ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ БА ТЕМПЕРАТУРЫН ХАМААРАЛ

Энэхүү нийтлэл, туршилтыг Канадын засгийн газрын харьяа Байгалийн баялгийн газар (Natural Resources Canada)-аас хийж туршсан.

Асуудал юунд байна вэ? Жолооч нар өвлийн цагт түлш зарцуулалт их байдаг гэж боддог.

Бид юуг мэдэх шаардлагатай вэ?

Өвлийн жолоодлого нь зуны жолоодлоготой харьцуулахад шатахуун зарцуулалт ихтэй байдаг. Энэ нь дараах зүйлсээс хамааралтай:

  • Цаг агаарын хүйтрэлт түлш зарцуулалтыг ихэсгэдэг. АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг (EPA)-ийн гаргасан судалгаагаар агаарын хэм 24 °С -аас 7 °C хүртэл буурахад шатахуун зарцуулалт 12-аас 28% -иар нэмэгдэх боломжтойг тогтоосон (Зураг 1).
  • Өвлийн улиралд аэродинамикийн эсэргүүцэл илүү их байдаг. Хүйтэн, хуурай өвлийн агаар нь дулаан, чийглэг зуны агаараас 11% илүү жинтэй байдаг. Ингэснээр машин явах үед салхины эсэргүүцэл нэмэгддэг байна. Тиймээс шулуун замын шатахуун зарцуулалт өвлийн улиралд 1.3%-аар илүү өндөр байдаг.
  • Өвлийн цаг агаар жолоодлогыг илүү хэцүү болгодог. Өвөл замын ачаалал нэмэгдэж, замын нөхцөлд байдал муудаж, цас, мөс, ус, давс, хайрга, элс зэрэг холилдон нэмэгдэж муу зам бий болдог. Хөдөлгүүр нь их хэмжээний цас, замын саадыг даван туулахын тулд илүү их хүч гаргах шаардлагатай болдог. Цас, мөс нь дугуйны барьцалдах чадварыг бууруулж илүү халтируулснаар шатахууны хэрэглээг ихэсдэг. Замын нөхцөлөөс үүсэх идэлтийг цаг уурын нөхцөл, жолоодлогын нөхцөл, газар, тээврийн хэрэгслийн төрөл, жолоодлогын хэв маягийн янз бүрийн хувилбаруудаас шалтгаалан тооцоолоход хүндрэлтэй байдаг. Гэхдээ АНУ-ын EPA мэдээллээс харахад замын нөхцөл муугаас шатахууны хэрэглээ 7-35% -иар өсөх магадлалтай гэсэн байна.
Зураг 1: Нийслэл хоттой төстэй богино замд, гурван өөр төрлийн температурт найман өөр төрлийн тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээний туршилт.
Зураг 1: Нийслэл хоттой төстэй богино замд, гурван өөр төрлийн температурт найман өөр төрлийн тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээний туршилт.
  • Өвлийн бензин нь энерги багатай байдаг. Бензиний найрлага нь улирлын шинж чанартай. Гэхдээ температурын олон жилийн дундаж, газарзүйн байршилд нь тохируулж болдог. Өвлийн бензин литр нь зуны бензиний литрээс арай бага энерги ялгаруулдаг. Энэ нь ихэвчлэн 1.5-3% -зөрүүг үүсгэдэг. Дизель түлш ч мөн адил өөрчлөгддөг.
  • Өвөл цахилгаан хэрэглээ нэмэгддэг. Бидний хэлж заншсанаар паар буюу Air-Conditioning-ийн хэрэглээг үл тооцвол, хүйтэн цаг агаартай нөхцөлд халдаг суудал, гэрэлтүүлэг, халаалт, халдаг толь, цонх арчигч гээд л машины электрон төхөөрөмжүүдийн хэрэглээ хэвийн үеэс харьцангуй их байдаг. Энэ бүх эрчим хүч хөдөлгүүрт ачаалал болох учраас дагаад шатахуун зарцуулалт ч гэсэн нэмэгддэг.
Бид юугаар тусалж чадах вэ?

Цаг уурын нөхцөл нь шатахуун зарцуулалтын хэмжээтэй хамааралтай байдаг. Мөн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулалтанд нөлөөлдөг. Жишээлбэл:

  • Бүү удаан нормалдуул! Та машиныхаа салоныг халахын тулд алсын удирдлага эсвэл өөрийн биеэр 10 минутын турш асааж байна уу? Анхаар! 10 минутын түлш шатахууныг 0.25-0.50 литр шатааж, 600-1200 грамм CO2-ыг тээврийн хэрэгсэл, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шатааж байна.
    30 секундээс удаан зогсох нь тээврийн хэрэгслийн хувьд ашиггүй байдаг. Зөв арга нь Оросын судлаачдыхаар 3 мин болоод хөдлөх, Америк Канадын судлаачдыхаар 30 сек халаагаад л хөдлөх аж (ред). Ингэснээр үр ашиггүй зарцуулалт арилах төдийгүй хөдөлгүүр, салоныг хамгийн хурдан хугацаанд халаах үр ашигтай арга юм.
  • Дугуйныхаа даралтыг тогтмол шалга. Дугуйн даралт нь температуртай харьцангуй хэлбэлздэг. Сард наад зах нь нэг удаа хэмж, мөн улирлаас хамааруулан дугуй болон байрыг нь сольж байх хэрэгтэй. Дугуйг 56 кПа-аас доогуур байлгах (кв инч тутамд 8 фунт) наслалтыг 10,000 км-ээр бууруулж түлш зарцуулалтыг 4% хүртэл нэмдэг байна. Тэгэхээр хаалган дээрх утгаар нь л хийлж байгаарай.
Юу хэмнэж, ямар үр дүн гарах вэ?

Эдгээр зөвлөгөөг дагаснаар таны түлшний зарцуулалтад эерэгээр нөлөөлөн, өвлийн цаг агаарын машинд нөлөөлөх сөрөг зүйлсийг бууруулах боломжтой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.