VOLKSWAGEN ГРУППИЙН НОЁРХОЛ (PORSCHE)

Вольксваген групп бол өөртөө 12 брэндийг нэгтгэсэн хүчирхэг компани билээ. Тэд 2010 онд дэлхийд автомашин борлуулалтаараа 3-р байрыг эзэлсэн байдаг. Вольксваген өдийг хүртэл эдгээр брэндүүдийг өөрийн болгохдоо түүхэн эгзэгтэй мөчүүдийг маш ихээр туулсан байдаг юм.

Вольксваген группийн доорх эдгээр брэндүүд нь зүгээр ч энгийн брэндүүд байгаагүй бүгд хүчирхэг брэндүүд байдаг нь маш сонирхолтой баримт юм. Ингээд та бүхэндээ Вольксваген компани болоод түүний эзэмшлийн бусад брэндүүдийн талаар танилцуулая.

Германы авто үйлдвэрлэгч Вольксваген группийн түүх

1937 онд Вольксваген групп байгуулагдсан бөгөөд төв оффис нь Германы Вольфсбург-д байрладаг байна. Тэдний гол зорилго бол автомашин үйлдвэрлэх болон түүнийг борлуулахад чиглэсэн байдаг. Вольксваген групп нь одоо Германы хамгийн том авто үйлдвэрлэгч болтлоо өргөжин тэлсэн бөгөөд 2010 онд дэлхий дээр томоохон авто үйлдвэрлэгч компани болсон байдаг.

Мөн дэлхий дээрх хамгийн алдартай 500 брэндийн 12-р байранд Вольксваген групп орсон байдаг. Вольксваген групп нь дэлхий даяар олон улсуудад үйлдвэрлэлтээ явуулдаг бөгөөд нийт ажиллагсдын тоо 500,000 гаруй ажээ.

Германы авто үйлдвэрлэгч Вольксваген группийн харьяалалд багтдаг 12 брэнд:

Вольксваген группд 12 брэнд багтдаг бөгөөд үүнд: Вольксваген, Ауди, Шкода, Ламборгини, Бентли, Бугатти, Seat, Scania, Вольксваген бизнесс автомашин, Порше, MAN мөн дээрээс нь саяхан Ducatti брэндийг өөрийн болгоод байгаа билээ. Хамгийн эхэнд нь Вольксваген болон Порше нарын хооронд юу болж байсан талаар хүүрнэн өгүүлье.

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө! - - Вольксваген болон Порше нарын 80 жилийн тэмцэл.

Энд хэн нь ишиг, хэн нь эх нь болох талаар өгүүлэхгүй ч тэд 80 жилийн хугацаанд сайндаж муудаж, найзалж, нөхөрлөж, өрсөлдөж явсан юм. Гэлээ ч эцсийн эцэст энэхүү тэмцэлд Вольсваген ялсан бөгөөд түүх хэрхэн өрнөснийг доор сийрүүлье.

Вольксваген болон Порше нарын түүхийг ярих болсон тул заавал нэг хүнийг дурсах хэрэгтэй болох нь. Тэр хүн бол Фердинанд Порше юм. Фердинанд Порше нь Порше болон Вольксваген компанийг үүсгэн байгуулсан хүн юм.

Вольксваген компанийг үүсгэн байгуулах болсон шалтгаан нь Германы удирдагч Гитлертэй салшгүй холбоотой бөгөөд Гитлер 1936 онд "990 маркаас доош үнэтэй автомашин худалдан авах хүсэлтэйгээ уламжилсан байдаг". Үүнээс үүдэн Германы автомашин зохион бүтээгч Фердинанд Порше ард түмний унаа болох "Gesellschaft zur Vorbereitung des Deutschen Volkswagens mbH"-ийг 1937 онд үүсгэн байгуулсан ажээ.

Фердинанд Порше нь Поршегийн үүсгэн байгуулагчаас гадна Вольксвагентэй гүн холбоотой гэж үү? Тиймээ. Порше брэндийг 1931 онд үүсгэн байгуулсан ч гэсэн Гитлерийн хүсэлт ёсоор "хямд" үнэтэй брэндийг үүсгэн байгуулсан болж таарлаа. Тиймээс ч Порше болон Вольксваген нь хоорондоо холбоотой түүх үргэлжлэх болжээ.

Фердинанд Порше нь хүү охин 2-той байсан ба хүүдээ Порше компанийн ирээдүйг, харин охиндоо Вольксваген компанийн ирээдүйг даатган үлдээсэн байдаг байна.

Түүний хүүг Ферри Порше харин ачийг нь Вольфганг Порше, охиныг нь Льюис Пих (Пюх-Piech) харин зээг нь Фердинанд Пих гэдэг байв. Фердинанд Порше нь нас барахдаа энэ 2 компанийн нийт хувьцааны 62%-ийг хүүдээ, харин үлдсэн 38%-ийг охиндоо гэрээслэн үлдээсэн байдаг бөгөөд ерөнхийдөө энэ байдлаас болж гэр бүлийн харилцаанд сэв сууж эхэлжээ.

Хэдийгээр ёсондоо бол эцэг нь өв хөрөнгөө хуваарилсан л бол гэр бүлийн харилцаанд нөлөөлөхгүй байх учиртай ч тэдний хувьд байдал өөр байв.

Порше бол люкс автомашин үйлдвэрлэгч, харин Вольксваген бол ард түмний унаа үйлдвэрлэгч, энэ 2 хэзээ ч нэг тавцанд өрсөлдөх учиргүй байсан ч Фердинанд Порше-ийн ач, зээ нарын хоорондын тааламжгүй харилцаанаас цусгүй тэмцэл өрнөж эхэлсэн байдаг байна.

Анх уг 2 компани ах дүүс компани байсан бөгөөд 1938 онд Поршегийн 64 цувралын автомашин нь бидний сайн мэдэх Вольксваген Цох автомашин дээр суурилагдан бүтээгдэж байсан байдаг.

Улмаар 1969 онд дахин хамтарч VW-Porsche914 болон 914-6 цувралын автомашиныг гаргасан байдаг. 914 гэдэг нэрийн хувьд Вольксваген компанийн 4 цилиндртэй хөдөлгүүрийг хэрэглэсэн тул ингэж өгсөн ба харин 914-6 загварын хувьд Поршегийн 6 цилиндртэй хөдөлгүүрийг ашигласан байдаг ажээ.

Нөхөрлөл удаан үргэлжилсэнгүй, Фердинанд Поршегийн үүсгэн байгуулсан Вольксваген компани хурдацтай хөгжиж байлаа. Тэд өөрсдийн том ахын худалдан авагчдыг өөртөө татах болсон нь ач хүүд таалагдаагүй тул 90-ээд оноос Вольксваген-ийг Порше худалдан авах санаархалтай болсон байдаг.

2004 онд Вольксваген компани алдаатай удирдлагын улмаас хувьцаагаа зарахад хүрч байв. Өмнөх хэдэн жилүүдэд Вольксваген компанийн ирээдүйг олж харсан Порше компани тэдний хувьцааны 20%-ийг энэ байдлыг ашиглан өөрийн болгосон бөгөөд энэ нь тэдний цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах алхам байв.

Вольксваген компанийн ажилчдын цалин Германдаа хамгийн өндөрт ордог хэдий ч бүтээгдэхүүн өндөр үнээр үйлдвэрлэж байгаа нь хангалттай орлого олж чадахгүй, дээрээс нь муу удирдлагын улмаас алдагдал хүлээж эхэлсэн юм. Энэ үед мөнгө хэмнэх үүднээс үйлдвэрүүдийн 40 гаруй хувийг зогсоож байсан байдаг.

Энэ үед нэгэн сонирхолтой хууль батлагдсан нь Вольксваген компанийг хамгаалах хууль буюу "Вольксвагены хууль" нэртэй хуулийг Германы засгийн газар баталсан байдаг ажээ.

Уг хуулинд зааснаар хэрвээ Вольксваген компанийг худалдан авахыг хүсвэл гишүүдийн 80%-аас дээш зөвшөөрсөн тохиолдолд худалдана гэж заасан бөгөөд энэ нь Вольксвагенд санаархсан бусад компаниудад ч одоог хүртэл саад болдог байна.

Хэдийгээр Вольксвагены хууль гээч зүйл гарсан ч гэсэн Порше ийм сайхан боломжийг алдахыг хүссэнгүй. Тэд хүмүүсийн гар дээр байгаа хувьцаануудыг бага багаар 2005 хүртэл худалдан авч Вольксвагений хувьцааны 20%-ийг хэдийнээ гартаа хийгээд байлаа.

2005 оны 10 сард Порше нь 8.27%-ийг нэгэн хөрөнгө оруулагчаас худалдан авснаар нийт Поршегийн эзэмших хувьцаа 27.4%-д хүрэв. Улмаар 2007 оны 3 сар хүртэл Порше бага багаар хувьцааг худалдан авсаар хэдийнээ 31%-ийг өөрийн болгоод байв. Гэсэн хэдий ч өнөөх алдарт "Вольксвагений хууль" гээч зүйл саад болж байв.

Иймээс Порше компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийсэн бөгөөд уг мэдэгдэлд Порше компани Вольксвагенийг өөрийн болгох ямар ч хүсэл байхгүй, харин хувьцааны тодорхой хувийг эзэмшихийг хүсэж байна хэмээн мэдээлсэн байдаг байна.

Хүн болгон Порше нь Вольксвагенийг өөрийн болгох санаатай байгааг мэдэж байсан тул энэ мэдэгдэл худлаа санагдаж байв. 2008 оны 11 сард Европын хуулийн яамнаас "Вольксвагений хууль"-ийн хэрэгжилтийг зогсоох санаачилга гаргахад Порше хамгийн түрүүнд дэмжиж байв. Үүнээс хагас жилийн дараа буюу 2009 онд Порше компани Вольксваген компанийн хувьцааны 50% гаруйг өөрийн болгосон байна.

Порше компани европын холбоонд зах зээлд өөрийн ноёрхлоо тогтоох санаагүй гэдгээ илтгэсэн бичиг явуулсны дараагаар 2008 оны 7 сарын 23-нд Европын холбооноос Вольксваген компанийг Порше худалдан авч болно хэмээн зөвшөөрсөн байна. Улмаар 2009 онд Порше-ийн Штуттгартат байрлах төв оффист болсон хурлын үеэр Вольксвагений 50.76% хувьцааг Порше эзэмшиж байгаа гэдгийг мэдээлэв.

Би бодохдоо: хэрвээ худалдан авах гэрээ бүтвэл Порше нь Вольксвагений бүх зүйлсийг захиран зарцуулах, ашиглах эрхтэй болох байсан юм. Харамсалтай нь энэ хүсэл нь бүтээгүй юм. Энэ удаагийн худалдан авах оролдлого бүтээгүй бөгөөд Германы засгийн газар Порше-г хууль бус аргаар хувьцааг өөрийн болгосон, мөн Вольксвагений хуультай тэрсэлж байна хэмээн үзсэний улмаас худалдан авч чадаагүй юм. Тэгсэн ч Порше Вольксвагенийг өөрийн болгох хүслээ хөсөрт хаяж чадаагүй юм.

Энэ явдлаас төд удалгүй хүмүүс Порше-г чонын арьс нөмөрсөн хонь гэдгийг нь мэдсэн юм. 2009 оны 4 сараас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал тэднийг яг үнэндээ хэн бэ гэдгийг тод томруун харууллаа.

Тэд Вольксваген компанийг худалдан авахын тулд мөн өөр бусад үйл ажиллагаандаа зориулж банкнаас 10 тэрбум еврогийн зээл авсан байжээ. Зээл эргэн төлөх хугацаа ч болж, зээл өгөх чадвартай банк ч олдохоо больж иймээс Поршегийн дотоод үйл ажиллагаанд доголдол гарч мөнгөтэй компанийн сүр хүч алга болжээ.

2007-2009 оны үед Вольксваген компанийн борлуулалт, ашиг сайн байж чадсан бөгөөд ойролцоогоор 4.0 тэрбум еврог олж чаджээ. Улмаар 2009 онд хэдийнээ дэлхий дээрх хоёр дахь том авто үйлдвэрлэгч болоод байсан тул Вольксваген Поршег худалдаж авахаар зүтгэсэн байна.

2009 оны дунд үед Фердинанд Поршегийн зээ хүү Порше компанийг худалдан авахыг зөвшөөрөв. Сайхан болж байсан бүх зүйлс Поршегийн хувьд харамсалтайгаар эргэж эхлэв. 7 сарын 22-ны өдөр Вольксваген компани Поршег худалдан авахад зориулж 5.0 тэрбум еврог гаргахаар зөвшөөрсөн байна.

Мэдээж худалдан авахад тийм ч амархан байсангүй. Вольксваген компани 2009 онд Порше компанийн хувьцааны 49.9%-ийг 3.9 тэрбум еврогоор худалдаж авсан бөгөөд үлдсэн 50.1%-ийг Порше-ийн европын хөрөнгө оруулагчаас авч байж бүрэн өөрийн мэдэлдээ шилжүүлэх байв.

Хувьцааны талыг худалдаж авсны дараагаар Порше-ийн байдал сайжирч эхэлсэн бөгөөд Вольксвагений өгсөн мөнгөөр шинэ загвар, шинэ технологийн хөгжүүлэлтдээ зориулснаар зах зээлд өөрийн байр сууриа эргүүлэн авч эхэлсэн байна.

Дээрх тал шахам хувьцааг худалдан авсны 3 жилийн дараа буюу энэ жилийн 7 сарын 4-нд Вольксваген группийн хурал болсон бөгөөд үүн дээр Порше-г 100% худалдан авахад 4.46 тэрбум евро хэрэгтэй байгааг дуулгасан юм.

Хэрвээ энэ мөнгийг Вольксваген гаргаж чадах юм бол Порше нь 100% Вольксваген группийн мэдэлд очих билээ. Одоог хүртэл энэ хэрэг бүрэн гүйцэд дуусаагүй бөгөөд дуусгахад нэлээд хугацаа шаардагдах нь тодорхой юм.

Дүгнэлт:

80 жилийн хугацаанд тэмцэлдсэний үр дүнд зээ хүү буюу Ferdinand Piech-ийн талд асуудал эерэгээр шийдэгдэж байна, өнгөрсөн 20 жилийн дотор Порше Вольксвагений төлөө хэт их улайрч байсан нь тэдний сайтар боловсруулаагүй алхамтай холбоотой, мөн "Вольксвагений хууль" тэдний хүсэлд маш том саад болсон нь тод томруун харагдаж байна.

Порше компани өөрийн шуналаас болж ах дүүгийн барилдлагаа мартан Вольксваген рүү тэрслэх болсон. Цаг хугацааны явцад энэ бүхэн эсрэгээр эргэх үед Вольксваген өнгөрсөн түүхийг түүх болгон үлдээж, ах дүүгийн холбоогоо санан Поршед хөрөнгө оруулалт хийснээр одоогийн Порше хөл дээрээ дахин зогсох болжээ.