A/C АЖИЛЛАХАД БЕНЗИН ЗАРЦУУЛАЛТ ЯАГААД НЭМЭГДДЭГ ВЭ? №278

Орчин цагт автомашины тав тухыг хангах үүднээс салоны нэмэлт төхөөрөмжийг суурилуулдаг болсон. Үүний нэг бол сэрүүцүүлэгч эйр кондишн юм. Гэрт хэрэглэдэг хөргөгч заавал цахилгаан үүсгэврээр тэжээгдэж ажилладагтай адил автомашины эйр-кондишны мотор бензин хөдөлгүүрээс эргэлт авч ажиллах шаардлагатай байдаг.

Халуун агаарыг хүйтэн агаар болгон хөргөхийн тулд физикээр бол их энерги шаардлагатай болдог. Энэ бүгдийг хөдөлгүүр нь шатахуун зарцуулж байж гаргадаг учраас жолооч бидэнд эдийн засгийн хэлбэрээр нөлөөлдөг.

Эйр кондишний мотор нь хөдөлгүүрийн нэгэн хэсэг болон суурилагдсан байдаг. Хөдөлгүүрийн тахир голтой эйр-кондишний мотор нь ременээр холбогдсон байх бөгөөд зөвхөн жолооч салон дотроос А/С идэвхжүүлсэн үед хөргөх систем ажиллаж эхэлдэг. А/С кондишнийг ажиллуулаагүй үед дамар сул эргэлтийн горимоор эргэж байдаг.

A/C МОТОР

Хөдөлгүүрийн тахир голтой кондишний мотор нь ременээр холбогдсон байдаг.
Хөдөлгүүрийн тахир голтой кондишний мотор нь ременээр холбогдсон байдаг.

Ажиллах үеийн процесс: Жолооч бидэнд моторын дуу намсаж, хөдөлгүүр эргэлт удааширч мэдэгддэг. Энэ нь ууршуулагчаас фреоныг эйр кондишний радиатор луу шахаж байгаа моторын ачаалалтай холбоотой юм. Энэ ачаалал нь ойролцоогоор 2 морины хүчийг хөдөлгүүрээс авч цаашлаад жанамд 50% ачаалал нэмж өгдөг. Үүнийг хөдөлгүүрийн компьютер мэдэрч моторын эргэлтийг нэмэх, бензин өгөлтийг нэмэгдүүлж хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангадаг. Ингэснээр шатахуун зарцуулалт энгийн үеэс 5-10% нэмэгддэг байна (ө.х 100-д 10 литр иддэг байсан бол 11 литр иддэг болно).

Дотоод шаталтад хөдөлгүүрээс хайбрид автомашины ажиллах зарчим өөр хэдий ч (ременээр эргэлт авахгүй) цахилгаан энергээр А/С моторыг ажиллуулдаг. Энэхүү цахилгаан энергийг гаргахын тулд бензин шатаах шаардлагатай болдог. Ингэснээр зарцуулалт мөн адил ихэсдэг байна.
Тэгвэл яаж бага идүүлэх вэ?
  1. Хамгийн эхний алхам бол эйр кондишнийг бага ажиллуулах
  2. Салоны фильтер цэвэрхэн байх
  3. Өгсүүр, ачаалалтай замд кондишнийг унтраах
  4. Халуунд агаар сэлгэсний дараа ажиллуулах
  5. Фреоны даралт хэвийн хэмжээтэй байх
  6. Хүйтэнд агаарын температурыг зөв зааж өгөх (хэт хүйтэн, их үлээлт дээр тавих хэрэггүй)
ХАЛУУНД ТАВ ТУХТАЙ ЖОЛООДОХЫН ТУЛД 1 ЛИТР ШАТАХУУН ИЛҮҮ ЗАРЦУУЛАХ НЬ ТИЙМ Ч МУУ ТОХИРОО БИШ ЮМ.