ЖОЛООЧ НАР ЯАГААД СОГТУУГААР МАШИН ЖОЛООДДОГ ВЭ?

Дэлхий дээр өдөр бүр тохиолдож буй осол аваарын 35% буюу 3 осол тутмын 1 нь согтуу жолоочоос болон явган зорчигчоос үүдэлтэй байдаг. Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон автомашин жолоодно гэдэг 2 зүйл хэзээ ч нэг дор оршин тогтнох боломжгүй зүйлс.

Автомашин жолоодоход хүнээс өндөр түвшний сонор сэрэмж ба шийдэмгий байдлыг шаарддаг. Харин архи нь нэг төрлийн тайвшруулагч бодист тооцогддог бөгөөд хүний тархины төв мэдрэлийн системийн ажиллагааг удаашруулдаг. Мөн түүгээр зогсохгүй хүний мэдээ мэдээлэл боловсруулах чадамжид муугаар нөлөөлж, нүдэн баримжаа болон гарны хөдөлгөөний тохиргоо алдагддаг.

Үүнийг хэн бүхэн маш аюултай гэдгийг мэддэг авч өнөөдөр маш олон жолооч нар согтуугаар машин жолоодсон хэвээр л байна. 2012 онд нийт 29сая жолоочийг согтууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн байдалтайгаар саатуулсан гэх тоо баримт хүртэл хүмүүсийн ямар хариуцлагагүй байгааг илтгэж байна шүү дээ. Яагаад вэ? Энэ талаар бид 3 өөр сэтгэлзүйчээс асууж, яг ямар сэтгэлзүй тэдэнд нөлөөлдөг болохыг ойлгохыг хичээлээ:

  1. Дмитрий Ефремов:  Согтуу хүмүүс өөрийгөө хир согтуу байгаадаа бодит дүгнэлт хийж чаддаггүй. Тэдний хувьд автомашин жолоодох нь өдөр тутам хийдэг энгийн зүйл мэт болсон байдаг учраас тэд дотроо: "Би согтуу байгаа ч гэсэн автомашинаа бол жолоодчихтойгоо байна" гэж боддог.
  2. Мария Еремина: Согтууруулах ундаа хүнийг 10 дахин илүү зоригтой, өөртөө итгэлтэй болгодог. Тэдний хувьд хийж чадахгүй, болохгүй зүйл үгүй мэт санагдаж эхэлдэг. Ер нь архийг хүн яах гэж хэрэглэдэг юм? Зовнисон сэтгэлээ тайвшруулж, биеэ сул тавихын тулд л хэрэглэдэг шүү дээ. Согтуу хүн автомашин дээрээ очлоо, суулаа, асаалаа. Во! Асааж болоод байгаа юм чинь, яагаад жолоодож чадахгүй гэж тэд өөрсдийгөө хөөргөдөг. Эхний удаа аюулгүй өнгөрч болох ч, энэ хэрвээ дадал болвол ирээдүйд маш ноцтой үр дагаварт хүргэж болохыг жолооч хүн мартаж болохгүй.
  3. Евгения Небова - Замын аюулгүй байдлын дүрмүүд биднийг бусад тэнэг хүмүүсээс хамгаалахад зориулагдсан гэж бид боддог. Харин хүн хэзээ ч өөрийгөө тэнэг, мангарт тооцдоггүй. Би бусдаас ухаантай учраас байдлыг гартаа авч чадна. Би дүрмээ яльгүй зөрчсөн байхад сүртэй зүйл байхгүй гэж бид боддог. Гэвч үнэн хэрэгтээ үгүй юм. Хууль дүрэм бүгдэд яг ижлээр нөлөөлнө гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Үүгээр зогсохгүй, согтуугаар машин жолоодож байгаа нь нийгмийн соёл, тэдний хувийн боловсрол, хүмүүжил бас нөлөөлж байна.

Хүний согтуурлын түвшинг 3 ангилдаг- доод, дундаж болон дээд гэж. Тэгвэл автомашин жолоодохын хувьд та нэг бол согтуу, нэг бол эрүүл гэж 2-хон ангилагдана.

Хувь хүний согтууруулах бодисыг хүлээж авах явц өөр өөр байдаг л даа. Зарим хүмүүс ганц балга уугаад бие нь тавгүйрхдэг бол, зарим хүмүүс авдар шар айраг уугаад ч юу ч болоогүй мэт байдаг.

Аль ч тохиолдолд, автомашин жолоодох нь хатуу хориотой. Би архи уучаад машин барьж чаддаг хэмээх гэнэн бодлоо сэтгэлээсээ авч хаяарай.