ХҮРЭЭЛЭН ТӨСӨЛ: БАРТАА ИХ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

Танья, Хайрлая, Хамгаалъя уриатай “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал төсөл хэрэгжээд 2 жилийг ардаа үдэж та бидний үзэх дуртай нэвтрүүлгийн тоонд хэдийнээ багтах болсон билээ. Монгол орны өнцөг булан бүрт тэд хүрч, зэрлэг, ховор ан амьтдын гэрэл зураг, дүрсийг хальсандаа буулгаж дүрс бичлэгийн архив үүсгэхийг зорьж яваа. Тэдний аяллынхаа зам бартаа саад ихтэй ч очсон гийчний сэтгэлийг бадраах байгалийн үзэсгэлэнт газруудыг ийнхүү цувралаар нэрлэж байна.

1. Хөвсгөл аймаг, Ханх сум

Ханх сум нь нийт 5,500 км² газар нутагтай. Сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд, аймгийн төв Мөрөнгөөс хойш 280 км, нийслэл Улаанбаатараас 1020 км зайтай оршдог.

Хөвсгөлийг Хатгал, цаашлаад Жанхай орсон төдийгөөр Хөвсгөл нуурыг үзчихлээ гэвэл харамсалтай эндүүрэл. Хөвсгөл нуурын зүүн эргээр жуулчны бааз бага, хүн мал сийрэг. Нуурын хойд эрэг дээр, Саяны нурууны ноён оргил Мөнхсарьдагийн өвөрт орших Ханх сум бол Монголын хамгийн гайхалтай суурингийн нэг. Сарьдаг, далай хоёр ханьсан байдаг газар...

Эндээс л та байгаль эхийн ямар үзэсгэлэнтэйг, Хөвсгөл нуурыг Ханхаас харсан хүн л ЯАГААД - Хөвсгөл Далай гэж нэрлэдгийг ойлгоно.

Монгол орны хамгийн хойд талын суурин газар болох Ханх сумын төв рүү авто машинаар хүрэх ганц зам нь Хатгалаас Хөвсгөл нуурын зүүн эргээр 180 км явж очих. Их Сантын давааны зам бороо, цастай үед хаагддаг. Шавар цасгүй, хуурай үед бол энэ 180 км замыг хамгийн хурдандаа 6-7 цаг явж туулна. Хамгийн удаан явсан анти рекорд амжилтыг 26 хонож очсон Зил-130 машин тогтоосон гэдэг.

2. Өмнөговь аймаг, Гурван тэс, Хэрмэн Цав

Гурван тэс сум нь нийт 2,9 сая га газар нутагтай. Хойд, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг. Улаанбаатараас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газартай.

Газар дээрх гандирсын хот гэж Хэрмэн цавыг л хэлэх байх. Энэ бол байгалийн бүтээсэн гайхамшигт архитектур бүхий хот. Эзгүй говьд та сүрлэг байшин шиг харагдах ханан хавцал дундуур алхвал далайн эргийн цамхаг, фараоны хөшөө шиг чулуун дурсгалуудыг сонирхон алмайрах болно. Өөр бусад “үзмэр”-ийг харж ажиглаж чадах эсэх нь зөвхөн таны оюун сэтгэмж, уран дүрслэлээс л шалтгаална.

Хэрмэн цав нь хүний хөл, малчны хот, суурин газраас хол болохоор эндхийн зам бас л шалгуур ихтэй. Хаврын хавсаргатай үед салхи  шуурга замыг анзаарч харагдамгүй болтол нүдчихнэ.

Ус, түлшээ сайн базааж, GPS, газрын зураг, сансрын утас, сайн дугуй, найдвартай машинаар л явахгүй бол хамгийн осолтой замуудын нэг. Туршлагагүй аялагч нарт зөвлөхөд, төөрч будлихаас гадна говийн хөрс, элс нурангинаас болгоомжлоорой.

3. Говь-Алтай аймаг, Дарви сум

Дарви сум нь нийт 344.5 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Алтай хотоос баруун хойш 182 км-т Дарвийн нурууны өвөр хоолой Ихэс нуурын хөвөөнд оршино.

Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Дарви сумын нутгаар баруун хойноосоо зүүн урагш 80 км сунаж тогтсон Дарвийн нуруу хэмээх нэгэн сайхан нуруу бий. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2684 м өргөгдсөн Түнгээгийн Шовх уул. Дарвийн нуруу бол даанч сайхан нутаг. 

Хүрээлэн төсөл ийшээ монгол бөхөн төллөх үеэр явсан юм. Дарвийн нурууны наад Шаргын говь, Хүйсийн говьд дэлхийд ховордсон монгол бөхөнгийн хамгийн том популяц бий. Бас Дарви сумын төвийн хажууд орших Ихэс нууранд реликт цахлай гэж ховор шувуу ч бий.

Мөнх цасан малгайтай огцом өндөр уулс хооронд орших говийн шал, хоолойн зам бишгүй дайралддаг гэхээр байгаль, цаг уур, зам бартаа нь эрс тэс, хатуу ширүүн байх нь мэдээж. Ялангуяа аадар борооны үеэр гэнэт нэг амнаас ус шаагин бууж, наанги шавартай шал хоолойнуудыг дүүргэж орхино.

Бас загийн үндэс, хурц чулуу гээд жолооч, тэрэг хоёроос шалгалт авах “этгээдүүд” их бий...  Загийн үндэс бол дугуйны ганц дайсан. Зам бартаагаа харж явахгүй бол ямар ч сайн дугуйг цоо сүлбэж чадах зүйл бол загийн үндэс.