АВТОМЕД

Төмөр хүлгийн эмчилгээ, сувилгааг хийдэг Доктор авто сүлжээний Яармаг салбарт өнжсөн тухайд. Нийтлэлч С.Өнөболд, Зургийг Б.Инжинааш

- Чи минь ч төчнөөн өвөл намайг дааруулалгүй сайхан явлаа даа.
- Ганц ч удаа зогсож зовоогоогүй тэнгэртэй унаа даа, чи.

Ер нь Монголчууд шиг ингэж машинтайгаа ярьдаг үндэстэн олон болов уу? Ийнхүү хүлэг морьтойгоо адил машиндаа хандаж, дээдэлдэг зуршил яах аргагүй Монгол хүний л зан бололтой.

Өнөөдөр би төмөр хүлгийн эмчилгээ, сувилгааг хийж, уяа сойлгыг нь тааруулдаг Доктор авто сүлжээний Яармаг салбарт өнжинө. Автомашины докторыг гаднаас нь биш дотроос нь ажих боломжийг олгосон эдний нийт залууст гялайлаа.

Ингээд гэрэл зургийн аппарат, тэмдэглэл хөтлөх цаас үзгээ цүнхлээд урагшаа.

09:00

Би ч яг цагтаа ирсэн. Яармаг салбарын менежер Наранбат “Бямба гараг учраас 10-аас онгойно шүү” гээд ажлын хувцас хүлээлгэж өглөө. Зүрхэн тушаа CARDOCTOR гэсэн тод улаан шошготой цамцаа өмссөнөөр эдний нэг нь боллоо. 09:20 гэхэд салбарын бүх ажилчид цугларч хурлаа эхлүүлэв. Өглөө бүр ингэдэг гэнэ.

Хурлаа эхлүүлэхдээ хоорондоо мэхийн ёслохыг хараад Япон соёлтой байгууллага юм болов уу гэж бодов. Менежер намайг хамт олондоо танилцуулаад, цаг алдалгүй “Жавартай өвлийн жаргал” гэсэн өвлийн техник үйлчилгээний аяны талаар ярьж, борлуулагч механикч нарт заавар зөвлөгөө өглөө.

Эцэст нь “Замдаа жаргалтай!” гэсэн уриагаар хурлаа дуусгаад бүгд ажилдаа яаран орлоо. Би тэсэлгүй нэг борлуулалтын зөвлөхөөс “Энэ Замдаа жаргалтай гэж орилоод байгаа нь ямар учиртай юм бэ?” гэж асуутал “Манай компанийн туйлын зорилго болох Автомашин дахь амьдралыг аз жаргалтай болгоно гэдгийг л уриа болгож өглөө бүр ЗАМДАА ЖАРГАЛТАЙ гэдэг юм” гэлээ. Аан зөв зөв.

Энэ салбарын үйлчилгээний ажилтан бүр касс, хэрэглэгчийн  мэдээллийн сан болон бүрээс захиалгыг хийж чаддаг жинхэнэ “универсал цэрэг” бололтой.
Энэ салбарын үйлчилгээний ажилтан бүр касс, хэрэглэгчийн мэдээллийн сан болон бүрээс захиалгыг хийж чаддаг жинхэнэ “универсал цэрэг” бололтой.
09:40

Үйлчлүүлэгч ирэхээс өмнө талбайгаа цэвэрлэдэг учраас шүүр, тосгуураа аваад гаднах талбайг зад шүүрдлээ. Цас орж байсан бол хөлсөө гартал хүрздэх байж уу.

Өөдлөх айл үүднээсээ гэж...  Шүүр, тосгуураа аваад үүд рүү марш!
Өөдлөх айл үүднээсээ гэж... Шүүр, тосгуураа аваад үүд рүү марш!
10:30

Агуулахаас хэдэн бараа зөөж бага сага ажил хийсээр түлхүүр хувилагч Наранчимэг дээр очоод “Ер нь автомашины түлхүүр яах гэж хувилдаг юм?” гэсэнд Нараа “Ганц хувь түлхүүрээ хаячхаад 700.000-800.000-аар захиалж байхаар 50.000-аар хувилсан нь хамаагүй ухаалаг сонголт” гэв. Нээрээ ч тийм дээ.

Тэгэхээр нь би бас хувилж суръя гээд хувилагч машины урд зогстол хамаг гар чичирч салгалаад тэрүүгээр нэг юм боллоо. Над шиг хүн лав 2-3 сар дагалдан хийхээр юм байна.

Дуусч дундаршгүй агуулахын энэ ажилд хүн хүч хэрэгтэй л юм байна.
Дуусч дундаршгүй агуулахын энэ ажилд хүн хүч хэрэгтэй л юм байна.
12:00

Түлхүүр хувилах ч худлаа юм байж, ядаж нэг ч болтугай бараа зарна даа гээд дэлгүүрийн хэсэг рүү зүглэлээ. Бусад борлуулагч нарыг ажаад ер нь чадах юм шиг санаад байж байтал нэг ах хүү над дээр ирээд:

- T4 кропконд ямар тос таарах бол? гэхэд нь
- Эээмм... За байз... – гээд энд яг байгаа гэсэн шиг тэр хавийн хамаг тосыг нүдээрээ гүйлгэж хараад – Уучлаарай ахаа, би өнөөдөр шинээр ажилд орсон юмаа, мэргэжилтнийг дуудаад ирье – гээд гүйлээ. Манайхнаас нэг нь очоод хэсэг тайлбарласны дараагаар мөнөөх ах хүү 109,000 төгрөгийн худалдан авалт хийв.

Би бас ажлаа сайн мэддэг байсан бол ялгаагүй борлуулалт хийж салбарын ахлахад магтуулах л байсан байх. Гэхдээ яахав, ийм зэргийн юм байх шдээ. Нэг өдрийн дотор 2500-3000 нэр төрлийн барааны үнэ, онцлог бүрийг тогтооно гэдэг бүтэхгүй л дээ.

Ер нь би тэр хавиар тоос шороогоо арчиж цэвэрлээд, бараа зөөж буулгаад явж байсан нь өлзийтэй байх.

Эсгүүрийн ажлыг нарийн нямбай, гарын эв дүйтэй хүн л хийхээр юм байна. Санасан шиг хялбар биш юм аа.
Эсгүүрийн ажлыг нарийн нямбай, гарын эв дүйтэй хүн л хийхээр юм байна. Санасан шиг хялбар биш юм аа.
13:00

Ясны тунгалаг шөл, шпагетти, мантуун бууз, байгаа хачраас нь идэж үзье. Тогооч Энхзул гараа гаргаж хийсэн хоолоороо ажилчин олноо эрхлүүлэх юм. Аргагүй, бүтэн өдрийн турш биеийн хүчний хүнд ажил хийдэг энэ хэд маань тамир тэнхээгээ амттай хоолоор л нөхөж таарна. Амтны хувьд ярих юмгүй.

 3 төрлийн шөл, 4-5 төрлийн хоёр дугаар хоол, 12 төрлийн хачир хараад эрүү мултрах шахав.
3 төрлийн шөл, 4-5 төрлийн хоёр дугаар хоол, 12 төрлийн хачир хараад эрүү мултрах шахав.
14:00-17:00

Инженерүүдийн өрөөнд комбинзоноо өмсчхөөд засвар үйлчилгээний хэсэг рүү яваад орлоо. Олон жил бичиг цаастай ноцолдсон хүн механикийн ажилд хэр дүйтэй бол? Оролдоод үзэх л хэрэгтэй.

– Тосны шүүрээ тайлаад тосоо гялс сольчих.
– Тосны шүүр ээ? Энэ мөн үү?
– Тийм ээ, наадах чинь мөн. За за би өөрөө сольёо – гэлээ.

Би ер нь болоогүй байна даа. Түүхий байна. Мастер механик Эрхбадаргуун намайг ажлаа олигтой хийхгүй олон юм асуудаг нөхөр гэж бодсон байх. Эдний механик залуус аргагүй л лут юм аа.

Ямар ч байсан 6 сар дагалдан хийж байж туслах засварчин болдог ажлаас гурван цаг ноцолдсоны эцэст дөнгөж мотор кропны тос зөв хийх талаар анхан шатны ойлголттой боллоо.

Монголд 10 дохиолол тутмын 9 нь Доктороор суурилуулсан гэдэг тоо нэгийг өгүүлнэ.
Монголд 10 дохиолол тутмын 9 нь Доктороор суурилуулсан гэдэг тоо нэгийг өгүүлнэ.
17:30-18:00

Ажил тарахаас 30 минутын өмнө Докторын салбарыг дахин тойрч өдрөө дүгнэхээр шийдлээ. 15 жилийн туршлагатай, авто ертөнцийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлдэг энэ байгууллагын хувийн соёлыг онцолмоор байна. Тэр дундаа зөвхөн үйлчлүүлэгч гэлтгүй нэг нэгнээ дэмждэг ахан дүүгийн найрсаг хандлага нь сэтгэлд тод үлдлээ.

Өнөөдөр их ачаалалтай өдөр байсан тул ажилчдын амрах, алжаал тайлах өрөөг хайсаар олсонгүй шүү.

За миний явах цаг болж менежер Наранбатад хувцсаа хүлээлгэж өгөөд гэрийн зүг дугуйгаа жийлээ.

Санасан шиг хялбар байгаагүй ч их олон зүйлд суралцлаа. Замдаа жаргалтай байлгахын төлөө хийж буй бүхэнд тань баярлалаа, Докторынхоон.

Дараагийн удаа хэнийд өнжих вэ?

За Рулём Монгол сэтгүүлийн 2015/2016 оны үлдэгдэл цөөн дугаарыг Докторын ГАНДАН салбарт, онцгой үнээр.
За Рулём Монгол сэтгүүлийн 2015/2016 оны үлдэгдэл цөөн дугаарыг Докторын ГАНДАН салбарт, онцгой үнээр.