HID ГЭРЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? №317
HID lamp (High Intensity Discharge lamp) нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр өндөр даралттай хийн уур дундуур металлын атомууд гүйж нуман цахилалт үүсгэх үзэгдэлд үндэслэсэн гэрэл юм. Мөнгөн усны, металл халид, натрийн гэсэн төрлийн HID гэрлүүд байдаг. Сканди, инди, натри гэсэн металлуудыг электрoд болгон ашигладаг. Мөн мөнгөн усны HID байдаг ба хортой учраас ашиглахаа больсон.
Энгийн улайсах гэрлийн адил 2 шонгийн хооронд ороомог утас байхгүй учраас ажиллах хугацаа урт, өндөр бүтээмжтэй. Металл-галиод лампыг телевиз болон киноны техникт ашиглахын зэрэгцээ нарны гэрэлтэй ойролцоо шинжийг ашиглан гадна байршил гэрэлтүүлэхэд голлон хэрэглэдэг. Сүүлийн үед автомашин, галт тэргэнд халоген лампын оронд ашиглах явдал байгаа.
Онцлог шинж:
- Люминесценцийн (өдрийн гэрэл гэж ярьдаг) гэрэл нь зай их шаардлагатай бол HID овор бага.
- Халоген гэрлийг бодвол цахилгааны хэрэглээ бага, эдэлгээний хугацаа урт
- Бага даралттай ламптай харьцуулбал өнгө дамжуулах буюу гаргах чадвартай.
Дээрх олон төрлийн HID гэрлүүдээс орчин үеийн авто машинд кисенон хийгээр дүүргэсэн HID лампыг өргөн хэрэглэж байна. Хамгийн анх 1991 онд BMW-7 серийн загварт тавьсан бөгөөд шатсан үед солих асуудал дээр хүндрэл гарч байсан байна. Түүнээс хойш боловсронгуй болсоор халоген ламптай машинд сольж хэрэглэж болохоор болжээ.
Ксенон HID гэрэл
Ксенон гэрэл нь үүсгэж буй нуман гэрлийнхээ уртаас хамааран богино ба урт
цахилалттай, флаш гэж хуваагдана. Богино нь автомашинд, урт нь нуман
гэрэл, гадна талбайн гэрэлтүүлэгт хэрэглэгдэнэ.
Автомашины ксенон HID гэрэл
Автомашин болон мотоциклын их гэрэлд хэрэглэх болсон бөгөөд HID их гэрэл гэж дуудах нь элбэг. Энэ төрлийн гэрэл нь хурц тод, хол тусах боломжийг олгодог. Мөн арын бөгсөн хэсэг нь халоген гэрэлтэй авто машинд сольж хийхээр тохируулан хийгдсэн байдаг.
Энэ төрлийн гэрлийн дутагдалтай тал гэвэл халоген лампыг бодвол бүрэн асах хүртэл тодорхой хугацаа шаарддаг учир нэг дор хол ойрын гэрлийг хийж болдоггүй.
Хол болон ойрын гэрэл нь тусдаа байдаг 4 гэрэлтэй автомашинд ихэнхдээ ойр дээр нь HID, холын гэрэлд халоген гэрэл хийдэг.
Харин хол ойрын гэрэл нэг дор байдаг автомашинд тавих тохиолдолд арын цайрыг хөдөлгөн тааруулах солиноеид тохируулагч хийх шаардлагатай. Ингэж хийгээгүй тохиолдолд холын гэрэлгүй зөвхөн ойр гэрэлтэй болно гэсэн үг. Bi-Xenon гэсэн хол ба ойрын шилжилттэй ламп байдаг боловч зөвхөн линзэн гэрэлтэй авто машинд тавьж болдог. Цайртай гэрэлд төвлөрч өгдөггүй.
- Автомашин үйлдвэрлэгчдээс 4000К-4500К өнгөний температуртай HID гэрэл тавьдаг ба гадуур дэлгүүрт 3000К, 5000К, 6000К-тэй гэрлүүд байх нь бий.
- Шинэ содон зүйлд дуртай хэрэглэгчид үзэмж талаасаа анхаарч автомашиндаа 4000К-ээс их өнгөний температуртай цэнхэр гэрэл хийдэг нь бороо, цастай, манантай үед гэрэлтүүлэх чадвар нь буурч үзэгдэх орчинг хязгаарладаг. Иймээс авто машин болон тээврийн хэрэгсэлд өнгөний температур нь 6000К-ээс илүүтэй HID гэрэл тавихыг хориглодог улсууд байдаг.
- HID гэрэл нь шаардлагатай гэрэлтүүлэх чадвартаа хүрэхийн тулд балласт гэх өсгөгч төхөөрөмжийг тавьдаг.
Өнгөний температур
Өнгөний температур нь дулааны температураас өөр үзүүлэлт бөгөөд Кельвин гэсэн нэгжээр хэмжиж “K” үсгээр тэмдэглэдэг.
4000К-5000К хооронд бага зэргийн үл мэдэг өнгөний ялгаа байдаг ба голдуу цагаан гэрэл гэж ойлгоход болно. 4500К-ээс дээш бол хүйтэн өнгө, доош бол дулаан өнгө гэж үздэг.
Гэрлийн өнгөний температурыг авч үзвэл дулаан өнгөнд шараас улаан хүртэл, хүйтэн өнгөнд цагаанаас цэнхэр хүртэл өнгө ордог.
- 1700К - чүдэнзний дөл
- 1850К - лааны дөл
- 2700-3300К - Улайсах ламп
- 3350К - студийн цэгэн гэрлүүд
- 4100К - сарны гэрэл, ксенон арк ламп
- 5000К - зуны өдөр, өдрийн гэрэл
- 5500-6000К флаш
- 6500К - үүлтэй өдөр
- 9300К - CRT дэлгэц
САНАМЖ
Гадуур зарагддаг HID буюу xenon гэрэл гэж нэрлэгдэн зарагддаг гэрлүүд бол зориулалтын бус гэрлүүд юм. HID гэрэл нь зориулалтын прожектор бүхий бүтэцтэй байдаг. Үүнийг эвдэн энгийн цайртай гэрэлд хийснээр өөдөөс ирж байгаа машиныг гялбуулж зам тээврийн осолд хүргэж болзошгүй байдаг. Тиймээс зориулалтын HID гэрэлгүй л бол нэмэлтээр тавихгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn