ТА ӨӨРИЙГӨӨ ЯМАР ЖОЛООЧ ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ?
Цаг хугацааг өнгөрсөн он жилүүдээр хэмждэггүй юм. Цаг хугацаа хүн төрөлхтний хийсэн бүтээл, мэдэрсэн мэдрэмж, олсон амжилтаар хэмжигддэг юм (Жавхарлал Неру)
Сэтгэлзүйч нар хүн төрөлхтнийг зан араншингаар нь ерөнхийдөө 4 төрөлд ангилдаг: Меланхолик, Флегматик, Холерик, Сангвиник гэж. Меланхолик хүмүүс нэлээн дотогшоогоо, үг дуу цөөтэй, даруу төлөв хүмүүс байдаг бол флегматик гэж тайван, ямар нэгэн хувийн амбицгүй, тэвчээртэй хүмүүсийг хэлдэг.
Энэ дундаас хамгийн эрч хүчтэй, эмх цэгцтэй, зорилготой хүмүүс бол холерикууд. Харин сангвиникууд өөрсдийн эерэг үзэл санаа, амьдралд хайртай чанараараа бусдаас ялгардаг. Тэгвэл жолооч нарыг эрдэмтэд 7 нэр төрөлд хуваадаг байна:
- Сайн дурын Багш
Тэд бусад жолооч нарт байнга аюулгүй байдлын дүрмийн хичээл орох юмсан гэж боддог. Бүгдийг нь нэг танхимд суулгаж байгаад хэрхэн автомашинаа зөв жолоодох талаар лекц хүртэл уншмаар санагддаг. Ийм жолооч нар өөрсдөө маш эмх журамтай, хэр барагтаа бол алдаа гаргаад байдаггүй. - Их мэдэгч
Ийм жолооч нарт өөрөөс нь бусад жолооч нар бүгд ухаан муутай, мэдлэггүй, чадваргүй мэт санагддаг. Тэд байнга бусдыг шүүмжилж, чанга дуугаар хашхирч, тэнэгүүдээр хүрээлүүлсэн байгаадаа амархан бухимддаг. Үнэн хэрэгтээ ийм хүмүүс дотроо маш их айдастай байдаг ба өөртөө итгэлгүй байдлаа ингэж илэрхийлдэг нь тогтоогджээ. - Өрсөлдөгч
Ийм жолооч нар үргэлж 1дүгээрт байхыг эрмэлздэг. Тэдний замд хэн нэгэн саад болохыг тэд тэвчдэггүй. Хэн нэгэн тэдний урдуур орохоос сэргийлж урд талын автомашинтайгаа бараг наалдах нь холгүй явдаг. Хэрэв бусад жолооч нар тэднийг гүйцэж түрүүлэхийг оролдвол, тэд тоормосоо гишгэх бус эсрэгээрээ хаазаа нэмдэг. - Шийтгэгч
Энэ төрлийн жолооч нар "дүрсгүйтсэн" хэн болгоныг хатуу шийтгэх ёстой гэсэн дүрэм журмыг баримталж амьдардаг. Тэдний шударга ёсны үзэл бодол хэт хөгжсөн ч гэж хэлж болно. Тэд алдаа гаргасан жолоочийг цаг зав, хүч чадал харгалзалгүйгээр заавал эрж олоод, нүүр нүүрээ харалцаж байгаад асуудлыг шийдвэрлэдэг. Үр дүн мэдээж ихэнх тохиолдолд сайнаар төгсдөггүй нь харамсалтай. - Философич
Ийм жолооч нар бүх зүйлд тайван, ухаалгаар хандаж, бүгдийг зөв талаас нь ойлгохыг хичээдэг. Тэд бусдын алдааг амархан уучилж, бүх зүйлийн цаана учир шалтгаан заавал бий гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Өөрийн сэтгэл хөдлөлийг гайхалтай сайн удирдаж чаддаг бөгөөд хэзээ ч ухаангүй алхам хийдэггүй. - Бултагч
Тэд аливаа асуудлаас үргэлж холуур өнгөрөхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, уснаас хуурай гарахыг хүсдэг гэсэн үг. Сахилгагүй жолооч нарын үйлдлийг аль болох өөр дээрээ тусгаж авдаггүй ба хэн нэгэнд ч бас саад болохгүйг урьтал болгодог. - Нуугдагч
Ийм төрлийн жолооч нар автомашин барьж байхдаа үргэлж дуу сонсох юм уу хэн нэгэнтэй утсаар ярьдаг. Ингэснээр тэд бусад жолооч нартай холбоо тогтоохоос зайлсхийж чаддаг байна. Энэ нь маргаан үүсгэхгүй байх бас нэгэн гайхалтай арга зам ч бас болдог аж.
Эцэст нь хэлэхэд, жолооч хүн гэдэг автомашин доторх жижигхэн ертөнцдөө ихэнх үед аз жаргалтай явж чаддаг ч, булан тойроод л бусад жолооч нартай харилцан холбогдох зайлшгүй хэрэгцээтэй тулгардаг. Ийм л учраас автомашин жолоодно гэдэг нь маш их ур ухаан шаардсан, эргэлзээтэй ажил болчхоод байгаа юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn