад буцаад явсан чинь нэг их олон салаа тааралдаад аль замаар нь явахаа мэдэхээ байсан.

Учир нь суурин газар руу замууд цуглаж ордог бол суурингаас гарахад бүгд салаад явчихдаг юм байж. Тэгээд GPS-ээ асаагаад кэмп байрлаж байгаа цэгээ олоод тийш зүглээд явж байж машинаа олж байлаа. Би өмнө нь Кэмп байсан газраа GPS дээ сануулаад авчихсан байсан маань аминд орж билээ. Тиймээс ямарч үед GPS-дээ явсан газруудаа сануулаад явах хэрэгтэй юм билээ.

- Vнэтэй туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

- За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.