ЭХЭН ҮЕИЙН TOYOTA HARRIER
Манай энэ удаагийн тойм булангаар 2000 оны хар өнгөтэй Toyota Harrier орж байгаа юм. Harrier-ийг монголчууд унаж сурсан гэхэд болно. Эхний автомашинууд 2006 оноос монголд үзэгдэж эхэлсэн ба сүүлийн хэдэн жил нилээдгүй орж ирэн Mark II шиг яригдах болсон загваруудын нэг юм.
Тухайн үедээ японд маш их алдаршиж хит болсон түүхтэй ба дунд оврын жийп төрлийн автомашины дээд ангиллал байж болдог юм гэдгийг харуулсан загвар юм.
Үүний дараахнаас бусад компаниуд дуу дуугаа авалцан ийм төрлийн загвар луу хошуурцгаасан. Энэ үеийн Harrier-ууд нь 2.2 ба 3.0 гэсэн 2 төрлийн хөдөлгүүртэй. Манай булангаар орж байгаа нь 3.0 хөдөлгүүртэй дан урд хөтлөгчтэй нь.
Жолоодлого. 3 литрийн V6, VVT-i системтэй 4 хуваарилах голтой 24 клапантай хөдөлгүүртэй учраас хөдлөхөд хөнгөн, хурд авахдаа хурдан, педаль дээр нээх гишгүүлээд байхгүй. Явдал зөөлөнтэй, эргэлт тойруу дээр хазайх нь их учир хурдаа нилээн бууруулах шаардлагатай.
Дуу чимээний хувьд хөдөлгүүрийн дуу багатай боловч үндсэн рам байхгүй учир замаас ирэх дуу бусад суудлын жижиг автомашиныхтай адил. Дан урд хөтлөгчийн ачаар өнхрөлт сайтай. Тоормос гишгэх хүч бага шаарддаг.
Хотын нөхцөлд дан хөтлөгчтэй болохоор 13л/100км-т шулуун замд 9л/100км бензин идэж байлаа. 2.2- той нь 12 л иддэг түүнээс нээх ялгаа байхгүй юм шиг. V6 хөдөлгүүртэй 4WD загвар нь нилээн бензин иддэг 15 орчим, өвөл бол 18-20 идэх магадлалтай.
Харин руль дээрх араа доошлуулах ганц талын ажиллагаатай шилжүүлэгчтэй, уул нь дээш нь шилжүүлэх горимыг хийсэн бол зүгээр байлаа.
Тав тух. Салоны зайн хувьд хангалттай зайтай бөгөөд урд суудлыг хамгийн эцэст арагш болгосон байхад арын зорчигчийн өвдөг тулаад байхгүй, урд 2 суудлын хоорондох хайрцаг нам доор хийгдсэн түүгээр дамжаад хойш орчих боломжтой.
Урд суудал нь тусдаа тохойвчтой нь ядарсан үед гараа тавихад тохиромжтой, урд суудлын завсар хойд урд зорчигчийн ундааны тавиур хийсэн. Арын зорчигчийх хөндлөн биш уртаашаа дараалсан байрлалтай.
Хөгжмийн удирдлага ил боловч паарны удирдлага навигацийн дисплей дээр давхар гардаг учир эхлээд учрыг нь олж байж хөдлөхгүй бол явдал дунд оролдоход хэцүү байлаа. Жолоочийн суудал нь автоматаар тохируулдаг нь хялбар боловч бүрэн хэвтүүлсний дараа босгоход жаахан хугацаа хэрэгтэй. Арын суудлын түшлэг урагш унаж багаажны шалтай тэгширч овортой ачаа ачихад тохиромжтой. Хүн унтахад бол арай л богино.
Нөөц дугуй нь стандарт дугуйтайгаа адил. Ер нь SUV төрлүүд аваарын дугуй биш стандарт нөөц дугуйтай болсон байгаа.
Навигацийн систем, паарны удирдлага, радиог нэгтгэсэн дэлгэцтэй , зурагт гарахгүй. Нарны хаалттай шилэн люктэй. Арын зорчигчийн үлээгчийн нүх тэй. Гэхдээ урдахаас сул үлээнэ. Тээшний хэсэгт багаажны эвхдэг хаалт хийсэн байв энэ нь захиалгын тоноглолд ордог байх шүү.
Сэлбэгийн олдоц. Маш их зарагдсан тул хуучин машины задаргаа элбэг. Гэвч сүүлийн үед багасаад байгаа гэж дуулдсан, орж ирсэн явж байсан V6 хөдөлгүүр нь 3 сая 500 зуу орчим төгрөгийн үнэтэй. Харин 2.2 той нь арай хямд 2.5 саяаас. Амортизатор нь мөн л 250 орчим мянга.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд