ШИНЭ ҮЕИЙН ТУРБО - ХУУЧИН ДУТАГДЛАА ЗАССАН УУ?
Өнөөгийн үед машин болгонд их хүч чадал чухал биш харин шатахуунд хэмнэлттэй байх нь мөн адил чухал болоод байна. Авто үйлдвэрлэгчид энэ байдал дээр нь дөрөөлж хөдөлгүүрийн технологийг сайжруулах болсон хэдий ч энэ нь тийм ч шинэ эд бус өмнө нь байсан байсан технологийг шатахуун хэмнэхэд зориулж ашиглах болсон билээ.
Турбо хөдөлгүүрийг авто үйлдвэрлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүндээ маш их санал болгож байгаа нь хэрэглэгчдэд бага шатахуунаар өндөр хүчин чадал гаргах боломжийг олгож байгаа юм. Орчин үед турбог бага эзлэхүүнтэй хөдөлгүүрт маш ихээр ашиглах болсон бөгөөд энэ нь өмнөх үеэс илүү хүч чадлыг гаргах давуу талтай юм.
Энэ санаа тийм ч шинэлэг бус бөгөөд 20-оод жилийн өмнөөс хөгжиж ирсэн эд билээ. 80-аас 90-ээд оны үед турбог зөвхөн өндөр хүчин чадал бүхий автомашинуудад санал болгож байсан боловч тэдгээр нь найдвартай байдлаар тийм ч төгс болж чадаагүй юм.
Турбо хөдөлгүүртэй Dodge Stealth болон Мицубиши 3000GT загварын хөдөлгүүр цохидог. 1997-2002 оны Ауди S4-ийн хөдөлгүүр 100.000 км яваад маш их халалтыг тэсэхгүй зуурдаг. 3-р үеийн турботой Тоёота Супрагийн хөдөлгүүрийн гавлын жийрэг сэтэрдэг, мөн RX7, Dodge Shadow-т ч гэсэн үг гэмтлүүд түгээмэл гардаг байна.
ШИНЭ ТУРБО ТЕХНОЛОГИЙН ДИЗАЙН ХЭРЭГЛЭГЧДЭД НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ МЭДРҮҮЛНЭ
Хөдөлгүүрийн ажилласан хийн гарах урсгалыг ашиглан турбиныг эргүүлснээр агаарыг цилиндрт шахаж оруулах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр энгийн хөдөлгүүрийг бодвол харьцангуй их хүч гарган авч түлшний зарцуулалтыг багасгасан. Гэхдээ энэ хэрээр автомашины эд ангид стресс өгч найдвартай байдал болоод хүчин чадалд муугаар нөлөөлөх эрсдэлтэй.
Харин турбод гарах асуудал нь түүний хөргөлтийн асуудал бөгөөд хөдөлгүүрт турбогоос шахагдаж буй агаар маш их халуун байдаг. Улмаар тэр халуун агаар турбочаржерийн үр ашигт муугаар нөлөөлж үр дүнд нь шатахуун зарцуулалт ихэсдэг, системийн үр ашиг муудах гэх мэт сул талтай.
Харин өнөөгийн төвшинд турбо технологийг өөрчилж түүнийг илүү үр ашигтай болгон дизайнчилснаар хэт халалтын асуудлыг шийдсэн байна.
"Технологи хөгжсөнөөр энгийн хөдөлгүүрээс турбо хөдөлгүүр илүү тогтвортой, найдвартай болж чадсан" гэж Форд компанийн хөдөлгүүрийн хэлтсийн ажилтан Richard Truett хэлсэн бөгөөд улмаар "Шалтгаан нь турбочаржерийн дотоод дизайныг бид илүү үр ашигтай болгосон. Сайн холхивч, сайн хөргөлт, мөн сайн тосолгоог хийж чадсанаар 1960, 80, 90-ээд оны турбо хөдөлгүүрт гардаг байсан найдваргүй байдлын асуудлыг зассан" гэжээ.
Форд компани EcoBoost төрлийн хөдөлгүүрт турбочаржерийг зөвхөн хөдөлгүүрийн хүчин чадлыг ихэсгэхэд зориулаагүй бөгөөд, "Технологи худалдан авагчдын хөдөлгүүрт итгэх итгэлийг өөрчилсөн. EcoBoost хөдөлгүүртэй автомашин худалдан авагчдад өндөр хүчин чадал болоод шатахуун хэмнэлтийг 2-ууланг нь санал болгож байгаа. Эдгээр давуу талын аль нэгийг сонгох сонголт байхгүй" хэмээн Truett хэлсэн байна.
Форд компани бага эзлэхүүнтэй хөдөлгүүрт турбочаржерийг хэдийнээ санал болгоод эхэлсэн гэдгийг хүн болгон мэднэ. Уг EcoBoost хөдөлгүүр нь бидний мэдэх маш олон загварт суурилсан бөгөөд жишээ нь Ford F-150 пикап загварт турбо V-6 хөдөлгүүрээр, Taurus седанд 4 цилиндртэй турбо EcoBoost хөдөлгүүрийг санал болгоод байгаа юм.
Турбо нь хөдөлгүүрийн эзлэхүүнийг багасгаж өндөр хүчин чадал гаргах боломжийг өгдөг төдийгүй авто үйлдвэрлэгчдэд автомашины дотоод бүтцийн өөрчлөлтийг хийхэд тусалдаг.
"Турбо нь хөдөлгүүрийн жин болоод зайг хэмнэхэд тусалж, улмаар бага хэмжээтэй турбо хөдөлгүүрийг суурилуулах боломж олгож байгаа ба том хэмжээтэй хөдөлгүүрийн чадлыг гаргаж чаддаг нь түүний давуу тал" гэж Truett хэлсэн байна. "Бидний F-150 EcoBoost бол үүний томоохон жишээ юм. Тэрээр V6 хөдөлгүүртэй хэдий ч хэрэглэгчдэд V8 хөдөлгүүрийн чадлыг санал болгодог, мөн шатахуунд хэмнэлттэй" гэсэн байна.
V6 EcoBoost хөдөлгүүртэй F-150 загвар нь 365 морины хүч болоод 570 Нм эргүүлэх хүчтэй бөгөөд EPA-ийн тестээр 13л/100км шатахуун зарцуулах үзүүлэлттэй ажээ. Үүнийг өрсөлдөгчдийн V6 хөдөлгүүртэй пикап загваруудтай харьцуулахад морины хүч болоод эргүүлэх хүчээрээ илт илүүрхэж байгаа ба мөн шатахуун хэрэглээ нь ч бага байж чадаж байгаа юм. Зарим сонирхогчид F-150 EcoBoost-ийг V8-тэй хүч чадлаар нь харьцуулдаг ба харин шатахуун зарцуулалтаараа энэ 2 хөдөлгүүр маш хол зөрүүтэй тул харьцуулах боломжгүй юм.
"Форд компанийн хувьд EcoBoost маш чухал үүрэгтэй. Бид EcoBoost хөдөлгүүрийг 2014 он гэхэд Хойд Америкт борлогдож буй автомашины 90% санал болгох бөгөөд эдгээрээс дурдвал Taurus, Escape мөн Fusion загварууд багтана" гэж Tuett хэлжээ.
ТҮЛШНИЙ ШУУД ЦАЦАЛТ Ч МӨН АДИЛ ЧУХАЛ
Хьюндай компани нь өөрсдийн загварууддаа ялгахгүйгээр турбо хөдөлгүүрийг санал болгож байгаа өөр нэгэн компани бөгөөд жишээ нь тэд дунд гарын седан болох Соната загвар турбо хөдөлгүүрийг санал болгож байгаа юм, улмаар хойд хөтлөгчтэй Genesis купе болон Veloster Turbo загваруудад багтаж байна.
"Бид хэрэглэгчдэд тэдний хүсэж байгаа чадал болоод шатахуун зарцуулалттай хөдөлгүүрийг өгөхийг зорьдог. Бага эзлэхүүнтэй турбо хөдөлгүүр үүнд тохиромжтой" гэж Хьюндай компанийн олон нийттэй харилцах албаны ажилтан Derek Joyce хэлсэн байна. Хьюндай турбочаржерийг түлшний шууд цацалттай хамтран хэрэглэснээр үр ашиг болоод найдвартай байдлыг хэрэглэгчдэд хүргэхийг төлөвлөөд байгаа ажээ.
"Шууд цацалтыг турботой хослуулан хэрэглэснээр агаарыг илүү үр дүнтэй ашиглаж, хурдатгал авахдаа илүү үр ашигтай болно" гэж Joyce хэлсэн байна. Түүний санаагаар бол ажиллах температурыг багасгахад шууд цацалтын технологи тусална гэсэн бөгөөд улмаар хөдөлгүүрийн амьдрах хугацааг уртасгах ажээ.
Хэдийгээр шинэ Genesis Coupe 2.0Т загвар шууд цацалтын технологийг ашиглаагүй хэдий ч компанийн зүгээс шинэ шууд цацалттай турбо хөдөлгүүрийг удахгүй гаргах болно гэжээ.
Joyce улмаар хэлэхдээ "Шууд цацалттай турбо нь эргэлзээгүй ирээдүйд ашиглагдах технологи юм" гэсэн байна.
ОРЧИН ҮЕД ТУРБО АСУУДАЛ ДАГУУЛСААР
Дэлхий дээр байгаа турбо хөдөлгүүрүүд хараахан бүгд өв тэгш болоогүй л байна. Орчин үед зарим нэгэн ноцтой гэмтэл хэрэглэгчдэд учирсан бөгөөд үүний төлөөлөгч нь БМВ компанийн загварууд юм. БМВ-ийн 2007-2012 оны 1 цуврал, 3 цуврал, 5 цуврал, Х6 болон Z4 загваруудад ашигладаг N54 загварын хөдөлгүүрээс гэмтэл гарч 2010 онд шүүхэд дуудагдсан байдаг байна.
Баталж буйгаар өндөр даралтын шатахууны насос нь эвдрэх маш өндөр эрсдэлтэй бөгөөд мөн зарим эзэмшигчдийн мэдээлснээр турбоны дизайныг дахин шинэчлэх хэрэгтэй эс бөгөөс бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна гэсэн гомдол гаргажээ.
Тиймээс БМВ компани баталгаат хугацааг нь сунгаж 2007-2010 оны загварууддаа 10 жилийн баталгаа буюу 193.000 км-ийн баталгааг сунгаж өгсөн бөгөөд үүнээс гадна насосны асуудлыг эргэн дуудаж шийдвэрлэсэн байдаг байна.
Асуудал дагуулсан хуучин турбо хөдөлгүүрийн дараагаар тэд шинэ турбо 6 цилиндртэй хөдөлгүүрийг гаргаад байгаа ба одоогоор ямар нэгэн том гэмтэл илрээгүй байна. Үүнээс гадна БМВ компани шинэ үеийн БМВ-ийн загваруудад турбочаржед 4 цилиндртэй хөдөлгүүрийг санал болгоод байгаа ба бидний сайн мэдэх 2012 оны 328i ийм хөдөлгүүртэй юм.
"Сурсан зүйлс дээрээ тулгуурлан БМВ-ийн инженерүүд уйгагүй ажиллаж илүү найдвартай хөдөлгүүрийг зах зээлд гаргаад байна.
Цуваа 4 цилиндртэй турбо хөдөлгүүр нь 5,000 эрг/минутад 240 морины хүчийг гаргах бөгөөд хуучин 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй энгийн хөдөлгүүрээс 1,500 эрг/мин бага үедээ уг чадлыг гаргаж байгаа нь онцлог юм. Улмаар шатахуун зарцуулалт болоод эргүүлэх хүч хуучин энгийн 6 цилиндртэй хөдөлгүүрээс сайжирсан" хэмээн БМВ компанийн бүтээгдэхүүн, олон нийттэй харилцах албаны хүн monty Roberts хэлжээ.
СУПЕРЧАРЖИЙН ШИЙДЭЛ (SUPERCHARGER)
Турбо бол цор ганц агаар шахах зориулалттай хэрэгсэл биш бөгөөд үүнээс өөр түүнээс илүү олон давуу талтай суперчаржер гэж бий. Суперчаржерийг хөдөлгүүрт суурилуулснаар илүү их морины хүчийг гаргах боломжтой хэдий ч хөдөлгүүрт ачаалал маш ихээр үзүүлдэг сул талтай. Харин турбочаржер бол зөвхөн яндангаар гарч байгаа агаарыг ашигладаг тул хөдөлгүүрт илүү ачаалал болдоггүй давуу талтай. Мөн хамгийн чухал зүйл нь жин бөгөөд турбо нь хамаагүй хөнгөн мөртлөө үр ашигтай ажиллагаатайд оршиж байна.
ТУРБО ИРЭЭДҮЙД АСУУДАЛ ҮҮСГЭХ ҮҮ?
Өндөр хүчин чадлыг шатахуун хэмнэлтийн хамтаар хүргэж буй турбочаржер нь ирээдүйд гол тоглогчийн нэг байх болно. Хэдийгээр БМВ-ийн цогц хөдөлгүүрээс цогц асуудал гарч ирсэн баримт бий боловч хөгжүүлэлт явагдсаар л байна. Одоо ихэнх авто үйлдвэрлэгч нар турбог өөрсдийн олноор үйлдвэрлэх бүтээгдэхүүндээ суурилуулж өгч байгаа нь түүнийг дутагдал түүх болон үлдсэн гэдгийг гэрчилнэ.
Эх сурвалж: www.cardoctor.mn