PORSCHELAND

Porsche-гийн Лейпциг дахь үйлдвэр нь зөвхөн үйлдвэрийн газар бус мөнгөтэй насанд хүрэгчдэд зориулсан “техникийн” хүрээлэн юм | Нийтлэлч: Стас Панин

Tийм ээ, энэ бол зөвхөн үйлдвэрийн газар гэлтгүй уралдааны болон бартаат замтай 120 га талбай бүхий бүхэл бүтэн техникийн парк юм. Үйлдвэрийн бүсийг техникийн парк хэсгээс алмаз эрдэнийн хэлбэр бүхий байшинтай гудамж заагладаг. Энэ барилгад музей, 360 градус эргэн тойрноо харах боломжтой зоогийн газар, бэлэг дурсгал болон жижиг сажиг зүйл худалддаг дэлгүүр бий.

Үйлчлүүлэгч хэтэвчийнхээ зузаанаас хамааран хөтөлбөрөө сонгоно. Өөрөөр хэлбэл энд ирсэн хэн боловч өдрийн зоог барьсны дараагаар үйлдвэртэй танилцаж, уралдааны зам болон бартаат замын талбайд автомашин жолоодон техникийн паркийн бүх үйлчилгээг хүртэх боломжтой юм. Энд үйлдвэрээс гарсан шинэ Porsche-г шууд худалдан авч болно. Лейпциг хотод Macan, Cayenne, Panamera гээд та бидний сайн мэдэх загваруудыг үйлдвэрлэдэг.

Сонирхуулахад, ихэнх худалдан авагч нар Macan авахаар дугаарладаг юм

ТӨРСӨН ГАЗАР

Юуны түрүүнд үйлдвэр үзэхээр шийдлээ. Энэ үйлдвэрийг 2002 онд зөвхөн Cayenne загварыг угсрахад зориулан байгуулжээ. Лейпциг хотод Cayenne-г бүрэн циклээр үйлдвэрлэдэггүй. Үүнд, салон угсраатай кузовыг Словакийн Братислав хотоос төмөр замаар авчирч Лейпциг хотод эцсийн байдлаар цахилгаан тоноглол, хөдөлгүүр, хүч дамжуулах анги болон явах эд ангийг угсардаг юм байна.

Түүнчлэн энэ үйлдвэрт 2009 оноос хойш Panamera хэтчбекийг үйлдвэрлэж байгаа юм. Эхлээд Ханновер хотоос будаагүй кузов авчраад эндээ будаж, дотоод салон угсралтын ажлыг гүйцэтгээд Cayenne-н хамт угсрах шугамд илгээдэг.

2013 онд үйлдвэрийг дахин өргөжүүлснээр бүрэн циклээр Macan-ийг хийх боломж гарчээ. Үүний адил Лейпциг хотод хоёр дахь үеийн Panamera-г бүрэн цогцоор нь бүтэнээр нь угсрах боломж бүрдүүлж байгаа.

Өдөр бүр цуваа конвейераас гарах 650 автомашиныг (жилд 130 мянган автомашин) хурдны замаар, кроссоверуудыг бартаат замтай дромд туршдаг байна. Дилерээс тодорхой, баттай захиалга авч байж автомашины угсралт эхэлдэг. Тухайн загварын эрэлт хэрэгцээ, эд анги тээвэрлэх хугацаа зэргээс хамааран автомашинаа гурван сараас нэг жилийн хооронд хүлээх болдог. Сонирхуулахад, ихэнх худалдан авагч нар Macan авахаар дугаарладаг юм.

Автомашин угсрах шугамыг гайхалтайгаар зохион байгуулжээ. Хонгилоос дээшлэх тусгай талбай дээр таван давхар байшингийн дайтай өндрөөс Macan, Panamera-ийн хоосон кузов бууна. Эхлээд хаалгуудыг салгаж байж хянах самбарыг угсардаг.

Дээр, “агаарт” харагдах угсрах конвейеруудын нэг замаар дөнгөж угсарсан кузов, нөгөө замаар бараг бэлэн болсон автомашин хөвнө.

Кузовын угсралтыг хялбаршуулах зорилготой бүхэлд нь тэвш эргүүлэгч механизм. Их ховор аргачлал юм.
Кузовын угсралтыг хялбаршуулах зорилготой бүхэлд нь тэвш эргүүлэгч механизм. Их ховор аргачлал юм.

Гэнэт кузов болон арал ангийг угсрах үед “хуримын ёслол” тасалдаж угсралт зогслоо. Ийм зогсолт тун ховор, ганц хоёр минут л үргэлжилдэг хэмээн үйлдвэрийн ажилчид ярьж байна.

Дугуйг нь бэхэлж угсралт дуусахтай зэрэгцээд Porsche-ийн араас шошго болон бусад жижиг сажиг зүйлтэй чиргүүл залгана.

Мөн элэгдсэн дугуйнуудтай тусгай шугам анхаарал татлаа. Үйлдвэрээс шинэ  дугуй иртэл нөөц дугуйгаар хангадаг конвейр бололтой. Тодруулбал, угсрах явцыг зогсоохгүйн тулд түр хугацаагаар автомашинд хуучин дугуй хийж, дараа нь гүйцээж дуусгах хэсэгт шинэ дугуйгаар сольдог ажээ.

ГЕРМАН ГАЛЗУУ ХУЛГАНА

За, Porsche-г хэрхэн угсардаг талаар ойлголттой болсон уу? Одоо хэр давхихыг нь харъя. 6 км бартаат замын туршилтын талбайд энгийн шороон замаас эхлээд гуалин, голын урт гарам зэргээс бүрдэх янз бүрийн саадтай хэдэн арван хэсэг байна. Би Cayenne унаад бартаат зам руу гарахад өөрийн эрхгүй сэтгэл догдлов.

Ялангуяа метроны урсдаг шатаас илүү налуутай 80%-ийн буюу 36 градусын өгсүүр замаар нэлээд сандарч гарлаа. Хамраа тэнгэр өөд чиглүүлэн урд замаа харж чадалгүй мацаж байтал орой дээрх огцом эргэлтүүд улам их сэтгэл түгшээв.

Энэ урт хонгил яг л үерлэсэн гол горхийг санагдуулж байлаа. Хиймэл аргаар бий болгосон гэхэд бас л эвгүй байна лээ шүү.
Энэ урт хонгил яг л үерлэсэн гол горхийг санагдуулж байлаа. Хиймэл аргаар бий болгосон гэхэд бас л эвгүй байна лээ шүү.

Цаашлаад арай  бага налуугаар өгсөхөд машинаа өрөвдөж эхэллээ. Уг нь анх харахад том хирнээ мөлгөр юм шиг чулуунууд үнэн хэрэгтээ муруй сарий ирмэгтэй байсан нь яг л замын хашлага давж байгаатай адил. Байж болох хамгийн бага хурдаар явсан ч зүрхэнд ортол доргиж байв. Ийм төвөгтэй гадаргуугаар уруу замын туслах систем ашигласан ч тоормосноос хөлөө авах ёстой гэхээр явах анги нэлээн зовлон туулах нь дээ гэж бодогдов.

Дром дээр жолоодоход нэлээн ухаан, уран жолоодлого шаардана. Налуугаар явахад Cayenne хөмөрчихөж магадгүй гэсэн сэжиг төрлөө. Түүгээр ч зогсохгүй ийм нөхцөлд янз бүрийн эргэлт хийх хэрэгтэй гээч! Бас болоогүй, хязгаарлагдмал үзэгдэх орчинтой ийм нөхцөлд хуурай гадаргуу дээр ч тэр халтирч байх чинь.
Дром дээр жолоодоход нэлээн ухаан, уран жолоодлого шаардана. Налуугаар явахад Cayenne хөмөрчихөж магадгүй гэсэн сэжиг төрлөө. Түүгээр ч зогсохгүй ийм нөхцөлд янз бүрийн эргэлт хийх хэрэгтэй гээч! Бас болоогүй, хязгаарлагдмал үзэгдэх орчинтой ийм нөхцөлд хуурай гадаргуу дээр ч тэр халтирч байх чинь.
НЭГ ШИЛЭНД

Эцэст нь Monaco, Monza, Nürburgring, Laguna Seca зэрэг алдарт уралдааны замын эргэлт болон бусад онцлогийг тусгасан албан ёсны гэрчилгээтэй, 3,7 км урттай зам. Эдгээр замын нэрийг сонсоход л хурдаа бууруулалгүй нисэх ёстой гэсэн бодол толгойд шууд бууна. Cayman уу аль эсвэл 911 Carrera Coupe үү? Аль нь ч бай аюулгүй байдал хангах үүднээс нэгэн цуваа болж явах ёстой байв. Хурдтай эргэх тоолонд урд яваа машинд бараг хамраараа тулах учир тогтворжуулах системийг унтраахыг хориглосон юм. Гэхдээ л уралдааны замаар ниснэ гэдэг шал өөр мэдрэмж юмаа!

БЛейпциг хотын янзын замаар эр зориг гарган тойрч үзээгүйдээ харамслаа.
БЛейпциг хотын янзын замаар эр зориг гарган тойрч үзээгүйдээ харамслаа.

Юун тэр галзуу хулгана!

Хэн ч энэ замаар давхисан сэтгэл дундуур үлдэхгүйг нүүр бардам амлая. Ийнхүү аялах тасалбар худалдаж авсан хүн бүр бүтэн цагийн турш хувийн зааварлагчийн хамт давхиж, спорт жолоодлогын ур чадвараа сайжруулж болно. Машины сонголт ч илүү өргөн болоод ирнэ. Хотын жолоодлогоос уйдсан хүмүүс ийшээ зүглэж хийморио сэргээтэл хаазлахыг зөвлөх байна шүү.

Бонус болгоод эндхийн жолооч нартай Porsche 911 GT3-аар уралдаж болно. Зууралт сайтай тусгай зориулалтын зам байсан болоод ч тэр үү солиотой хурд авалтын тэрхүү мэдрэмж ёстой л зүрх амаар гаргачихсангүй. Юун тэр галзуу хулгана!

Зарим бензин хөдөлгүүрүүд Штутгартын толгой компаниас ирдэг. Volkswagen компани Cayenne-гийн “зургаан” цилиндрт мотор, харин Аudi компани турбодизелийг хангадаг юм байна

ЦУГЛУУЛГА

Чанараа хадгалахын зэрэгцээ үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, технологио  хялбарчлахын тулд Porsche машины дийлэнх эд ангийг гаднаас авдаг. Тухайлбал REHAU компани гуперыг будаж нийлүүлдэг юм. Үүнд кузовын өнтэй яг таг тааруулах нь нэн чухал аж. 

Зарим бензин хөдөлгүүрүүд Штутгартын толгой компаниас ирдэг бол Volkswagen компани Cayenne-гийн “зургаан” цилиндрт мотор, харин Аudi компани турбодизелийг хангадаг юм байна. Хурдны хайрцаг (гидромеханик болон робот ажиллагаатай PDK) болон хүч дамжуулагч эд ангийг ихэвчлэн ZF компаниас авдаг бол уламжлалт найман шатлалтай автоматууд Aisin-ээс ирдэг юм.

Porsche-ийн гол музей Штутгарт хотод байдаг ч Лейпцигт үзэх юм ихтэй. Үзүүлэнгийн автомашин дунд 1967 оны Porsche 910/6 (зүүн талд), 1972 оны 917/10 CanAm Spyder (төвд) болон хамгийн нэр хүндэт 1984 оны 962 IMSA (баруун талд) нар байдаг ажээ.