МЕХАНИК VS АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦАГ №267

#KNOWLEDGE

Маш олон хэрэглэгч энэ 2-ийн аль нь илүү вэ гэдэг дээр эргэлздэг. Механик уу автомат уу? Эдгээр нь яаж ажилладаг бол? Алийг нь яагаад сонгох вэ? зэрэг олон асуултад энэхүү мэдлэг булангийн нийтлэл танд тусална. Харин нийтлэлийн төгсгөлд өөрийн санаа бодлыг илэрхийлэхээ мартуузай.

Хэрвээ та энэ их мэдээллийг уншихаас залхуурч байгаа бол ерөнхийд нь нэг танилцуулая: Механик хурдны хайрцагтай машинууд шатахуун зарцуулалт багатай, машинаа бүрэн удирдаж мэдрэмж боломжийг олгоно. Гэхдээ сураагүй хүнд бол бага зэргийн эвгүй. Харин автомат хурдны хайрцаг буюу АТ нь нөгөөхөөсөө арай илүү шатахуун зарцуулна, хүссэнээрээ удирдах боломжийг хязгаарлана гэхдээ хэрэглэхэд үнэхээр төвөг багатай.

ӨРТӨГ

За тэгэхээр шинэ машин авах үед л шууд мэдрэгддэг дээ. Механик нь автоматаасаа сая илүү төгрөгөөр хямдхан байх нь бий. Мэдээж цоо шинэ машин авч байгаа хүнд сая гаруй төгрөгийн нөлөөлөл тийм ч айхтар тусаад, хотойгоод байхгүй нь тодорхой. Худалдан авагч нар ихэвчлэн бүх зүйлс нь фулл тоногтойг л авахыг хүсдэг шүү дээ.

Гэхдээ хэрвээ МТ-г нь авбал урт удаан насална, сервисийн зардал чирэгдэл багатай гэдгийг үргэлж тооцоолж байгаарай.

ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭ

Механик кропны ажиллагаа автоматыг бодвол илүү хялбар гэж ямар ч механик танд хэлнэ. Нарийн хийцтэй автомат кроп тэгэхээр сервис, засварын зардал үнэтэй нь ойлгогдож байгаа биз?

Хэрвээ механик кропыг зүй ёсоор нь, ном журмаар нь хэрэглэвэл хэдэн арван мянган км-ийг ямар ч асуудал дагуулахгүй туулах боломжтой...гэхдээ машин сайн байх хэрэгтэй шүү :)

Автомат кропыг бодвол үнэтэй, төрөл зүйл заасан тосоор байнга солиод байх шаардлагагүй байдаг нь давуу тал юм даа.

АЖИЛЛАГАА (ЖОЛООДЛОГО)

Машины стандарт хувилбаруудад ихэвчлэн МТ кропыг тавьдаг. Мэдээж ганц дутагдалтай тал нь УБ хотын энэ их түгжрээнд хөл, гар чичрүүлэх нь холгүй бодибилдингийн дасгал болчихдог. Эндээс нэг машин орох гээд шахна түүнийг оруулахгүй байх, урдах машинаа мөргөчихгүй байх гээд л баруун зүүн, өлмий тавхай гээд л нэлээдгүй калори шатаачихдаг нь одоо давуу ч гэх юмуу сул ч гэх юмуу нэг тийм зүйл ажиглагдана.

Харин АТ кроптой бол улаан, ногоон, шар аль өнгийн гэрлэнд ч түүртэхгүй зүгээр л замаа хараад хаазаа эсвэл тоормосоо тултал нь гишгэ. Үүний төлөө одоо багахан хэмжээний шатахуун илүү зарцуулахад яахав дээ гэж бодмоор ч юм шиг.

Тэгвэл ажиллагааны гол ялгаа нь нэг нь мэдрэмж буюу хэзээ хаана ямар үед арааг салгах залгах мэдрэмжийг ихээр шаарддаг. Хэрвээ авцуулах холбоог бүрэн салгалгүй араанд хийвэл техникт ч тэр тав тухад ч тэр маш муу нөлөөтэй.

Тэгэхээр практик сургалт маш их хэрэгтэй байгаа биз? Уг нь дээх нь үед зөвхөн МТ кроптай машинаар л сургалтыг явуулж жолооны үнэмлэх олгодог байлаа. Сүүлийн үеийн авто курсууд автомат араатай машинаар дадлага хийлгэдэг болсноор жолооч нарын практик туршлага, мт хурдны хайрцгийн талаарх ойлголт төсөөрсөн гэхэд болно.

Харин автомат бол дээрх үйлдлийг мэдээж автоматаар гүйцэтгэнэ. Ерөөсөө ч жолоочийн оролцоо шаардагдахгүй. Тэгэхээр гаргалгаа нь хэрвээ таны оршин суудаг газар байнга түгжирдэг бол автомат кроптойг худалдаж аваарай - гэхдээ жолоодлогын кайфыг март.

Дараагийн дугаарт: Давуу болон сул талаас ярилцана.