MITSUBISHI PAJERO
2-р үе V20/V40/V50 (1991-1999 он)
1991 оны 1 сард хамгийн алдартай 2 дахь үеийн V14/24/34/46 V/21/23~26/43~46/55 W/24/26/44/46/47 WG/23~26C загварууд мэндэлжээ. Анхны L загварууд худалдаалагдахын зэрэгцээгээр 2 дахь үеийн V загварын туршилт сайжруулалт амжилттай явагдсан нь Пажерогийн нэр хүнд өсөхөд нөлөөлжээ. Хойд гэрлээс авахуулаад салоны агаарыг халаах хойд тээшний хэсгийн халаагуур, хойд хаалганы 3 өнцгөөр онгойх зэрэг хэрэглэхэд тааламжтай байдлууд нь олонд таалагдаж худалдаанд гарсан эхний өдрөө хэдэн зуугаараа худалдаалагдсан байна.
Ингээд маш ихээр худалдаалагдаж бүртгэлийн ажилтнууд ачааллаа дийлэхгүйд хүрч байжээ. Ер нь 90-ээд он бол жийп төрлийн машины оргил үе байсан бөгөөд энэ үеийн гол баатар нь 2 дахь үеийн Пажеро байлаа. Явдал дунд 4 дугуйгаар хөтлөх горимд шилжүүлж болох Super select 4WD туслах хурдны хайрцаг тавигдаж байв.
Урд бампер болон хаалганы дотор байрлах цохилтын хүчийг бууруулах ган трубан хамгаалалт зэрэг олон давуу талаараа түрүүчийн загвараас илүү болжээ. Түрүүчийн загварт байсан зөөлөн даавуун дээврийн загвар үргэлжилж дифференциал түгжигч, 16 болон 18 инчийн обуд болон тусгай дугуй бага хурдны диференциал зэрэг нь стандартаар тавигдах болсон. Ингэснээр өмнөх загвараас илүү жийп төрхийг олсон загвар болж чаджээ.
Хөдөлгүүр нь өмнөх үеэс үргэлжилж буй 6G72 V6 3000см3 155 морины хүчтэй хөдөлгүүр ба 4D56 цуваа 4 байрлалтай 2500cc дизель турбо 105 морины хүчтэй хөдөлгүүр юм. Урд тэнхлэг нь хос гартай ган савааны эрчлэхэд үүсэх буцах хүчийг ашигласан torsion bar хийцтэй, хойд тэнхлэг нь 3 татуургатай хамаарах чулак, пүрштэй. Харин уралдааны загварт цохилтоос хамгаалах зөөлөвч дэр резин бүхий 4 татуургаар бэхэлсэн чулак хийж өгсөн нь зам дугуйн харьцааг илүү сайжруулж өгсөн байна. Кузовын хувьд урт, богино, онгорхой дээвэртэй, нам дээвэртэй, өндөр эсвэл арын хэсгээрээ өндөрсгөсөн, хажуу крыло дээрээ хөмсөгтэй зэргээр 30 гаруй төрлийн загварыг санал болгож байсан байна.
- Парис-Дакар уралдаанд түрүүлж байсан алдар нэр нь сарын борлуулалтаар 1-р байр эзлэхэд нөлөөлжээ. 1993 оны 7 сарын 19-ний загварын хэсэгчилсэн өөрчлөлтөөр V6 3500 см3 6G74 (230 морины хүчтэй) болон цуваа 4 цилиндртэй 2800см3 Intercooler turbo 4M40 (125морины хүчтэй) хөдөлгүүртэй болсон. Үүний зэрэгцээ хурдны хайрцгийг сайжруулан, хөдөлгүүр солигдсонтой холбогдуулан рамын хөдөлгүүр тогтоох хэсгийг өөрчилсөн. Мөн 16 инчийн дугуй, аюулгүйн дэр, ABS тормозны систем нэмэгдсэн.
- 1994 оноос V6 3500 см3 хөдөлгүүр тавих болжээ. 1994 онд 4М40 хөдөлгүүрийн хүчийг 140 морины хүчтэй болгон нэмэгдүүлсэн. 1997 оны томоохон өөрчлөлтөөр 3500см3 GDI 6G74 хөдөлгүүр (245морины хүчтэй) гарч ирсэн.
Энэ удаагийн шинэчлэлтээр урд хойд крылоны хөмсгүүд байхгүй болж хэвлэсэн бөмбөгөр хийцтэй болсон. Мөн INVECS II гар шилжүүлэгчтэй автомат хурдны хайрцаг тавигджээ. Салоны дотор талын удирдлагын хэсэг, хянах самбарын гэрлийн өнгө зэрэг олон өөрчлөлтүүд орсон. Гэвч гадна дизайны өөрчлөлтүүд нь нийтэд таалагдаагүйн улмаас энэ үеийн Пажерогийн нэр хүнд буурч эхэлжээ.
- Мөн INVECS II хурдны хайрцгийг Мицубиши дангаараа хийж нэр хүндтэй АISHIN компаниар хурдны хайрцгаа хийлгэхээ больсноор энэ нь эвдрэл ихтэй болж шилэн хурдны хайрцаг гэсэн ёжлолыг авсан байна. Мөн оны намар Парис-Дакарын уралдааны хөдөлгүүр болох 6G74-д суурилсан клапангийн нээгдэх хаагдах хугацааг тохируулах MIVEC систем бүхий хөдөлгүүртэй, бүх тэнхлэг нь үл хамаарах Pajero Evolution-ийг үйлдвэрлэж эхэлжээ. 2000 оноос 2 дахь үеийг зөвхөн Европын хэрэгцээнд зориулж 2002 он хүртэл үйлдвэрлэсэн байдаг.
- Одоо БНХАУ-д үргэлжлүүлэн үйлдвэрлэж байна. Мөн HYUNDAI компани 2 дахь үеийн Пажерогийн суурин дээр TERACAN хэмээх загварыг гаргажээ.
3-р үе V60 V70 (1999-2006 он)
1999 оны 9 сарын 2-нд шинэ загвар гарлаа. Урьдын загварыг бодвол хэмжээний хувьд арай том хэмжээтэй болсон. Мөн бүтэн рамтай байсныг больж нэг цул болгосон буюу монокок технологиор кузовыг бүтээсэн. Ингэснээр кузовт тэнхлэгийг тогтоох туслах жижиг рамтай болов. Үр дүнд машины жин хөнгөрч кузовын бат бөх чанар нэмэгдэн зарим техникийн үзүүлэлтүүд сайжирсан хэмээн үйлдвэрлэгч нь тайлбарлаж байна.
- Урд хойд тэнхлэгийн хувьд хос гартай үл хамаарах тэнхлэгтэй болсноор явдал зөөлөн болсон боловч хойд тэнхлэгийн ачаа даах чадвар буурсан. Дифференциал нь LSD хэмээх дугуй хий эргэх үед автоматаар 2 дугуйг цоожлох системтэй болжээ. Тухайн үедээ жийп машинд ховор байдаг автомат хурдны хайрцгийг ашигласан бол механик хурдны хайрцаг нь энгийн авцуулах холбоо бус харин хөдөлгүүрийн эргэлт болон зогсолтыг автоматаар зохицуулдаг электрон удирдлагатай конс буюу авцуулах холбоотой болжээ.
Хөдөлгүүр нь GDI V6 DOHC 24 клапантай 3500 см3 6G74GDI, SOHC V6 24 клапантай 3000 см3 6G72, энгийн 4M40 дизель болон 4 цилиндртэй DOHC 16 клапантай 3200 см3 Intercooler turbo бүхий шууд цилиндр дотор түлш цацах DI 4M41 байв.
2002 оны 9 сарын загварын хэсэгчилсэн өөрчлөлтөөр их гэрэл, урд нүүр, ар талын дизайн шинэчлэгдсэн. 2005 оны 11 сарын хэсэгчилсэн өөрчлөлтөөр дохионы гэрэл улбар шар, хойд бамперийн гэрэл өөрчлөгдөж, GDI хөдөлгүүрийг сольж энгийн SOHC V6 24 клапант 3800 см3 6G75 хөдөлгүүрийг тавих болсон.
4-р үе V80 V90 (2006 оноос хойш)
2006 оны 9 сард Парисийн автосалон дээр Пажерогийн шинэ загвар анх нийтэд танил болжээ. 2006 оны 10 сарын 4-нд шинэчлэгдсэн загвар худалдаанд гарлаа. Сард нийт 700 ширхгийг худалдаалахаар төлөвлөжээ. V20, V40 загварт хэрэглэж байсан 3 суудал бүхий 2 өнгийн сонголтыг дахин 5 хаалгатай EXCEED-ээс дээш загварт хэрэглэснээр Пажерогийн фэнүүдэд таалагдсан байна.
Хөдөлгүүрийн тухайд V6 SOHC 3800 см3 6G75 ба цуваа 4 цилиндртэй DOHC 3200см3 4M41 DI-D (Intercooler бүхий турботой) ба V6 SOHC 3000см3 6G72 байдаг. Хурдны хайрцаг нь гараар шилжүүлэх боломжтой 4 болон 5 шаттай автомат бөгөөд дотоодын худалдаанд 5 шатлалт механик хурдны хайрцагтайг сонгох боломжтой юм. Хөгжим радиогийн хувьд Mitsubishi Outlander-тай адил акустик саунд системтэйг хийжээ.
- 2007 оны 10 сарын 17-нд 5 хаалгатай GR, 3 хаалгатай VR, хамгийн дээд зэрэглэлийн SUPER EXCEED загваруудад шинэчлэлт хийсэн.
- 2008 оны 10 сарын 1-нд 4 жилийн хугацаанд өөрчлөөгүй дизель хөдөлгүүрт 3 төрлийн шинэчлэлт хийснээр хорт бодисын ялгаруулалт болон дуу чимээг багасгаж чаджээ. Бензин хөдөлгүүртэй загварын автомат хурдны хайрцгийг 4 шаттай байсныг 5 шатлалт болгон өөрчилж түлшний хэмнэлтийг сайжруулсан.
- 2009 оны 9 сард 3 литрийн бензин хөдөлгүүрт шинэчлэлт хийснээр хэмнэлтийг 15 хувиар дээшлүүлж хорт найрлагын хэмжээг 75 хувиар бууруулж чаджээ. 3.2 литрийн дизель хөдөлгүүрийг сайжруулан түлшний хэмнэлтийг нэмэгдүүлсэн.
- Бензин хөдөлгүүртэй GR, VR-I загваруудад 16 инчийн хайлшин обуд дугуй тавих болсон. Мөн савхин суудал, 7 инчийн өргөн дэлгэцтэй хард диск бүхий навигацийн систем, 18 инчийн хайлшин ободтой EXCEED Premium Edition гэсэн хамгийн тансаг загварыг гаргажээ.
- 2010 оны 9 сард 3.2 литрийн дизель хөдөлгүүрт дахин сайжруулалт хийж шаталтыг сайжруулснаар 0.08г/км-ээс бага азотын давхар исэл ялгаруулдаг болсон байна. Ингэснээр ногоон дизель гэсэн шаардлагыг хангах болов.
Эх сурвалж: www.cardoctor.mn