MITSUBISHI CHARIOT
1983-2003 онд үйлдвэрлэж байсан минивэн төрлийн автомашин юм. Анх 1977 онд бүтээх ажил эхэлж, 1979 оны Токион авто шоуд SSW (Super Sport Wagon) нэрээр нийтэд танилцуулагдаж байсан. Chariot нь Nissan Prairie нь хамтаар энэ төрлийн автомашинуудын хамгийн эхнийх нь болсон юм. 1997 он хүртэл Chariot нэрээр гарч байсан ба 1997-2003 онд Chariot Grandis нэрээр борлогдож байсан юм.
Эхний үе (1983 он - 1991 он)
1983 оны 2 сарын 23-нд худалдаалагдаж эхэлсэн байна. Эхлээд гарахдаа урд хөтлөгчтэй байсан ба дараа нь 4 дугуйгаар хөтөлдөг загвар гарсан байна.
Тэгэхдээ хойд урд дугуйгаар хөтлөх боломжтой ба удалгүй байнгын 4 дугуйн хөтөлгөөтэй болжээ.
Салондоо 3 эгнээ суудалтай гэдгээрээ тухайн үедээ онцлог болж байсан байна.
1982 онд гарсан Prairie, 1983 онд гарсан Chrysler Voyager-ийн хамтаар “Pioneer of minivan” гэж нэрлэгддэг байжээ. Үндсэн суурь загвар нь Тredia (Mirage-ийн зэрэгцээ загвар) седан.
Тэр үеийн хөөсөн эдийн засгийн үе ба RV автомашины бүүм болж байсантай уялдан нэлээн урт хугацаанд буюу 8 жилийн турш үйлдвэрлэгдсэн юм. Харин 4WD загвар нь египетийн Фарон раллид түрүүлж байсан байна.
Хувилбарууд
Олон хувилбаруудтай байсан ба 2.0 литрийн хөдөлгүүртэй 4WD нь MT, MF, ME, 1.8 литрийн хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй нь MX, MH, Thanks гэсэн хувилбартай байв. Харин турбо дизель хөдөлгүүртэй нь MF гэсэн хувилбартай байжээ.
2-р үе(1991 он - 1997 он)
1991 оны 5 сарын 23-нд гарчээ. Урд хөтлөгчтэй ба 4WD байсан бөгөөд үүнээс арай өмнөхөн гарсан RVR нь түүний суурь элементүүдийг ашигласан юм.
- Хурдны хайрцаг нь 5 шатлалтай механик ба 4 шатлалтай автомат.
- 2.0 литрийн бензин болон дизель хөдөлгүүрүүдтэйгээр гарчээ.
- 1994 оны 9 сард хэсэгчилсэн шинэчлэлтээр манангийн гэрэл нь бампер дээрээ байрлах зэргээр гадна талын өөрчлөлтүүд гарчээ.
- 1995 оны 5 сард 4G63 intercooler turbo хөдөлгүүр тавигдсанаар механик хурдны хайрцагтай нь 230 м.х, автомат нь 220 м.х-тэй болжээ.
- Мөн 4WD Solide Runner GT хувилбар гарсан юм. Тухайн үедээ дэлхийн хамгийн хурдан 7 хүний суудалтай автомашин байсан ба Chariot Evolution гэж нэрлэгддэг байв.
- Суудлын олон янзаар эвхэгдэх байдал, дээврийн хэд хэдэн сонголт нь гол онцлог нь байсан. Тухайлбал өндөр зайтай дээвэр, урд суудлын дээр дээш өндийдөг шилэн люк, хойд суудлын дээрх гулсаж онгойх шилэн дээвэр, 3-р эгнээний дээр шилэн эвхэгддэг дээвэр гээд олон сонголттой байжээ.
- Мөн RVR Sport Gear загварт байдаг нэмэлт хөмсөг, ард өлгөдөг нөөц дугуй бүхий Los Andes хувилбар байсан юм. Аэро кит бүхий МХ хувилбар дээр суурилсан Town Cruiser хувилбар үйлдвэрлэгдэж байжээ.
3-р үе (1997 он - 2003 он)
1997 оны 10 сарын 17-нд худалдаанд гарчээ. Үндсэн Chariot нэр дээрээ Grandis гэсэн туслах нэрийг хэрэглэх болсон бөгөөд өмнөх загвараас илүү том хэмжээтэй болжээ.
Өмнөх загварын суудлын олон хувилбарыг авахын зэрэгцээ 6 хүний суудалтай хувилбарын 3-р эгнээний суудлыг авагддагаар хийж, ачаа ачих боломжтой болгосон байна.
Мөн тухайн үедээ төрөлдөө анх удаа хянах самбарт байрлах рычагыг нэвтрүүлжээ. Хувилбарын хувьд дээрээсээ “Royal”, “Super Exeed”, “Exeed”, “MX-Select”, “MX-B” гэсэн 5 хувилбартай. Хамгийн дээд хувилбар нь арьсан суудалтай. 6 хүний суудалтай загварын 2-р эгнээний суудал нь тусдаа буюу капитан суудалтай юм.
- 7 хүний суудалтай загвар нь үргэлж суудал сонгох боломжтой юм.
- Урд хөтлөгчтэй ба 4WD гэсэн 2 янз бөгөөд 2.4 литрийн GDI хөдөлгүүр, 3.0 литрийн V6 GDI хөдөлгүүртэйгээр гарч байсан ба сүүлд 3.0 литрийн хөдөлгүүрийг тавихаа больсон юм.
- 1998 оны байдлаар сард 11000 ширхэг борлуулагдан алдаршиж байсан юм.
- Гэвч 2003 онд Mitsubishi Grandis загвар гарах болсноор 20 жилийн түүхтэй Chariot нэр ахин хэрэглэгдэхээ больжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn