ТӨМӨР АРААТАН LX470
Танилцуулга: Lexus нь японы автомашин үйлдвэрлэгчид дундаас 1996 оны LX 450 загвараараа эхлэн тансаг зэрэглэлийн SUV (Sport Utility Vehicle - Спорт Жийп)-ны зах зээлд орсон хамгийн анхны машин үйлдвэрлэгч юм. Lexus LX 470 нь энэ шилдэг Спорт Жийп -ны 2 дахь үеийг төлөөлдөг.
- LX 470 нь Lexus-ээс хамгийн удаан буюу 1998-2007 оны хооронд худалдаалагдсан загвар юм. Хүч чадалтай Land Cruiser 100 нь LX 470-ын суурийг тавьж өгсөн ч гэсэн Lexus хувилбар нь гадна талаасаа тансаг нэмэгдлүүд болох арай том урд нүүр, тусдаа гэрэл, илүү гоёмсог хойд гэрэл мөн хажуугийн гишгүүр нь загварлаг том бөгөөд туузан гэрэлтэй гэдгээрээ ялгарч харагддаг.
- LX470 нь гайхалтай бат бөх чанартай хийгдсэн бөгөөд дотор талдаа DVD navigation system буюу Замын байршил заагч систем, ухрахын камер, Mark Levinson-ы дээд зэрэглэлийн дууны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Нэмэлт сонголтоор Night View буюу Шөнийн харааны систем, арын суудлын DVD тоглуулагчтай. LX 470-ын стандартаар 3-н эгнээ суудалтай тул 8-н хүн суух боломжтойгоос гадна ачааны хангалттай зайтай, бусад Спорт Жийп-нүүд дунд үнэхээр онцгой содон харагддаг. Зайтай том хэдий ч бүх юмандаа хүрэхэд хялбар байдаг мөн дотоод тав тух, сайхан явдал нь гайхалтай байдаг.
Дунд эгнээний суудал 60/40-н харьцаатай харин арын тээшний суудлууд нь 50/50 харьцаатай салдаг бөгөөд нэмэлт ачааны зай хэрэгтэй үед доошоо шал руугаа хавтгай болж эвхэгддэггүй хажуу тийш нь босгож эвхдэг учраас жаахан зай эзэлдэг төдийгүй хойноо дуу чимээ гаргаад байдаг сул талтай. Ачааны багтаамжийн хувьд 2.55куб метр буюу 2550 литр бөгөөд 2 хуваагдаж дээш доош онгойдог арын хаалга нь ачаа авч тавихад маш эвтэйхэн байдаг.
LX 470 нь 4,664 см3 буюу 4.7 литрийн V8, 2UZ-FE сайжруулсан хөдөлгүүртэй. 4 болон 5-н шатлалтай автомат хурдны хайрцаг нь Fulltime 4 wheel drive system буюу байнгын 4-н дугуйн ажиллагаатай систем-ээр дамжуулж бүх дугуйд хүчийг тэнцүү хүргэдэг.
- LX 470 нь ихэнх том ангиллын Спорт Жийп-нүүдийн адил бүтцийн хувьд уламжлалт арал дээр бүхээгтэй буюу рам дээр кузов-той боловч маш сайхан зөөлөн явдалтай хийгдсэн юм. Бусад өрсөлдөгч нарыгаа бодвол бартаа туулдаг урьдын гайхалтай чадвараа хадгалж үлдэж чадсан.
- LX 470 нь ижил үнэтэй Спорт Жийп-нүүд дундаа тийм хурдан, хүчтэй биш ч гэсэн хөдөлгүүрийн хүч дамжуулалт нь гайхалтай сайн. Тиймээс LX 470-ыг Спорт Жийп гэхээсээ илүү зүгээр л Тансаг Жийп гэж нэрлэвэл зүгээр юм. Засмал зам дээр сайхан явдалтай гэхдээ явдлыг нь "Sport" тохиргоон дээр тавиад явсан ч гэсэн булан тохой тойроход хэт зөөлөн байдал нь мэдрэгддэг. Энэ нь зам сайтай, хурдны замтай газар савалгаатай, тохиромжгүй байдаг ч харин манай орны муу замд давуу тал болдог.
Явдал нь Comfort, Normal, Sport гэсэн 3-н үндсэн тохиргоотой мөн Sport нь хагас спорт, бүтэн спорт гэсэн 2 тохиргоотой нийт 4-н төрлийн явдал сонгодог эргүүлдэг гар тохируулгатай бөгөөд 3-н түвшинд өндрөө тохируулдаг удирдлагатай.
Эдгээр нь Adaptive Variable Suspension System буюу Замд Зохицож Өөрчлөгддөг Тэнхлэгийн систем-ийн бас бүрэлдэхүүн хэсэг нь юм. Энэ систем нь shock absorber буюу амортизатораар дамжуулж хоосондоо ч, хүн суусан ачаатай үед ч өндрөө нэг л түвшинд барьж тулж байдгаараа давуу талтай юм. Бусад энгийн Land Cruiser 100 болон 200 шиг хойноо 3-н хүн суулгаад ардаа жаахан ачаатай хөдөө явахад доошоо сууж тулах цохих мэтийн асуудал байхгүй харин дугуйн хийгээ л анзаарч явах хэрэгтэй.
Шаардлагатай үед гидро өргөгчөөр нь дээш өргөөд болон доош суулгаад явж болно гэхдээ 30км/ц-ийн хурд аваад л аюулгүйн үүднээс буцаад дундын байрлалдаа очдог болно. Огцом гуу жалганд тулж ирээд өргүүлэхдээ жаахан хүлээж байгаад хянахын гэрлийг нь анивчихаа больж гүйцэд өргөхөөр нь жалга руу орохгүй бол хойд bumper буюу гүпрээ шүргүүлчих, хуулчих гээд байдаг муу талтай. Өргөх хугацаа нь хангалттай хурдан биш юм. Гэхдээ хэд хэд ойрхон ажиллуулчихад арай хурдан өргөдөг болдог юм билээ.
- Урд тэнхлэг нь үл хамаарах бөгөөд хамаарах буюу хөндлөн тэнхлэгийг бодвол илүү зөөлөн тогвортой явдалтай мөн Land Cruiser 105 шиг шулак гулзайх асуудал байдаггүй юм. Гидро shock-оор кузов өргөдөг учраас урд тэнхлэгний Torsion bar буюу лоомон гол болон хойд тэнхлэгний пүрш нь энгийн Land Cruiser 100-гийнхаас илүү нарийн байдаг тул явдал нь ч хамаагүй зөөлөн бөгөөд хүнд ачаа ачаад бартаат зам туулахдаа тийм ч сайнгүй.
- Гэхдээ ачааг нь хэтрүүлээгүй л бол бас тийм ч амархан кузов өргөгч нь эвдрээд байдаггүй юм. Ер нь тэгээд тансаг жийп уначихаад ажлын морь унасан юм шиг хүнд ачаа ачаад, хамаагүй давхиад машинаа эвдээд явдаг хүн байж болохгүй л дээ. Тийм бол ажлын зориулалттай pick-up юм уу, off-road тоногтой стандарт жийп унах хэрэгтэй. Сонголтоо зөв тодорхойлох нь маш чухал юм.
- Засвар үйлчилгээ их шаардагдаад, эвдрэл гэмтэл гараад байх асуудалтай зүйл байхгүй ч Lexus LX 470-н хувьд ашиглалтын зардал нэлээд өндөр. Хангалттай сайн хүчин чадлыг үзүүлэхийн тулд 96 литрийн шатахууны саванд нь дээд зэргийн 91 октантай шатахуун шаардагддаг бөгөөд өдөр бүр унахад зардал нэлээд өндөр гардаг гэж Америкийн эзэмшигчид үздэг.
- Toyota шиг Lexus өөрийн энгийн тэрэгнүүдээ дор хаяж 300,000 майл буюу 480,000 км явна гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд ихэнх эзэмшигч нар өөрсдийн тансаг жийп-ээ тэрнээс хамаагүй илүү явна гэдэгт итгэдэг.
Оноор нь ангилах нь
Toyota, Lexus болон бусад автомашин үйлдвэрлэгчдийн баримталдаг зарчим бол тэд өөрсдийн амжилттай худалдаалагдаж буй тухайн загвараа 3-н ерөнхий үед хуваан шинэчилдэг. Уг шинэчлэгдсэн загвараа Facelift model буюу сайжруулсан загвар гэж нэрлэдэг.Үүний нэг адил Lexus LX470-ыг:
- Эхэн үеийн 1999 оны загвар 1998-2002
- Дунд үеийн 2003 оны загвар 2002-2005
- Сүүл үеийн 2006 оны загвар 2005-2007
гэж 3 ангилдаг бөгөөд тухайн оны сайжруулсан загвар нь ихэнхдээ өмнөх оныхоо сүүл саруудаас гардаг болно. Toyota Land Cruiser мөн яг ингэж ижилхэн 3-н үед хамаарна.
Эхэн үеийн 1999 оны загвар буюу 1998-2002 оны LX470-н онцлогууд
1998-1999 оны загвар, онцлогууд
- V8 хөдөлгүүр нь 230 морины хүчтэй, 295 lb-ft torque буюу эргүүлэх хүчтэй
- 4 шатлалтай автомат буюу өөрөө солигддог хурдны хайрцаг
- Adaptive Variable Suspension System - Замд Зохицож Өөрчлөгддөг Тэнхлэгийн систем буюу манайхны хэлж сурснаар Гидро кузов өргөгчтэй (Бүх оны загваруудад стандарт байдаг мөн зарим VX загварын Land Cruiser 100-д)
- Three-level adjustable height control - 3-н түвшинд өндрөө тохируулдаг удирдлага
- 4-н төрлийн явдал тохируулдаг гар удирдлагатай
- Central Differential Lock - Төвийн Диф түгжээтэй
- Rear LSD / Limited Slip Differential - Хальтарч хий эргэдэггүй өөрөө түгждэг арын хөтлөгчтэй
1998 онд Lexus LX 450 Спорт Жийп дахин бүрэн шинэчлэгдэж LX 470 нэртэй болсон. Өмнөх 4.5л I6 буюу цуваа 6 хөдөлгүүрийг 4.7л V8 хөдөлгүүрээр сольсон. Шатахууны зарцуулалт нь Америк-т 12/15 mpg буюу хот дотор 19.6л, хот хооронд 14.7л зарцуулдаг нь тухайн үеийн том Спорт Жийп дундаа хэвийн шатахуун зарцуулалттайд тооцогддог байсан. Гэхдээ манай нөхцөлд цаг агаарт яагаад ч энэ зарцуулалтаар явахгүй. Учир нь манайд зарагдаж байгаа шатахууны чанар агууламж дээр нь замын нөхцөл байдал мөн хотын зохиомол түгжрэл зэрэг нь үүнд их нөлөөтэй. Тиймээс дор хаяж шулуун замд 2-3л, за тэгээд хот дотор 3-8л-ийг л нэмж тооцох хэрэгтэй болно.
Шинэ V8 хөдөлгүүртэй 230 морины хүчтэй 2450кг жинтэй LX 470 нь 0-100км/ц-ын хурдыг 10.1сек-д авч байсан. Ийм хүнд жинтэй том Спорт Жийп гэхэд тухайн үедээ тун гайхалтай байсан. Замд Зохицож Өөрчлөгддөг Тэнхлэгийн систем нь Спорт Жийп-нүүд дундаа магадгүй хамгийн сайн нь байсан гэхдээ хэт зөөлөн явдал нь булан эргэхэд жаахан савалгаатай байсан.
2000 оны загвар, онцлогууд
- VSC/ Vehicle Skid Control - Гулгалтыг Хянах Систем
- Brake Assist- Зогсолтын Нэмэлт Систем
- 4 Wheel Traction Control - 4-н Дугуйн Барьцалтыг Хянах Систем
2000 оны LX 470-д олон аюулгүйн болон хүчний нэмэгдлүүд шинээр бий болсон. ABS-тэй цуг ажилладаг VSC буюу Гулгалтыг хянах систем, Зогсолтын нэмэгдэл мөн Traction Control буюу 4-н дугуйн барьцалтын системийг нэмсэн. Эдгээр шинэ нэмэгдэл системүүд нь үнээ нэмж Range Rover-тэй харьцуулахуйц Спорт Жийп болгож өгсөн. Бусад өрсөлдөгч нар нь Lincoln Navigator, Infiniti QX4, Mercedes M-class, Cadillac Escalade зэрэг байв. Бүгд л туулах чадвараараа Range Rover-н дараа 2-р байранд ордог.
2001 оны загвар, онцлогууд
- Дуб-н оруулгатай савхин жолооны хүрд
- Цахилгаан зүг чиг заагч
- Арын хос аяганы тавиур
- Mark Levinson-ы 9-н чанга яригчтай стерео хөгжим
- Navigation System with DVD - DVD тоглуулагч бүхий Замын байршил заагч Систем (Сонголтоор)
- Туузан гэрэлтэй хажуугийн гишгүүр
2001 оны загварт тав тухын хэрэглээ нь хамаагүй илүү болсон. Арьсан болон дуб-н жолооны хүрд, цахилгаан зүг чиг заагч, арын хос аяганы тавиур стандарт болсон. Шинээр 9-н чанга яригчтай Mark Levinson стерео хөгжим, шинэ NAV system буюу Замын байршил заагч систем сонголтоор байдаг болсон. Замын байршил заагч системийн LCD дэлгэц нь мөн DVD үзэх зориулалттай. Энэ 4 дэх жилийн загвараасаа Lexus LX 470 нь тансаг байдлаараа бусад Спорт Жийп-нүүдийн адил маш сайн нэр хүндийг олж авч чадсан.
2002 оны загвар, онцлогууд
- Navigation System with DVD - DVD тоглуулагч бүхий Замын байршил заагч Систем (Стандартаар)
2002 оны загварт шинэ юм бараг байхгүй. 2001 оноос хойш ганц нэмэгдсэн том зүйл бол Зүг Чиг ологч систем нь стандартаар тоноглогддог болсон. Энэ сайжруулсан системний илүү хурдан компьютерт нь замын олон чиглэлийг тооцоолох болон замыг урьдчилан харах зэрэг хялбарчилсан үйлдлүүд нэмэгдсэн.
Хялбаршуулсан зураглал нь хэрэглэгчдийг илүү хурдан холбогдох боломжоор хангаж өгсөн. Гэвч энэ систем нь Монголын замд ажилладаггүй. Зөвхөн зүг чиг заагч, өргөрөг уртрагийн солбицол нь ажилладаг.
Он хуучин LX470-ын сул талууд:
- Хөдөлгүүрийн хүчин чадал хангалттай сайн биш
- Rack & Pinion Steering буюу Жолоодлогын систем доод хөндлөн аппарат хангалттай сайн биш
- 4-н шатлалтай хурдны хайрцаг нь шулуун замд хэтэрхий удаан, хурд багатай
- Арын тээшний суудал доошоо шал руу эвхэгддэггүй, хажуу тийш хана руугаа босгож эвхэгддэг
Эдгээрээс бусдаар хөдөөгийн муу замд 16 инчийн дугуйг өөрөөр нь олгой хаймар тавилгүй азотоор хийлээд явахад ч донсолгоо мэдрэхгүй жинхэнэ утгаараа LX470 унаснаа мэдэрч гайхалтай шүү дээ.
Дунд үеийн 2003 оны загвар буюу 2003-2005 оны LX470-н онцлогууд
2003 оны загвар, онцлогууд:
- V8 хөдөлгүүр нь 235 морины хүчтэй, 320 lb-ft эргүүлэх хүчтэй
- 5 шатлалтай өөрөө солигддог хурдны хайрцаг
- Жолооны хүрдэн дээрх хөгжимний удирдлага
- Lexus Link - Lexus Link яаралтай холбооны үйлчилгээ
- Салаа хэлбэртэй 18 инчийн стандарт том хайлшин дугуй
- 11-speaker Mark Levinson audio system- Mark Levinson-ы 9-н чанга яригчтай стерео хөгжим (Сонголтоор)
- Night Vision System - Шөнийн Харааны Систем (Сонголтоор)
- Rear seat DVD entertainment system- Арын суудлын DVD тоглуулагч (Сонголтоор)
- Сайжруулж шинэчилсэн дээд ачааны суурь (дээд тал нь 200кг ачааны даацтай)
- Ухрахын гэрэл арын номерны хоёр хажууд байрладаг болсон
- Туузан гэрэлтэй хажуугийн гишгүүр
- Урд суудлын болон 2 дахь эгнээний хажуугийн хөшгөн ослын дэртэй
2003 онд Lexus LX 470-д нэлээд олон зүйлийг сайжруулсан байдаг. Гадна талдаа гэрэл болон нүүр нь өөрчлөгдөж 18 инчийн дугуй стандарт болсон. Дотроо арын зорчигчийн тав тух сайжирч хөгжимний удирдлага жолооны хүрдэн дээр байдаг болсон. Шинээр нэмэлт сонголтоор Night Vision System буюу Шөнийн Харааны Систем, Lexus Links яаралтай холбооны үйлчилгээ, арын зорчигчийн нэмэлт DVD тоглуулагчтай болсон.
Хянахын дүрсийг урд шилэн дээр гэрэлтүүлж ойлгож харагдуулдаг шинээр гаргасан Шөнийн харааны системийг тавьсан. Энэ технологи нь мөн энгийн гэрлээс үзэгдэх орчинг 4 дахин нэмэгдүүлж харагдуулдаг нэмэлт гүперийн гэрэлтэй. Туузан гэрэлтэй хажуугийн гишгүүрийн загвар үл ялиг өөрчлөгдөж залгаагүй үргэлж хэлбэртэй болсон.
Үзүүлэлтийн хувьд LX 470-н V8 хөдөлгүүр нь 5 морины хүчээр нэмэгдэж 235 морины хүчтэй болсноор 100км/ц-ын хурдыг 9.7сек-д авдаг болсон. Жолоодлогын төхөөрөмж сайжирч хурдны хайрцаг 5 шатлалтай болсон. Шинэ хүч дамжуулагч буюу хурдны хайрцаг нь хөдөлгүүрийн хүчийг илүү сайн дамжуулах боломжтой болж хамаагүй хурдан шилждэг болсон.
Шатахууны өндөр зарцуулалт, зөөлөн савалгаатай явдал нь хэвээрээ бөгөөд LX470 нь зарцуулж байгаа шатахуунтай нь харьцуулахад жаахан хүч муутай байсан. Хэдий тийм боловч 2003 оны загварт тансаг зэрэглэлийн нэлээд их өөрчлөлт хийгдсэн бөгөөд бүх улиралд, бүх төрлийн замд явах боломжтой нь жолооч нарт таалагддаг.
Мөн 2003 онд Lexus шинээр GX 470 дунд загварын SUV-г Land Cruiser Prado 120 загварын суурин дээр нэмж сайжруулж гаргасан.
2004 оны загвар, онцлогууд
- Backup camera system - Ухрахын камерын систем
- Bluetooth wireless technology - Блютүүт утасгүй ярианы холболт
- VGRS/ Variable Gear Ratio Steering system - Арааны харьцаа нь өөрчлөгддөг жолоодлогын систем
- Rack&Pinion Steering буюу Жолоодлогын системний доод хөндлөн аппарат илүү сайжирсан
2004 оны загварт тансаг зэрэглэлийн нэмэлт тоноглолууд бий болсон. Нэмэлт тоноглолууд нь гэвэл ухрахын камер, Bluetooth утасгүй ярианы технологи эдгээр юм. Ухрахын камерын систем болон утасны Bluetooth холболт нь 2004 оноос стандарт болсон.
LX 470-ын явдлыг улам сайжруулахын тулд VGRS систем нэмж өгсөн. VGRS system буюу Арааны харьцаа нь өөрчлөгддөг жолоодлогын систем нь 2 үүрэгтэй. Удаан явж байх үед замыг илүү хурдан мэдэрч эргэдэг. Харин хурдны зам дээр илүү тогтвортой явахад зориулж систем нь жолоодлогын харьцааг өөрчилж удаашруулдаг. Замд зохицож өөрчлөгддөг тэнхлэг нь бартаат зам дээр донслох, хурдны зам дээр хурдаа огцом саах зэргийг мэдэрч 64 байрлалд ажилладаг.
2005 оны загвар, онцлогууд:
- Satellite radio - Хиймэл дагуулын радио
Энэ нь Lexus-н тэргүүлэх Спорт Жийп-ны 8 дахь жилийн загвар. 2005 оны загварт жижигхэн өөрчлөлт нэмэгдсэн нь хиймэл дагуулын радиог шинээр нэмэлтээр сонгож авах боломжтой болсон. Lexus LX 470 нь LS загварын тав тухтай байдлыг Спорт Жийп-ны аюулгүй байдалтай хослуулж чадсан нь маш сайн нэр хүндийг олсон. Үнийн хувьд Range Rover-той харьцуулахаар болсон ч бартаат зам туулах чадвараараа 2-р байранд л явсаар байсан.
Дунд үеийн LX470-ын сул талууд:
- 5-н морины хүчээр илүү болсон ч гэсэн хангалттай хүчтэй болж чадаагүй
- Арын тээшний суудал доошоо шал руу эвхэгддэггүй, хажуу тийш хана руугаа босгож эвхэгддэг
- 18 инчийн дугуйтай болсноор хөдөөгийн замд хэт мэдрэг, хатуу явдалтай болсон
Хөдөө их явдаг бол дээрх асуудлыг шийдэхэд 16 эсвэл 17 инч-тэй обуд дугуй тавьбал маш сайн. Эсвэл нэг хэмжээгээр том буюу 275/65R 18 эсвэл 285/60R18–тай дугуй тавиад явбал явдал арай дээр болдог бөгөөд км-н заалт нь дутуу заахаас бусдаар асуудалгүй юм.
Сүүл үеийн 2006 оны загвар буюу 2005-2007 оны LX470-н онцлогууд
2006 оны загвар, онцлогууд:
- V8 хөдөлгүүр нь 275 морины хүчтэй, 332 lb-ft эргүүлэх хүчтэй
- VVTi буюу variable valve timing + intelligent –Клапангийн ажиллагааг өөрчилдөг ухаалаг систем
- Tire-pressure monitoring system - Дугуйн хийн даралт хянах систем
- 11-speaker Mark Levinson audio system - Mark Levinson-ы 9-н чанга яригчтай стерео хөгжим (Стандартаар)
- Шулуун хэлбэртэй, сүүдэртэй хромон өнгөтэй 18 инчийн хайлшин дугуйтай стандартаар
2006 онд Lexus нь LX 470-н хамгийн том асуудал болох хөдөлгүүрийн хүчин чадал руу чиглэхийг оролдсон. Өмнөх загварууд нь хүч муутайгаас хурдаа нэмж хөнгөн араанд ороход нэлээд хугацаа зарцуулдгаас хурдны замд нийлж салахад ярвигтай байсан.
Гадна талдаа жаахан загварын өөрчлөлтүүдтэй болсон нь том L лого, хромон урд нүүр, LED арын гэрэл, 18 инчийн хайлшин дугуй нь шулуун загвартай болж өөрчлөгдсөн гэх мэт.Илүү их хүчтэй хөдөлгүүр нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлээгүй бөгөөд шулуун замын зарцуулалтыг бага зэрэг багасгасан. Одоо 100км-т шулуунд 13.8 л зарцуулдаг болсон. Харин хотод 19.6л зарцуулдаг хэвээрээ.
2006 оны загварт бий болсон томоохон өөрчлөлт бол 4.7л V8 хөдөлгүүрт нь vvti буюу Клапангийн ажиллагааг өөрчилдөг ухаалаг систем-тэй болж 275 морины хүч, 332 lb-ft эргүүлэх хүчтэй болж хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр шатахууны зарцуулалт болон хорт утааг улам багасгасан. 100 км/ц-ийн хурдыг 8.9сек-ын хугацаанд туулдаг болсон нь 2450кг жинтэй тэргэнд тийм ч муу үзүүлэлт биш юм. Мөн дугуйн хийн даралтыг мэдрэгч, Mark Levinson-ы 11-н чанга яригчтай хөгжим стандарт болсон. 2001-'05 оны загварт нэмэлт тоноглолоор тавьдаг байсан. '01 оноос өмнө Накамичи дээд зэрэглэлийн дууны систем сонголтоор байсан.
LX 470 нь Cadillac's Escalade, Lincoln's Navigator Volkswagen Touareg, Porsche Cayenne зэрэг тансаг спорт жийп-нүүдтэй харьцуулахад хурд хүч нь хаа ч хүрэхгүй гэсэн ерөнхий үзүүлэлтээрээ тав тух, бат бөх чанар болон эвдрэл гэмтэлгүйгээрээ хамаагүй илүү нэр хүндийг олж авч чадсан.
2007 оны загвар, онцлогууд:
- Limited Edition - Онцгой загвар
SAE certification standards буюу Автын Стандартын Газар ‘07 оны загварын LX 470 нь 268 морины хүч 328 lb-ft эргүүлэх хүчтэй болж буурсныг тогтоосон байдаг.
Энэ онд шинээр LX470-ын Limited Edition-ыг гаргасан бөгөөд энэ нэрээр үйлдвэрлэлийн тоог хязгаарлаж 3 дахь үеийн цуврал шинэ загварын LX 570 гарч эхэлсэн.
2006 оны 11 сарын 28-нд California-ын Torrance хотод 2007 оны LX470-ын Limited Edition-ы үнийг зарласан. Limited Edition-ы дотор болон гаднах тансан нэмэгдлүүдийн үнэ нь 410 ам.доллар болж байсан. Харин үйлдвэрийн худалдааны үнэ өөрчлөгдөлгүйгээр 67,395 ам.доллар хэвээр үлдсэн.
Ердөө л 400 ширхэг ийм тэргийг Америкийн зах зээлд зориулж гаргасан. Limited Edition тусгай загвар нь 2006 оны 12 сарын 1нд Los Angeles-ийн Авто Шоунд анх тавигдсанаар удалгүй худалдаалагдаж эхэлсэн.
LX470-ын Limited Edition-ы бүх загвар тас хар өнгөтэй, 18инчийн шингэн саарал карбон өнгийн хайлшин дугуйтай, хромон хаалганы бариултай, хажуугийн хөндлөн судалтай бөгөөд яндангийн хошуу нь хромон байсан. Limited Edition тэмдэг нь урд хоёр хаалган дээр байдаг, үсгийн загварын хувьд Lexus-ых гэхээсээ илүүтэй Ford-ын үсгийн фонттой төстэй нь жаахан тиймэрхүү юм. Дотор талдаа чулуун саарал өнгийн савхитай, хар дуб-н оруулга, саарал өнгийн Limited Edition бичигтэй, хар шалны болон ачааны хэсгийн дэвсгэртэй байдаг.
Бусад зах зээл болох Европ, Австралид зарагдсан он залуу LX470-ууд нь 17 инчийн хайлшин дугуйтай, ачааны дээд мөргүй гэх мэтчилэн энгийн стандарт маягийн хийцтэйгээрээ Америк стандартаас ялгаатай байдаг. Дээд ачааны мөр нь 200 кг-аас илүүгүй ачаа ачих зориулалттай. Ялангуяа Австралийн LX470-ууд дизель Ланд 100 шиг дугуй хэлбэрийн агаар шүүгчтэй 2 буюу 24 вольтын аккумлятортой, стандарт хажуугийн жижиг гишгүүртэй байх жишээтэй.
Япон өөрийн дотоодын зах зээлд болохоор LX470-ыг Toyota Land Cruiser CYGNUS нэртэй гаргадаг. Ерөнхийдөө урд булангийн толь, буруу жолооны хүрд 2-оор л LX470-аас ялгаатай бусдаар яг ижил юм.
Америк стандартын LX 470 нь тэндээ авах үнэ нь хямд ч бусад зах зээлээс орж ирснээс тоноглолын хувьд хамаагүй илүү байдаг.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэж хэлэхэд LEXUS LX 470-д 1998 оны анхны загвараасаа хойш нэлээд их нэмэлт өөрчлөлт хийсэн. Тиймээс хэрвээ та LX 470 авах гэж сонирхож байгаа бол 2003 оны загвар болон бүр 2006 оны загвар бол хамгийн сайн нь юм. 03 оны загварын LX 470 нь 5 шатлалтай автомат хурдны хайрцагтай мөн урд суудлын хажуугийн багананы ослын дэр, эхний болон 2 дахь эгнээний хажуугийн хөшгөн ослын дэртэй болсноор жолооч болон зорчигчдын аюулгүй байдал маш сайн хамгаалагддаг болсон байгаа.
За тэгээд хотод болон хот хооронд бол 06 оны загвар, хөдөө хот
хосолсон замд бол 03 оны загвар нь илүү тохиромжтой гэж бодож байна. Мөн
Америк стандартын LX 470 нь тэндээ авах үнэ нь хямд ч бусад зах зээлээс
орж ирснээс тоноглолын хувьд хамаагүй илүү байдаг.
Эх сурвалж: Автомашин сонирхогч: А.Цогтбаатар