NISSAN PATHFINDER

3-р үеийн R51 цуврал (2005-2012)

2004 оны Хойд Америкийн Олон Улсын Авто Шоуны үеэр Ниссан компани бүрэн шинэчилсэн Патфайндер загварыг 2005 оны загварын жилд зориулан гаргасан байна. Шинэ R51 Pathfinder нь Ниссан компанийн F-Alpha платформыг ашигласан бөгөөд 4.0 литрийн V6 буюу VQ40DE (266 морины хүч болон 390 Нм эргүүлэх хүчтэй) хөдөлгүүр мөн 2.5 литрийн YD25DDTi (174 м.х болон 403 Нм эргүүлэх хүчтэй) турбо дизель хөдөлгүүртэйгээр танилцуулж байв.

2003 оны сүүлээр дээд зэрэглэлийн SUV болох Pathfinder Armada загвар танилцуулагдаж байсан бөгөөд түүний нэрний "Pathfinder" гэсэн онцлох үгийг нь 2005 оноос гээж дан Армада нэрээр нэрлэх болсон байна.

Патфайндер загварыг Террано нэрээр Хойд Америкаас бусад орны зах зээлд худалдаалж байсан бөгөөд харин 2005 оноос дэлхий даяар Pathfinder нэрийг хэрэглэх болжээ.

2005 онд танилцуулсан Патфайндер нь анх удаагаа 3 эгнээ суудалтайгаар онцлог байв. Мөн 2005-2010 оны загваруудад радиатороос хөргөлтийн шингэн хурдны хайрцаг руу алддаг хэмээх шалтгааны улмаас хурдны хайрцаг болон радиаторыг солих болж байжээ.

2008 оны хэсэгчилсэн шинэчлэлт (АНУ болон Ойрх Дорнод)

2008 оны хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Патфайндерийг 2007 оны Чикаго Авто Шоуны үеэр танилцуулж байсан. Түүний хойд хэсэгт зарим нэгэн хөнгөн сайжруулалтыг хийсэн мөн Титан загварт ашиглаж байсан 317 морины хүчтэй 5.6 литрийн V8 хөдөлгүүрийг цаашид ашиглах болсон.

2008 Nissan Pathfinder V8
2008 Nissan Pathfinder V8
Салон доторх
Салон доторх
  • 2010 оны хэсэгчилсэн шинэчлэлт (Европ, Өмнөд Америк, Ази/Номхон далайн орнууд мөн Карибын тэнгисийн нутгаар)
  • 2010 оны Женев Мотор Шоунд сайжруулсан загварыг танилцуулсан бөгөөд энэ удаад Ниссан компани 3.0 литрийн V6 турбодизель (V9X хөдөлгүүр) 240 мх. Болон 500 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүр мөн YD25DDTi турбодизель хөдөлгүүрийг сайжруулж 190 м.х (14 м.х илүү болсон), 450 Нм эргүүлэх хүчтэй болгон хэрэглэгчдэд танилцуулжээ.

Улмаар шатахуун хэмнэлтийг сайжруулж хосолсон нөхцөлд 8.4л/100км зарцуулалттай болгосон бөгөөд СО2 ялгаруулах хэмжээг нь 224 г/км болгон бууруулсан байна.

4-р үе (2013 он-)

Ниссан компани албан ёсоор бүрэн шинэчилсэн 2013 оны Pathfinder загварыг танилцууллаа, уг загвар нь шинэ монокок бүтэцтэй болсноос гадна хамгийн шилдэг технологиудыг өөртөө цогцлоосон, люкс салонтай загвар болжээ. Түүний борлуулалтыг 2012 оны намраас эхлэх бөгөөд үнийн хувьд $28,270 ам.доллараас эхлэх ажээ. Ингэснээр 2012 оны суурь загвараас $1020 ам.доллар хямдарсан ба илүү олон сайжруулалт хийгдсэнээрээ онцлог болжээ.

7 зорчигчийн суудалтай, монокок бүтэцтэй шинэ Pathfinder нь илүү хөнгөн мөн илүү дуулгавартай жолоодлоготой болсон бөгөөд Ниссан компанийн мэдээлж буйгаар монокок бүтцийг ашигласнаар кузовын жин 250 кг орчим хөнгөн болсон гэжээ. Үр дүнд нь хурдны болон хосолсон замд шатахуун зарцуулалт 25% буурсан гэнэ.

Энэ үр дүнд хүрэхийн тулд дан ганц кузовын жин чухал биш байсан бөгөөд гадаад дизайн, дараа үеийн Xtronic CVT автомат хурдны хайрцаг, хөдөлгүүрийн сайжруулалт зэрэг зүйлс нөлөөлсөн байна. Шинэ дизайнтай болсноор гаднаасаа жижиг харагдах болсон ч өмнөх загвараасаа салоны зай илүү томорсон гэдгийг компанийн зүгээс мэдээлээд байна.

2013 оны загвар нь 3.5 литрийн V6 хөдөлгүүрийг ашиглах бөгөөд энэхүү хөдөлгүүрийг шинэ Инфинити JX загвар мөн адил ашигладаг билээ. V6 хөдөлгүүрээс 260 морины хүч гарах чадалтай бөгөөд сонголтоор V8 болон 4 цилиндртэй хөдөлгүүрийг санал болгож байгаа ажээ. Хурдны хайрцгийн хувьд механик эсвэл уламжлалт АТ хурдны хайрцгийн сонголт байхгүй юм байна.
Албан ёсны мэдээллийн үеэр түүнийг офф-роад ангилалд багтахгүй, харин илүү минивэн зориулалттай хэмээсэн бөгөөд "Бидний худалдан авагч нар бүх улиралд тохирсон автомашиныг хайж байна. Тиймээс бид түүнийг оффроад чиглэл рүү хазайлгаагүй бөгөөд хэрвээ та оффроад автомашин сонирхож байгаа бол Xterra мөн Armada загварууд бий шүү дээ" хэмээн Ниссан компанийн маркетингийн албаны дарга Том Смит хэлсэн байна.

AWD сонголт бүх хувилбаруудад бий бөгөөд энэхүү систем нь автомат, түгжсэн FWD, эсвэл түгсэн AWD горимтой юм байна.
Салоны хувьд шинэ EZ-Flex суудалтай тул бууж суухад амар болсон байна, улмаар хойд суудлыг хурааж эсвэл урагшлуулж болдог мөн 3-р эгнээний суудлыг авах шалтай нэг төвшинд аваачих боломжой зэрэг давуу талтай болсон байна. Ниссан улмаар кабинд дээд зэрэглэлийн байдлыг мэдрүүлэхийн тулд өндөр чанартай пластик материалыг хэрэглэсэн бөгөөд урд төв самбарт мебель оруулга хийж өгсөн мөн сонголтоор 13 спийкертэй Bose аудио систем, халж хөрдөг урд суудал, 360 градус харах камер зэргийг суурилуулах боломжтой ажээ.

2013 оны Pathfinder-ийн үйлдвэрлэлтийг 2012 оны 8-р сараас эхлэх бөгөөд Теннесни, Смирнад байрлах угсрах үйлдвэрт үйлдвэрлэж эхлэх ажээ. Харин шоу өрөөгөөр тун удахгүй танилцуулах болно гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

2011 онд Ниссан компани 25,935 ширхэг Pathfinder загварыг борлуулж Шэви Травэрс, Форд Эксплорэр, Хонда Пайлот, Тоёота Хайландер загваруудтай өрсөлдүүлж байжээ. Гэхдээ эдгээр загварууд 100,000-аас дээш борлуулалттай байсан байна.

2013 Ниссан Pathfinder-ийн онцлох зүйлс:

  • 2012 оны Pathfinder-ээс 250 кг хөнгөн болсон
  • 11.76л/9.04л/10л хот/шулуун/хосолсон замд
  • Ачаа чирэх даац 2250 кг
  • FWD болон 4WD систем
  • Шинэ Xtronic CVT хурдны хайрцаг
  • EZ Flex суудлын систем
  • 3.5 литрийн DOHC V6 хөдөлгүүр: 260 морины хүчийг хөдөлгүүрийн 6,400 эрг/минутад гаргах бөгөөд 4,400 эрг/минутад 325 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай.

Сонголтоор: арьсан суудал, халдаг руль, халж, хөрдөг урд суудлууд, Ниссан ухаалаг түлхүүр, Ниссан Навигэйшн систем, Bluetooth утасны систем, 13 спийкертэй Bose дууны систем, сансрын радио, давхар ажиллагаатай агааржуулалтын систем, ухрах дэлгэц, алсаас хөдөлгүүр асаагч, 3 бүсийн энтэртайнмэнт систем зэргийг авах боломжтой юм байна.