MITSUBISHI MIRAGE

Mitsubishi компанийн 1973-2002 оны хооронд үйлдвэрлэж байсан бага оврын суудлын тэрэг бөгөөд Европ гадны зах зээлд Colt нэртэйгээр худалдаалагдаж байсан. Хэдий үйлдвэрлэл нь аль эрт зогссон боловч 2011 оноос дахин худалдаанд гаргах тухай яригдаж байгаа ажээ.

1-р үе (1978 он-1983он)

Mitsubishi-ийн үйлдвэрлэсэн хамгийн анхны урд дугуйгаараа хөтөлдөг загвар болон гарсан байна. Mirage загвар худалдаанд гарсантай зэрэгцэн Car Plaza нээгдэж байсан байна.

Зөвхөн хөндлөн байрлалтай SOHC цуваа 4 цилиндртэй бензин хөдөлгүүртэй. Super Shift гэж нэрлэгддэг механик хурдны хайрцагтай. Урд тэнхлэг нь McPherson зохион бүтээсэн тэнхлэг бол хойд тэнхлэг нь 4 дугуй нь үл хамаарах, бэхлэх байрлал нь урдаа байрладаг U хэлбэрийн тэнхлэгийг тавьжээ.

Харин пүрш нь цагираг хэлбэртэй ажээ. Загвар дизайнаараа Японы машинууд дундаа хамгийн гайхалтай болж чадсанаараа онцлог. 1978 оны 3 сард 3 хаалгатай hatchback, 9 сард 5 хаалгатай hatchback хувилбар худалдаанд гарсан.

  • 1400 хувилбар нь бүрэн автомат болсон ба Michelin-ийн дугуйг стандартаар тавьсан 1,6 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, 88 морины хүчин чадалтай 1600GT хувилбар үйлдвэрлэгдсэн.
  • Харин 1982 онд их гэрлийн загвар шинэчлэгдэж өвөрмөц хэлбэр бүхий 2 гэрлээс бүтсэн ба энэ шинэчлэлээс хойш Mirage II гэх болсон. 4 хаалгатай седанд энэ ангилалдаа анх удаа 1,4 литрийн багтаамжтай, 105 морины хүчин чадалтай турбо хөдөлгүүрийг тавьсан.
  • Энэ оны 8 сард бусад хувилбаруудад ч турбо хөдөлгүүр тавьсан.
  • 1982 оны 10 сард “1200EX Special” хувилбар худалдаанд гарчээ.
  • Харин 12 сард эмэгтэйчүүдэд зориулсан “1200 Missy” болон “1400 Super Edition” хувилбарууд үйлдвэрлэгдсэн.
  • 1983 оны 2 сард ижил платформтой Minivan болон Chariot загвар худалдаанд гарсан.
2-р үе (1983он-1987он)

Энэ загвар нь ерөнхийдөө өмнөх платформыг ашиглаж хэв маягаа хадгалан худалдаанд гарсан ба 5 хаалгатай hatchback-ийн сүүлийн загвар болсон юм.

  • 1985-2008 оны хооронд Малайзын автомашин үйлдвэрлэгч Proton компани Mirage-ийн суурин дээр Proton Saga загварыг үйлдвэрлэн гаргасан.
  • 1984 онд Япон хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн урд нүүрийг шинэчилсэн ба турбо хөдөлгүүрээс гадна механик 5 араатай хувилбар нэмэгдэн үйлдвэрлэгдсэн.
  • Турбо хөдөлгүүртэй хамгийн хямд төсөр үнэ бүхий “GT” хувилбар ч худалдаанд гарсан байна.
  • Ингээд 1985 онд вагон болон ван хувилбарууд үйлдвэрлэгдсэн.

1986 онд нилээд шинэчлэл хийгдсэн ба бензин хөдөлгүүртэй бүх хувилбаруудыг циклон хөдөлгүүртэй болгожээ. Мөн дохионы гэрлийн загвар, байрлал, бампер зэрэг нь өөрчлөгдөж хэрэглэгчдээс ихээхэн талархал хүртжээ.

Энэ онд нэлээд шинэчлэл хийгдсэн ба 10 сард сайжруулсан загвар бүхий залуур, хайлшин обудыг стандартаар тавьсан залуучуудад зориулсан 3 хаалгатай Х1Х Series хувилбар болон агааржуулагч, жолооны хүчлүүр, мөн тухайн үедээ зөвхөн дээд ангиллын машинуудад тавьдаг байсан дугуй зэргийг стандартаар тавьсан 3 хаалгатай 1300 Marion хувилбар тус тус худалдаанд гарсан.

Энэ хувилбар нь тухайн үедээ маш их амжилт олсон бөгөөд 1984 онд борлуулалтаараа тэргүүлж байсан.

3-р үе (1987 он - 1991 он)

3 дахь үеийн загвар нь тухайн үед худалдаанд гарсан Galant-ийг бага зэрэг жижгэрүүлсэн дугуй загвартай болсон.

1987 он 10 сард 3 хаалгатай hatchback хувилбарт ихээхэн шинэчлэл явагдсан ба үндсэн хувилбар нь Swift бөгөөд үүнээс гадна эмэгтэйчүүдэд зориулагдсан Fabio, Galant GTO-д тавьж байсан 1.6L DOHC хөдөлгүүртэй Cyborg зэрэг хувилбарууд худалдаанд гарчээ.

Мөн удалгүй дахин нэг шинэ хувилбар болох XYVYX гарсан боловч хүмүүсийн таашаалд нийцээгүй учраас үйлдвэрлэл нь зогссон юм. Ингээд 1988 оны 1 сард 4 хаалгатай седан загварт шинэчлэл хийгдсэн ба VIE, Cyborg, Fabio гэсэн 3  хувилбар л үйлдвэрлэгдэж байсан. 4 хаалгатай седаныг гадаадын зах зээлд Lancer нэртэйгээр худалдаанд гаргасан.

4-р үе (1991 он - 1995 он)

Илүү нумарсан буюу дугуй хэлбэртэй болж ирсэн ба өмнөхтэйгээ ижил 3 хаалгатай hatchback 4 хаалгатай седан гэсэн 2 төрөлтэй байсан ба Lancer-тай ижил платформ хэрэглэж байсан боловч урд нүүр, цонх гэх зэрэг ялгаа нэлээд байсан.

Хамгийн жижиг хөдөлгүүр гэгддэг 1.6L V6 цилиндртэй OHC-ийг тавьсан  Mirage 6 болон 2 хаалгатай купе загварын Asti хувилбар ч худалдаанд гарсан юм.

Үүний зэрэгцээ Малайзийн Proton автомашины үйлдвэр Mirage-ийн суурин дээр Satoria, Mirage Asti-ийн суурин дээр Putra нэртэй загваруудаа үйлдвэрлэн зах зээлд гаргасан.

1991 оны 10 сард шинэчлэгдсэн ба энэхүү шинэчлэлээр загварын хувьд нэлээд өөрчлөгдсөн бөгөөд 1300 хувилбарт 12 клапантай SOHC 79 морины хүчин чадалтай хөдөлгүүр, 1500 хувилбарт 91 морины хүчин чадалтай бага зарцуулалттай хөдөлгүүр болох MVV-г тавьсан ба механик 5 араатай, 1л шатахуунаар 18,4км туулдаг, харин 3 хаалгатай загвар мөн механик 5 араатай байсан ба 1л шатахуунаар 21км туулдаг байжээ.

1,5литрийн багтаамжтай хөдөлгүүртэй хувилбар нь 115 морины хүчин чадалтай, 1,6 литрийн багтаамжтай хувилбар нь 145 морины хүчин чадалтай байсан бөгөөд 4 хаалгатай седанд 2000 турбо хөдөлгүүрийг тавьсан.

  • Mirage нь хүмүүсийн сонирхлыг их татсан загвар болж чадсан ба дээд зэрэглэлийн хувилбарт бага хэмжээтэй LCD дэлгэц бүхий автомат агааржуулагчаас гадна цахилгаанаар ажилладаг жолоочийн суудлыг стандартаар тавьсан.
  • Вагон болон бан хувилбарууд нь Lancer-ийн суурин дээр үйлдвэрлэгдсэн  Rivero-той нэгдсэн байна.
  • 1992 оны 10 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба 1600cc DOHC хувилбарт MIVEC хөдөлгүүрийг тавьж 175 морины хүчин чадалтай болгон нэмэгдүүлсэн ба энэ хөдөлгүүрийн хамгийн том өрсөлдөгч нь  Хондагийн  VTEC хөдөлгүүр юм.
5-р үе (1995 он - 2000 он)

Mirage-ийн сүүлийн загвар бөгөөд hatchback болон Asti нь өмнөх үеүдийн онцлогоо илүү хадгалан худалдаанд гарсан. 4 хаалгатай седан нь дахин Lancer Lan Evo IV-ийн платформыг ашигласан ба ингэснээр ялгарч байсан ялгаанууд улам бүдгэрч ирсэн боловч дохионы гэрэл нь тунгалаг болсон ба багаажны дээрх номерын никель хүрээг хэрэглэхгүй болсон байна.

FTO-тай ижил INVECS-II хөдөлгүүрийг тавьсан хувилбар ч худалдаанд гарсан ба V6 /седанд хэрэглэгдэж байсан/ 1.8L багтаамжтай болж нэмэгдсэн боловч шатахуун зарцуулалтыг багасгах зорилгоор 24 клапантай боловч 2 нудрагатай OHC хөдөлгүүрийг тавьсан байна.

Мөн үүний зэрэгцээ өмнө нь октан өндөртэй бензин хэрэглэгдэг байснаа больж энгийн шатахуун хэрэглэдэг болсон байна. 

  • Ингээд хэсэгчилсэн шинэчлэл хийгдсээр байсан ба 1999 оны 1 сард Mirage Dingo гэсэн бие даасан загвар худалдаанд гарсан.
  • 3 хаалгатай загвар болон Asti, седан Lancer зэрэг загварууд нэгдэж Lancer Cedia загвар 2000 оны 5 сард худалдаанд гарчээ.
  • 2002 онд Dingo загварын үйлдвэрлэл зогссоноор Mirage-ийн 24 жилийн түүх төгсгөл болж анх Mirage-тай холбоотойгоор үүд хаалгаа нээж байсан Car Plaza ч хаагдсан юм.