TOYOTA RAUM

Toyota Raum нь 1.5 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй суудлын тэрэг бөгөөд хойд хаалга нь гүйж онгойдог онцлогтой. Ерөнхийдөө жижиг вагон хэлбэртэй, 1997 онд анхны загвар нь худалдаанд гарсан.

Raum Z10 (1997-2003 он)

1997 онд Corsa, Tercel, Corolla II-ын суурин дээр хийгдсэн шинэ загвар бөгөөд тэнхлэг хоорондын зай нь урт, 2 эгнээ суудалтай, гүйдэг хаалгатай, урд хэсэг нь энгийн стандарт загвартай бөгөөд хойд гэрэл нь өндгөн хэлбэртэй гэдгээрээ онцлог. Шинэ загварын эзлэхүүнтэй харагддаг хянах самбартай болсон төдийгүй, хөгжим нь хянах самбарынхаа дээд хэсэгт нь байрласан ба илүү эвтэйхэн, хэрэглэхэд эвтэйхэн болсон.

  • 5E-FE кодтой 1.5 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй. Мөн Toyota-гийн хамгийн анхны электрон тоормосны системтэй машин юм.
  • Стандарт Е Package болон алсын удирдлагатай толь, автомат хаалга онгойлгогч  гэх мэт зүйлсийг багтаасан С Package мөн С Package дээр нэмэгдээд тааз болон хаалганы бариул нь өнгөтэй G Package гэсэн 3 төрөлтэй.
  • 1999 онд урд бампер болон нүүр мөн хойд бамперын хэлбэр загвар өөрчлөгдсөн ба зарим загварыг тахометр буюу моторын эргэлт хэмжигчтэй болгосон. Мөн 2001 онд UV буюу нарны хэт ягаан туяаны хамгаалалттай цонх, цахилгаан удирдлагатай толь, арьсан бүрээстэй суудалтай болсон ба тухайн онд Separate special edition загвар худалдаанд гарсан.
Raum Z20 (2003 оноос)

2003 оноос өмнөх загварыг нь шинэчлэн гаргасан ба аюулгүй байдал болон салоны тав тухыг сайжруулсан загвар болсон байна. Жолоочийн хажуугийн суудлын гүйдэг хаалга нь автоматаар нээгддэг болсон.

Хянах дэлгэц нь самбарынхаа голд байрлах ба салоны загвар нь илүү гоёмсог болж ирсэн. Автомат 4 араатай 1NZ-FE буюу VVT-i хэлбэрийн хөдөлгүүртэй болгосон ба хүчийг нь 10 морины хүчээр нэмэгдүүлсэн. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн загвар бөгөөд 2003 онд ″Universal Design″ шагналыг хүртсэн.

2004 онд  их гэрлийг нь илүү сайжруулсан C Package NEO edition загвар худалдаанд гарсан. 2006 оноос машин бүрийг урд манангийн гэрэлтэй үйлдвэрлэж эхэлсэн ба хойд гэрэл болон дугуйны загвар шинэчлэгдэн, их бие нь 3 төрлийн өнгөтэйгээр гарч эхэлсэн.

Мөн үйлдвэрлэгчийн санал болгож буй нэг зүйл бол навигаци буюу зам зааварчилга системийг нь DVD-ээс HDD болгож байгаа явдал юм.