ЖОЛООЧИЙН СЭТГЭЛЗҮЙН 5 АНДУУРАЛ

Замын хөдөлгөөний сэтгэлзүй гэдэг нь жолоочийн зан араншинд, орчин тойрон болон хүнээс үүсэлтэй хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлдгийг судлан шинжлэхийг хэлдэг. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Засгийн газар дүрэм зөрчсөн буюу тухайлбал, эгнээ байраа буруу эзэлсэн, машины хоорондын зай бариагүй жолооч нарын торгуулийн хэмжээг 3 дахин ихэсгэхээр тогтоол гаргалаа.

Учир нь, хайхрамжгүй, хэнэггүй жолооч нараас болж энгийн ард иргэд хохирсоор байна. Хамгийн чадамгай жолооч нар ч гэсэн заримдаа зөн совиндоо уруу татагдаж, үзэл бодлын зөрчилдөөнд автдаг. Тийм ч учраас та дараах сэтгэлзүйн андуурлуудыг гаргадаг эсэхээ сайтар тунгаан бодоорой:

1.     Бид хүрээлэн буй орчноо бүхэлд нь харж чаддаг гэдэгтээ итгэдэг.

Бидний мэдрэхүй нэгэн зэрэг маш олон мэдээ мэдээллийг хүлээн авч, хэтэрхий их ачаалалтай ажилладаг. Тийм ч учраас хүний тархины анхаарлын систем нь зөвхөн хамгийн чухал гэсэн хэрэг явдлууд дээр төвлөрөх хүндтэй үүрэгтэй. Нөгөө талаасаа мөн бид маш их мэдээ мэдээллээс хоцорч байдаг. Жолооч хүн хэзээ ч 100 хувь аюулгүй байдалд байна гэж байхгүй. Таны анхаарлын түвшин ч бас 100 хувь найдвартай бус. Аюул хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм шүү.

2.    Тэгсэн хирнээ бид өөрсдийгөө бусад хүмүүст харагддаггүй гэж боддог.

Бидний хийж буй үйлдэл биднийг үнэн хэрэгтээ хэн бэ гэдгийг илтгэдэг ганц зүйл. Зам дээр нус цэрээ хаях, хогоо цонхоороо шидэх, явган зорчигч руу ус цацах гэх мэт бүдүүлэг үйлдлүүд хичнээн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй ч гэлээ нийгмийн хөгжил дэвшилд маш их хор хөнөөлтэй. Та өөрийгөө хэн гэж тодорхойлно, бусад хүмүүс ч бас таныг яг тэгж л хүлээж авна.

3.    Надад онцгой тохиолдол гарсаныг бусад хүмүүс ойлгоно гэж боддог

Өөр нэгэн жолооч зам дээр аюултай маневр хийж, бүдүүлэг алдаа гаргасан тохиолдолд бид шууд л түүнийг шүүмжилж эхэлдэг. Нөхцөл байдал түүнийг ингэхэд хүргэлээ гээд ойлгохыг хүсдэг жолооч ч ховорхон байх. Шинжээчид үүнийг "төрөлхийн хамааруулан бодох төөрөгдөл" гэж нэрлэдэг бөгөөд бид бусдын алдааг тэр хүний авьяас чадвар болон зан араншинтай холбож тайлбарладаг хирнээ өөрийнхөө алдаа дутагдлыг тэр үеийн нөхцөл байдалд тохох нь олонтаа.

Жишээ нь, хэн нэгэн дүрэм зөрчвөл та шууд л "Ямар муу жолооч вэ?" ч юм уу эсвэл "Ёстой хариуцлагагүй хүн байна" гэж бодно, тийм биз? Харин өөрсдөө яг адилхан нөхцөл байдалд орсон тохиолдолд: "Ямар хэцүү зам бэ?", "Би үнэхээр яарч байсан юм" гэх мэтээр өөрөө өөртөө өршөөлийг олгодог байна.

4.    Бид өөрсдийнхөө чадавхыг хэтрүүлэн үнэлдэг.

Хэрэв та өөрийгөө маш сайн жолооч гэдэгт итгэлтэй байвал дахиад нэг бодоод үзээрэй. Нийт жолооч нарын 80-90% нь өөрийнхөө автомашин жолоодох чадварыг дундаж ба түүнээс дээш гэж үнэлдэг аж. Сэтгэлзүйч нарын үзэж буйгаар хүн өөрийгөө ямар нэгэн зүйлд хир их гарамгай гэж бодно тэр чинээгээрээ тэр зүйлдээ авьяасгүй байдаг нь тогтоогджээ. Үүнийг шинжлэх ухаанд "Даннинг Крюгерийн нөлөөлөл" гэж нэрлэх нь ч бий.

5.    Жолоо барьж байхдаа зориулалтын төхөөрөмжөөр яривал ямар ч аюулгүй гэж боддог.

Дэлхийн маш олон улс орнуудад автомашин жолоодож байхдаа энгийн утсаар ярихыг хориглодог ч, автомашиныхаа блютүүт үйлдлийг ашиглахыг хөхүүлэн дэмждэг. Энэ бол хууль дүрэм шинжлэх ухаанаас ямар хол тасардгийн тод жишээ юм.

Үнэн хэрэгтээ, автомашин барьж байхад жолоочийн анхаарал зам дээр төвлөрөх нь чухал болохоос биш тэр хүн утсаа гараараа барина уу, хөлөөрөө барина уу огт хамаагүй. Утсаар ярих нь хүнээс маш их оюуны нөөц бололцоо шаарддаг учраас автомашин барьж байх үедээ утаснаасаа түр холдохыг санал болгоё!