ABS (ANTILOCK BRAKE SYSTEM) ГЭЖ ЮУ ВЭ? №232

Огцом тоормос гишгэх үед дугуй эргэхээ больж автомашин залагдахаа болин тухайн явсан хөдөлгөөний чигт гулсдаг байна. Өөрөөр хэлбэл рулийг хэчнээн эргүүлж залсан ч инерцийн хүч нь дугуй нь эргэхээргүй тоормослогдсон автомашиныг саадыг тойрч гарах боломжгүй болгодог. Туршлагатай жолооч нар халтираатай үед тоормосны педалийг зөөлөн давтамжтайгаар тогшин гишгэдэг байна. Гэвч аюул тулгарсан ямар ч жолооч тоормосны педалийг нэг л удаа маш хүчтэй гишгэн дугуйг таг зууруулдаг билээ.

Дээрхээс сэргийлэн, тогших ажиллагааг автоматжуулах үүднээс нэг удаа огцом гишгэх үед дугуй эргэхээ болихоос хамгаалж ABS-ийг гаргасан. Ажиллах зарчмын хувьд дугуйнд байрлуулсан мэдрэгч нь дугуй эргэхээ болихыг мэдрэнгүүтээ мэдээллийг актуаторт дамжуулан актуатор нь тоормосны төв цилиндрээс дугуйн цилиндрт очих тосны даралтыг унагадаг байна.

Анх Европд галт тэрэгний дугуйнд хэрэглэж эхэлжээ. Эхэн үедээ чөлөөтэй эргэх цан, унтраалгаас бүтдэг энгийн зүйл байв. Тоормос гишгэн дугуй зам төмөр дээгүүр гулсаж эхлэх үед чөлөөтэй эргэх цан эргэж унтраалгыг дарснаар цахилгаан мотор ажиллаж, тоормосны хийн даралтыг унаган дугуй дахин эргэх боломжтой болдог байна.

Дараа нь 1950 оноос английн DUNLOP компанийн Maxaret хэмээх систем бий болж нисэх онгоцонд хэрэглэх болжээ. Энэ нь бүрэн механик ажиллагаатай бөгөөд одоо ч гэсэн ашиглагдсаар байгаа.1969 оноос цахилгаанаар ажилладаг хувилбар гарсан бөгөөд хэт өндөр өртөгтэй байсан учир хараахан авто машинд тавьж эхлээгүй байжээ.

Харин 1960-аад оны үед уралдаанд зориулсан тусгай авто машинууд болон FORD компанийн цөөн хэдэн загварт тавигджээ. Харин германы BOSCH компани 1930 оноос судалгаа хийж эхлэн 1978 он гэхэд анхны электрон зохицуулалттай ABS системийг зохион бүтээж  Mercedes-Benz  W116 S-классын автомашинд тавьжээ. Түүнээс хойш бусад автомашинд тавигдаж эхэлсэн байна.

Уламжлалт тоормосны систем дискийг тас зуурснаар машиныг жолоодох боломжгүй болж саадыг мөргөдөг. Харин ABS систем нь насосны даралтыг маш түргэн хугацаанд унагах замаар тоормосыг зууралттайгаар барьж машиныг жолоодох боломжийг олгодог. Насосын ажиллагааг ЭНД дарж сонирхоно уу.
  • ESC-( Electronic Skid Control) - Toyota компанийн хэрэглэж байсан  нэрийн томьёолол.
  • 4-WAS (Wheel Antilock-brake System) - Nissan компанийн хэрэглэж байсан нэр.
  • 4w-ALB (Anti Lock Braking ) - Honda компанийн хэрэглэж байсан нэр.

Үйлдвэрлэгч нар ингэж янз бүрээр нэрлэж байсан боловч 1990 оноос эхлэн ABS хэмээн нийтээрээ нэрлэж заншсан байна. Ингээд улам боловсронгуй болсоор хурд, замын байдал, авто машины жин зэргээс хамааран дугуй бүрт өөр өөр тоормосны хүчийг хуваарилах компьютерын удирдлага бүхий EBD (Electronic Brake Distribution) гэсэн шинэ томьёолол бий болсон байна.