МОТОРЫН АГААР ШҮҮГЧ БОХИРДВОЛ ЯАДАГ ВЭ?

Автомашины хөдөлгүүрт дотоод шаталт явагдахын тулд хүчил төрөгчийг байнга хангах шаардлагатай байдаг. Агаарт олон төрлийн тоос, нарийн  тоосонцор, элс болон бусад жижиг биетүүд байдаг учир агаарыг цэвэрлэх хялбар аргачлалыг инженерүүд хэдийнээ бүтээсэн билээ.

Агаар нь хоолойгоор сорогдож  агаарын урсгал мэдрэгч (mass airflow sensor),  коллектор (throttle body), сорох хоолой (intake manifold)-оор дамжуулагдан эцсийн шатанд хөдөлгүүрт хүргэгдэнэ. Энэхүү дамжлагын эхэнд байрлах агаарын шүүр нь эдгээр эд ангийг хамгаалах үүрэгтэй юм.

Харин агаарын шүүр бохирдож эхлэхэд агаарт байгаа тоос, тоосонцор хөдөлгүүрийн дотогш нэвтэрч эхэлнэ.

Агаарын шүүрийн бохирдлын шинжүүд:

  • Шатахуун идэлт ихсэх: агаарын шүүр бохирдоход хөдөлгүүр нь хүчил төрөгчийг хангалттай авч чадалгүй шатахууныг ихээр иднэ. Улмаар дутуу шатсан шатахуун яндангаар гарч эхэлнэ.
  • Хөдөлгүүрийн хүч сулрах: Хөдөлгүүрт дутуу шаталт явагдана. Илүүдэл шатахууныг шатаах нь хөдөлгүүрийн хүчийг мөн сулруулна.
  • Хаазлахад хөдөлгүүр нь жирийн үеийнхээс илүү их дуутай болно: Учир нь агаарын шүүр бүрэн элэгдэхэд сорох хоолойгоор хөдөлгүүрийн цуурайтах дуу гарч эхэлнэ. 

Агаарын шүүрийн үйлчилгээ, үйлчилгээ хийх зөвлөмжүүд:

  • Агаарын шүүрийг 6 сар тутамд шалгаж, цэвэрлэж, сольж байх шаардлагатай. 
  • Агаарын шүүрийг солихдоо шүүрийн гэрийг сайн цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр агаарын шүүрийн ашиглалтын хугацаа уртасч агаарын урсгал хэвийн явагдана.
  • Тос болж бохирдсон агаарын шүүрийг шууд солих хэрэгтэй. Үүний сацуу PCV системийн ажиллагааг шалгаарай. Хөдөлгүүрийн үйлчилгээг сайн хийгээгүйгээс болж тос болон бусад хог наалданги PCV клапанг бөглөсөн байж болзошгүй.    
  • Хуурай, салхи шуурга ихтэй,  тоос шороо элстэй газар ашиглагддаг тээврийн хэрэгслийн агаарын шүүрийг ойрхон давтамжтай сольж байх хэрэгтэй. Энэ нь Монголын нөхцөлд тохиромжтой зөвлөмж юм.
  • Муу чанартай агаарын шүүрний шүүлтүүрийн материал нь урагдах магадлал ихтэй байдаг. Цаашлаад урагдсан хэсэг нь коллекторыг бөглөж хөдөлгүүрийг унтраахад хүргэнэ. Иймд үргэлж сайн чанарын агаарын шүүрийг сонгож байхын бид зөвлөж байна.
  • Ердийн агаарын шүүрийг тусгай агаарын шүүрээр (performance air filter буюу уралдааны) орлож хэрэглэхэд хөдөлгүүрийн бүхийн л горимд агаарын урсгал ихээр ирнэ. Энэ нь хөдөлгүүрийн CHECK гэрлийг байнга асаатай байхад хүргэдэг. Цаашлаад MAF-ийн сенсор ч эвдэрч болзошгүй. Ялангуяа стандарт бус өргөн сорох хоолой хэрэглэхэд энэхүү сенсор хурдан эвдэрнэ.