ЯМАР ҮЕД AUTO ГОРИМЫГ АШИГЛАХ ВЭ? №281
Жолооч бидний машинд агааржуулагчийн удирдлага дээр AUTO гэсэн хэзээ ч ашиглаж байгаагүй товчлуур байдаг. Тэгвэл энэ товчлуурын үүрэг юу юм бол оо? Та дарж үзсэн л бол мэдэх байх, учир зүггүй хэзээ дуусах нь үл мэдэгдэх хүчтэй үлээдэг. Зарим нь түүнийг эвдэрчихсан гэж андуурч явах нь ч бий. Тэгвэл энэ товчлуурын талаар танилцуулая.
Уг горим нь салоны хэмийг нэгэн хэмд барьж явахад зориулагдсан юм. Дэлгэцэн дээр тохируулсан хэмийг салонд үүсгэх үүрэгтэй. Хэрвээ дэлгэцэнд зааснаас хүйтэн болвол сэнсний үлээх хүч удааширч, харин эсрэгээрээ дэлгэцэнд заасан хэмээн халуун болвол үлээх хүч их болдог.
Энэ горим үлээх хэмийг зохицуулахгүй, зөвхөн үлээх хүчийг таны заасан хэмд барих үүрэгтэй юм. Тэгвэл жолооч нарын зарим нь халуунд шууд л хамгийн хүйтэн буюу LOW, хүйтэнд хамгийн халуун буюу HOT горим дээр заагаад өгчихдөг. Ингэснээр уг хэмд салоны түвшинг аваачихын тулд сэнс илүү хүчтэй үлээж эхэлдэг байна. Үүнийг бид эвдэрчихлээ гэж бодоод ухаалаг товчлуурын хэрэглээг ор тас орхичихдог.
ЗӨВ ХЭРЭГЛЭЭ
Ямартай ч товчлуурын учрыг мэдчихлээ. Одоо тэгвэл зөв агаарын хэмийг тохируулах хэрэгтэй. Шууд LOW болговол мэдээж дээрх ёсоор маш хүчтэй үлээнэ. Улмаар байнга LOW дээрээ байвал халуун өдөр хатгаа тусах эрсдэлтэй байдаг. Тиймээс халуун өдөр тасалгааны температур буюу 22-25 хэмд, хүйтэн өдөр HOT дээрээ байж байгаад салон халсан хойно тасалгааны хэмд тохируулж AUTO горимд тавих нь зүйтэй.
Эх сурвалж: www.cardoctor.mn