ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ НЬ ЯАГААД ХЭЦҮҮ БАЙДАГ ВЭ?

Амжилттай яваа болон нэлээн амжилттай яваа хүмүүсийн хооронд нэг л ялгаа байдаг. Нэлээн амжилттай яваа хүмүүс бараг бүх зүйлд "үгүй" гэж хэлдэг (Уоррен Баффет)

Бөөрөнхий юу дөрвөлжин үү? Хар уу цагаан уу? Тоёота юу Хонда юу? Нарны гүүрээр явах уу Энхтайвны гүүрээр явах уу? Хүний амьдрал тэр чигээрээ сонголт.

Та алхам бүртээ жижиг, том сонголтуудыг санаатай болон санаандгүй байдлаар хийж байдаг гэдгээ мэдэх үү? Тэгвэл сонголт гэж чухам яг юу болох мөн түүнийг хийхэд яагаад тийм хэцүү байдаг талаар Оросын алдарт сэтгэлзүйч Анна Хныкина-тай ярилцлаа.

Сур: Сайн байна уу Анна! Хүний тархи өдөр болгон хэмжээлж баршгүй олон асуултанд хариулах хэрэгтэй болдог. Асуудлыг шийдвэрлэх зөв шийдэл олно гэдэг тийм ч амар зүйл биш. Бид сонголт хийхээсээ төвөгшөөдөг болчхож. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?

Анна: Ихэнх тохиолдолд хүн бүр өмнөө байгаа сонголтоо бүрэн дүүрэн таньж чаддаггүй. Гарцгүй орц гэж байдаггүй шиг таныг хүссэн хүсээгүй өмнө чинь сонголтууд ярайж байдаг. Сонголт гэдэг нь эргэлзээг арилгаж, олон хувилбар дундаас хамгийн тохиромжтой нэгийг сонгохыг хэлнэ.

Гэсэн хэдий ч аль ч тохиолдолд хүн ямар нэг зүйлээ золиосонд гаргах хэрэгтэй болдог. Яг энэ л бодол маш олон хүмүүсийг эргэлзүүлж, сонголтоо хойшлуулж, түүнээс зайлсхийхэд хүргэдэг байна.

Сур: Тэгвэл зөв сонголтыг яаж хийх үү?

Анна: Энэ бол маш түгээмэл хирнээ маргаантай асуулт л даа. Би үүнд нэг л хариултыг өгдөг: зөв сонголт гэдэг бол зүгээр л хий хоосон мөрөөдөл. Бидэнд амьд явах эрх нэг л удаа заяадаг шүү дээ. Нэг туулсан замаараа хүн хэзээ ч 2 явдаггүй.

Магадгүй хүн 4 амьтай байсан бол гарсан үр дагавруудыг хооронд нь харьцуулсны үндсэн дээр хамгийн оновчтой сонголтыг хийж чадах байсан байх. Яахав, сайн эсвэл муу шийдвэр гаргасан эсэхээ түүнээс авсан сэтгэлийн таашаалаараа хэмжиж болох ч зөв бурууг нь бол хэзээ ч тодорхойлж чадахгүй.

Жишээ нь, Егор Гайдарын гаргасан эдийн засгийн шинэчлэл олон муу үр дагавар дагуулсан хэдий ч яг тэр үед илүү сайн сонголт байсан уу гэвэл бас л үгүй. Хүн ололт амжилт гэхээсээ хохиролд илүү эмзэг байдаг нь тогтоогдсон. 20 доллар олоод баярлах, хаяад харамсах 2 тэс өөрөөр мэдрэгддэг.

Онгоц автомашинтай харьцуулбал 26 дахин бага осол аваар гаргадгийг нь мэдсээр байж бид онгоцонд суухаасаа илүү айдаг. Товчхондоо, зөв болон буруу шийдвэр гэхээсээ илүү сайн эсвэл муу шийдвэр л гэж байдаг. Тэгвэл яаж сайн шийдвэр гаргадаг болох талаар хэдэн зөвлөгөө хүргэе

  1. Ямар ч асуудалд цорын ганц зөв шийдэл гэж байдаггүйг санах.
  2. Аль ч хувилбарыг сонгосон байлаа гэсэн азгүйтэлд сэтгэл зүй чинь бэлэн байх.
  3. Бүх хариуцлагыг өөр дээрээ авч, гаргасан сонголт зөвхөн таных байсан гэдэгтэй санал нийлэх
  4. Сонгосон шийдвэрийнхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх.

Сур: Сонголтын талаар бид харьцангуй сайн ойлголттой боллоо

Анна: Хүмүүсийг сонголт хийх чадвараар нь 2 хуваадаг: оптимизатор болон максимизатор гэж.

  • Оптимизаторууд сонголт хийхээсээ өмнө хамгийн тохиромжтой гэж үзсэн тоотой хэдхэн хувилбаруудаас нэгийг нь сонгодог.
  • Харин максимизаторууд шийдвэр гаргахаасаа өмнө байж болох бүх хувилбарыг өмнөө дэлгэж тавиад, тоймгүй их мэдээлэл цуглуулдаг.

Таны бодлоор энэ 2 хүний хэн нь илүү аз жаргалтай санагдаж байна?

Тийм учраас өөрийгөө хэрэгцээгүй олон мэдээ мэдээллээр бүү хүрээлүүл. Таны тархи бол хогийн сав биш. Шүүлтүүр тавь. Дотоод сэтгэлээ сонс. Төгс төгөлдөршилд хэт их битгий улайр. Алдаа гаргасан бол харамсаж гуниад хэрэггүй. Алдаа болгон тань танд туршлага болон үлдэнэ гэдгийг сана. Таныг азын тэнгэр ивээг!

Сур: Баярлалаа Анна!