ЗАМ , ЗАЯА НЭГ - ЗАНДАН ХҮРЭН, FORD MUSTANG ХОЁР
Зөвхөн Америкийн Нэгдсэн улсын төдийгүй дэлхийн авто машины зах зээлийн аварга том үлэг гүрвэл Форд моторс компанийг үүсгэн байгуулагч, хүн төрөлхтний хөлийг төмөр хүлгийн дөрөөнд гишгүүрт, гарыг нь авто машины жолоонд хүргэж өгсөн ноён Хенри Фордыг дэндүү гэнэн залуу, мөрөөдөмтгий 27-хон настай байхад энэ үйл явдал болсон байгаа юм.
- Нэгэн мянга найман зуун ерээд оны үе юм. Манж хятадын хүлээс, дарлалаас гарах гэж хэрдээ л тийчилж, тийрч байсан Монгол улсын зүүн хоймор, түүхэнд гурван голын Монголчууд хэмээн алдаршиж үлдсэн одоогийн энэ Ханхэнтийд юм.
- Хурдан морь таних нь хувилгаан хүн шиг Хардэл жанжин бэйс Пүрэвжав хэмээх язгуур угсаа өндөр дээд хэцүү өвгөн амьдарч байв шүү. Чингэтэл тэр цагт Хардэл жанжин бэйсийн зандан хүрэн гэж ёстой л зотон тосоор зурсан юм шиг, заг хайлаасаар зорсон юм шиг аргагүй шалгарсан, газраар нисдэг дэлтэй шувуу байлаа
Танилц энэ бол - Зам , Заяа нэг Зандан хүрэн, Форд мустанг хоёр
Инженер: Зандан хүрэн азаргаас хойш бараг 70 гаруй жилийн дараа АНУлсад өөр нэг азарга мэндэлсэн нь мэдээж форд мустанг. Ер нь Фордынхон монопол байхыг дандаа эрмэлзэж ирсэн бөгөөд 1960-аад онд энэ хүсэл нь улам ихээр оргилсон юм. Чингээд барууны сонгодог загварын авто машины ертөнцөд асар хүчирхэг спорт машин бий болгох ажлыг Фордын урдаа барьдаг зохион бүтээгч Жонн Нажжар ахалсан.
Жонн Нажжар бол Индианчуудын зэрлэг адууг Үхэрчин хөвгүүдийн томск морьдтой цус сэлбэж, шинээр бий болгосон мустанг адууны тухай сайтар мэддэг нэгэн байсан. Басхүү тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны шилдэг машин, холбоотны P-51 мустанг сөнөөгч онгоцны жинхэнэ шүтэн бишрэгч байсан. Тийм учир Жонн Нажжар газрын мустанг, тэнгэрийн мустанг хоёрыг нэгтгэж, авто машины ертөнцөд жинхэнэ мустанг бүтээхийг хүсжээ.
Жонн Нажжарыг дэлхийн спорт машины зах зээлд эргэлт хийж, алдарт мустангийг зохион бүтээхээс дал гаруй жилийн өмнөх Монгол орон, Ханхэнтий, гурван голын сав газар...
- Уг нь Хардэл жанжин бэйс Пүрэвжавын, домогт зандан хүрэн азарга чинь халхын Сэцэнхан аймгийн Ёст бэйсийн хушуу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Шүхэртийн Буян гэдэг хүний унаган адуу юм билээ. Буян өөрөө адуу сайн таньдаг, морь сайхан уядаг, нутаг усандаа нэртэй, сүртэй уяач хүн байж. Тэгтэл 1890-ээд оны үед уяач Буянгийн адуун сүрэгт нэгэн хүрэн унага эхээс унахдаа дөрвөн хөл дээрээ, босоо төржээ.
Инженер: Жонн Нажжар Форд мустанг-01-ийг зохион бүтээхдээ өөрийн итгэлт нөхөр, нэртэй дизайнер Филипп Кларкт ихээхэн итгэсэн юм. Филипп ч гайхалтай инженер байсан болохоор нөхрийн итгэлийг алдаагүй. Тэд хамтдаа Форд мустанг-01-ийн үлгэр загварыг зохион бүтээсний дараа...
Домогт зандан хүрэн азарганы тухай яриа Монголын өргөн уудам тал нутагт цуурайтсаар байсан 1962 оны аравдугаар сарын 07-ны өдөр, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Нью-Йорк хотын Ваткинс Геленд цэнгэлдэх хүрээлэн.
Нэгдсэн улсын гранпри цомын эзэн шалгаруулах Formula-01 авто машины уралдааныг үзэж сонирхохоор ирсэн мянга мянган хүмүүс бужигнаж, тэдний зарим нь бооцооны самбарын дэргэд уртаас урт дараалал үүсгэсэн байлаа. Авто машины уралдаанд оролцож буй шалгарсан хурдан хүлгүүд замаа судалж үзэхээр туршилтын хэдэн тойрог хийнэ. Олон мотор зэрэг, зэрэг хүнгэнэнэ...
Гэтэл цэнгэлдэх хүрээлэн дүүрэнээр: “Хатагтай ноёд оо, та бүхэнд алдарт Форд моторс компанийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг уралдааны авто машиныг танилцуулж байна. Энэ бол Форд Мустанг номер 01” гэж цуурайтав.
Энэ агшинд манай ертөнцийн хамгийн анхны Форд мустангийг Formula-01-ийн алдарт нисгэгч Дэйн Генри унаж цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ... Цэнгэлдэх хүрээлэнгийн дуу чимээ улам ихсэж, мянга мянган хүмүүс уулга алдаж, шүгэлдэж, алга ташиж, зарим нь орилолдож байлаа...
- Нэгдсэн улсын нийслэл хот Форд мустангад нэгмөсөн бууж өгөхөөс нэгэн жарны өмнө юм даг. Дөрвөн хөл дээрээ төрсөн зандан хүрэн унага дааган насандаа Мандал, Жаргалант овооны наадамд түрүүлж, зэрэгцээ хушуудад шагшигдан, ихэд нэрд гарлаа.
- Улмаар Мэргэн гэгээний наадамд зандан хүрэн урдаа улаан хөлтөн гишгүүлэхгүй хол тасархай түрүүлж, хотол түмний ярих юм болов. Гэтэл мэргэн гэгээний наадам дээр Хардэл жанжин бэйс, өвгөн ноён Пүрэвжав ирчихсэн байжээ. Наадмын хоёр дахь өдрийн орой уяачид гал дээрээ цуглан, өлзий утастай цэнхэр майхны үүдэнд аргал хомоолын утаа суунаглаж, унд цай болж байтал өвгөн ноён залрав. Тэгээд Зандан хүрэнг баахан шохоорхож байгаад морджээ.
Ингээд уяач Буян зандан хүрэнгээ хөтөлсөөр нутаг усандаа ирж, аяны тоос үргээн байтал нэгэн үдэш хушуу тахар давхиж ирснээ уяан дээр буулгүй дөрөөн дээрээ зогсож байгаад...
“ Танайд говийн Мэргэн гэгээний наадамд түрүүлсэн соёолон насны хүрэн азарган үрээ байдаг гэнэ. Тэр азарган үрээг энэ жилийн богд гэгээний даншиг наадамд уралдуулахыг хушуу ноён зарлиг болгов...” гэж хэлчхээд давхиж одлоо.
Байдал бишдээд явчихлаа гэдгийг уяач Буян мэдэж байсан юм. Хэрвээ даншигт зандан хүрэн түрүүлэх, эс бөгөөс дээгүүр давхих юм бол хушууны нэрийн өмнөөс богдод өргөгдөж мэдэх. Тэгвэл зандан хүрэн Буянгийн мэдлээс гараад явчих... заа байз яадаг билээ гэж бодсон уяач Буян даншиг наадмыг алгасах гэж оролдсон ч засаг ноёнд шахагдаад чадсангүй.
Тэгэхээр нь өөрөө өвчтэй гэж хэлээд ламын Луузан хэмээх уяачид зандан хүрэнгээ өгөөд явуулчихсан байгаа юм. Уяач Буян Луузанд захихдаа “Заа Луузан минь, чи миний зандан хүрэнг уяж сойх гээд яахав. Унааны морь шиг эдэлж яваад Богдын даншигт уралдуулчхаад ир. Хойгуур давхих тусмаа сайн шүү. Хүүхдэдээ сайн захиарай” гэжээ.
Инженер: Форд мустангийн яг л зандан хүрэн шиг морины дүрстэй, мөнгөлөг өнгөтэй логог загвар зохион бүтээгч Жонн Нажжарын дотны анд, дизайнер Филипп Томас Кларк зохион бүтээсэн. Фордынхон зөвхөн Мустангид зориулсан үйлдвэрээ Нэгдсэн улсын Мичиган мужийн Дийр Бөрн хотод 1964 оны гуравдугаар сарын 09-ний өдөр нээж, улаан тууз хайчилсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 1964 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Нью-Йорк хотод болсон авто машины үзэсгэлэнд Форд мустанг оролцож, бусад өрсөлдөгчдөө буулгаж авсан юм.
Мустанг хэдий зэрэглэл дотроо жижиг авто машины тоонд орох ч гэсэн түүний спорт хаалга, өргөн сайхан хамар, богино дээвэр гэх мэт зүйлс нь авто машин сонирхогчдод аргагүй л итгэл төрүүлж, сэтгэл хөдөлгөж байлаа.
Үнэндээ Форд моторс хэдий аварга том компани ч гэсэн талх шиг борлогдсон анхны модель “А” загварын дараа Мустангаар дахин сэргэн мандаж, борлуулалт нь оргилдоо хүрч, ашиг орлого нь хэдэн арав дахин нэмэгдсэн байдаг. 1960-аад онд гэнэт гарч ирээд, авто машины ертөнцийн араа соёог түлхсэн Форд мустангид нийт 6 удаа хувьсал явагдсан юм.
- Ламын Луузан Ханхэнтийгээс Богдын хүрээ ортол зандан хүрэнг ёстой л талхиж явлаа. Арай л тэр сайхан хурдан хүлгийн нурууг нь авч, өвчүүг нь улайлган, гэдсээр нь цагаан олом татуулаагүй байх.
- Гэтэл үүнийг үзсэн зон олон зэвүүцэж “Луузан чи ч горьгүй л эр юм даа. Хүний сайхан хурдан хүлгийг ингэж дайртай тохмоор дарж явах гэж. Арай ч дээ” гэлцэх. Амьтанд муу хэлүүлж, аргаа барсан Луузан эцэстээ зандан хүрэнгээс хөнгөн хөлс авдаг болов.
Аянчид ч Богдын хүрээнд ирлээ. Газар газраас хүлгийн сайн, хүний сайнтайгаа цуглаж, Богд хаан уулын ар шил, туулын шар шугуйт дэнж хотолзоно. Даншиг эхэллээ...
Форд мустанг бол кино урлагт эр бяраа гайхуулж, эд хаваа шагшуулсан төмөр хүлэг мөн. Гэхдээ мустанг бол хоёрын хооронд, гурвын дунд жижиг кинон дээр гардаг машин биш. Харин дэлхий дахиныг байлдан дагуулсан Холливудын шилдэг уран сайхны киног чимсээр ирсэн, чимсээр ч байх болно.
Тэр тусмаа “Галзуу хурд” киноны гуравдугаар анги буюу “Токио Дрифт” дээр мустангийн 1967 оны загвар арлын японыг цунамидаж, дараа нь “Галзуу хурд” киноны 4 дүгээр анги дээр 2008 мустанг катрина хар салхи шиг хаазалж, “Галзуу хурд” киноны 6 дугаар анги дээр 1969 оны мустанг эрэг нурааж, элс нүүлгэсэн. Үүний зэрэгцээ “Need for Speed” видео тоглоомд 1965, 1969, 1990, 2015 онд Форд мустангууд орсон байдаг.
- Соёолон мордох гэж байлаа. Ламын Луузан уяач Буянгийн захисныг санаж, “миний муугаас болж Зандан хүрэн уяа сойлго алдсан тул өөр морь мордуулъя” гэж хэлүүлсэнд Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжав “Зандан хүрэнг заавал мордуул, заавал уралдуул” гэсэн зарлиг ирүүлэв. Ламын Луузан аргагүйн эрхэнд гарааны зурхай дээрээс зандан хүрэнг мордуулахдаа морины хүүхдэд амыг нь сайн татаж, араар орж ирэхийг бодоорой гэж шивнэв.
Морьд эргэж, газар доргилоод ирлээ. Гэтэл амыг нь ангайтал татчихсан зандан хүрэн халхын хурдан хүлгүүдийг тоосондоо орхиж, даншигийн барианы алтан зурхайд айргийн гурваар орж ирлээ. Жолоог нь татсаар байгаад хүүхдийн гарын алга усан цэврүү болжээ.
Даншигийн орой Ёст бэйсийн уяан дээр Хардэл жанжин бэйсийн тахарууд давхилдан ирж, “Танай хушуунаас манай ноёнд өргөх хоёр өрхийн албанд хушуу ноён чинь Зандан хүрэнг өгөв” гэж хэлээд домогт хурдан хүлгийг хөтлөөд явжээ.
Ингэж алдарт зандан хүрэн Хардэл жанжин бэйс, өвгөн ноён Пүрэвжавын уяанд ирж, тэр цагаас хойш дөрвөн зүг, найман зовхисын олон хушуу наадамд түрүүлж, алтан туурайгаараа алаг дэлхийг тамгалан, ард олныхоо зүрх сэтгэл мөнхөрч, алдар цуугаа мөнгөн үсгээр бичүүлжээ. Харин уяач Буян хожмын нэг өдөр өвгөн ноён Пүрэвжавынд буусанд зандан хүрэн азаргыг ихэд эрхэмлэн, аясын салхинд дэрвэсэн өлзий хээтэй асар майханд нарийн дэгээр уяа сойлгыг нь тохируулж байжээ. Гэтэл Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжав уяач Буянд хэлэхдээ
“ Чиний хүрэн азаргыг хушууны хоёр өрхийн албанд авлаа. Чамд хушууны хөрөнгөөс нэг гүү, арван лангийн мөнгөн ембүү олгоё. Би чиний ганц азаргыг байтугай хар толгойг чинь мэдэх эрхтэй хүн шүү” гэж хэлжээ. Уяач Буян энэ үед хайртай азаргаа эргүүлж авах аргагүй болжээ гэдгийг нэгмөсөн ухаарчээ.
- Зарим хурдыг байгаль төрүүлдэг, зарим хурдыг хүн бүтээдэг. Цуутай хурдан хүлэг Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын Зандан хүрэн азаргыг эртний Монголын эрдэнийн газар шороо төрүүлсэн бол энэ цагийн төмөр хүлгийн манлай, ган хүлгийн магнай алдарт Форд Мустангийг дэлхийг сэхээж ч мэдэх, сөнөөж ч мэдэх Америкчууд бүтээжээ. Зандан хүрэн, Форд мустанг хоёрын зам нэг, заяа нэг буюу...
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5