СЭЛМЭН СОЁОТ БАРС БУЮУ PANAMERA
Поршег товчхондоо “Сонгодог урлаг” гэж болно. Бусад авто машинууд хувирч, өөрчлөгдөж, зарим нь бүр танихын аргагүй болчихсон байхад Порше нөгөө нэг дэндүү тансаг, ер бусын дүр төрхөө хадгалсан хэвээрээ, илүү хүчирхэгжсээр л байдаг. Хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар, сая сая шүтэн бишрэгчдийнхээ саран доорх зүүд, наран доорх бодол болсоор байдаг, Порше бол Порше. Танилц Поршегийн нэгэн гайхалтай сонгодог урлаг СЭЛМЭН СОЁОТ БАРС БУЮУ ПАНАМЕРА
- Порше 911 гэхээр манай сонсогчид андахгүй сайн мэдэж байгаа байх. Чухамдаа “Хайр сэтгэл” шиг энэ машины тухай бид урд өмнө нь мэргэн сонсогч та нартаа мэдэх бүхнээ ярьж өгсөн. Одоо харин бид Порше Панамерагийн талаар өгүүлэх гэж байна.
- Өмнөх үеийн Панамерагууд хэтэрхий сонгодог санагддаг байсан нь үнэн. Автын ертөнцөд яг л 20 сая жилийн тэртээд аварга том солир дэлхий ертөнц рүү унаж, бүх үлэг гүрвэл устаад оронд нь сүүн тэжээлт амьтад бий болсон шиг хувьсал явагдаж, машинууд нисдэг тавагны хэлбэр рүү чимээгүй ойртсоор байхад Порше тэгсэнгүй, Панамера бүр ч тэгсэнгүй.
- Моцартын хөгжим шиг дүр төрхөө хадгалсаар байсан нь парадокс буюу чөлөөт гаж сэтгэлгээнд дуртай хэрэглэгчдэд сонирхолтой байсангүй. Гэсэн чинь шинэ үеийн Панамера хэлбэр дүрсгүй сэтгэж, хэлбэр дүрсгүй амьдрахын улаан хүслэн болсон тэдгээр хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, хүзүүг нь хугалчих шахлаа.
Инженер: Манай Панамерад загвар технологийн шинэчлэл хэрэгтэй болсон нь яахын аргагүй үнэн. Машин маань хэтэрхий овортой, хөгшин харагддаг болсныг бид мэдээд яах ёстойгоо бодож эхэлсэн юм. Поршегийн бүхий л шилдэг инженерүүд үүнд толгойгоо гашилгасан даа. Тэгж, тэгж эцсийн бүлэгт бид Порше моторсын нэр хүндийн баталгаа болсон сонгодог загвараа өөрчилж, эвдэж болохгүй дээр бүгд санал нийлсэн юм. Сонин байгаа биз.
Ингээд Панамераг хуучнаас нь 34 мм урт, 6 мм өргөн, 5 мм өндөр болгосон. Ингэснээр Панамерагийн хүндийн жинд өөрчлөлт орчих гээд байсан. Өөрөөр хэлбэл илүү хүнд болох байсан юм. Тэгэхээр нь бид харин ч эсрэгээрэй илүү хөнгөн болгож, раамнаас эхлээд зарим нэг металь эд ангиудыг нь сольж эхэлсэн дээ.
Порше Панамерагийн 4-эс (4S) капотны цаана 2.9 литрийн багтаамжтай V6 турбо хөдөлгүүр нуугдаж байдаг.
Гэхдээ энэ бол дундын хэрэглэгчдэд зориулсан загвар. Харин дөрвөн дугуйн хөтлөгчтэй, V8 дизел хөдөлгүүртэй Панамера бол сэлмэн соёот барс юм. Ингэснээрээ Панамера хамгийн хурдан дизель хөдөлгүүртэй авто машин болоод зогсохгүй, тэр 75 литрийн багтаамжтай нэг банк шатахуунаараа 1200 км газрыг торохгүй туулна гэнэ.
- Мөнгөтэй бол сонгоод л уна. 2.9 литрийн багтаамжтай V6 бензин турбо хөдөлгүүртэй Панамера, V8 дизель хөдөлгүүртэй Панамерагаас та хүссэнээ сонгоод уна. Хоёулаа шинэ үеийн, хоёулаа хурдан түргэн, хурц шалмаг.
- Гэхдээ би хувьдаа V8 дизель Панамераг сонгох байсан. Галзуу догшин тэр сэлмэн соёот барсыг гартаа оруулж, дундаж хурдаар давхиж байснаа гэнэтхэн хаазны дөрөөг тултал гишгэж, зэрэгцээ явсан олон машиныг зэрэглээн дунд нь орхиж, үхэх сэхэхээ нэг үзэх л байсан. Гэвч юм хязгаартай болохоор одоо яая гэхэв.
Харин V6 бензин хөдөлгүүртэй 4-эс (4S) Панамера бол хөнгөн, шингэн, намалзсан, ёстой л эртний Грекийн аугаа нийслэл Афин хотын гудамжаар алдарт Сократын заларч явмаар аятай, таатай унаа.
Инженер: Бид V6 бензин хөдөлгүүртэй Панамера, V8 дизель хөдөлгүүртэй Панамерагаас гадна өөр нэг загварыг хэрэглэгчдэдээ санал болгосон юм. Энэ загвар үнэхээр их амжилт олсон. Тэр V8 дизель хөдөлгүүртэйн дээр Turbo-тай. Хөдөлгүүрийн эргэлтийг нь бид 3000 байсныг 6000 болгож өөрчилсөн. Үүний үр дүнд V8 дизель, Турбо Панамера маань 20 секундын дотор дээд хурдаа авч, явах биш нисдэг болсон. Түүнд мөн Cпорт Респонс (Sport Response) горимын товч бий. Та дараад үзээрэй. Мөн Cпорт старт (Sport start) системийг ч гэсэн ашиглаад үзээрэй. Харамсахгүй шүү.
Дээр өгүүлсэн товчин дээр дарж, Cпорт горимд шилжүүлээд хөлөө тормосны дөрөөнөөс авсан тохиолдолд эхний тэсрэлт нүргэлж, V8 дизель хөдөлгүүрт Панамера ердөө 3.6 секундын дотор 100 км цагийн хурд авдаг. Яг л тийрэлтэт хөдөлгүүр. Дараагийн 9 секундэд хоёр дахь тэсрэлт цуурайтаж дахин 100 км цагийн хурд авна. Ингээд 200 км цагийн хурдтай давхих Панамераг нэгдсэн улсын тэнгисийн цэргийн дуунаас хурдан онгоцууд юм уу оросын сөнөөгчдөөр л сая гүйцэж болох юм. Бусад нь бол энэ тухай бодоод ч хэрэггүй дээ.
- Хүн болгонд таалагддаг ногоон долларыг цагаан цаас шиг үрдэг дэлхийн баячууд V8 дизел, турбо хөдөлгүүртэй Панамераг хөлөглөж, эртэй бяртай, эдтэй, хавтайгаа гайхуулдаг. Одоо гэхэв, чадаж байгаа юм хойно. Манайд гэтэл энэ сэлмэн соёот барсыг жижиг муужгай болтол нь номхотгох нутаг, талбай элбэг байвч зам харгуй ховор байна. Харин худалдаад авчих чадалтай эрчүүд бол олон байгаа байх шүү.
Инженер: Шинэ үеийн эдгээр гурван төрлийн хөдөлгүүрт Панамеранууд цөм дээд хурдны өндөр хэмжүүрт хүрдэг авто машинууд тул тэдний дугуйнд бид сайтар анхаарсан. Шуудхан хэлэхэд та шинэ үеийн Панамера унадаг бол дурын дугуй хэрэглэж яасан ч болохгүй. Тэгээд хурдтай давхиж бүр ч болохгүй. Энэ нь амь наснаасаа уйдсан хэрэг болно шүү гэдгийг би танд Поршегийн инженерийн хувьд зөвлөмөөр байна.
Панамера унахын тулд зөвхөн бидний зөвлөсөн Мичелин (Michelin), Пирелли (Pirelli) зэрэг дугуйнуудыг л сонгоорой. Тэд таны итгэлийг даана.
Порше моторс компанид нэг бичигдээгүй хууль үйлчилж байдаг. Тэр нь “Шинэ авто машинд шинэ хөдөлгүүр тавьж болохгүй. Шинэ авто машиныг шинэ үйлдвэрт бүтээж болохгүй” . Энэ нь цоо шинэ загварын машин үйлдвэрээс гарсан ч түүний хөдөлгүүр нь заавал өмнөх загварт тавигдаж, туршигдаж, шалгарсан байх ёстой. Тэрхүү цоо шинэ машиныг бас дөнгөж баригдсан туршлага багатай үйлдвэрт ч угсарч болохгүй гэсэн үг. Сэлмэн соёот барс буюу Панамерагийн талаар ярихад товчхондоо нэг ийм.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5