АВТОМАШИНЫ ӨНГӨ ЖОЛООЧИЙН СЭТГЭЛЗҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Мөхсөн өчигдөр, төрөөгүй маргаашид сэтгэлээ юунд чилээнэ вэ? Өнөөдрөөрөө амьдар. (Омар Хаям)

Өнгө гэдэг хүний сэтгэлзүй болон бие махбодид хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэгт манай гаригийн бүх сэтгэлзүйч санал нийлдэг.

Хүн харах эрхтнээрээ аливаа өнгийг хүлээн авч, тэр нь цаашлаад дотоод эрхтэн болоод сонсголд нь хүртэл нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд батлаад буй. Жишээ нь, улаан өнгө хүний цусны даралтыг ихэсгэдэг бол цэнхэр өнгө сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг аж.

Швецарийн алдарт сэтгэл зүйч Макс Люшерийн нэвтрүүлсэн "Өнгөний сонголтоор хүнийг танихуй" аргачлал нь хүвь хүний зан араншин бөгөөд итгэл үнэмшил дээр нухацтай анализ хийх шалгарсан аргаар тооцогдоод байгаа билээ.

Та дуртай 3 өнгөө нэрлэ дээ? Хамгийн түрүүнд нэрлэсэн өнгө бол таны яг одоогийн байдлыг илэрхийлнэ. 2 дугаарт сонгосон өнгө тань таны ажил мэргэжлийг илэрхийлдэг бол сүүлд дурдсан өнгө таны бусадтай харилцах харилцааг илтгэдэг аж.

Дэлхийн автомашины зах зээлийн томоохон тоглогч нарын нэг Дюпонт компанийн мэдээлснээр жолооч нар сүүлийн үед цагаан өнгийн машиныг илүүд үзэх болсон гэнэ. Учир нь, хүмүүс өнөөгийн нийгмийн хар бараан зургаас залхаж, дайн дажин болон үймээн самууны эсрэг байгаагаа ингэж ч болов илэрхийлдэг болсон аж.

Саяхан Мичиганы их сургуулиас нэгэн сонирхолтой судалгаа явуулсан бөгөөд автомашины өнгө болон жолоочийн сэтгэлзүй 2-ын хоорондох уялдааг тайлахыг оролдсон байна. Хариуг нь мэдээж сонсмоор л байгаа биз дээ?

  • Саарал өнгийн машиныг - цэмцгэр, өөртөө итгэлтэй, тайван хүмүүс сонгодог бол ногоон өнгийн машиныг эсрэгээрээ хувиа хичээмтгий, хартай хүмүүс унадаг аж.
  • Шар өнгийн автомашин эзнийхээ хэмжээлшгүй их өөдрөг сэтгэлгээ болон уран зөгнөлийг илтгэдэг бол алтан шар өнгөтэй машиныг эрх чөлөөнд дурлагсад хөлөглөдөг гэнэ.
  • Хамгийн болгоомжтой жолооч нар цэнхэр өнгийн машиныг илүүд үздэг. Яагаад гэвэл цэнхэр өнгө ногоон өнгөнөөс ч илүү тайвшруулах увидастай байдаг аж.
  • Улаан өнгө ямагт хүний нүдэнд эхэлж өртдөг шүү дээ. Тиймдээ ч энэ өнгийн автомашиныг олны анхааралд байх дуртай, хөдөлгөөнтэй, ширүүн зан араншинтай хүмүүс сонгодог байна.
  • Хуучинсаг үзэлтэй, амьдрал дээр ч ажил дээрээ ч мэргэшсэн хүмүүс хар өнгийн машиныг сонгох нь түлхүү байдаг бол цагаан өнгийн машиныг төгс төгөлдрийг эрхэмлэгч нямбай залуу сэтгэлгээтэй хүмүүс сонгодог аж.
  • Улбар шар өнгийн автомашинтай хүнтэй та хэзээ ч хамаагүй хөгжилтэй яриа өрнүүлж, түүнээс эерэг энерги авч болно.
  • Харин бор өнгийн автомашинтай хүмүүс хэнээс ч илүү итгэл дааж, сайн анд нөхөр байж чаддаг нь тогтоогджээ.

Мэдээж дан ганц автомашины өнгөөр хүнийг шууд дүгнэнэ гэвэл өрөөсгөл хэрэг. Зарим тохиолдолд тааралдсан боломж нь ч тийм байж болно шүү дээ.

Гэсэн хэдий ч бидний өмсөж буй хувцас, унаж буй унаа, хэрэглэж буй зүйлс бидний дотоод ертөнцийг бага ч болов илэрхийлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Зөв сонгосон автомашины өнгө таны нэрийн хуудас болоод зогсохгүй, осол аваараас хамгаалж, түлш зарцуулалтанд хүртэл эерэгээр нөлөөлөх боломжтойг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.