ЖОЛООДЛОГЫН СИСТЕМД АНХААРАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Жолоодлогын систем нь автомашиныг залах зориулалттай ялангуяа бага хурдтай явж байхад болон зогсож байхад жолооны хүрдийг эргүүлэхэд хөнгөн болгож өгдөг тул “хүчлүүрт жолоодлогын систем” гэж нэрлэжээ.

Дээрхэн үеийн автомашины жолооны систем нь хүчлүүргүй байсан бөгөөд эргүүлэх хүрдний радиус нь том, тээврийн хэрэгслийн дугуйг эргүүлэхийн тулд жолооны хүрдийг хэдэн хэдэн удаа мушгих, их хүч гаргах шаардлагатай байсан.

Шингэнийг шахаж  жолооны хүрдийн хүчийг нэмэх гидрийн хүчлүүртэй жолооны систем гарч ирснээр автомашиныг залахад илүү амар болсон.  Жолооны хүрдийг эргүүлэхэд маш бага хүч шаардагдана. Гидрийн хүчлүүрт системийг олон арван жил ашиглаж байсны дараа цахилгаан системүүд нэвтэрч эхэлсэн.

Харин цахилгаан хүчлүүртэй системийн ажиллагааны зарчим арай өөр байдаг. Цахилгаан системтэй автомашинд гидрийн шингэн дамжуулах шугам, шахах насос болон үүнтэй холбоотой шингэн гоожих асуудлууд бүрмөсөн шийдэгджээ. Жолооны хүрдэнд холбогдсон бичил цахилгаан хөдөлгүүр автомашиныг залахад  хүч нэмж өгнө.

Цахилгаан систем нь бусад системийг бодвол илүү найдвартай гэдэг нь батлагдсан бөгөөд түүний ажиллуулахад цахилгаан байхад л хангалттай.

Жолоодлогын системийн гэмтлийн шинж тэмдгүүд

  • Жолоодлогын системээс шингэн гоожсон байх
  • Жолооны хүрдийг эргүүлэхэд “чахрах” дуу чимээ гарах
  • Рулийн гидрийн насосоос хяхнах дуу чимээ гарах
  • Хүрдийг хоёр тийшээ эргүүлэхэд хүнд хэцүү болох
  • Автомашин зогсож байхад жолооны хүрдийг эргүүлэхэд маш их хүч шаардагдах, хүрд “хатуурсан” байх
  • Руулийн гидрийн насосоос гонгинох дуу чимээ чангаар гарах
  • Автомашины хөдөлгүүр ажиллаж байхад гидрийн нөөц савны түвшин хэвэндээ байх
  • Гидрийн шингэн шахагдахгүй байх
  • Жолооны хүрдийг эргүүлэхэд “хүрд хатуурах” цэгүүд мэдрэгдэх

Жолоодлогын системийг засварлах зөвлөгөөнүүд

  • Цахилгаан жолоодлогын системд эвдрэл гарсан тохиолдолд системийг бүхэлд нь солихыг зөвлөж байна.
  • Гидрийн шингэн багассан тохиолдолд хэдрэг араат механизмд шингэн гоожсон эсэхийг шалгах хэрэгтэй. Шингэн гоожсон бол хэдрэг араат механизмыг солих шаардлагатай.
  • Гидрийн шингэн дамжуулах хоолойнууд холбох хэсгүүдээс шингэн гоожсон байж болно. Ийм тохиолдолд эд ангиудыг бүхлээр нь солих биш зөвхөн зэс шайб, жийрэг зэргийг солиход л хангалттай.
  • Руулийн цахилгаан системийг оношлон засварлахдаа автомашины аккумуляторыг заавал салгасан байх шаардлагатай. Аккумуляторыг залгаатай засвар хийвэл автомашины цахилгаан системийг шатааж болзошгүй.
  • Цахилгаан системүүд нь засвар авдаггүй харин гидрийн системийг засварлахдаа гарын авлагын зааврын дагуу үйлчилгээг хийж байхын анхаарна уу.
  • Жолооны гидрийн систем болон түүний нэмэлт саванд зөвхөн үйлдвэрлэгчийн гарын авлагад заасан шингэнийг хийхийг хатуу анхааруулж байна. Өөр шингэн хийвэл системийг тэр чигээр нь эвдэж болзошгүй.

Гидрийн насос бол хамгийн гол эд анги юм

Хүчлүүрт жолооны системийг ажиллахад шаардлагатай шингэний даралтыг гидрийн насос бий болгодог. Улмаар даралтын хүч нь хэдрэг арааг эргүүлэх механик хүч болгон хувирдаг. Гидрийн даралт нь жолоочийг жолооны хүрдийг эргүүлэхэд дугуйг хэрэгтэй чиглэлд эргүүлнэ.