ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛДАА БЭЛЭН ҮҮ? №02

Анхны цас орж өвлийн улирал хаяанд ирлээ. Энэ удаагийн дугаарт өвөл автомашин дахь амьдралаа аз жаргалтай өнгөрөөхөд тань туслах зөвлөгөөг 3 алхамт зөвлөгөөг шинэхэн гарсан CARDOCTOR сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ өвлийн дугаараас (энд дарж сэтгүүлийг бүрэн эхээр нь уншаарай) хүргэж байна.

Эхний алхам бол АВТОМАШИНЫ БЭЛТГЭЛ юм. Автомашины бэлтгэл бүлэгт жолооч өөрөө хийх боломжтой энгийн хяналтын үзлэгийг манай инженерүүд танд зөвлөх юм. Харагдахгүй бол зураг дээр нь дарж томсгож үзээрэй.

4. Аккумлятор

Дараах тохиолдол нь аккуммуляторын хувьд хамгийн хүнд хэрэглээнд тооцогддог.

  • Нэмэлт цахилгаан хэрэгсэл олон тоогоор суурилуулсан.
  • Ойр зайд эсвэл цөөн давтамжтайгаар автомашинаа хэрэглэдэг.

Аккумлятор нь хөдөлгүүр асаж байж цэнэглэгддэг. Дээрх байдлаар автомашинаа хэрэглэвэл аккумулятор тань явдал дунд бүрэн цэнэглэгдэж амждаггүй. Энэ нь аккумлятор суух хамгийн том нөхцөлийг бүрдүүлдэг. Цастай орой, замын бөглөөнд, агааржуулагч, шил арчигч, гэрэл, хөгжим гэх мэт бүх цахилгаан хэрэгслээ ажиллуулаад явж ирсний дараа аккумуляторынхаа цэнэгийг шалгаж байгаарай.

Сүүлийн үеийн аккумуляторууд өөр дээрээ индикатортай байх нь элбэг учир танаас их хэмжээний цаг зав, мэдлэг шаардахгүй болсон. Уг индикатор нь аккумуляторын батарейн цэнэг болон шингэний төвшинг мэдээлдэг.

Аккумуляторын баттерэй 75% хүртэл цэнэгтэй болох үед үрэл ховилоор дээш хөвснөөр индикаторын цонхоор ногоон өнгийн дугуй толбо харагддаг (баруун). Цэнэг хангалттай хэмжээнд хүрээгүй үед үрэл доошлон ногоон толбо харагдахаа больдог.

Харин аккумуляторын баттерэйн шингэний төвшин хэвийн хэмжээтэй байгаа үед цонх бараан өнгөтэй болж харагддаг (дунд).

Шингэний төвшин багассан тохиолдолд цонхоор ямар нэгэн өнгийн зүйл харагдахаа больж цагаан өнгөтэй болно (зүүн). Энэ үед аккумуляторын баттерэйд зөвхөн нэрмэл ус нэмэхэд хангалттай.

Аккумулятор яагаад хөлддөг вэ?

Өвлийн хүйтэнд автомашиныхаа аккумуляторыг цэнэггүй болтол нь суулгачхаад маргааш болъё эсвэл хүнээр холбуулж асаах хүртэл орхих гээд аккумулятор оо үл тоомсорлон хүйтэнд удаан хугацаагаар орхичихдог.

Мөн аккумулятор зардаг газрууд баталгаа өгөхдөө цэнэггүй болтол нь битгий дараарай гэдэг. Хэрвээ цэнэггүй болсон тохиолдолд тийм ч олон удаа уяж цэнэглэхийг зөвшөөрөөд байдаггүй. Тэгвэл энэ бүгдийн учрыг энгийн үгээр тайлбарлая.

Бидний сайн мэдэх аккумуляторын доторх шингэн буюу хүхрийн хүчил нь ус агуулсан байдаг. Цоо шинэ бүрэн цэнэгтэй аккумуляторын хүхрийн хүчил дэх усны хэмжээ 1.25-1.40 кг/л байдаг бөгөөд шингэний хөлдөх градус дунджаар -75 хэм байдаг.

  • Тэгэхээр эндээс дүгнэхэд аккумулятор хэр баргийн хүйтэнд хөлдөөд байдаггүй юм байна. Харин ямар тохиолдолд хөлдөөд байдаг вэ гэхээр аккумулятор цэнэггүй болсон үед юм. Учир нь цэнэггүй үед хүхрийн хүчил дэх усны агууламж ихэсдэг тул бага температурт хөлдөлт явагдаж эхлэн улмаар аккумулятор бүрэн хөлдөж гадна хайрцаг тэлж бөмбийдөг. Үүний дараа хэчнээн удаан цэнэглэвч аккумулятор цэнэгээ маш хурдан алддаг болох ба нэг ёсондоо насгүй болдог байна.

Тиймээс аккумуляторыг бүрэн цэнэггүй болтол автомашины стартерыг дарахгүй байх, дараад бүрэн суулгасан үед гадаа хүйтэнд орхихгүй байх, яаралтай цэнэглэх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол таны үнэтэй авсан эд хөрөнгө хүйтрэх градусын тоогоор салхинд хийсчих вий. Тиймээс аккумулятор оо зөв хэрэглэж заншаарай. Автомашин асахгүй үед хамгийн зөв шийдэл нь дулаан гараашид чирч гэсгээх байдаг юм шүү гэдгийг байнга санаарай. Харин өглөө автомашин асаах гэхэд автомашин асахгүй аккумулятор суусан байвал юуны түрүүнд жанамын гаралтаа шалгуулах, автомашинд нууц хэрэглэгч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж байгаарай.

5. Хөдөлгүүрийн тос

  • Хөдөлгүүрийн тосыг шалгахдаа хөдөлгүүрээ асаахаасаа өмнө эсвэл унтрааснаас хойш 3 минутын дараа шалгаж байгаарай.
  • Хөдөлгүүрийн тосны шупэн дээрх MIN MAX тэмдэглэгээний хооронд тосны түвшин байгаа эсэхийг л шалгахад хангалттай.

Хялбар байгаа биз? Шалгахдаа эхлээд шупээ сугалан сайтар арчин буцааж хийнэ. Дахин сугалж тосны хэмжээг шалгаарай. Тосоо хэрхэн сонгох вэ? Хөдөлгүүрийн тос нь хэд хэдэн төрөл байдаг, тоо болон бичээснүүд нь ямар учиртай вэ гэдгийг бид мэддэг болсон. Гэхдээ яг өөрийнхөө автомашинд ямар суурьтай тос сонгох вэ гэдэг талаар зөвлөе.

Энэ нь юу вэ гэхээр 0W20, 5W30, 10W30 сонгох гэдэг бол дараагийн асуулт бөгөөд эхлээд чухам ямар аргаар боловсруулсан тос авах вэ гэдгийг сонгох нь чухал ба түүний дараа түүн дотроо өвлийнх үү зуных уу гэдгээ сонгох хэрэгтэй юм. Хамгийн эхний алхам бол хөдөлгүүрийн тосны химийн бүтцийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

  • Минерал тос, Сайжруулсан минерал тос, Хагас синтетик тос, Бүтэн синтетик тос гэсэн 4 суурь бүтэцтэй байдаг. Минерал тос нь үнэ хямдтай, бага температурт ажилладаг, исэлдэх нь бага, зууралдамтгай чанартай байдаг. Сайжруулсан минерал тос нь зууралдамтгай чанар багатай гэсэн сул талтай боловч шатахуун зарцуулалтыг багасгах, ашиглалтын явц дахь хорогдол бага гэсэн үзүүлэлттэй бөгөөд голдуу энгийн суудлын автомашины хөдөлгүүрт зориулагдсан байдаг байна.
  • Хагас синтетик тос нь бага температурт ажиллах чадвар сайн, бүтэн синтетик тостой ойролцоо тослох чадвартай голдуу хүчин чадал сайтай дунд зэргийн суудлын автомашинд зориулагдсан байдаг.
  • Бүтэн синтетик тос нь мэдээж зууралдамтгай чанар сайтай, исэлдэл бараг байхгүй буюу маш бага, шаар багатай, нэмэлт хамгаалагч бодисуудтай, хамгаалах чадвар өндөр гэдгээрээ шилдэг юм.

Ийм ч учраас спорт зориулалтын автомашинд хэрэглэдэг. Дээрх 4 суурь тосны алийг хэрэглэхээс хамаарч чанарын ялгаа гарч ирнэ. Тухайлбал спорт автомашинд зориулсан, эсвэл шатахуун зарцуулалтыг багасгана гэсэн сонголтууд дээрх суурь төрлүүдээс хамаарч гарч ирж байгаа юм. Суурь тосон дээр ямар нэмэлт бодисууд орсон гэдгээс хамаарч тослох чанар сайжрах ба үүнтэй уялдуулаад үнийн ялгаа ч гарч ирнэ.

Иймд дээрх тосны үзүүлэлтүүд, үнэ, өөрийн автомашиныхаа онцлогийг мэдсэнийхээ дараа сонголтоо хийх нь зөв юм. Дараагийн алхам нь автомашиныхаа онцлогт тохируулах хэрэгтэй ба спорт автомашин нь өтгөн биш шингэн чанартай тос хэрэглэх бол их эзлэхүүнтэй хөдөлгүүрт өтгөн тос хэрэглэх нь хамгаалах чадвар сайн бөгөөд эдэлгээ урт байна гэсэн үг юм.

  • Эцсийн эцэст үнэтэй л тос хийвэл таны автомашинд сайн гэсэн үг биш тохирсон тосыг нь хийх хэрэгтэй гэж зөвлөе. Манай зарим хэрэглэгчид автомашин нь үнэтэй тос хийх ямар ч шаардлагагүй байхад үнэтэйг нь авч байвал сайн гэж ойлгодог. Энэ нь мөнгөө хий үрэхээс өөр нэмэргүй юм.

Жишээ нь Lexus, Audi Q7, Mercedes жийп байлаа гээд спорт турботой автомашинд зориулсан бүтэн синтетик тос хийх хэрэггүй. Харин ч хэт шингэн чанартай өндөр эргэлтийн тос нь жийргэвчээр алдагдах, тосны насосод сайн шахагдахгүй байх зэрэг сөрөг талууд гарах юм. Яагаад гэхээр шингэн ба өтгөн тос шахах зориулалттай насосны хийц, бүтэц нь өөр байдагтай холбоотой. Хөдөлгүүрийн тосоо зөв сонгох нь таны автомашины хөдөлгүүр удаан наслах нэг үндэс юм. Таны автомашинд ямар тос тохирохыг мэдэхийг хүсвэл cardoctor.mn сайтын каталог буланд хандаарай.

6. Хөргөлтийн шингэн

Хөдөлгүүрийн тосны түвшинг шуп татаж үздэгтэй адил хөргөлтийн шингэний хэмжээг илүүдлийн саван дээрх MAX & MIN (Low&High) тэмдэглэгээний хооронд байгаа эсэхийг шалгахад л хангалттай. Илүүдлийн саван дахь хөргөлтийн шингэний хэмжээ нь MAX болон MIN хооронд байвал хэвийн гэсэн үг. Хэрэв доод түвшин болох MIN-с бага бол илүүдлийн савны тагийг онгойлгон MAX хүртэл нь шингэн нэмээрэй.

Шингэний түвшин хөдөлгүүр хөрсөн үед доошилж, халсан үед дээшилдэг. Гэхдээ хөдөлгүүрийн температур ямар ч байсан та заавал MAX хүртэл нь шингэнийг нэмээрэй. Хэрэв илүүдлийн саванд шингэн байхгүй бол радиаторт ч мөн адил шингэн нэмэх шаардлагатай. Та заавал хөрсөн үед радиаторын тагийг онгойлгоорой. Радиаторын тагийг онгойлгоод тагны амсар хүртэл нь шингэнээр дүүргээрэй.

Таны хөргөлтийн шингэн ойр ойрхон дундраад байна уу?

  • Энэ нь радиаторын цоорол эсвэл радиаторын тагны эвдрэлээс шалтгаалдаг.