COMMON RAIL ТЕХНОЛОГИ №67

Сүүлийн үед гарч байгаа дизель хөдөлгүүрийн түлш цацах системийн нэр бөгөөд уламжлалт дизель хөдөлгүүрийг бодвол түлш цацах аргаараа ялгаатай юм.

Түрүү үеийн дизель хөдөлгүүр нь механик өндөр даралтын насосоор түлшийг цилиндр бүрт харгалзах төмөр хоолойгоор хүргэж тодорхой даралтад онгойх форсункаар түлшийг шүршиж ажилладаг байсан.

Бүүр эхэн үед поршент өндөр даралтын насос хэрэглэдэг байсан ба дараа үе нь боргоцой хэлбэрт гэж ярьдаг эргэлттэй нудрагаар хуваарилдаг трамблёр маягийн өндөр даралтын насос хэрэглэх болсон юм.  Энэ нь бага эзэлхүүнтэй дизель хөдөлгүүрийг хийх боломж олгосон боловч түлш цацах хугацааг тохируулах боломжгүй байсан юм.

Ийм боломжтой болгох үүднээс Common rail гэх систем гарчээ.

Common rail-д түлшийг төмөр хоолой бүрээр цилиндр тус бүрт хүргэх биш ерөнхий нэг хоолойгоор бүх цилиндрт хүргэдэг ба энэ хоолойд өндөр даралтын насос дизель түлшийг өндөр даралтаар шахаж байдаг. Ингэснээр өндөр даралтын насос түлшийг хуваарилах үүргээс чөлөөлөгдөн зөвхөн шахах үүрэгтэй болсноор илүү хялбар болж байгаа юм.

  • Үндсэндээ бол бензин хөдөлгүүрийн EFI системтэй төстэй гэж хэлэхэд болно.
  • Цилиндрт хуваарилах түлшний хэмжээ ба цацах хугацааг хөдөлгүүрийн компьютер ECU тооцоолсны дараа форсункийн ажиллагааг удирдах EDU компьютер түлш цацах форсункийн нээгдэх хэмжээ ба хугацааг тохируулах юм. 
  • Ингэснээр механик хуваарилагчийн зөвхөн нэг хугацаанд цацдаг байсан дутагдлыг арилган хөдөлгүүрийн эргэлт бүрт тохирсон хугацаанд тохирох хэмжээний түлшийг цацдаг болсноор хорт хаягдлын хэмжээг бууруулж, чадлыг нэмэгдүүлэн хэмнэлттэй, экологт ээлтэй дизель хөдөлгүүр бий болсон юм.
Түүх

Common rail-ийн анхны санааг 1960-аад онд  Швeйцарийн иргэн Робэрт Хюбер ( Robert Huber) гаргасан бөгөөд улмаар 1995 он гэхэд Швeйцарийн холбооны технологийн институтийн мэргэжилтэн доктор Марко Гансер (Marco Ganser) хөгжүүлэн гүйцээн боловсруулсан байна. Анхны хувилбарыг бодит байдалд нэвтрүүлэхээр 1990-ээд оны дундуур Denso Корпорацийн инженер Шохэй Ито, Масахико Мияаки нар ажиллаж Hino хүнд даацын ачааны машины хөдөлгүүрт  зориулсан анхны биет хувилбарыг бүтээсэн байна.

Энэ хооронд мөн FIAT, Bosh компаниуд энэ тал дээр өөрсдийн боловсруулалтыг хийж олноор үйлдвэрлэх төвшинд хүргэжээ. 1997 онд Common rail дизель хөдөлгүүртэй суудлын автомашин гарсан. Үүнд Alfa Romeo 156 1.9JTD болон дараа нь Mercedes-Benz C220 CDI гэсэн загварууд орно.

Үүнээс өмнө төстэй хөдөлгүүрүүд 1921-1980 он хүртэл далайн тээврийн хөлөг онгоцонд хэрэглэгдэж байсан бөгөөд форсункны ажиллагааг удирдах удирдлага нь механик, гидр хийцтэй байсан юм.