КАРБЮРАТОР VS ИНЖЕКТОР №264

#KNOWLEDGE

Жолооч нар хоорондоо аль нь илүү талаар байнга маргалддаг. Аль аль нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Ингээд та бүхэндээ эдгээр 2 тэжээлийн системийн давуу сул талыг танилцуулая.

КАРБЮРАТОР

Дотоод шаталтын Карбюраторт хөдөлгүүрийн тэжээлийн систем нь бензин ба агаарыг хольж, халуун хольцыг бий болгох, түүний зарцуулалтыг тохируулах үүрэгтэй. Орчин үед түлш дамжуулах карбюраторын систем нь инжекторын системээр солигдож байна. Карбюраторт түлшийг холих механик хэлбэр явагддаг бөгөөд бүтэц нь хоёр тасалгаатай, түүн дотор хөвөгч хөдөлж, хөвөгч нь зүүтэй холбогдон, зүү нь түлшний өгөлтийг тохируулдаг байна.

Карбьюраторыг шинэ машинд 2009 он хүртэл тавьж байсан, дараа нь Евро-3 стандартыг хангахгүйн улмаас хориглогдож үйлдвэрлэхээ болсон.

Давуу тал:
  1. Хямд, засварлахад харьцангуй хялбар. 10-20 жил машин барьсан жолооч бүр гараашдаа ч зогсоол дээрээ ч засварлаж чадах хэмжээний боловсролтой болсон байдаг.
  2. Карбюраторын эд ангиуд хямдхан байдаг.
  3. Түлш голдоггүй, АИ76 -г ч хийгээд явж болно.
  4. Оношилгооны тусгай стенд шаардахгүй.

Сул тал:

  1. Найдвартай байдал муу
  2. Ажиллагаа нь агаарын хэмээс хамааралтай (өвөл хөлддөг, зун хэт халдаг)
  3. Инжекторыг бодвол шатахуун их зарцуулдаг.
  4. Инжектортой харьцуулбал СО2 ялгаруулалт ихтэй.
  5. Эвдрэл ихтэй
  6. Хөдөлгүүрийн асалтыг удаашруулдаг гэх мэтчилэн олон дутагдалтай талтай. Харин одоо инжектор гэж юу вэ гэдгийг авч үзье.
ИНЖЕКТОР

Орчин үеийн бензинт хөдөлгүүрт тавьдаг түлш өгөлтийн систем юм. Түлш дамжуулалтын энэхүү систем нь хуучны карбюраторт системийг алгуураар халж байна. Инжекторын системд, агаарын урсгал руу түлш цацахыг форсунк буюу инжектор гүйцэтгэдэг юм. Үүнээс инжектор гэдэг нэршил нь үүссэн байдаг.

Инжектор нь түлш өгөлтийг механикаар биш электрон удирдлагын тусламжтай өгдгөөрөө ялгаатай. Бүх функцийг инжекторын тархи болсон микроконтроллер, мэдрэгчээс ирсэн өгөгдлүүд дээр үндэслэн гүйцэтгэнэ.

Мэдрэгчүүд: Тахир голын, агаарын болон хөргөх шингэний, холимгийн хаалтны, утааны, хурдны, хуваарилах голын байрлалын, түлшний гэх мэт бүх зүйлсийг хянаж үүн дээр үндэслэн үйлдлээ гүйцэтгэдэг.

Давуу тал:
  1. Хөдөлгүүрийн найдвартай, жигд ажиллагаа
  2. Эвдрэл багатай
  3. Карбюраторыг бодоход түлшний зарцуулалт 40% хүртэл бага
  4. Агаарын температурын зөрүүгээс хамаардаггүй буюу өвөл ч зун ч ажиллагаа хэвийн
  5. Карбюраторт хөдөлгүүртэй харьцуулахад асалт сайтай.
  6. Машины компьютертой сайн зохицон ажилладаг.
Сул тал:
  1. Оношлох ба засварлахад төвөгтэй, тусгай тоног төхөөрөмж шаардлагатай
  2. Эд ангиуд нь өндөр өртөгтэй
  3. Эвдэрсэн эд ангийг засварлах боломжгүй сольдог
  4. АИ92-оос багагүй октантай, сайн чанарын түлш хийх шаардлагатай.

Үүнээс үзэхэд дутагдалтай тал байх нь байна. Гэхдээ төгс юм гэж байхгүй шүү дээ. Дээрх 2-оос аль нь сайн вэ гэж асуувал би инжектор гэж хариулна. Тийм ч учраас орчин цагийн бүх л машинууд энэ технологийг хэрэглэж байна шүү дээ. Эвдрэл гардаг ч карбюратор шиг биш. Хэрэв та шинэ машинтай бол түүнийг эвдрэх тухай 2-3 жил мартаж болно.