УУР УЦААР
Сайн эсвэл муу зүйл гэж анхнаасаа байгаагүй. Энэ бол хүний тархиндаа зохиосон хиймэл зүйлс – Уильям Шекспир
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрийн сэтгэл хөдлөлийг хирхэн удирдах талаар Орсын алдарт сэтгэл судлаач Анна Хныкина-тай ярилцлаа.
-Сайн байна уу Хатагтай Анна. Маш олон хүмүүс замын хөдөлгөөний бухимдлыг жолооч нарын соёлгүй, бүдүүлэг байгаатай холбон тайлбарладаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-сайн байцгаана уу. Замын хөдөлгөөний соёл гэдэг бол зүгээр нэг дүрмээ мөрдөөд явах бус, харин өөрийн сэтгэл хөдлөлийг ухаалгаар удирдаж сурах бүхэл бүтэн урлаг гэж би ойлгодог. Юуны түрүүнд залуучууд: “Би үүнийг болохгүй гэдгийг мэдэх боловч, маш их хүсч байгаа учраас БОЛНО” гэдэг ойлголтоо бүр мөсөн халах хэрэгтэй.
Бид бүгд л хүмүүс, төрийн систем бидний эсрэг бус бидний төлөө үйлчилж байгаа гэдгийг ухаарсан цагт хүн болгон амиа хичээхээ больж, дүрмээ дагаад зам дээр гайхалтай соёл тогтох ёстой.
-Тэгвэл замын хөдөлгөөний үед хэн нэгэн надад бүдүүлэг хандсан үед би ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ?
-Ямар ч хариу үйлдэл үзүүлээд хэрэггүй. Бүр ямар ч. Хэчнээн хариуг нь өгөхийг хүсч байсан ч зүгээр л тоолгүй өнгөрөө. Спортын тэмцээний үед багийн тоглогч нар эсрэг багийнхаа тоглогч нартай харц тулгарахгүй байх дүрэмтэй байдаг.
Ингэснээр тоглогч нар зөвхөн тоглоомын стратеги, тактик болон болж буй үйл явдалд анхаарлаа хандуулж чаддаг. Харц тулгармагц хүний хувийн амбиц тодрон гарч, сэтгэл хөдлөл түрэмгийлж, тоглоом хувийн шинж чанартай болж эхэлдэг байна.
Зам дээр ч бас яг адилхан шдээ. Янз бүрийн өдөөн хатгалтанд өртөлгүй, ганцхан урдах замдаа анхаарлаа хандуулан, дүрмийнхээ дагуу зорьсон цэгтээ хүрэх нь л жолооч нарт чухал байх ёстой.
-Тэгвэл ууртай, уцаартай үедээ жолооч нар хэрхэн тайвширч болох вэ?
- Мэдээж жолооны ард таны толгойд замын хөдөлгөөний дүрмээс өөр бодлууд эргэлдэх ёсгүй. Гэхдээ мэдээж хүн гэдэг чинь робот биш, онцгой тохиолдлууд гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд дараах аргуудыг хэрэглэж болно:
- Өөрийн дуртай, зөөлөн аяыг аажуухан тавих.
- Машинаа түр байршуулж, хүйтэн цэвэр ус уух. Ганц балгахан биш, стакан ус уухыг эмч нар зөвлөдөг.
- Амьсгалаа удаанаар, гүнзгий авч гаргах.
- Дотны хүн рүүгээ утсаар ярих. Тэр хүнтэйгээ тайван, эелдэг хоолойгоор асуудлуудаа ярилцсаны дараагаар жолооны ард эргээд суухад та тэс өөр хүн болсон байх болно.
-Танд баярлалаа.
Нэгэн сонин түүх ярьж өгөх үү? Нэгэн эмэгтэй сэтгэл судлаач дээр очоод машин барих ухаангүй дуртай боловч, замын хөдөлгөөнд оролцох үед амархан бухимдаж, бусад жолооч нартай өөрийн эрхгүй зөрчилдөж, тэр нь сүүлдээ үнэхээр том стресс болдгийг хэлсэн байна.
Сэтгэл судлаач түүнийг анхааралтай сонссоны эцэст түүнд нэг хялбархан бөгөөд сонирхолтой гэрийн даалгавар өгчээ. Зам дээр өөр нэгэн жолоочтой зөрчилдөж, тэвчээр алдрахаасаа өмнөхөн яг тэр жолоочид хандан хамгийн чангаараа :Би чамд хэнээс ч илүү хайртай! гэж орилохыг тэр санал болгосон байна.
Үнэмшмээргүй санагдаж болох ч, үр дүн нь санаснаас ч илүү сайн гарсан. Хэдхэн өдрийн дараа гэхэд тэр эмэгтэйн хоолойн өнгө аяс зөөлөрч, харин 2 долоо хоногийн дараа маш том нээлт хийснээ тэд олж мэдсэн юм даа.
Баяр баясгалан гэдэг уур уцаараас ч илүү халдвартай байдаг.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5