NISSAN CIMA
1988 онд гарсан анхны загвар нь эхний жилдээ 36400 ширхэг борлуулагдсан. 1991 онд 2-р үеийн загвар гарсан боловч борлуулалт сайжирсангүй явсаар 2009 он гэхэд жилд ердөө 294 ширхэг зарагдсан тул 2010 оны 8 сард үйлдвэрлэлийг зогсоосон юм.
Cedric/Gloria-аас дээд ангиллын загвар гэж гарч маркетингийн бодлогоор Cedric Cima, Gloria Cima гэсэн нэрүүдээр хуваагдан зарагдаж байсан.
Nissan President гэх хамгийн дээд зиндааныханд зориулсан загвар байсан ба Cima нь тэдгээрээс дооших нийт хэрэглэгчдэд зориулсан хамгийн дээд ангиллын загвар юм. Тухайн үед Японы эдийн засгийн өсөлтийн үе таарч байсан учир 4 жилийн хугацаанд 120900 ширхэг зарагджээ. 3-р үеэсээ эхлэн гадаадын зах зээлд борлуулагдах болсон ба Nissan-ын дээд зэрэглэлийн брэнд болох Infinity Q45 загварын шинэ загвар болон гадаадын зах зээлд гарсан. 4-р үеийн загвар нь President загвартай нэг суурин дээр хийгдэж байжээ.
FPY31(1988 он - 1991 он)
1987 онд Токио мотор шоуд тавигдан дараа оны 1 сараас худалдаанд гарсан. Y31 Cedric/Gloria-ийн суурийг ашиглаж байсан ба тэнхлэг хоорондын зай ижил, VG30DE загварын V6 DOHC 200 м.х-тэй хөдөлгүүр, VG30DET керамик турботой 255 м.х-тэй хөдөлгүүртэй гарчээ.
Type I, Type II гэсэн хувилбараар гарсан байна. Дунд талын багана байхгүй шууд үргэлж шилтэйгээр гарсан.
Цахилгаан тохируулгатай хийн явах анги нь явдал зөөлөн, хурд авах үед чимээгүй байдаг зэрэг нь энэ загварыг алдаршуулж дээд зэрэглэлийн автомашиныг тэргүүлэх шинжтэй болсон юм. Үүнийг харж байсан Toyota-гийхан маш хурднаар Crown загвартаа V8 хөдөлгүүр тавьж зарим шинэчлэлтүүдийг хийж хариу барьсан. Cima загвараас турбо хөдөлгүүр тавьж эхэлсэн нь дээд ангиллын машины хувьд нэгэн мартагдахааргүй дурсамж болсон билээ.
1989 оны 8 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж Type II Limited гэсэн дуу дүрс үзэх боломжтой навигаци бүхий хувилбар нэмэгдсэн бөгөөд навигацийн антенн нь дээвэрт байрлаж байсан тул люк хийх боломжгүй болсон юм. Үүнээс гадна маш олон нэмэлтийг хийж болохоор болгожээ.
2 үе FY32 (1991 он - 1996 он)
1991 оны 8 сар. Cedric/Gloria загваруудаас 2 сар гаруй хоцорч загвар нь шинэчлэгдсэн FY32 Cima гарчээ.
Энэ загвараас стильд илүү анхаарч эхлэн дунд талын баганыг хийж эхэлсэн бөгөөд VH41DE гэсэн V8 DOHC гэсэн 4.1 литрийн хөдөлгүүр тавих болсон. Энэ хөдөлгүүр нь Infinity Q45 загварт тавигдсан хөдөлгүүр юм.
Харин явах ангийн хувьд хийн явах анги халагдаж оронд нь Q45-аас авсан тосон даралтат явах ангиар солигдсон. Дотор салоны байдал дээд зэргийн тохь тухтай байхаар хийж, аналог цаг, салоны доторыг чимэглэх 20 байрлалд байрлах үзэмжтэй гэрэл зэргийг суурилуулж өгчээ.
- 1992 оны 9 сар. Attessa E-TS 4WD системтэй S-four хувилбар гарсан.
- 1993 оны 2 сар. Өөрсдөө машинаа жолоодох дуртай хэрэглэгчид зориулсан хайлшин обод хивслэг материал бүхий суудалтай хувилбар гарчээ.
- 1993 оны 9 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба өмнөх үеийн V30DET турбо хөдөлгүүртэй Cima Touring хувилбар ахин гарах болсон. Урд талын нүүрийн болон бамперийн дизайн өөрчлөгдсөн ба V8 гэсэн бичээс алга болж тээшний тагны номерын дээрх хүрээгээр нь V6 хөдөлгүүртэйгээс ялгах болсон. V8-ийнх никель бол V6-д утаан бууралттай никель хүрээ хийсэн байна.
- 1995 оны 5 сар. Сайжруулалт хийж жолоочийн суудалд аюулгүйн дэрийг стандартаар тавих болсон. Touring AV хувилбар гарсан.
3 үе FY33 (1996 он - 2001 он)
1996 оны 6 сар. Cedric/Gloria-аас нэг жилийн хойно загварын шинэчлэлт хийж FY33 кодтойгоор гарсан.
Өмнөх Rolls-Royce маягийн дизайнаасаа татгалзаж герман маягийн дизайнтай болсноороо онцлог юм.
Заримдаа бүр Mercedes-тэй төстэй болсон гэсэн яриа ч гарч байв. 4.1 литрийн VH41DE, 3.0 литрийн VQ30DET V6 турбо хөдөлгүүртэй болсон байна. Бүх хувилбарт хажуугийн аюулгүйн дэрийг стандарт болгосон. Хамгийн дээд талаас нь Cima 41LX, 41LV, 41L, 30LV, 30L гэсэн люкс хувилбар, спорт талдаа 41TR-X, 30TR, 30T гэсэн хувилбаруудтай.
Nissan-ын Infinity Q45 гэсэн Toyota Celsior-тай өрсөлдөхүйц загвар нь үйлдвэрлэгдэхээ больсноос Cima нь Crown Majesta төдийгүй Celsior-той нэг түвшинд өрсөлдөх шаардлага гарчээ.
- 1997 оны 1 сар. 10 жилийн ойн тэмдэглэлт загвар болох 41Limited, 30 Limited хувилбар гарсан бөгөөд арьсан суудал стандарт болсон.
- 1997 оны 9 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд урд гэрэлд ксенон гэрэл хийж, TV аудио системийн дэлгэц нь LCD болсон ба зай хэмжигч тоолуур ч мөн LCD технологийн болсон. VIP хувилбарууд 41LX VIP, 41LV VIP гарч, 4 дугуйгаар хөтлөх 41LV S-four, 41LV VIP S-four гэсэн хувилбарууд ч нэмэгдэж үйлдвэрлэгдсэн. VIP хувилбаруудад хойд суудлын хажуугийн аюулгүйн дэр хийгдэх болжээ.
- 1998 оны 1 сар. 41 Premium Limited хувилбар гарсан бөгөөд үүнд Infinity Q45-д хэрэглэж байсан хул шаргал өнгийн арьсан суудал, гадна талын хос сувдан өнгийг хэрэглэх болов.
- 1998 оны 9 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт явагдсан ба урд нүүрийн дизайн өөрчлөгдсөнөөс гадна хойд номерын хүрээ томорсон. Мөн өнгөний сонголт нэмэгдэж, салоны дотор япон машинд анх удаа автомат тохируулгатай толгойн түшлэг хийн, хойд дунд зорчигчийг 3 цэгт бэхлэх даруулгаар хамгаалах болжээ.
- 1999 оны 7 сар. Япон автомашинд анх удаа автомат тоормосны системийг нэвтрүүлсэн загвар болсон бөгөөд лазерийн зайн мэдрэгчийн тусламжтай ажилладаг юм байна. Энэ нь 41LV-Z хувилбарт тавигдсан.
- 2000 оны 4 сар. FY33 загвар дээр суурилсан Nissan-ны аюулыг урьдчилан мэдрэх систем бүхий загвар гарчээ. Урд нүүр өөр ба хамар дээрх эмблем байхгүй, гэрэл нь 4 өөс 2 болсон зэргээрээ бусад хувилбаруудаас ялгарах юм.
4 үе F50 (2001 он - 2010 он)
- 2001 оны 1 сарын 12. Загварын бүрэн шинэчлэлт хийгдсэн ба шинээр бүтээгдсэн LL суурь ашигласан. 3.0 литрийн VQ30DET DOHC V6 турбо хөдөлгүүр болон 4.5 литрийн VК45DD DOHC V8 бензиний шууд цацалттай хөдөлгүүртэй. Урд их гэрэл нь линзэн 1 гэрэл түүнийг тойрсон 6 ширхэг гэрэлтэй содон болсон ба V6 хөдөлгүүртэй загварт тавигдаагүй зөвхөн V8-тайд тавигджээ.
- Толин дээрх дохионы гэрэл нь Японы машин дундаас анхных болсон. Тусгай зориулсан 450VX Limited Edition хувилбар зэрэг гарсан.
- 2001 оны 12 сар. Сайжруулалт явагдсан ба хажуугийн автомат суудал, дубэн оруулга арьсан руль, чийп түлхүүр зэрэг тоноглолуудыг нэмсэн.
- 2002 оны 1 сарын 22. 15 жилийн ойд зориулсан хувилбарыг 3 сар хүртэл хязгаарлагдмал хугацаанд борлуулж эхэлсэн.
- 2002 оны 6 сар. BOSE брэндийн хөгжим тавигдах болсон бөгөөд Бээжингийн олон улсын 7 дахь авто үзэсгэлэнд оролцсон.
- 2002 оны 9 сарын 27. 300G хувилбарт прожектор ксенон их гэрлийг тусгалын түвшин тохируулагчийн хамт хийсэн. Мөн NISMО-гийн хөдөлгүүрийн компьютер тавьснаар чадал 50 м.х- ээр нэмэгдсэн.
- 2003 оны 4 сар. Шанхайн үзэсгэлэнд оролцож зүүн талдаа рультэй загвар нь Хятадад борлуулагдсан.
- 2003 оны 8 сарын 26. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд урд нүүр өөрчлөгдөж IBA (Intellegent Brake Assistant) тоормосны систем, огцом тоормозлолтын мэдрэгчтэй даруулах бүс, AFS системтэй болж, V8 хөдөлгүүр нь энгийн VK45DE хөдөлгүүр болсон.
- 2003 оны 11 сарын 18. 4WD загварт хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж AFS системтэй болсон.
- 2007 оны 11 сарын 18. 20 жилийн ойн хувилбар болох 450VX Limited гарч голын улаан дубэн оруулга, арьсан суудал, урд талд хөргүүртэй цахилгаан удирдлагатай суудал тавьсан.
- 2007 оны 7 сар. 2005 оны утааны найрлагын шаардлагыг хангахгүй болсон VQ30DET хөдөлгүүрийг тавихаа болив.
- 2008 оны 2 сарын 7. President-ийн хамт хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба хойд урд бампер томорсноор нийт урт нь 5120мм урттай болжээ. Урд талын төрх өөрчлөгдсөн. Хойд талын гэрэл нь Fuga, Skyline загварууд шиг тал нь багаажны таг дээр байрлах болсон ба гадна талын шинэ өнгө нэмэгдэж давхар зураасан стикер наах сонголт нэмэгджээ. Дотор салоны өнгө өөрчлөгдөв. Крыло дээрх толийг хийхээ больсон.
- 2010 оны 8 сар. Nissan President-ийн хамт үйлдвэрлэл зогсож Японы дотоодод 8 цилиндртэй хөдөлгүүр хэрэглэхийг зогсоожээ. 10 гаруй жил хийгдсэн нэлээн удаанд тооцогдох загвар болсон юм. Ингээд 1 ангилал доогуур V6 хөдөлгүүртэй Nissan Fuga Nissan компанийн хамгийн дээд загвар болжээ.