АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭРИЙН ТҮҮХ
Та эдгээр 10 авто үйлдвэрлэгчдийн нэрс хаанаас яаж гарсан, ямар утга учиртайг мэдэх үү? Олуулаа тэдний түүхээр аялцгаая.
Mercedes-Benz
Нэрний хагас нь ерөнхийдөө ойлгомжтой буюу үүсгэн байгуулагч Карл Бенц өөрийн эхнэр Бертатайгаа хамтран 1883 онд компаниа байгуулсан учраас өөрийн овгийг нэрэндээ ашигласан юм. Гэвч анхандаа компанийн нэр нь Benz & Cie хэмээх нэртэй байсан бол Mercedes гэдэг нь ямар учиртай юм бол?
Бенцээс гадна тухайн цаг үед Готлиб Даймлер хэмээх герман эр Daimler-Moteren-Gesellshaft (DMG) хэмээх нэрэн дор мөн өөрийн автомашиныг үйлдвэрлэдэг байв.
1987 онд Эмил Желинек нэртэй Австрийн бизнесмен Даймлерийн анхны хэрэглэгчдийн нэг болж, компанитай урт хугацааны холбоог тогтоосон бөгөөд Желинек Даймлерээс зарж болох илүү хүчтэй хурдан автомашин хүсэж эхэлсэн байна. Гэвч удалгүй тэрээр машины уралдааныг илүү сонирхож, өөрийн охины нэр болох Mercedes хэмээх нэрэн дор автомашин бүтээн уралдахыг хүсэх болжээ. Ийнхүү 1900 онд анхны Daimler-Mercedes хэмээх 35 морины хүчтэй уралдааны машиныг Желинектэй хамтран бүтээж тухайн цаг үеийнхээ 1901 Nice Week хэмээх уралдаанд тэд тэргүүлэх болсон байна. Тухайн үед тэднийг гүйцэх машин байгаагүй бөгөөд энэхүү амжилт нь тэдний машины борлуулалтыг өсгөснөөр Mercedes хэмээх нэр олонд түгсэн байна.
Гэвч Дэлхийн 1-р дайны дараагаар DMG болон Benz & Cie нар эдийн засгийн хямралаас гарахын тулд хамтарч, 1926 онд бүрэн нэгдэж Daimler-Benz AG-г байгуулан өөрийн шинэ логогоор DMG-н брэнд нэр болох Mercedes-ийг ашиглах болжээ.
Харин өнөөдөр Daimler AG нь дэлхийн хамгийн том авто корпорацуудын нэг бөгөөд Mercedes-Benz түүний нэгээхэн хэсэг нь болсон юм.
AUDI
Audi-ийн үүсгэн байгуулагчийг Август Хорш хэмээх эрхэм гэж үздэг. Тэрээр анх Карл Бенцийн удирдлага дор ажилладаг байсан бөгөөд 1899 онд өөрийн компанийг эхлүүлэхээр ажлаасаа гарчээ.
Ингээд A. Horch & Cie. Motorwagen Werke хэмээх компаниа байгуулсан боловч арваад жилийн дараагаас бизнес түншүүдтэй харилцах харилцаа нь муудсанаас компаниасаа гарсан байна.
Үүний дараагаар тэр Германий Цвиккау хэмээх жижиг хотод шинэ автын компаниа эхлүүлсэн боловч түүний нэр нь өмнөх компанийнхан нэрэнд орж бүртгэгдсэн учраас дахин ашиглагдах боломжгүй байв. Иймээс өөр арга бодож Horch (Англиар сонсох гэсэн утгатай) хэмээх нэрний латин орчуулга болох Audi хэмээх үгийг ашиглажээ.
Харин дөрвөн цагираг бүхий лого нь 1932 онд Германы дөрвөн автомашин үйлдвэрлэгч болох Audi, Horch, DKW болон Wanderer нарыг нэгтгэн Auto Union-ийг байгуулах үед бий болсон юм. Дэлхийн 2-р дайны дараагаар энэхүү холбоо тарсан боловч удалгүй Ингольштадт дах сэлбэгийн баазаасаа үйл ажиллагаагаа дахин сэргэжээ.
1958 онд Фридрек Флик хэмээх нэгэн бизнес эрхлэгч, Daimler AG-тэй хамтран Auto Union-ийг худалдан авсан боловч 1964 онд Volkswagen тэднээс худалдан авчээ. Харин Volkswagen компани шинэ үеийн автомашинуудаа нийтэд зарлахын тулд Auto Union хэмээх нэрийг нь халж Audi болгон, дөрвөн цагираг бүхий логог нь хэвээр үлдээжээ.
ALFA ROMEO
Италийн авто үйлдвэрлэгч анх үйл ажиллагаагаа 1910 онд Anonima Lombarda Fabbrica Automobil (Үл мэдэгдэх Ломбард автомашины үйлдвэр) буюу A.L.F.A гэдгээрээ олонд танигдан эхлүүлсэн гэдэг. Эхний хэдэн жилдээ Alfa зөвхөн уралдааны машинууд байсан боловч 1915 онд уг компанийг Никола Ромео нэртэй эрхэм худалдан авч үйлдвэрүүдийг Дэлхийн 1-р дайнд цэргийн хэрэгсэл хийх үйлдвэр болгон өөрчилжээ.
Дайны дараагаар үйлдвэрүүд эргээд машин үйлдвэрлэлд анхаарах болсон ба шинэ үеийн автомашинуудыг хийхийн тулд шинэ нэр шаардлагатай болжээ. Ингээд 1920 онд Никола Ромео өөрийн нэрийг ашиглуулснаар Alfa Romeo төрсөн байна.
VOLKSWAGEN
Volkswagen нэрний цаад утгыг нь ерөнхийдөө олон хүмүүс мэддэг боловч Герман хэл мэдэхгүй хүмүүсийн хувьд Volkswagen гэдэг нь “Хүмүүсийн автомашин” гэж орчуулагддагийг тэр бүр мэддэггүй. Тухайлбал Нацистуудын түрэмгийллээс өмнө Volkswagen гэдэг үг нь ерөнхийдөө боломжийн машиныг илэрхийлсэн энгийн үг байв байна.
Гэвч Адольф Гитлер энгийн хүмүүс авч болох автомашин буюу “хүмүүсийн машин” хийх даалгаврыг өгснөөр Volkswagen-ий түүх эхэлсэн гэдэг. Маш олон компаниуд өөр өөрийн хувилбаруудыг бүтээснээс та бидний мэдэх цох буюу Beetle-н загвар Гитлерт таалагдаж шалгарсан байна. Ингээд энэхүү автомашиныг жинхэнээр нь үйлдвэрлэх шаардлагатай болж шинэ үйлдвэрийг та бидний мэдэх Wolfsburg-т байгуулжээ. Дэлхийн 2-р дайны үед Нацистууд хүмүүсийн машин хөтөлбөрийг зогсоож дайны үйлдвэрлэлд төвлөрөх болжээ.
Дайн дуусах үед нацистууд үгүй болж Британичууд Wolfsburg-г удирдах болсон бөгөөд хуучин үйлдвэрийг буцаагаад ашиглахаар болсон байна. Удалгүй үйлдвэрийг Германы засгийн газар буцаан авч одоогийн бидний мэдэх Volkswagen нэрийг өгчээ.
ASTON MARTIN
Bamford & Martin хэмээх компанийг 1913 онд Роберт Бамфорд болон Лионел Мартин нар хамтран байгуулжээ. Энэхүү нэр нь тийм ч удаан яваагүй бөгөөд 1914 онд Мартин Aston Hill Climb-д амжилттай оролцсоны дараагаар Aston хэмээх нэрийг авчээ. Ингээд удалгүй жилийн дараагаар анхны Aston Martin худалдаалагдаж эхэлсэн байна.
VOLVO
Audi-ийн адилаар Volvo нь өөрийн нэрийг мөн латин хэлнээс орчуулан авчээ. Анх Шведийн роликны компани болох Svenska Kullagerfabriken (SKF) автомашин үйлдвэрлэгч болохыг хүссэн байна. Ингээд шинэ компанийн нэр шаардлагатай болсон учраас VOLVO хэмээх нэрийг Шведийн худалдааны тэмдгийн газарт 1915 онд бүртгүүлэн авчээ.
Үгний утга нь “би эргэлдэж байна” гэсэн үгний орчуулга ба компанийн роликны үйлдвэрлэлийг илэрхийлж байгаа юм.
TOYOTA
Ихэнх авто үйлдвэрлэгч нарын адилаар Toyota компани өөрийн нэрийг үүсгэн байгуулагч болох Кичиро Тоёода-ийн нэрээс авчээ. Гэвч яагаад Toyoda биш Toyota гэж? Анхандаа компанийг Toyoda Industries хэмээн нэртэй байсан боловч 1933 онд автомашин үйлдвэрлэлийн хэлтэс нь үүсэх үед өөрчилсөн байна.
Тухайн үед компанийн АНУ руу хийх экспорт нь улам бүр нэмэгдэж байсан учраас тэдэнд Япон болон Англи хэлний аль аль дээр нь ойлгогдохоор эмблем хэрэгтэй болжээ. Ингээд шинэ логоны загвар гаргах уралдаан зарлаж нийт 27 мянга орчим бүтээлийг хүлээн авчээ.
Харин тэмцээнд ялсан загвар нь Toyoda биш Toyota гэж явах болсон байна. Энэхүү шийдвэрийн цаадах учрыг тайлбарлахдаа мөн Toyota гэж бичихэд Япон хэлний катакана үсгээр 8 зураадсаар бичдэг ба Toyoda гэж бичихэд 10 зураадас болдог. Сонголтын хувьд Японд 8-н тоо аз дагуулдаг гэж үздэг учраас түүнийг сонгосон байдаг.
NISSAN
Nissan анх 1914 онд DAT Motorcar хэмээх нэртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд DAT нь үүсгэн байгуулагчдын нэрний эхний үсгүүд байв. Харин Ёшисүке Айкава нэртэй бизнесмен 1928 онд Nippon Sangya нэртэй нэгэн компанийг байгуулжээ.
1931 онд Айкава DAT Motorcar хэмээх автын компанийг худалдан авч он жил ирэх тусам компанийн нэр нь солигдсоор Nippon Sangyo-ийн товчлол болох Nissan бий болжээ.
MAZDA
Mazda өөрийн нэрийг зүгээр л үүсгэн байгуулагчийн нэрнээс авах эсвэл ямар нэгэн латин хэлнээс орчуулах аргыг ашиглаагүй байна. Харин Mazda хэмээх нэрийг Ahura Mazda хэмээх баруун Азийн эртний хүмүүсийн ухаарал аз жаргалыг бэлгэддэг бурхны нэрнээс авсан байна.
Mazda компанийн хэлснээр энэ нь дэлхийг энх амгалан болгох хүсэлтэй нь нийцдэг хэмээн тайлбарладаг байна.
SKODA
Ихэнх Америкийн үйлдвэрлэгч нар бүгд адил өөрсдийн үүсгэн байгуулагч болох Ноён Форд, Buick болон Dodge-н ах дүү нарын нэрээр нэрлэгдсэн байдаг.
Иймээс энэхүү жагсаалтад оруулах нь уйтгартай. Харин Skoda-н хувьд мөн л адил үүсгэн байгуулагч болох Эмил Шкодагийн нэрээр нэрлэгдсэн боловч энэхүү нэрний талаарх сонирхолтой зүйл нь гэвэл Skoda гэдэг нь компанийн бий болсон улс болох Чех улсын хэл дээр аюул гэмтэл гэсэн утгатай байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn