АЙДАС
Төгс төгөлдрөөс бүү ай. Угаас тийм зүйл оршдоггүй юм - Сальвадор Дали
Автомашин бол мянга мянган жолооч нарын амьдралын салшгүй нэгэн хэсэг бөгөөд дэлхий дээрх хамгийн өргөн хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл юм. Гэвч зарим хүмүүс машин барих байтугай, машинд суухаас ч айдаг.
Яагаад тэгдэг юм бол? Яаж энэ айдсыг арилгаж давах вэ?
Сэтгэл судлаачдын судалгааг Жизненно сэтгүүл нэгтгэснийг танд хүргэж байна:
- Жолоодлого алдахаас айдаг. Ийм төрлийн айдастай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд та автомашиныхаа механик бүтэцтэй сайтар танилцаад авчихсан байхад илүүдэхгүй. Ямар нэгэн үйлдэл хийхэд, машин дотор юу болж байдгийг мэдэж байгаа цагт та өөртөө илүү итгэлтэй болно.
- Осол аваар гаргахаас айдаг. Ийм мэдрэмжийг ихэнхидээ шинэ жолооч нар мэдэрдэг бөгөөд тодорхой хэдэн км туулсны дараагаар энэхүү айдас бага багаар арилаж эхэлдэг. Бүр болохгүй бол, тусгай сургалтуудад бас хамрагдаж болно.
- Эсрэг урсгалын машинаас айдаг. Жолооч хүн туршлага хуримтлуулахын хирээр энэ төрлийн айдас мөн л багасдаг. Тийм учраас, боломж л олдвол машинаа барихыг хичээ. Ингэснээр машиныхаа овор хэмжээг илүү сайн мэдэрдэг болж, бусад машинуудтай ч зам дээр асуудалгүй зөрдөг болно.
- Зорчигчийн суудалд суухаас айдаг. Амьдралдаа бүх зүйлийг гартаа аваад, шийдээд сурчихсан хүмүүс зорчигчийн суудалд өөрийгөө тухгүй байгааг мэдэрдэг. Энэ тохиолдолд та ганцхан машин гэлтгүй, амьдрал дээр ч бас бусдад итгэх итгэл болон өөдрөг үзэл дээрээ анхаарах хэрэгтэй.
- Бусад жолооч нар намайг юу гэж бодох бол гэдгээс айдаг. Зарим хүмүүст өөрийн хувийн үзэл бодол гэхээс илүү бусдын дүгнэлт чухал санагддаг. Тиймдээ ч тэд бусад туршлагатай жолооч нар намайг шоолохвий гэдгээс үхтлээ айдаг. Гэхдээ энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Бүх жолооч нар эхэндээ алдаа гаргаж, түгжрээ үүсгэж, сандарч тэвддэг. Тийм учраас, бусад жолооч нарын бүдүүлэг авирыг огтхон ч битгий тоо. Сигналдаж л байг. Хамгийн гол нь аюулгүй байдал гэдгийг сана.
Эцэст нь хэлэхэд, түлхүүрээ зоож, бүсээ бүслэхийн өмнөхөн, автомашиндаа суугаад нүдээ аниад 2-3 минут өөрийгөө зорьсон газартаа аюулгүй оччихсон инээгээд зогсож байгаагаар төсөөл. Ингэснээр замд гарахын өмнө танд эерэг хандлага үүсч, та ч тайвшрах болно. Замд явахдаа биеэ сул тавьж, байнга инээмсэглэхээ мартуузай.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5