ЯПОН ҮНДЭСТНИЙ БАХАРХАЛ - NISSAN

Бид алдарт Ниссан Мотор компанийг ноён патролын тухай ярилцаж байхдаа мэддэг болсон. Гэвч энэ талаар үргэлжлүүлэн өгүүлэх зүйл бас байна. Нөгөөтэйгүүр тэртээ Ази тивийн зүүн захад, тэнгисийн хөх усаар их газраас тусгаарлагдсан арал дээр оршигч Япончууд болвоос манай ертөнцийн авто машины зах зээлийг тэр аяар нь атгаж, эрхшээж байдаг юм байна. Учир нь дэлхийн нэг номерын авто машин үйлдвэрлэгч компани японых бол гурав дахь нь мөнхүү японых. Бүр тодруулах аваас бидний сайн мэдэх Ниссан мотор...

  • Ямартай ч өнгөрсөн удаад бид Ниссаны түүхийг ярьсан. Бас ноён патролыг магтсан. Магтахаас өөр аргагүй юмыг яалтай билээ. Тэгвэл энэ удаа бид хэзээ ч зарим нэг нөхдүүд шиг улаан халз хэрэлдэж, уруул амаа хэгзэртэл цохилцдоггүй, зөвхөн алдаагаа засч, дайсандаа хүртэл мэхийж чаддаг Япончуудын үндэсний бахархал болсон компаний өнөөгийн байдлыг магтан дуулах гэж байгаа юм. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Энэ бол НИССАН

Инженер: Яриагаа Ниссан мотор компаний нэр төр болсон машинуудын талаар эхэлсэн нь зөв байх. Анхлан Америк цэргийн жипнээс үлгэр авч, үйлдвэрлэлээ эхэлж байсан Ниссан Мотор компани өнөөдөр олон гайхамшигтай загварыг хүн төрөлхтөнд зориулан үйлдвэрлэсэн нь таны, миний, бидний амьдралын нэгээхэн хэсэг болжээ. Бүр тодруулах аваас хамгийн орчин үеийн Ниссан патрол Y62 бол асар хүнд тулалдаануудын дараа алдар гавьяаныхаа амралтанд гарсан армийн генерал юм. Түүнд нэр төр, байгуулсан гавьяа, бартаат замын асар их түүх бий.

  • Японууд цаст Фүжи уул шигээ санаа дээгүүр, сэтгэл өөдрөг хүмүүс юм билээ. Юу гэхээр Ниссан мотор компани үйлдвэрлэж байгаа авто машиндаа шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн дэвшлийг бүрэн дүүрэн нэвтрүүлэхийг ямагт зорилго болгон ажилладаг юм байна. Чухамдаа тэдний энэ амжилтанд хүрч, шалгарсан зан чанараас суралцах ёстой юм. Тэгж байж гэмээнэ бид тэнгэрт гарч, тэрэг машин үйлдвэрлэдэггүй юм аа гэхэд, уулын оргилыг үзэж л таараа.

Инженер: Манай инженерүүдийн бас нэгэн шилдэг бүтээл бол Ниссан ЖиТиАр 35 (GT-R 35) хэмээх загвар. Энэ гайхамшигтай машин бий болсноор дэлхийн спорт авто машины ертөнцөд хувьсгал гарч, өндөр босго, өргөн тотго улам том шалгууртай болсон.

Япончууд Ниссан ЖиТиАр 35 загвараар бахархаж, энэ бахархал нь эзэн хааны хүндлэлтэй бараг ойртож очсон юм. Зөвхөн цахим ертөнцийн хамгийн шилдэг хайлтын систем Youtube-д гэхэд Ниссан ЖиТиАр 35 -ийн сурталчилгааг үзэхийн тулд ямар их ачаалал үүсч байсныг бид мартахгүй, бидэнтэй хамт бас хүн төрөлхтөн мартахгүй байх.

Одоо Ниссан Мотор компаний өнөө цагийн талаар мэргэн сонсогч таны мэлмий сэтгэлд сонордуулая. Дээр нэгэнтэй өгүүлсэн шиг Ниссан мотор компани Японы хоёр дахь томоохон авто машин үйлдвэрлэгч юм.

Тэд дэлхий даяар нийт 236.000 ажилтан, албан хаагчидтай. Энэ нь зарим талаараа бусадтай харьцуулахад бага тоо мэт санагдах ч, тийм биш. Ниссан моторсын инженер, загвар зохион бүтээгч, бусад чухал албыг хариуцсан ажилтан, албан хаагчид цөм маш өндөр зэрэглэлийн хүмүүс байдаг.

  • Өгүүлэгч: Ай даа, чанар гэж алтан гартай Монгол инжааны урласан ган сэрээтэй, төмөр цоож шиг, хүч гэж хүрээний хэдэн шар үхрийг нийлүүлээд байхад л гүйцэхгүй тийм нэг төмөр хүлгүүдийг бүтээж байдаг Ниссан Мотор компаний төв, арлын Японы Ёокохама хотод байрлана.
  • Тэд улиран одсон 2012 онд л гэхэд олон улс түмэнд нийт 4,6 сая авто машин борлуулж 9,6 тэрбум Иений ашиг олжээ.

Инженер: Японы ард түмний сэтгэл ханамжийн баталгаа болсон манай компани ниссан болон тансаг дээд зэрэглэлийн инпинити загварын 60 гаруй авто машин үйлдвэрлэдэг.

Энд тусгайлан дурьдахад инпинити бол хүчирхэг, гоо сайхан төмөр хүлэгт шунан дурладаг хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийн нэгэн биелэл юм. Инпинитигийн дараа бид хэрэглэгчдийн хүсэл, эрмэлзлэл дээр тулгуурлан Ниссан Лиф (Leaf) загварыг үйлдвэрлэсэн юм. Ниссан Лиф бол мөрөөдлийн биелэл. Яагаад гэхээр түүнд манай инженерүүд, манай шилдгүүд зүрх сэтгэлээ бүрэн зориулсан.

2010 оны 12 дугаар сараас эрчимтэй үйлдвэрлэгдэж эхэлсэн Ниссан Лиф загварын эрэлт хэрэгцээ цаг ямагт өссөөр нэг жилийн дараа гэхэд оргилдоо хүрч одоо дэлхийн 35 улсад борлуулагдаж байна. 

1999 онд Ниссан мотор компани Францын авто машин үйлдвэрлэгч Рено компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Ниссан-Рено холбоог бий болгожээ. Холбооны бүх хөрөнгийн 43,5 хувийг Ниссан мотор эзэмшдэг.

Гэтэл 2010 онд  Даймлер Мотор компани Франц, Япончуудын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Рено-Ниссан холбоотой стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлжээ. Ингэхээр Ниссан мотор компани зөвхөн япончуудынх биш, дэлхий дахных болж байна.

  • Тэгсэн чинь юм гэдэг учиртай, учир гэдэг жанцантай байжээ. Ноён Ниссан мотор компанийг Японы Фүёо групп өөрийн мэдэлдээ байлгадаг юм байна.  Тэгтэл бүр хачирхалтай нь Японы үндэсний бахархал алдарт Ниссан Мотор компанийг Япон хүн удирдаггүй байж. Бүр тодруулах аваас хаа байсан Ливан гаралтай, Бразил үндэстэн гэгдэх ноён Карлос Гоон гэдэг эрхэм бүх японы үндэсний авто машин үйлдвэрлэгч Ниссан мотор компанийг удирддаг гэнэ.

Жартгар хурц нүдтэй, мондгор хамартай, хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг, шулуун шударга байрын тэр эр мөн ч амаргүй нэгэн байх шүү. Япончууд хүртэл суудлаа тавьж өгсөн байхаас нь харахад тэгж санагдаад байгаа юм.

Хөх далайн цаана аж төрөх, их наран улсын бахархах сэтгэлийн оргил Ниссаны тухай нэмж өгүүлэхэд нэг ийм.