ФИЗИК БА МАШИНЫ ХОЛБОО №220

Автомашины хөдөлгөөний үед олон хүч үйлчилдэг бөгөөд тэдний чиглэл ба хэмжээ машины жолоодлогын тогтвортой ба хөнгөн байх чанарт чухал нөлөө үзүүлдэг. Эдгээр хүч нь хурд ихсэх, гэнэт хурд авахуулах, тоормослох, эргэх хөдөлгөөний үед үүсдэг бөгөөд автомашиныг жолоодож явахдаа энэ аюултай хүчийг ихэсгэхгүй байхын тулд тэдгээр хүчний үйлчлэл чиглэл, ойролцоо хэмжээг жолооч мэдэж байх ёстой.

Автомашинд үйлчлэх хүчний нэг нь машин хөдөлж байгаа буюу зогсож байгаагаас хамаардаггүй, машины жингээр тодорхойлогддог хүндийн хүч юм.

  • Энэ хүч чанх доош чиглэсэн байх бөгөөд машины дугуйг зам руу шахаж байдаг.
  • Тэнцүү үйлчлэх энэ хүч хүндийн төвд  байрлана. Тэнцүү үйлчлэх хүндийн хүчнүүдийн үйлчлэх тэр оноосон цэгийг хүндийн төв гэнэ.

Машины жин тэнхлэгүүдэд  хуваарилагдах явдал хүндийн төвийн байрлалаас хамаарна. Хүндийн төв аль нэг тэнхлэгт ойр байрласан байвал тэр тэнхлэгт төдий чинээ их ачаалал орно. Ачаагүй ачааны машинд тэнхлэгүүдэд очих ачаалал ойролцоогоор урд тэнхлэгт 40%, хойд тэнхлэгт 60%, харин ачаатай бол тухайн харгалзсан тэнхлэгүүдэд  очих ачаалал ойролцоогоор тэнцүү байна.

Хүндийн төв машины зөвхөн дагуу голчид төдийгүй , өндөртэй хамаарах бөгөөд тэр нь машины залагдах ба тогтвортой чанарт онцгой нөлөөтэй байдаг.

  • Хүндийн төв хэдий чинээ дээр байрласан байвал, машины тогтвортой чанарт төдий чинээ муу байдаг.
  • Хэрэв машин тэгш гадаргуу дээр байгаа бол хүндийн хүч чанх доошоо чиглэсэн байна. Налуу гадаргуу дээр байгаа бол хүндийн хүч 2 хүч болон задарна. Нэг нь дугуйг замын гадаргуу руу шахах, нөгөө нь  замын хэвгийгээс хамаарч машиныг дагуу буюу хөндлөн хавтгайд чиглэн онхолдуулахыг эрмэлзэнэ. 
  • Машины хүндийн төв хэдий чинээ дээр, налуугийн өнцөг хэдий чинээ их байвал, машин тогтвортой чанараа төдий чинээ түргэн алдаж онхолдож болно. Хөдөлгөөний үед хүндийн хүчнээс гадна өөр хүчнүүд үйлчилдэг бөгөөд тэдгээрийг давахын тулд хөдөлгүүр чадал зарцуулна. Үйлчлэх хүч нь :
Налуу гадаргуу дээр байгаа бол хүндийн хүч 2 хүч болон задарна
Налуу гадаргуу дээр байгаа бол хүндийн хүч 2 хүч болон задарна
  • Өнхрөлтийн эсэргүүцлийн хүч нь дугуй ба замд хэв гажилт үүсгэх, дугуй замтай үрцэлдэх, дугуйн эргэвч ба бусад эсэргүүцэлийг давахад зарцуулагдана. Энэ хүч хөдөлгөөний эсрэг чиглэсэн байдаг.
  • Өгсүүрийн эсэргүүцлийн хүч нь машины жин, өгсүүрийн өнцгөөс хамаарах бөгөөд хөдөлгөөний эсрэг чиглэнэ.
  • Агаарын эсэргүүцлийн хүчний хэмжээ нь машины хэлбэр (агаартай тулах-мөргөлдөх талбай) хөдөлгөөний хурд ба агаарын нягтралаас хамаарах бөгөөд хөдөлгөөний эсрэг чиглэнэ.
  • Төвөөс зугтаах хүч нь: машин эргэх хөдөлгөөн үйлдэж байгаа үед үүсэх бөгөөд эргэлтийн төвөөс радиусын дагуу чиглэнэ.
Төвөөс зугатах хүч
Төвөөс зугатах хүч
  • Хөдөлгөөний инерцийн хүчний хэмжээ автомашиныг давших хөдөлгөөнд оруулж , түүнийг хурдлуулахад шаардагдах хүч, машины эргэх эд ангиудын өнцөг хурд авахад шаардагдах хүчнээс бүрдэнэ. Хөдөлгөөн хурдсаж байгаа үед инерцийн хүч хөдөлгөөний эсрэг, хурдатгал буурч байгаа үед хөдөлгөөний дагуу чиглэсэн байна.
  • Машины дугуй замын гадаргуутай хангалттай авцалдсан үед л машин хөдлөх болно. Хэрэв авцах хүч хангалтгүй (хөтлөх дугуйн татах хүчний хэмжээ бага) бол дугуй хий эргэнэ.
  • Замтай авцах хүч нь хөтлөх дугуйд очиж байгаа машины жин ба авцах коэффициентоос хамаарна. Авцах хүчинд замын байдлын нөлөөллийг тодорхойлохын тулд авцах коэффициент гэж байдаг бөгөөд машины хөтлөх дугуйн авцах хүчний хэмжээг хөтлөх дугуйд оногдох машины жинд хувааж тодорхойлно.
  • Авцах коэффициент нь дугуйн мөрийн хээ, түүний элэгдлийн зэрэг, дугуйн хийн даралт, хөдөлгөөний хурд, замын хучлагын төрөл түүний байдлаас хамаарах бөгөөд түүний хэмжээнээс хамаарна.

Усан хээтэй дугуйн авцах коэффициент, туулах чадвар өндөртэй машины дугуйн хээг бодвол их байдаг. Элэгдсэн мөөртэй дугуйн авцах коэффициент буурсан байдаг. 

  • Үйлдвэрлэсэн заводоос заасан хэмжээний даралттай дугуйн авцах коэффициент туйлын их юм. Асфальт бетон хучлагатай замын гадаргууг тоос, нойтон шавар бүрхсэн бол хучлага үүсэж авцах коэффициент эрс буурна.
  • Цаг агаарын халуун нөхцөлд асфальтбетон замын гадаргууд битум ялгарч тослог үе бий болсноос авцах коэффициент буурна. Энэ коэффициент замын байдлаас хамаарч 10 дахин буурч болно. Хуурай асфальтбетон замд тэр нь 0.3 тай тэнцүү байснаа гулгамтгай замд 0.08 хүртэл буурч байна.

Дугуйн замтай авцах коэффициент хөдөлгөөний хурд нэмэгдэхэд буурна. Асфальтобетон хучлагатай замд хөдөлгөөний хурд 30-аас 60 км/ц хүртэл нэмэгдэхэд авцах коэффициент 0.15-аар буурна. Их биш авцах коэффициенттэй замд машиныг жолоодож яваа үед аюул тулгарч болох учир жолооч машинаа шаардагдсан тухайд зогсоож чадах хурдтай болтол бууруулсан байх ёстой.

Авцах коэффициент хэдий чинээ их байвал машиныг нэлээд эрчимтэй хурд авахуулах буюу тоормосолж болно.

Дугуйн замтай авцах коэффициент хөдөлгөөний хурд нэмэгдэхэд буурна.
Дугуйн замтай авцах коэффициент хөдөлгөөний хурд нэмэгдэхэд буурна.

Автомашин замаар жигд, жигд биш (хүч авахуулах буюу тоормослох) хурдтай явна. Жигд хурдтай үед нэгж хугацаанд машин адил хэмжээний замыг туулна. Машины хөтлөх дугуйг эргэлтэд оруулах, хүч дамжуулах ангийн механизмуудын үрэлтийн эсэргүүцлийн хүчийг туулахад хөдөлгүүр чадал зарцуулна.

Хэрэв хөтлөх дугуйг эргүүлж байгаа хүчлэлийн хэмжээ, хөдөлгөөнийг эсэргүүцэх нийлбэр хүчнүүдээс их байвал , зүтгэх хүчийг бий болгож, машин хурдатгалтайгаар хөдлөх, өөрөөр хэлбэл хүч авна.

Хурдатгал гэж

Нэгж хугацаан дахь хурдны өөрчлөлтийг хэлнэ. Хэрэв зүтгэх хүч хөдөлгөөний эсэргүүцлийн хүчтэй тэнцүү байвал автомашин хурдатгалгүй жигд хурдтай явна.

  • Хөдөлгүүрийн чадал хэдий чинээ их, харин эсэргүүцэл нийлбэр хүчний хэмжээ бага байвал хурдатгал төдий чинээ өндөр байх бөгөөд машин тухайн хурданд түргэн хүрнэ.
  • Түүнээс гадна машины хурдатгалд хурдны хайрцаг, ерөнхий дамжуулгын дамжуулах тоо, дамжуулгын тоо ба машины хэлбэр дүрс нөлөөлнө.
  • Машин жолоодож яваа үедээ гэнэт хөдлөх буюу огцом хурдатгал өгөх явдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Учир нь зорчигчид хойшоо ханарах, тэднийг гэмтээх, ачаа гулсах буюу унаж болно.
  • Байрнаасаа гэнэт хөдлөх буюу хурдатгал өгөхөд дугуй хий эргэх, түүнээс болж хажуу тийшээ шарвах, резин дугуй ба тулгуур  эд ангийн элэгдэл нэмэгдэнэ.

Хөдөлгөөний үед тодорхой хэмжээний кинетик эрчим хүчний нөөц хуримтлагдаж машин өөрөө инерцтэй болно. Дээр үед автомашины механизмууд механик бүтэцтэй байхад хөдөлгүүрийг унтраасан хойно инерцээрээ хэсэг хугацаанд явахыг өнхрөх (шааригдах гэж ярьдаг) гэдэг.

Түлш хэмнэхийн тулд өнхрөлтийг ашиглаж болдог байсан. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрийг унтраахад жолооны механизм, тоормосны систем ажиллагаагүй болдог учир явдал дунд хэрхэвч унтрааж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Тоормос хэдий чинээ найдвартай, сайн байвал хөдөлж байгаа машиныг төдий чинээ хурдан зогсоож болох бөгөөд хэдий чинээ их хурдтай явж байвал машины хөдөлгөөний дундаж хурд төдий чинээ их байна.

Машины хөдөлгөөний үед хуримтлагдсан кинетик эрчим хүч тоормослох үед замхарна. Тоормослоход агаарын эсэргүүцэл, өнхрөлтийн эсэргүүцэл ба өгсүүрийн эсэргүүцлийн хүч тусална. Уруу замд өгсүүрийн эсэргүүцэл байхгүй ба хүндийн жингээс бүрдэх машины инерц нэмэгдэх учир тоормослохыг хүндрүүлнэ.

  • Тоормослох үед дугуй ба зам хоёрын хооронд татах хүчний эсрэг чиглэсэн тоормослох хүч үүснэ.
  • Тоормослох нь тоормослохын ба авцах хүчний харьцаанаас хамаарна. Хэрэв дугуйн замтай авцах хүч тоормослох хүчнээс их байвал машины хөдөлгөөн удааширна.
  • Хэрэв тоормосны хүч авцах хүчнээс их байвал дугуй зам дээгүүр гулсана.
  • Анхны нөхцөлд тоормослоход дугуйн эргэлт аажим бууран өнхөрч байх ба машины кинетик эрчим хүч дулааны эрчим хүч болон хувираад тоормосны диск ба накладыг халаана.
  • Хоёр дахь нөхцөлд дугуй эргэхээ больж зам дээгүүр гулсана. Иймээс кинетик эрчим хүчний ихэнх хэсэг дугуй зам хоёрын хооронд үрэлтийн дулаан болж хувирна.
  • Тоормослогдон эргэхээ больсон дугуйтай машины авцах чанар муудаж тоормосны зам нь нэн ялангуяа гулгамтгай (халтираатай) замд нэмэгдэж, резин дугуйн элэгдэл ихэснэ.

Дугуйн дээр оногдох ачаалал дугуйн тоормослох хүч хоёр пропорционал байвал тоормослох хамгийн их хүчийг ашиглаж болно.

Хэрэв тийм пропорционал байхгүй бол тоормослох хүчийг аль нэг дугуйд ашиглаж чадахгүйд хүрнэ.

  • Тэнхлэг дээрх жин янз бүр байдаг учир дугуй бүрт очих тоормослох хүч адилгүй байх хэрэгтэй.
  • Одоо байгаа хийцийн автомашинуудын урд, хойд тэнхлэгүүдийн дугуйн тоормослох хүчийг шингэн дамжуулгатай тоормосонд ажлын цилиндрүүдийн голчийг янз бүрийн хэмжээтэй хийснээр буюу хийн дамжуулгатайд тоормосны хоргын шилбэний уртыг өөрчилснөөр тогтмол харьцаатай байлгана.

Машиныг жолоодож явахдаа тэнхлэгүүдэд очих ачаалал өөрчлөгдөж болохыг жолооч тооцох хэрэгтэй. Ачааны машинд овор ихтэй ачааг ачихад , бага овор багатайнхаасаа хүндийн төв нь дээгүүр байдаг. Уруудаж явахад хүндийн төв нь урагшаа байх ба тоормослох үед урд тэнхлэгт нэмэгдэл ачаалал ирж онхолдож болзошгүй юм.

Савыг (цистерн) бүрэн дүүргээгүй шингэн ачаа нь аюултай байдаг. Учир нь тоормослох үед шингэн урагш шилжин (цацагдан) урд тэнхлэгийн ачааллыг нэмэгдүүлнэ. Огцом тоормосолсон үед зорчигчдыг урагш ханаруулах, тэднийг бэртээх, татлагагүй ачаа урагш гүйж тэвшний урд хашлагыг гэмтээж болно.

Тоормосны үр нөлөөг нь тоормосны зам, удаашралын хэмжээгээр тодорхойлно. Тоормосны зам гэж машины тоормосолж эхэлснээс бүрэн зогсох хүртэл явсан замын уртыг хэлнэ. Машины удаашрал гэж нэгж хугацаанд машины хурд буурах хэмжээг хэлнэ. Хуурай хучлагатай тэгш замд  30 км/ц хурдтай яваа ачаагүй машинаар тоормосны үр нөлөөний эдгээр үзүүлэлтийг шалгана.

Жолооч бүх хүчин зүйлийг нарийн тооцсоноор хөдөлгөөнийг аюулгүйгээр үйлдэж болох бөгөөд тэр нь машины тоормосноос хамаарна. Энэ үед үндсэн хүчин зүйл нь жолоочийн ажиллагаа , замын нөхцөл юм.

Хурдыг бууруулсны дараа тоормосны дөрөөн дээр зөөлөн дарж тоормослох хэрэгтэй. Ингэж тоормослохыг ердийн гэж хэлдэг. 

Хэрэв машины ойролцоо аюул тулгарч байвал удаашруулалгүй шууд аюулаас хамгаалж огцом тоормосолно. Энэ үед бодох ба бэлтгэх хугацаа жолоочид байхгүй ба бага хугацаанд машиныг зогсоох арга хэмжээг авсан байвал зохино.

Машины бүрэн зогсох замыг хэд хэдэн хэсэгт хуваана. Жолоочийн самбаачлах хугацаанд явсан зам, тоормос ажиллаж эхлэх хүртэл явсан зам, тоормосолж эхэлснээс бүрэн зогсох хүртэл явсан зам болно. Жолооч аюулыг ажигласнаас машины бүрэн зогсох хүртэл явсан зам болно. Хөдөлгөөний хурдыг тооцоонд оруулахдаа км/ц-ийг м/сек болгоно. Үүний тулд хөдөлгөөний хурдны км/ц-ийг 3.6-д хуваана. Ингэхэд 30 км/ц хурд нь 8.33 м/сек-тэй тэнцэнэ. (30/3.6)

Жолооч аюулыг ажигласнаас машины бүрэн зогсох хүртэл явсан зам болно
Жолооч аюулыг ажигласнаас машины бүрэн зогсох хүртэл явсан зам болно

Машины тоормосны удаашруулах чанарыг деселерометрээр хэмжинэ.

Автомашины залагдах чадвар нь залуурыг эргүүлэхэд хөдөлгөөнийхөө чиглэлийг хялбар өөрчилөх, тухайн чиглэлд тортвортой байх чадвар юм. Машин явж байх үед залах дугуй өөрөө хайвганахгүй шулуун хөдөлгөөний үед түүнийг хүчээр барихгүй байх явдал маш чухал юм.

Автомашинд шулуун хөдөлгөөний чиглэлд залах дугуйг тогтвортой байлгах арга хэмжээг авсан байдаг. Тэр нь эргэх нударганы хурууны хөндлөн ба дагуу налуу байрлалаар хангагдана. Эргэх нударганы хурууг эргэх нударганы хамт эргүүлэхэд түүнийг буцааж анхны байдалд оруулахаас (шулуун хөдөлгөөний чиглэлд) ямагт хялбар биш байдаг.

Жолооны хүрдийг зохих шулуун замын хөдөлгөөний чиглэлд буцаахад машины жин дугуйг эргүүлэхэд тусалж жолооч жолооны хүрдийг бага хүчээр эргүүлнэ. Мөн тэрчлэн хийн даралт багатай резин дугуй тогтворжуулах чадвартай байдаг учир эргэх нударганы хурууны налуу өнцөг бага буюу өнцөггүйгээр хийгдсэн байдаг.

Гэвч машинд хийн даралт багатай резин дугуй тавьсан үед хөндлөнгийн хүчний нөлөөнд резин дугуй матийж, дугуй хажуу тийшээ (жолоо булаах гэж ярьдаг) зүтгэдэг. Энэ үед дугуй хажуу тийшээ шилжинэ.

Урд тэнхлэгийн дугуйнууд адил өнцгөөр жолоог булаах бөгөөд дугуйн эргэлтийн өнцөг нэмэгдэнэ. Харин хойд тэнхлэгийн дугуйны эргэлтийн өнцөг багасна. Хойд дугуйн булаах өнцөг урд дугуйныхаас их байвал онцгой мэдэгдэж хөдөлгөөний тогтвортой байдал алдагдан машин хавагнаж эхэлдэг бөгөөд жолооч хөдөлгөөний чиглэлд байнга залах хэрэгтэй болдог.

  • Машины залагдах чадварт булаах үзэгдэлийн нөлөөг багасгахын тулд урд дугуйн хийн даралт, хойд дугуйнхаас зохих хэмжээгээр бага байх ёстой. Машинд үйлчилж байгаа хажуугийн хүч хэдий чинээ их байвал дугуй булаах явдал төдий чинээ их байна. Жишээ нь огцом эргэлтэнд их хэмжээний төвөөс зугатах хүч бий болно.
  • Машины залагдах чадвар жолооны байдлаас хамаарна. Хөдөлгөөний үед жолооч залуурыг гараасаа салгалгүй барьж байх хэрэгтэй. Хэрэв залуур их хүчээр эргэж байвал жолооч түргэн ядарч машины бага зэргийн хэлбэлзлийг мэдрэхээ больж эхлэх ба эргэлтийн өнцөг алдагдаж хөдөлгөөний аюулгүй байдалд занал учруулж болно.
  • Урд дугуйн булны эргэвчүүдийн тохируулга алдагдах, жолооны механизм, түүний дамжуулгын залгааснуудад ихээхэн холхио үүсэх, урд дугуйн тавилт буруу буюу тохирохгүй хэмжээтэй дугуй тавьсан зэргээс машины залагдах чадвар нэлээд хэмжээгээр муудна.
  • Машины хөдөлгөөн нь янз бүрийн маневарлах үйлдлийг гүйцэтгэхтэй салшгүй холбоотой байдаг. Эргэх үед машинд төвөөс зугтаах хүч үйлчилдэг бөгөөд энэ үед машины тогтворт чадвар алдагдаж жолооч шулуун хөдөлгөөний үеийнхээс илүү хүч зарцуулна. Машин хэдий чинээ урт , эргэлт хэдий чинээ огцом байвал туулах өргөн төдий чинээ их байх ёстой.
  • Жолооны трапец байгаа учраас урд дугуйнууд адилгүй өнцгөөр эргэн гулсахгүйгээр өнхөрч байдаг. Хэрэв хойд дугуй урдахынхаа мөрөөр өнхөрдөг гэж бодвол эргэлтийн төвөөс хойд тэнхлэгийн дунд цэг хүртэлх хэмжээг эргэлтийн радиус гэж тооцно.
  • Эргэлтийн төвөөс машины хамгийн урд захын цэг хүртэлх зайг эргэлтийн гадна радиус , эргэлтийн төвөөс хойд тэнхлэгийн хамгийн ойрын цэг хүртэлх хэмжээг эргэлтийн дотор талын радиус гэж нэрлэнэ.
  • Эргэлтийн хамгийн бага радиусын хэмжээ урд дугуйн хамгийн их эргэлтийн өнцгөөс хамаарах бөгөөд тэр нь машин бүрт адилгүй, суудлын машиных, ачааны машиныхаас их байна.
  • Чиргүүлтэй машины нэвтрэх өргөн эргэлтийн үед арай их байх ёстой. Энэ нөхцөлд эргэлтийн дотор талын радиусыг хамгийн сүүлийн чиргүүлийн ойрын цэг хүртэл хэмжинэ. Эргэхэд машины хүндийн төвд тулгуурласан төвөөс зугтаах хүч үүснэ. Энэ хүч эргэлтийн төвөөс радиусын дагуу чиглэнэ. Түүнийг хоёр хүч болгон задлах ба тэдний нэг нь машины тэнхлэгийн дагуу , нөгөө нь хөндлөн чиглэлд чиглэж машиныг онхолдуулах буюу шарвуулахыг эрмэлзэнэ.
Эргэлтийн радиус
Эргэлтийн радиус

Жин, хурд хэдий чинээ их , эргэлтийн радиус бага байвал төвөөс зугтаах хүчийг бүрдүүлэгч хажуугийн хүч төдий чинээ их байх бөгөөд машины эргэх үеийн тогтворт байдал тааруухан байна.

Машин урагшаа явж байх үед хойд дугуй нь хажуу тийшээ гулсахыг шарвалт гэнэ. Шарвалт зарим үед машиныг босоо тэнхлэгийн эргэн тойронд эргэлдүүлж болно.

Хэрэв залах дугуйг огцом эргүүлбэл инерцийн хүч, дугуй замтай авцах хүчнээс давж, машины дугуй өнхрөхгүй түрэгдэж болох бөгөөд ялангуяа гулгамтгай замд ихээхэн тохиолдоно.

Баруун зүүн талын дугуйн харилцан адилгүй татах хүч өгснөөс эргүүлэх хүч бий болж шарвуулна. Нэг голд байгаа дугуйнуудад очиж байгаа тоормослох хүч жигд биш, баруун зүүн талын дугуйнууд замтай адил биш хэмжээгээр авцах буюу ачааг машины дагуу тэнхлэгт буруу (хазгай) байрлуулах нь шарвах үндсэн шалтгаан болно. Эргэх үед тоормослоход хажуугийн хүчинд дагуугийн хүч нэмэгдэн шарвалтыг саатуулах авцах хүчийг хэт ихэсгэж машиныг шарвуулах шалтгаан болж болох юм.

Шарвах
Шарвах

Машин шарвахыг зогсоохын тулд тоормослохыг шууд больж арааг салгалгүйгээр шарвасан тал руу дугуйг эргүүлнэ.

  • Шарвалт зогсохын хамт нөгөө тийш нь дахин шарвуулахгүйн тулд дугуйг тэгшилнэ. Ихэнхдээ нойтон буюу мөстсөн зам дээр огцом тоормослоход шарваж болно.
  • Их хурдтай явж байгаа үед онцгой шарвадаг тул гулгамтгай буюу мөстсөн зам , мөн тэрчлэн эргэхдээ тоормос хэрэглэхгүйгээр хурдыг сааруулах хэрэгтэй.
  • Машины хөдөлгөөний үед инерцтэй байдаг бөгөөд эргэж эхлэх агшинд төвөөс зугтаах хүчнээс гадна төвөөс зугтаах хүчтэй адил чиглэлтэй, хажуугийн нэмэгдэл хүч (инерцийн хүчийг бүрдүүлдэг) үүснэ.
  • Их хурдтайгаар орцом эргэх үед нийлбэр хүч (инерцийн ба төвөөс зугтаах хүч) машиныг онхолдуулахад ч хүргэж болох юм.
  • Машины дугуйн мөр хоорондын зай хэдий чинээ бага, хүндийн төв хэдий чинээ өндөрт байвал тэр нь онхолдох аюулд хялбархан өртөнө.
  • Ихэнх нөхцөлд машин онхолдох нь дор дурдсан шалтгаанаас үүснэ.
    1. Их хурдтай явахад огцом эргэх
    2. замын байдал муу, түүний налуу эргэлтийн эсрэг тал руу чиглэсэн байх
    3. чулуу буюу бусад саадыг дугуй мөргөөд шарвалт гэнэт зогсох
    4. их хурдтай яваа үед залуурыг огцом эргүүлэх
    5. тэвшинд ачаа жигд биш байрлах, буюу эргэлтийн үед ачаа гулсах, онхолдохоос сэргийлэхийн тулд замын аюултай хэсэгт хурдыг бууруулах, залуурыг зугуухан эргүүлэх , зөөлөн тоормослох, машины ачааны тэвшинд ачааг жигд байрлуулах, татлагыг (бэхэлгээг) сайтар татах хэрэгтэй.
Замын аюултай хэсэгт хурдыг бууруулж эргэх хэрэгтэй
Замын аюултай хэсэгт хурдыг бууруулж эргэх хэрэгтэй

Машины туулах (гатлах) чадвар гэж муу зам, замгүй нөхцөлд явах, замд тохиолдох янз бүрийн саадыг туулж чадах чадварыг хэлнэ. Туулах чадварыг ганхалтын эсэргүүцлийг давах чадвар (дугуйн дахь татах хүчийг ажиглаж), тээврийн хэрэгслийн оврын хэмжээс, замд тохиолдох саадыг туулах чадвараар нь тодорхойлно.

Туулах чадварыг тодорхойлох үндсэн үзүүлэлт нь хамгийн их татах хүч ба хөдөлгөөний эсэргүүцлийн хүчний харьцаа юм. Ихэнх нөхцөлд дугуйн замтай авцах хүч хангалтгүй, иймээс ч хамгийн их татах хүчийг ашиглаж болдоггүйгээр машины туулах чадвар хязгаарлагдана. Замын хөрсөөр машины туулах чадварыг дүгнэхдээ авцах жингийн коеффициентийг ашиглах бөгөөд түүнийг хөтлөх дугуйнуудад ирж байгаа жинг машины нийт жинд (бүтэн жинд) хувааж тодорхойлно.

Чиргүүлийг хэрэглэсэн үед авцах жинг өөрчлөөгүй байхад чиргүүлтэй машины нийт жин нэмэгдсэнээс туулах чадвар эрс буурна.

Резин дугуйн зам дээр дарах хувийн даралт, түүний мөрний хээ хөтлөх дугуйн замтай авцах хэмжээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Хувийн даралтыг дугуйд оногдож байгаа жинг резин дугуйн дарсан талбайд хувааж тодорхойлно. Хэвийн хувийн даралт бага байвал хөвсгөр хөрсөнд машины туулах чадвар арай илүү сайн байдаг.

Хатуу ба халтираатай замд хувийн даралтыг их байлгаж туулах чадварыг дээшлүүлнэ. Бүдүүн хээтэй резин дугуй зөөлөн хөрсөнд их талбайгаар дарж хувийн даралт багатай байна. Харин хатуу хөрсөнд бага талбайгаар дарж хувийн даралт нэмэгдэнэ.

Зөөлөн буюу намагтай хөрсөн дээгүүр явахын тулд их талбайд дарж хувийн даралт багатай байдаг нуман огтлолтой резин дугуйг, тэрчлэн дугуйн хийн даралтыг тохируулдаг тийм автомашиныг хэрэглэнэ.

Урд ба хойд дугуйн мөр хоорондын өргөн янз бүр байх явдал машины туулах чадварт нөлөөлнө. Урд ба хойд дугуйн мөр хоорондын өргөн адил байвал урд дугуйн зам гаргасан мөрөөр хойд дугуй өнхөрдөг учир тэдний ганхалтын эсэргүүцэл багасаж, хойд дугуй сууж болох намгархаг газраас бусад замд машины туулах чадвар дээшилнэ.  

Машины туулах чадварыг оврын хэмжээгээр тодорхойлохдоо дагуу туулах радиус, хөндлөн туулах радиус, машины хамгийн доод цэг зам хоёрын хоорондох хамгийн бага зай, урд ба хойд туулах өнцөг (орох ба гарах өнцөг) хэвтээ туулах радиус, машины оврын хэмжээ, хүндийн төвийн өндөр зэрэг үзүүлэлтийг авч үздэг.

Бүдүүн хээтэй резин дугуй зөөлөн хөрсөнд их талбайгаар дарж хувийн даралт багатай байна
Бүдүүн хээтэй резин дугуй зөөлөн хөрсөнд их талбайгаар дарж хувийн даралт багатай байна

Машины хамгийн доод цэг замын гадаргуу хоёрын хоорондох хамгийн бага зайгаар машин шүргэхгүйгээр тэгш биш гадаргууг нэвтрэх явдлаар туулах чадварыг тодорхойлно. Техникийн тодорхойлолтод эдгээр тоо, баримтыг ачаатай машиныхаар заасан байна.

Урд ба хойд туулах өнцгийг янз бүрийн саадыг шүргэхгүй өнгөрөх, орох ба гарах хамгийн их өнцгөөр тодорхойлно.

  1. Залах дугуйн хамгийн их эргэлтийн үе дэх хэвтээ хавтгайн туулах чадварын радиусыг машин явж болох тахирласан ба эргэсэн замын өргөнөөр хэмжинэ.
  2. Өргөн, өндрөөрөө машин нэвтэрч болох хамгийн бага хязгаарлагдмал орчныг машин техникийн тодорхойлолтод заасан оврын хэмжээгээр тодорхойлно.
  3. Хүч авахуулах буюу тоормослох, машин хазайх үед дугуйнуудад хүч дахин хуваарилагдахад болон машины тогтворт байдалд, хүндийн төвийн өндөр нөлөөлнө.

Замд тохиолдох суваг, шуудуу, дов, бут зэрэг саадыг давж өнгөрөх чадвар бол машины туулах чадварыг тодорхойлох чухал үзүүлэлт юм.

  • Хөтлөх дугуй нь хөтлөгдөхийг бодвол саадыг илүү сайн туулдаг. Хөтлөгдөх дугуй сааданд тулж, түүнийг туулахын тулд хэвтээ хавтгайн түлхэх хүчээр босоо хавтгайн ачааллыг давах хэрэгтэй болдог. Хөтлөх дугуй нь авцах хүч ба мөрний хээний хүчээр замаас дээш гарсан саадан дээгүүр давж өнхөрдөг.
  • Бүх дугуй нь хөтөлдөг машин саадыг хялбар туулдаг. Тийм машинд бүх дугуй нь саадыг хялбар туулан өнгөрөх, нэг голын хөтлөх дугуй нь нөгөө голынхдоо тусална.