TOYOTA PROGRES
1998 оны 5 сараас 2007 оны 6 сар хүртэл Mercedes-Benz C-class, BMW 3-series-тэй өрсөлдүүлэхээр 2-р үеийн Aristo, 10-р үеийн Crown-ийн суурийг ашиглан бүтээсэн байдаг. Өргөн нь 1700мм, харин урт нь 4500мм болсноор богино хэмжээнд люкс машин бүтээх зорилгоо амжилттай биелүүлсэн юм. Урт богино ч тэнхлэг хоорондын зай нь Mark II-оос 50 мм урт болсноороо хойд суудлын зай ихэссэн.
Дотор салон нь дубэн оруулга, арьсан суудал, сайн чанарын хөгжимтэй бөгөөд Crown, Celsior-адил эсвэл бүр илүү ч тоноглолтой байх нь бий. Үүнд хажуугийн толгойн хэсгийн хөшгөн аюулгүйн дэр л гэхэд япон машинд анхных нь байсан бөгөөд тухайн үеийн шинэ дэвшил нэвтэрсэн машин байсан юм. Эхэн үедээ Newron гэх нэрээр худалдаалагдахаар төлөвлөгдөж байсан боловч Progres нэрээр гарсан.
Хөдөлгүүр нь 2.5 ба 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй 1JZ-FE, 2JZ-FE ба хойд болон 4 дугуйн хөтлөгчтэй байх сонголттой. Toyota-ийн эмблем байхгүй цөөн хэдэн загваруудын нэг бөгөөд урд нүүр хойд багааж, ободны голд “P” үсгийн маяглуулсан дүрс бий.
2001 оноос төрөл загвар болох Brevis худалдаанд гарч түүнтэй хамт 2007 оны 6 сар хүртэл үйлдвэрлэгдээд бүр мөсөн зогссон юм. Нэг удаа ч гэсэн бүрэн шинэчлэл хийгдэхгүйгээр 9 жилийн турш хийгдсэн.
Учир нь гэвэл ийм богино хэмжээний автомашинд зарцуулах технологийн өртөг нь их байсантай холбоотой бөгөөд худалдан авагч нар хэмжээ томрохын хирээр үнэ өснө гэсэн буруу ойлголттой байдаг. Үнэн чанартаа бол Lexus IS, Lexus HS-аас ч илүү байсан юм.
G10 загвар (1998 он - 2007 он)
- 1998 оны 5 сарын 14. 1JZ-GE хөдөлгүүртэй NC250, NC250 Four, 2JZ-GE хөдөлгүүртэй NC300 хувилбарууд гарсан.
- 1999 оны 5 сар. iR хувилбар гарав.
- 1999 оны 12 сар. 4WD хувилбарт сайжруулалт хийжээ.
- 2001 оны 4 сарын 11. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдлээ. Гадна дотор талд өөрчлөлт орсон. Өнгөний сонголт өөрчлөгдсөн. Хөдөлгүүр нь шууд цацалттай D4 системтэй болсон. 4WD-ээс бусад хувилбарт 5 шаттай автомат хурдны хайрцаг тавьсан. Хорт утаан ялгаруулалтыг багасгасан.
- 2005 оны 12 сар. Хамгийн сүүлийн Премиум хувилбар худалдаалагдаж эхлэв.
- 2007 оны 6 сар. Brevis-ийн хамтаар үйлдвэрлэл зогссон.