МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 1-p хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ


1.  Нийтлэг үндэслэл


1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.


1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна:
A - мотоцикль;
B - жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
C - бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй);
D - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
E - "B", "D" ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй,   "C" ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн;
Механизм - трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
1.3. "D" ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
"Аюултай ачаа" -тээвэрлэлтийн үед хүний амь бие, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл;
"Бодит жин" -тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
"Бүх жин"-тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;
"Гарц" -ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;
"Гол зам" -уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам;
"Гүйцэж түрүүлэх" -явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл;
"Давуу эрх" -бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх;
"Ердийн хөсөг" -уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг);
"Жолооч" -тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно;
"Зайлшгүй зогсолт" -жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
"Зам" -тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
"Зам тавьж өгөх" -замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл;
"Зам тээврийн осол" -зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал;
"Замын хөдөлгөөн" -нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
"Замын хөдөлгөөнд оролцогч" -замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч;
"Зорчих хэсэг" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
"Зохицуулагч" -замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд;
"Механикжсан тээврийн хэрэгсэл" -мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
"Мопед" -50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл;
"Мотоцикль" -шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;
"Суурин газар" -5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;
"Төмөр замын гарам" -төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир;
"Тусгаарлах зурвас" -зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсэг;
"Тууш зам" -5.1 тэмдгээр тэмдэглэгдсэн зам;
"Тээврийн хэрэгсэл" -хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл;
"Тээврийн хэрэгслээр зорчигч" -тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн;
"Түр зогсолт" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна;
"Удаан зогсолт" -зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
"Унадаг дугуй" -унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл;
"Уулзвар" -замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай);
"Үзэгдэлт хангалтгүй үе" -байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үе;
"Харанхуй үе" -үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа;
"Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх" -сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй;
"Цуваа" -ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно;
"Чиглэлийн тээврийн хэрэгсэл" -тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, чиглэлийн такси);
"Чиргүүл" -механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
"Эгнээ" -автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуухь зурвас;
"Явган зорчигч" -замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикль, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна;
"Явган хүний гарц" -явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан,  5.16.а,б тэмдэг буюу 7.13.а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно;
"Явган хүний гарам" -зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.17.а,б,в,г тэмдэг тавигдсан, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарц;
"Явган хүний зам" -зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал зүлэг, хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг.
1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
1.6. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, байрлуулах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно.
1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.
1.8. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

2. Жолоочийн үүрэг
2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:
а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
в/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.
2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид "Замын цагдаагийн алба" гэх)-нд тэмдэглүүлсэн байх.
2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;
б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
                Тайлбар: Энэ заалт нь жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.
в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
г/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
д/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
е/зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;
ж/замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
з/гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх;
Тайлбар: Дээр дурдсан ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн албан тушаалтан явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн гарсан шууд зардлыг цагдаагийн байгууллага төлнө.
и/цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах;
                Тайлбар: Жолооч дээрх тохиолдолд шалгагчийн албаны үнэмлэхийг үзэж танилцах эрхтэй.
к/тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикль буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх.
2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн        1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.
Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.
Тайлбар: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.
2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;
г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно;
д шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах.
2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно.
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;
в/зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;
г/гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;
д/тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;
е/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
ж/зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;
з/цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

3. Явган зорчигчийн үүрэг

3.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна.
Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) явна. Түүнчлэн тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.
Суурин газрын гаднахь замд явган зорчигч зорчих хэсгээр явах тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг явна. Харин тээврийн хэрэгсэл (мотоцикль, мопед, унадаг дугуй гэх мэт) түрсэн хүн хөдөлгөөний чигийн дагуу гэрэлтүүлэх хэрэгсэл болон гэрэл ойлгуурыг халхлахгүйгээр явна.
3.2. Жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явах тохиолдолд дөрвөөс илүүгүйгээр зэрэгцэж хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талаар явна. Жагсаалын зүүн гар талын захын урд болон ард өдрийн цагт улаан дарцаг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл (эсвэл гэрэл ойлгуур) барьсан хүн хамгаалж явна.
3.3. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна.
Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна.
3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
3.5. Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио (ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио) буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална.
3.6. Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
3.7. Замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрэл дохио (шар гэрэл дохионоос бусад) ажиллуулсан тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ.
3.8. Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээх бөгөөд тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө.
3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
      а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
      б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
      в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;
      г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг

4.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ:
      а/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх;
      б/тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө.
4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
      а/хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж явах, тэвшин дээр зогсох;
      б/ цонхоор биеэ болон бусад зүйл гаргах;
      в/хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох;
      г/тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх;
      д/бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх.

5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио
5.1. Хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно.
5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө "Зогс-шугам" тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно.
Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн, эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө.
Тайлбар: Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно.
5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.

Гэрлэн дохио
5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана.
Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ.
5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно.
5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна:
      а/ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна;
      б/шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
      в/анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна;
      г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна.
Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна.

Зохицуулагчийн дохио
5.8. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна:
      а/дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
      б/дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно;
      в/дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
5.10. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, тойрон гарах, зогсох зэрэг үйлдэл хийхийг заасан ойлгогдохуйц дохио өгч болно.
5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй.
5.12. Зохицуулагчийн шүглийн дохио буюу бүсний анивчсан шар гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна.

6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх
6.1. Дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно:
а/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;
б/суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.
Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
6.2. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
      а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
      б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед;
      в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
      г/жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед;
      д/чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед;
      е/тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд.
6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.
Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
      а/зам тээврийн ослын улмаас зогссон үед;
      б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд;
      в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
      г/чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол.
Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.

7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх (байр эзлэх, эргэх, зогсох)-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.
7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.
7.3. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.
7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө.
7.5. Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино.
Анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.
7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.
7.8. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.
7.9. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино.
 Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.
7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ.
7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.15. Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:
      а/явган хүний гарц дээр;
      б/төмөр замын гарам дээр;
      в/гүүрэн дээр болон доор;
      г/хонгил дотор;
      д/үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар;
      е/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр.
7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.
7.18. Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно.

8. Тээврийн хэрэгсэл байрлан явах
8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.
8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.5. Суурин газрын гаднахь зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно.
8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно.
Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна.
8.10. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байхад зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.
8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

9. Тээврийн хэрэгслийн хурд
9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднахь замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино:
а/механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;
б/хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км;
в/суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км;
г/суурин газрын гаднахь зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км;
д/тууш замд мотоцикль, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь  3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км;
е/ хорооллын дотор цагт 20 км.
9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
      а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;
      б/"Хурдны хязгаар" таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;
      в/шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;
      г/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.

10. Гүйцэж түрүүлэх
10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:
а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх;
б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх;
в/урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх.
10.2. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.
10.3. Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.
10.4. Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар (энэ дүрмийн 6.1, 15.7-д заасныг зөрчихгүйгээр) анхааруулж болно.
10.5. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.
Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.
10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:
      а/зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол;
      б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
      в/явган хүний гарц дээр;
      г/төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
      д/гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
      е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт;
      ж/хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг.

11. Түр буюу удаан зогсох


11.1. Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.
11.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах (эсвэл хөвөө)-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар (бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр) зогсоож болно.
11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
11.4. Суурин газрын гаднахь замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно.
11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол:
      а/уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд);
      б/явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд;
      в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд);
      г/төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд;
      д/гүүрэн дээр болон доор;
      е/хонгил дотор;
      ж/гэрлэн дохио, замын тэмдэг халхлах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт;
      з/тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт;
      и/үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр.
11.6. Удаан зогсохыг хориглох тохиолдол:
      а/түр зогсохыг хориглосон газарт;
      б/төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд.
11.7. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино.
11.8. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно.

12. Уулзвар нэвтрэх
12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө.
12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно.
12.3. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ.

Зохицуулдаг уулзвар нэвтрэх
12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.6. Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.

Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
12.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.11. Уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална.
12.12. Хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс шалтгаалан) бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.

13. Явган хүний гарц нэвтрэх
13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.
13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.
13.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
13.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.5. "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ.
13.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно.

14. Төмөр замын гарам нэвтрэх
14.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.
14.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.
14.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.
14.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч "Зогс-шугам" тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.
14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
      а/гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх;
      б/гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах;
      в/цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах;
      г/гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох.
14.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна.
Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол:
      а/бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна;
      б/жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө;
      в/галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө.
Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.

15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх
15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:
      а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.
Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;
      б/замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана;
      в/чиргүүл чирч яваа үед чиргүүлийн оврын гэрлийг асаана.
15.2. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын "в", 6.3-ын "в" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
15.3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед чиргүүл чирч явах ба зогсохдоо бүхээг дээрх "Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл" таних тэмдгийг асаана.
15.4. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднахь замд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Түүнийг суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно.
15.5. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ.
Тайлбар: Автомашинд хоёр, мотоцикльд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.
15.6. Бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт дараахь тохиолдолд ойрын гэрлийг асаана:
а/цуваагаар яваа үед;
б/хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед;
в/хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед;
г/механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед;
д/тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа үед.
15.7. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Энэ дохио нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

16. Хорооллын доторх хөдөлгөөн

16.1. 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно.
16.2. Хорооллын доторх хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг удаан зогсоохыг хориглоно.
16.3. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

17. Тууш замын хөдөлгөөн
17.1. Тууш замд хориглох зүйл:
      а/явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед болон трактор, өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
      б/бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах;
      в/5.15, 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсох;
      г/ухрах буюу буцаж эргэх;
      д/жолоодлогын дадлага явуулах.
17.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 6.2-ын "б",    6.3-ын "б" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.


18. Цуваагаар явах
18.1. Цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явна.
18.2. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрмийн 9.3-т заасан хязгаараас хэтрэхгүй байвал зохино.
Цуваа нь гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
18.3. Бусад жолооч нар замын нарийн хэсэгт (тэмдгээр дараалал тогтоогоогүй бол) цуваанд зам тавьж өгнө.
18.4. Цувааг тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл хамгаалан яваа бол тэр нь цувааг чиглүүлэн удирдаж явах бөгөөд энэ дүрмийн 2.4-т заасныг хэрэгжүүлж болно.


19. Жолоодлогын дадлага хийх
19.1. Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор хийнэ.
19.2. Жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ.
19.3. Жолоодлогын дадлага хийлгэх багш нь Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэх болон дадлага хийлгэж байгаа тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
19.4. Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь "Сургалтын тээврийн хэрэгсэл" таних тэмдэгтэй байна.
 Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь багшид зориулсан тоормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 250 х 250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна.
19.5. Жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.


20. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх
20.1. Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, мөн цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ  асаана.
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын "д",   6.3-ын "г" заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
20.2. Хатуу холбоогоор чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл нь шулуун чигт чирч яваа тээврийн хэрэгслийнхээ дугуйн мөрийг дагахаар холбогдоогүй, түүнчлэн зөөлөн холбоо хэрэглэсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно.
20.3. Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь   4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино.
20.4. Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.
20.5. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно.
20.6. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:
      а/чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;
      б/хоёр буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг;
      в/хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклийг;
      г/халтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор;
      д/чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол;
      е/уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол.

21. Хүн тээвэрлэх
21.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино.
21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.
21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна:
      а/тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх;
      б/хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх;
      в/тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх;
      г/зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх.
21.4. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай анхааруулбал зохино.
21.5. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд болон хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан буюу зориулан тоноглосон суудлын тооноос илүүгүй байна.
Тайлбар: Ачааны автомашины тэвшинд тоноглосон суудлын тоог тогтоохдоо тавцангийн 0.4-0.5 метрийн урттай хэсгийг 1 нэгжид тооцно.
21.6. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ автобус буюу хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Зайлшгүй тохиолдолд ачааны автомашин (хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон)-аар тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.
21.7. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг (тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө.
21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:
      а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн;
                Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино.
      б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт;
      в/чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд;
      г/ачааны мотоциклийн тэвшинд;
      д/12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклийн арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр;
      е/3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр;
      ж/согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд.


22. Ачаа тээвэрлэх
22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна:
      а/унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх;
      б/жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх;
      в/тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;
      г/тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх;
      д/их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх.
22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.
22.4. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж явна.
22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна.
22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.
22.7. Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай журам, стандартын дагуу тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн урд болон ард "Аюултай ачаа" таних тэмдгийг байрлуулна.
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.

23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага
23.1. Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-гаас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
23.2. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино.
23.3. Ердийн хөсгийн тоног таталга нь бат бөх байхаас гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл ойлгуур (тус бүр хоёр ширхэг)-тай байвал зохино.
23.4. Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
23.5. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвараас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсэгт нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
23.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
      а/жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;
      б/ачаа нь урт буюу өргөнөөрөө тээврийн хэрэгслийн овроос 0.5 метрээс илүү гарах, өндөр нь газраас 1.5 метрээс илүү байх;
      в/зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд (түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд) хүн тээвэрлэх;
      г/7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх;
      д/согтуу хүн тээвэрлэх;
      е/тээврийн хэрэгслийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.
23.7. Суурин газрын гаднахь засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.
23.8. Төмөр замын гармаар ердийн хөсгийг гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Мал тууж гаргахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.
23.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл:
      а/ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх;
      б/зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих;
      в/согтуу байх.

_____оОо_____

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
1 дүгээр хавсралт


ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ


Нэг. Анхааруулах тэмдэг
1. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна:
  • 1.1 "Төмөр замын хаалттай гарам";
  • 1.2 "Төмөр замын хаалтгүй гарам";
  • 1.3.а,б "Төмөр замын гарам" -1.3.а тэмдэг нь нэг төмөр замтай, 1.3.б тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарам байгааг;
  • 1.4.а,б,в,г,д,е "Төмөр замын гарамд ойртоно" -төмөр замын гарам ойртож байгааг (суурин газрын гаднахь замд);
  • 1.5 "Адил замын уулзвар";
  • 1.6 "Тойрох хөдөлгөөнтэй уулзвар";
  • 1.7 "Гэрэл дохионы зохицуулга" -хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарц ойртож байгааг;
  • 1.8.а,б "Огцом эргэлт" -замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт эргэх чиг ойртож байгааг;
  • 1.9.а,б "Тахир зам" -замын огцом тахирласан хэсгүүд байгааг;
  • 1.10 "Эгц уруу";
  • 1.11 "Огцом өгсүүр";
  • 1.12 "Халтиргаатай зам";
  • 1.13 "Тэгш биш зам";
  • 1.14 "Хайрга үсэрнэ" -тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг;
  • 1.15.а,б,в "Зам нарийсна" -1.15.а тэмдэг нь зам хоёр талаас, 1.15.б тэмдэг нь зам баруун гар талаас, 1.15.в тэмдэг нь зам зүүн гар талаас нарийсахыг;
  • 1.16 "Эсрэг хөдөлгөөн" -эсрэг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг;
  • 1.17 "Явган хүний гарц";
  • 1.18 "Хүүхэд" -зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй замын хэсэг (сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт) байгааг;
  • 1.19 "Унадаг дугуйн зам нийлнэ";
  • 1.20 "Засварын ажил" -хүмүүс зам дээр ажил хийж байгааг;
  • 1.21 "Мал тууж гарах газар";
  • 1.22 "Ан амьтан" -мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг;
  • 1.23 "Чулууны нурангитай" -дээрээс шороо, чулуу нурж болзошгүй замын хэсэг байгааг;
  • 1.24 "Хажуугийн салхитай";
  • 1.25 "Онгоц доогуур ниснэ";
  • 1.26 "Хонгил" -гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг;
  • 1.27 "Бусад аюултай газар" -энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий замын хэсэг байгааг;
  • 1.28.а,б,в "Эргэх чиг" -замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дэх огцом эргэх чигийг.
2. 1.1, 1.2, 1.5-1.27 тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднахь замд 150-300 метрийн өмнө байрлуулна. Шаардлагатай тохиолдолд 6.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулна.
Замын өгсүүр, уруу хэсгүүд залган үргэлжилж байгаа бол 1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.
Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.20 тэмдгийг уг хэсгээс 10-15 метрийн өмнө байрлуулж болно.
3. 1.3.а,б тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна.
4. 1.4.а,б,в тэмдгийг зорчих хэсгийн баруун гар талд, 1.4.г,д,е тэмдгийг зүүн гар талд байрлуулах бөгөөд төмөр замын гармаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна.
5. 1.28.а,б,в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна.

Хоёр. Хориглох тэмдэг
6. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө:
  • 2.1 "Орох хориотой" - тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно;
  • 2.2 "Хөдөлгөөн хориотой" - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.3 "Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой";
  • 2.4 "Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" - бүх жин нь 3.5 тонноос илүү (тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү) ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин, механизмын хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдэг нь хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд хамаарахгүй;
  • 2.5 "Мотоциклийн хөдөлгөөн хориотой";
  • 2.6 "Тракторын хөдөлгөөн хориотой" - бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин, механизмын хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.7 "Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" - чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн мехникжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.8 "Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой" - ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг хориглоно;
  • 2.9 "Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой" - унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.10 "Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой";
  • 2.11 "Жингийн хязгаарлал" - бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.12 "Тэнхлэгийн ачааллын хязгаарлал" - аль нэг тэнхлэгт ногдож буй ачааллын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.13 "Өндрийн хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.14 "Өргөний хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.15 "Уртын хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
  • 2.16 "Хоорондын зайн доод хязгаарлал" - тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь тэмдэгт зааснаас бага явахыг хориглоно;
  • 2.17 "Гааль" - гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр нэвтрэхийг хориглоно;
  • 2.18.а "Баруун гар тийш эргэх хориотой";
  • 2.18.б "Зүүн гар тийш эргэх хориотой";
  • 2.19 "Буцаж эргэх хориотой";
  • 2.20 "Гүйцэж түрүүлэх хориотой" - цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;
  • 2.21 "Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл" - 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
  • 2.22 "Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой" - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн трактороор унадаг дугуй, ердийн хөсгөөс бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;
  • 2.23 "Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл" - 2.22 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
  • 2.24 "Хурдны дээд хязгаарлал" - хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно;
  • 2.25 "Хурдны дээд хязгаарлалын төгсгөл" - 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
  • 2.26 "Дуут дохио хориотой" - зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно;
  • 2.27 "Түр зогсох хориотой" - тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно;
  • 2.28 "Удаан зогсох хориотой" - тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно;
  • 2.29 "Бүх хорионы төгсгөл" - 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн хүчинтэй хүрээ дууссаныг заана

7. 2.2-2.9 тэмдгүүд нь уулзвар, гарцын өмнө байрласан бол тэдгээрийн хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

8. 2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүд нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.
9. 2.18.а,б тэмдэг нь зорчих хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна.
10. 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.
2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгүүдээр, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр, 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр тус тус багасгаж болно. Мөн 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.б,д,е тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 6.2.в тэмдэгтэй хамт тавигдсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 7.4, 7.9 харгалзах тэмдэглэлүүдтэй хамт хэрэглэснээр (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно), 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.29 тэмдгээр тус тус багасгаж болно.
11. 2.10, 2.27, 2.28 тэмдгүүд нь замын байрласан талдаа хүчинтэй.

Гурав. Дарааллын тэмдэг
12. Дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр нэвтрэх дарааллыг тогтооно:
  • 3.1 "Гол зам" - зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд давуу эрх олгоно;
  • 3.2 "Гол замын төгсгөл" - 3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
  • 3.3.а,б,в "Туслах зам нийлнэ":
  • 3.3.а - туслах зам баруун болон зүүн гар талаас нийлнэ;
  • 3.3.б - туслах зам баруун гар талаас нийлнэ;
  • 3.3.в - туслах зам зүүн гар талаас нийлнэ;
  • 3.4 "Зам тавьж өгнө" - хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө;
  • 3.5 "Зогсохгүй явах хориотой" - хөдөлгөөний зохицуулгагүй үед "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
  • Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ;
  • 3.6 "Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" - өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно;
  • 3.7 "Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй" - замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй.
13. 3.1, 3.3.а,б,в тэмдэг бүхий замтай огтлолцсон туслах чанарын замд 3.4 буюу 3.5 тэмдгийг, мөн 3.7 тэмдэг байрласан нарийссан хэсгийн эсрэг талд 3.6 тэмдгийг тус тус байрлуулна.

Дөрөв. Заах тэмдэг
14. Заах тэмдэг нь хөдөлгөөний зөвшөөрсөн чиг, хурдны зөвшөөрөгдөх доод хязгаар, мөн явган зорчигч болон тээврийн хэрэгслийн тодорхой төрлүүд явахыг зөвшөөрсөн замыг заана:
  • 4.1.а,б,в,г,д,е - зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө;
  • 4.2.а,б,в "Саадыг тойрч гарах чиг" - саадыг сум заасан талаар тойрч гарна. Энэ тэмдэг нь зөвхөн тухайн саадын орчинд хамаарна;
  • 4.3 "Тойрох хөдөлгөөн" - сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө;
  • 4.4 "Суудлын автомашин явна" - суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин, автобус, мотоцикль болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;
  • 4.5 "Унадаг дугуйн зам" - зөвхөн унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг зөвшөөрнө. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө;
  • 4.6 "Явган хүний зам" - зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;
  • 4.7 "Хурдны доод хязгаарлал" - зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө;
  • 4.8 "Хурдны доод хязгаарлалын төгсгөл" - 4.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
15. Уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан 4.1.а-4.1е тэмдэг нь зөвхөн тэр хэсэгтээ хамаарна.
4.1.а тэмдэг нь замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.
16. 4.4 тэмдэг уулзвар, гарцын өмнө байрласан бол түүний хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

Тав. Мэдээлэх тэмдэг
17. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдлын онцлог, суурин газар болон бусад объектын байрлалыг харуулна:
  • 5.1 "Тууш зам" - тууш замын хөдөлгөөний журмыг баримтлан явах зам;
  • 5.2 "Тууш замын төгсгөл" - 5.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ;
  • 5.3 "Суурин газрын эхлэл" - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;
  • 5.4 "Суурин газрын төгсгөл" - 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ;
  • 5.5 "Суурин газрын эхлэл" - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;
  • 5.6 "Суурин газрын төгсгөл" - 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ;
  • 5.7 "Нэг чигийн хөдөлгөөн" - хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсэг;
  • 5.8 "Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл" - 5.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ;
  • 5.9.а "Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" - хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;
  • 5.9.б "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" - хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;
  • 5.10.а,б "Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" - 5.10.а тэмдэг нь уулзварын өмнө зорчих хэсгийн дээр буюу замын баруун гар талд байрлаж хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана.
  • 5.10.б тэмдэг нь эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлаж уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана.
  • 5.10.а,б тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө.
  •                 Тэмдгийг уулзварын шууд өмнө болон байр эзлэх боломж бүхий зайд байрлуулна.
  •                 Тэмдэг дэх сумны чигийг тухайн уулзвар дээрх хөдөлгөөний шаардлагатай чигт нийцүүлсэн байна;
  • 5.11.а,б "Эгнээгээр явах хөдөлгөөний чиг" - тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. 5.11.а тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
  •                   5.11.а,б тэмдгийг уулзварын цаана буюу замын тухайн онцлог хэсгийн эхлэлд байрлуулна.
  •                  Тэмдэгт гурваас олон эгнээтэй (эсрэг хөдөлгөөнтэй) зорчих хэсгийн хөдөлгөөний чигийг заасан байж болно;
  • 5.12.а,б "Эгнээний эхлэл" - нэг чигт яваа эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ:
  • 5.12.а тэмдэгт 4.7 "Хурдны доод хязгаарлал" тэмдгийг дүрсэлсэн байвал уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө зөвхөн нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ;
  • 5.13.а,б "Эгнээний төгсгөл" - нэг чигт яваа эгнээний тоо хасагдаж байгааг мэдээлнэ;
  • 5.14 "Буцаж эргэх газар" - зүүн гар тийш эргэхийг хориглоно;
  • 5.15 "Зогсоол";
  • 5.16.а,б "Явган хүний гарц" - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.16.б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.16.а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна;
  • 5.17.а,б,в,г "Явган хүний гарам" - явган зорчигч зорчих хэсгийн доогуур ба дээгүүр хөндлөн гарах газрыг мэдээлнэ;
  • 5.18 "Тохиромжтой хурд" - замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлэх бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна. Харин анхааруулах тэмдгийн хамт байрлуулсан бол үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно;
  • 5.19.а,б,в "Мухар зам";
  • 5.20.а,б,в "Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг" - хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин, механизмын хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ;
  • 5.21.а,б "Чигийн урьдчилсан заалт" - суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Тэмдэгт чиглэлийн дугаар (5.26.а тэмдгийн дүрс), тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно.
  • 5.21.а тэмдгийн доод хэсэгт уг тэмдгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл хүртэлх зайг заана.
  • 5.21.б тэмдэг нь хөдөлгөөний зөвхөн нэг чигийг мэдээлнэ;
  • 5.22.а,б "Чигийн заалт" - суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг мэдээлнэ. Тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг (километрээр) зааж болох бөгөөд тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно;
  • 5.23 "Зайн заалт" - зам (чиглэл)-ын дагуухь суурин газар хүртэлх зайг (километрээр) мэдээлэх бөгөөд хамгийн ойр орших суурин газрын нэрийг дээд талд нь бичнэ;
  • 5.24 "Объектын нэр" - гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг (суурин газраас бусад) объектын нэр;
  • 5.25 "Километрийн заалт" - тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр мэдээлнэ. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд байрлуулна;
  • 5.26.а,б "Чиглэлийн дугаар" - 5.26.а тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлана. 5.26.б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаар болон чигийг урьдчилан мэдээлэх бөгөөд уулзварын өмнө байрлана;
  • 5.27.а,б,в "Тойрч гарах бүдүүвч" - 5.27.а тэмдэг нь хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ.
  • 5.27.б,в тэмдгүүд нь тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ;
  • 5.28.а,б,в "Тойрох чиг" - хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чигийг мэдээлнэ;
  • 5.29 "Зогс-шугам" - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ;
  • 5.30 "Хороолол" - хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;
  • 5.31 "Хорооллын төгсгөл" - 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;
  • 5.32 "Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал";
  • 5.33 "Таксийн зогсоол" - суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ;
  • 5.34 "Хүн эмнэлэг";
  • 5.35 "Шатахуун түгээгүүр";
  • 5.36 "Техникийн үйлчилгээний газар";
  • 5.37 "Автомашины угаалга";
  • 5.38 "Телефон";
  • 5.39 "Хоолны газар";
  • 5.40 "Худаг ус";
  • 5.41 "Зочид буудал";
  • 5.42 "Жуулчны байр";
  • 5.43 "Хот айл";
  • 5.44 "Амрах газар";
  • 5.45 "Замын цагдаагийн харуул".
18. Суурин газрын гадна байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр бичнэ. Суурин газрын дотор байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, уг суурин газраас гарч бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр, тухайн суурин газрын дотор орших объектын нэрийг цагаан дэвсгэр дээр тус тус бичнэ.
19. 5.5, 5.6, 5.23-5.26.б тэмдгүүд нь тууш замд байрласан бол ногоон, бусад замд байрласан бол цэнхэр өнгийн дэвсгэртэй байна.
20. 5.21.а, 5.27.а тэмдэгт хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах зорилгоор бусад тэмдгийн дүрсийг байрлуулсан байж болно.

Зургаа. Нэмэлт тэмдэг
21. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утгыг тодруулна:
6.1.а,б,в,г "Объект хүртэлх зай":
6.1.а - тэмдгээс замын дагуухь аюул бүхий хэсэг буюу хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг, эсвэл объект хүртэлх зайг заана.
6.1.б - суурин газрын гаднахь замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана.
6.1.в,г - замаас зайдуу байрласан объект хүртэлх зайг заана;
6.2.а,б,в,г,д,е "Үйлчлэх хүрээ" - 6.2.а тэмдэг нь 1.9-1.14, 1.18, 1.20-1.27 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 буюу мөн 5.15, 5.18 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг заана.
6.2.б,в,г,д,е тэмдэг нь 2.27, 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана;
6.3 а,б,в "Үйлчлэх чиг" - уулзвар, гарцын өмнө байрласан тэмдгийн үйлчлэх чигийг заана;
6.4.а,б,в,г,д,е,ж "Тээврийн хэрэгслийн төрөл" - тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана:
6.4.а - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин;
6.4.б - чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
6.4.в - суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин;
6.4.г - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин;
6.4.д - трактор, өөрөө явдаг машин, механизм;
6.4.е – мотоцикль;
6.4.ж - унадаг дугуй, мопед;
6.5.а,б,в,г,д,е,ж "Үйлчлэх хугацаа" - тэмдгийн хүчинтэй байх хугацааг заана:
      6.5.а - бямба, ням гариг буюу баяр, амралтын өдөр;
      6.5.б - ажлын өдөр;
      6.5.в – гариг;
      6.5.г – цаг;
      6.5.д,е,ж - өдөр (гариг) ба цаг;
6.6.а,б,в,г,д,е,ж,з,и "Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр" - 6.6.а тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоохыг, 6.6.б - 6.6.и тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклийг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж (шахаж) зогсоохыг заана;
6.7 "Хөдөлгүүрийг унтрааж зогсоох" - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж зогсоохыг заана;
6.8 "Төлбөртэй үйлчилгээ" - үйлчилгээ нь зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг болохыг заана;
6.9 "Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа" - 5.15 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана;
6.10 "Автомашинд үзлэг хийх газар" - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана;
6.11 "Тахир дутуу хүн" - 5.15 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн "Тахир дутуу хүн" таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана;
6.12 "Гол замын чиг" - уулзвар дээрх гол замын чигийг заана. 3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.13 "Бүх жингийн хязгаарлал" - бүх жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэлд тухайн тэмдэг хамаарахыг заана;
6.14 "Эгнээ" - гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана;
6.15 "Хараагүй хүн" - хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарцыг заах бөгөөд 1.17, 5.16. а,б тэмдэгтэй хамт байрлуулна;
6.16.а,б "Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" -      6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 6.16.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана.
22. Замын нөхцөл, байдлыг илүү мэдэхэд нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй бусад мэдээлэх болон нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийнэ.
23. Байнгын тэмдгээс зөрүү утга бүхий түр тэмдэг байрлуулсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай (зөөврийн) байна.

Долоо. Хэвтээ тэмдэглэл
24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ.
Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.
7.1 – хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ;
7.2 (үргэлжилсэн өргөн шугам) - зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ;
7.3 - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;
7.4 - түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.27 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ;
7.5 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага) - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана;
7.6 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их) - хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна;
7.7 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү) - уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ;
7.8 (тасархай өргөн шугам) - хурд авах буюу хурд хасах эгнээний хилийг заана;
7.9 - удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.28 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ;
7.10 - хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарлана. Зөвхөн аль нэгээс нь байр эзлэхийг зөвшөөрсөн зэрэгцээ эгнээнүүдийн хоорондох хил, зөвхөн аль нэг талын урсгалаас эсрэг тал руу ороход зориулсан газар, зөвхөн аль нэг талаас нь орох, гарахыг зөвшөөрсөн гарцыг тэмдэглэнэ;
7.11 "Зогс-шугам" - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохио эсвэл 3.5 тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсох газрыг тэмдэглэнэ;
7.12 - хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх (3.4 тэмдгийн заалтыг биелүүлэх)-ийн тулд зогсох газрыг тэмдэглэнэ;
7.13.а,б "Явган хүний гарц" - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ:
7.13.а - явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэл (энэ тэмдэглэлд явган зорчигчийн хөдөлгөөний чигийг сумаар заасан байж болно)
7.13.б - явган хүний зохицуулдаг гарцын тэмдэглэл;
7.14 "Аюулгүйн зурвас" - гэрэл буюу зохицуулагчийн дохио өөрчлөгдөх үед зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигч дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх газрыг тэмдэглэнэ. 7.13.б тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ;
7.15 - унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ;
7.16.а,б,в - хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зай, чигийг тэмдэглэнэ:
      7.16.а - эсрэг урсгалыг тусгаарласан зай
      7.16.б - нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан зай
      7.16.в - нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зай;
7.17 - чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ. 5.32 буюу 5.33 тэмдэгтэй хамт хэрэглэнэ;
7.18 "Чиг заагч сум" - тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Дангаар нь буюу 5.10.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө;
7.19 "Чиглүүлэгч сум" - зорчих хэсэг нарийсаж (тухайн чигт эгнээний тоо цөөрч) байгааг буюу эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. 1.15.а,б,в тэмдэгтэй хамт хэрэглэж болно;
7.20 - нь 7.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна;
7.21 "Зогс-бичлэг" - 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна;
7.22 - зам (чиглэл)-ын дугаарыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 5.26.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ.
25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд  7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.
7.5-7.8 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.
7.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.
26. 7.4, 7.9 болон зогсоолын хилийг тэмдэглэсэн 7.1 тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулах (хэмжээг тодотгох) зорилгоор шугамын эхлэл, төгсгөлд хөндлөн богино зураас татаж болно.
27. Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.
28. Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална.

Найм. Босоо тэмдэглэл
29. Замын байгууламж болон элементүүдийн овор хэмжээг тодотгох, зорчих баримжаа олгох зорилгоор замын хашлага, шон, хашилт, бусад байгууламж дээр хийгдсэн хар ба цагаан хосолсон шугам, зураас зэрэг нь босоо тэмдэглэлд хамаарна.
8.1 - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын байгууламжийн босоо хэсэг (гүүрийн тулгуур, усны хоолой, хонгилын нүүрэн тал гэх мэт)-ийг тэмдэглэнэ;
8.2 - гүүр, хонгил зэрэг замын байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжид шүргэж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ;
8.3 - тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал дээр байрласан тэмдгийн дугуй суурийг тэмдэглэнэ;
8.4 - замын дагуу байрласан чиглүүлэгч шон, хашилтын тулгуур зэргийг тэмдэглэнэ;
8.5 - эргэх радиус багатай, эгц уруу, нурж болзошгүй зэрэг аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ;
8.6 - замын бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ;
8.7 - замын аюул бүхий хэсгийн хашлагыг тэмдэглэнэ.
 
______оОо______
Монгол Улсын Замын хөдөлгөөний
                                                                     дүрмийн 2 дугаар хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ
ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зӨрЧил

Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно:

Тоормосны систем
1.1. Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорхи шаардлагыг хангаж чадахгүй байх:

Тээврийн хэрэгслийн төрөл
Тоормосны зам
(метр), ихгүй байх
Удаашралт
(м/сек2), багагүй байх
чиргүүлгүй
чиргүүлтэй
чиргүүлгүй
чиргүүлтэй
Суудлын автомашин буюу түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрөл
12.2
13.6
6.8
5.9
Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус
(5 тонн орно)
13.6
15.2
6.8
5.7
Бүх жин нь 5 тонноос их автобус
16.8
18.4
5.7
5.5
Бүх жин нь 3.5 тонн хүртэлх
ачааны автомашин (3.5 тонн орно)
15.1
17.7
5.7
4.6
Бүх жин нь 3.5-12 тонн хүртэлх
ачааны автомашин (12 тонн орно)
17.3
18.8
5.7
5.5
Бүх жин нь 12 тонноос их ачааны
автомашин
16
18.4
6.2
5.5
Хоёр дугуйтай мотоцикль, мопед
7.5
-
5.5
-
Шаахайтай мотоцикль
8.2
-
5
-


Тайлбар: Туршилтыг тэгш, хуурай, хатуу хучилттай зам дээр автомашин, автобусыг цагт 40 км, мотоцикль, мопедыг цагт 30 км хурдтай яваа үед жолооч тоормосны дөрөөн дээр нэг удаа гишгэх замаар гүйцэтгэнэ. Туршилтын үед тээврийн хэрэгслийн бодит жин нь түүний бүх жингээс хэтрээгүй байвал зохино.

Тоормосны системийн идэвхжилийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр шалгаж болно.
      1.2. Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;
      1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;
      1.4. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас (хөдөлгүүрийг унтраасны дараа) хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05 МПа (0.5 кг/см2)-аар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан;
      1.5. Зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон:
- 16 %-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг;
- 23 %-д ачаагүй суудлын автомашин, автобусыг;
- 31 %-д ачаагүй ачааны автомашиныг.
Тайлбар: Зогсоолын тоормосны идэвхжилийг шалгах үедээ хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.
1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.

2. Жолооны механизм
      2.1. Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн;
      2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр (мотоциклийн хувьд зөөллүүр) ажиллахгүй буюу байхгүй болсон;
      2.3. Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон:

Тээврийн хэрэгслийн төрөл
Жолооны хүрдний
сул эргэлт (градус)
Суудлын автомашин буюу түүний явах ангид суурилуулсан төрөл
10
Автобус, троллейбус
20
Ачааны автомашин
25

2.4. Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн.

3. Дугуй
3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикль, мопедонд 0.8 мм-ээс бага болсон;
Тайлбар: Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирэгчийн дугуйн хээний тогтоосон хэмжээтэй адил байна.
      3.2. Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;
      3.3. Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;
      3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан;
      3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.
4. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги
      4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн;
      4.2. Тэжээлийн системийн битүүмж алдагдсан, шатах, тослох материал гоожсон;
      4.3. Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон;
      4.4. Хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг;
      4.5. Кардан гол цавтай, савлагаатай.
5. Гэрэлтүүлэх хэрэгсэл
      5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;
      5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
      5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
      5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
      5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.
Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно.
6. Бусад төхөөрөмж
      6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;
      6.2. Дуут дохио ажиллахгүй болсон;
      6.3. Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;
      6.4. Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон;
      6.5. Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон;
      6.6. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон;
      6.7. Мотоцикль, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон;
      6.8. Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин таталга байхгүй буюу гэмтсэн;
      6.9. Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;
      6.10. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй;
      6.11. Шаврын хаалтгүй;
      6.12. Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан;
      Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл бууруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75%, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-иас багагүй байвал зохино.
      6.13. Автобус, троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалгаа харах толигүй буюу толио буруу тавьсан;
      6.14. Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон;
      6.15. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь  5 тонноос их автобусанд ивүүр байхгүй (хоёроос цөөнгүй).
_____оОо_____

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт


ИРГЭН,  АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа механикжсан тээврийн хэрэгсэл (троллейбусаас бусад) болон чиргүүл нь Замын цагдаагийн албанаас олгосон улсын дугаарын тэмдэгтэй байхаас гадна улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүл (суудлын автомашины чиргүүлээс бусад)-ийн хоёр хажуу болон ар талд, автобус (бага оврын автобусаас бусад)-ны ар талд үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна.
Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 80 мм, зураасны өргөн нь 20 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм байна.
2. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийг хэрэглэх тохиолдол:
"Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл" - хоорондоо 150-300 мм-ийн зайтай байрлах улбар шар өнгийн гурван гэрэл. Энэ таних тэмдгийг чиргүүлтэй ачааны автомашин, дугуйт трактор, угсраа автобус буюу троллейбусны бүхээг дээр хөндлөн байрлуулна;
"Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" - улаан хүрээтэй, шар өнгийн дэвсгэр бүхий дөрвөлжин (нэг талын урт нь 250 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь нэг талын хэмжээний 1/10-тэй тэнцүү) дотор хар өнгөөр 1.18 тэмдгийн доторхи дүрсийг зурна. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобус, ачааны автомашины урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;
"Сургалтын тээврийн хэрэгсэл" - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор "С" үсгийг хараар бичнэ. Жолоодлогын дадлага хийх тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна.
Жич: Ар, өвөр талдаа дүрслэгдсэн тэмдгийг суудлын автомашины бүхээг дээр байрлуулж болно;
"Хурдны хязгаар" - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий дугуй (голч нь 160 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь голчийн 1/10-тэй тэнцүү) дотор зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хараар бичнэ. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх, хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэх, түүнчлэн техникийн дээд хурд нь замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан хэмжээнд хүрэхгүй механикжсан тээврийн хэрэгслийн зүүн ард энэ таних тэмдгийг тавьж анхааруулж болно;
"Аюултай ачаа" - 700х300 мм хэмжээтэй (15 мм өргөн хар хүрээтэй) тэгш өнцөгтийн баруун талын 400 мм урттай хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг цагаанаар будна. Тэмдэгт тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ;
"Овор ихтэй ачаа" - улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасын өргөн нь 50 мм) 400х400 мм хэмжээтэй байна;
"Урт тээврийн хэрэгсэл" - улаан хүрээтэй (өргөн нь 40 мм), шар өнгийн дэвсгэр бүхий 1200х300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор тухайн тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний нийт уртын хэмжээг хараар бичнэ. Ачаатай буюу ачаагүй нийт урт нь 20 метрээс илүү, мөн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ард энэ таних тэмдгийг байрлуулна. Энэ хэмжээний тэмдгийг байрлуулах боломжгүй бол 600х300 мм хэмжээтэй хоёр тэмдгийг тээврийн хэрэгслийн ард тэгш хэмтэйгээр байрлуулж болно;
"Тахир дутуу хүн" - шар дэвсгэр бүхий дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор хар өнгөөр 6.11 тэмдгийн доторхи дүрсийг зурна. Тахир дутуу хүн жолоодож явах буюу тахир дутуу хүн тээвэрлэж явах автомашины урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;
"Дүлий жолооч" - Шар өнгийн дэвсгэр бүхий дугуй (голч нь 160 мм) дотор       45 мм-ийн голчтой хар өнгийн гурван дугуй дүрсийг адил талт гурвалжин (орой нь доош харсан)-гийн оройнуудад харгалзах байдлаар байрлуулна. Сонсгол муутай буюу дүлий хүн жолоодож явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;
"Хадаастай дугуй" – улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор голч нь гурвалжны талын 1/3-тэй тэнцүү хар өнгийн дугуйг байрлуулж түүн дээр "Х" үсгийг цагаанаар бичнэ. Энэ тэмдгийг хадаастай дугуй бүхий механикжсан тээврийн хэрэгслийн ард байрлуулна.
3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ:
а/стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;
в/гинж, ажлынхаа хэрэгслээр замын хэсэг, бусад элементийг эвдэж болзошгүй трактор, өөрөө явдаг машин, механизмыг хатуу хучилттай замаар явуулахгүй байх;
г/засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх;
д/механикжсан тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш 1 сарын дотор, тээврийн хэрэгслийн марк, зориулалт, өнгө, хөдөлгүүр буюу арлын дугаар өөрчилсөн бол 7 хоногийн дотор Замын цагдаагийн албанд бүртгүүлэх.
4. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна.
5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ:
а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих;
б/барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах;
в/засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх.
6. Барилга, газар шорооны ажил эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан тушаалтан нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, замын гадаргууг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна.
7. Дор дурдсан асуудлыг Замын цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна:

а/замын хөдөлгөөнийг зохион байгуулах, хөдөлгөөний чиг, урсгалыг өөрчлөх;

б/замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг өөрчлөх, шинээр тавих, хурааж авах;
в/зам, гүүр, талбай, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлах;
г/төмөр замын гарам байгуулах, өөрчлөх буюу хөдөлгөөн зогсоож түүнийг засварлах;
д/чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөх;
е/замын хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх;
ж/замын ойролцоо зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл байрлуулах;
з/зорчих хэсэг, явган хүний зам дээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах;
и/зам дээр биеийн тамирын бэлтгэл, уралдаан тэмцээн, жагсаал, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулах;
к/жолоодлогын дадлага хийх чиглэл, хугацааг тогтоох;
л/тээврийн хэрэгслийг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглох.
8. Замын цагдаагийн албаны байцаагч, зохицуулагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/замын хөдөлгөөн зохицуулах дохиог ойлгогдохуйц тодорхой өгч, шуурхай зохицуулан хөдөлгөөний аюулгүй нөхцөлийг хангах;
б/хөдөлгөөнд оролцогчдоос замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг хууль тогтоомжид заасны дагуу шуурхай шийдвэрлэх;
в/замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу, замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, илэрсэн доголдлыг холбогдох байгууллагын ажилтан, албан тушаалтанд мэдэгдэж хэвийн байдалд нь нэн даруй оруулах арга хэмжээ авах;
г/онцгой байдал, нэгдсэн хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын ажлаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох бол очиж шалгаж байх;
д/хөдөлгөөнд оролцогчидтой зөв боловсон харьцах.
9. Замын цагдаагийн албаны байцаагч, зохицуулагчид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/хөдөлгөөнд оролцогчдыг үндэслэлгүйгээр саатуулах;
б/хөдөлгөөнд оролцогчдод хууль бус шаардлага, элдэв болзол тавих, хувийн ажилд тээврийн хэрэгсэл ашиглах.


_____оОо_____

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.