ЦАХИЛГААН РУЛЫН АППАРАТ EPS №214

Цахилгаан хөдөлгүүрийн эргэлтийг ашигладаг тул рулийг мушгих хүчийг багасгасан гол давуу талтай. Цахилгаан рулын аппарат нь гидрийн насос түүнийг ажиллуулах ремен дамжуулга, шингэн дамжуулах хоолой зэрэг эд ангиудгүй учраас автомашины шатахуун зарцуулалтыг багасгасан.

Мөн гидрийн шингэн солих, алдагдаж буй эсэхийг шалгах шаардлагагүй болж гидрийн насосгүй болсноор дуу чимээ багасаж, эзлэх зайн хэмжээ хумигдсан давуу талуудыг олгож байв.

Эхэн үедээ бага оврын суудлын машин болон 1500см3-ээс доош эзэлхүүнтэй жижиг ачааны машинд ашиглаж байсан бол одоо том машинуудад ч хэрэглэх болжээ. Анх гарахдаа цахилгаан рулийн механизмын микро компьютерын программчлал нь сайн биш байснаас зарим үед ажиллагаа доголдох байдал гарч байв.

Гэвч орчин үед энэ дутагдлыг арилгажээ. Гидр шингэний жолооны механизмыг бодвол цахилгаан мотороор эргүүлдэг систем нь автомашины жолоодлогод шинэ боломжуудыг нээсэн байна.

Үүнд автоматаар зогсоолд байрлуулах, хурдны зам дээр автоматаар эгнээ барих, цаашлаад урд хойд 4 дугуйгаар залах механизмыг авсаархан болгох боломжийг олгосон юм.

ТӨРӨЛ

Цахилгаан рулын механизмын ажиллах ажиллагааны хувьд 3 төрөл байдаг.

  1. Рулийн голыг эргүүлэх нь тийм ч хүчтэй биш тул голдуу бага оврын машинд - цахилгаан хөдөлгүүр нь дээрээ байрлалтай рулын аппаратыг хэрэглэдэг.
  2. Рулийн могой арааг эргүүлэх нь гол эргүүлэхээс арай хүчтэй тул дунд оврын машинуудад - цахилгаан хөдөлгүүр нь доороо байрлалтай рулын аппаратыг хэрэглэдэг.
  3. Хэвтээ рулийн аппаратны шүдтэй хөндлөн голыг цахилгаан мотороор шилжүүлэхэд хялбар байдаг болохоор том оврын авто машинуудад хэрэглэдэг байна.

Ачааны болон түүнээс дээш автомашинуудад хийхэд цахилгаан мотор нь томорч боломжгүй мэт санагдав ч, цахилгаан техникийн хөгжлийн ачаар бий болсон сойзгүй хийцтэй мотор, хүчний харьцааг өөрчлөх механизмын тусламжтайгаар хийх боломжтой болжээ.

АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Руль эргүүлэхэд мушгилтын мэдрэгч ямар хүчээр эргэж буйг компьютер луу дамжуулж түүний үйлчлэлээр цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа араан дамжуулгыг хүчлэн эргүүлснээр рулын тяг, шарнерийг баруун, зүүн тийш хөдөлгөж дугуйг зална.

1. Рулын гол 2. Мушгилтын мэдрэгч 3. Механизм 4. Цахилгаан хөдөлгүүр 5. Могой араа 6. Хэдрэг араа 7. Ремень
1. Рулын гол 2. Мушгилтын мэдрэгч 3. Механизм 4. Цахилгаан хөдөлгүүр 5. Могой араа 6. Хэдрэг араа 7. Ремень
ЭВДРЭЛ ГЭМТЭЛ

Цахилгаан рулын аппарат гэмтэл гарсан тохиолдолд хянах самбар дээр доорх анхааруулах гэрэл асдаг. Энэ тохиолдолд заавал компьютер оношлогоонд оруулж гэмтлийн дагуу засварлуулаарай. Гэмтсэн үедээ рулийн ажиллагаа хүндэрдэг тул удаан явахыг зөвлөе.

ТҮҮХ

Анх 1983 онд Японы Koyo компани хэт бага оврын машинд зориулсан бага хурдтай үед цахилгаанаар эргүүлж, их хурдтай үед цахилгаан мотор нь рулийн механизмтай жижиг авцуулах дискээр холбогдож шууд харьцан хүчлүүргүй машинтай адил болдог рулийн системийг бүтээжээ. Гэвч тэрхэн үедээ цөөн тоогоор хийгдээд өнгөрсөн байна. 1990 онд Honda компани NSX загварын спорт машины рулыг цахилгаан мотороор эргүүлдгээр хийж суудлын машинд хийх боломжтой болжээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.