ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ

Чиний гарт зөвхөн алх байсан цагт чи бүх асуудлыг хадаас мэтээр харах болно –Абрахам Маслоу

Эмэгтэй жолооч нарын талаар олон янзын л яриа бий. Тэр бүү хэл: “Эмэгтэй жолооч бол яг л тэнгэрийн од мэт. Бидэнд тэр харагддаг ч, тэр биднийг хардаггүй” хэмээх зүйр үг ч олны дунд дэлгэрээд удаагүй байгаа билээ.

Гэсэн хэдий ч, Оросын эрдэмтдийн гаргасан судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол осол аваар 5 дахин бага гаргадаг нь тогтоогджээ. Энэ үнэхээр үнэн бол, ирээдүйд эмэгтэй жолоочийг “гранат барьсан сармагчин”-тай харьцуулах хэрэггүй болохнээ. Даатгалын компаниуд хүртэл эмэгтэй жолоочтой ажиллах илүү дуртай болсноо нуугаагүй юм.

Тэгвэл бүгдээрээ эмэгтэй жолоочийн сэтгэл зүйн сул болон давуу талуудыг Оросын эрдэмтдийн судалснаар харьцуулан үзье.

Давуу тал:

  1. Эмэгтэйчүүд машин барихдаа анхаарал харьцангуй өндөртэй явдаг. Тэд жижиг сажиг зүйлд маш их ач холбогдол өгдгөөс гадна барагтаа бол дүрэм зөрчдөггүй.
  2. Эмэгтэй хүн согтуугаар машин жолоодох нь өдрийн од мэт цөөн. Эрчүүд харин энэ асуудалд маш хөнгөмсөг ханддаг бөгөөд энэ нь муу үр дүн авчрах нь олонтаа.
  3. Эмэгтэй жолооч нар ямар нэгэн эрсдэлтэй оролдлого, аюултай маневр хийх нь эрэгтэйчүүдийг бодвол ховор байдаг. Энэ нь эрэгтэй хүүхдүүдийг багаас нь л хатуужуулж, янз бүрийн сорилтод бэлтгэж өсгөдөгтэй холбоотой гэж сэтгэл судлаачид үздэг юм.
  4. Эмэгтэй жолооч жолооны ард түрэмгий зан авир гаргана гэж бараг байхгүй. Тэд бусад жолооч нарыг миний өрсөлдөгч гэж хэзээ ч хардаггүй.

Тэгвэл яагаад эмэгтэй жолоочийн ямар сэтгэл зүй эрчүүдийн ясыг  хавталзуулаад байдаг юм бэ?

  1. Яагаад гэвэл тэд гэнэтийн ослын үед өөрийгөө хянаж чадахаа больж, хөшингө чулуу мэт болж хувирдаг. Асуудлаас гарахын оронд тэд жолооны хүрдээ тэврээд замын голд уйлаад сууж байж мэдэх л хүмүүс.
  2. Бие физиологийн хувьд эмэгтэйчүүд мэдээж эрчүүдийг гүйцэхгүй. Тиймдээ ч тэд хол замд амархан ядарч, жолоодлогын хүнд элементүүдийг гүйцэтгэж чаддаггүй.
  3. Хамгийн хачирхалтай нь, эмэгтэйчүүдийн осол аваар гаргадаг нэг гол шалтгаан нь тэдний бариу банзал болон өндөр өсгийтөөс байдгийг судлаачид нотложээ.
  4. Тэд утсаар маш их ярьдаг. Түүний автомашин барьж яваа эсэх нь утсаар ярихад огтхон ч нөлөөлдөггүй нь харамсалтай.
  5. Эмэгтэйчүүд өөрсдийгөө сул дорой гэдгээ заримдаа ч болов мэдрэх дуртай байдаг. Тиймээс тэд бүх эрчүүд надад зам тавьж өгөх ёстой, жинхэнэ жентельмэн зан гаргах үүрэгтэй гэсэн хандлагатай байдаг нь эрчүүдийн уур уцаарыг барж орхидог байна.

Эцэст нь хэлэхэд, жолооны ард суугаа эмэгтэй хүн бол аймшигтай зүйл огтхон ч биш юм. Бид бүгдэд нь бие биенээсээ суралцах зүйл их байна.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс нягт нямбайг суралцаж, харин нөгөө талаасаа эмэгтэйчүүд онолын мэдлэгээ дээшлүүлж, илүү тэвчээр заадаг болсон цагт зам гэдэг диваажин болж хувирах биз ээ.